| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/01864/и |
| Дугаар | 209/МА2026/00005 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 209/МА2026/00005
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 307/ШШ2025/02416 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын эхээр “*******” ХХК-ийн Дархан Их дэлгүүрийн бэлэн хувцасны 409 тоот, 58.2 м.кв талбайг худалдана гэсний дагуу тус лангууны түрээслэгч *******тэй уулзаж ярилцаад 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.
Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус лангууг нэг жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулж, 2025 оны 5 дугаар сар хүртэл түрээсэлж ажиллуулсан. Гэтэл эрүүл мэндийн шалтгаанаас шалтгаалан 5 дугаар сарын 14-ний өдөр хагалгаанд орж, лангуугаа ажиллуулж чадахааргүй болсон тул худалдахаар болж, Дархан зарын группт лангуу зарна гэж зар тавьсан. Уг зарын дагуу ******* гэх хүнд 30,000,000 төгрөгөөр худалдсан.
Улмаар ******* рүү түрээсийн гэрээг шилжүүлж өгөх гэсэн боловч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь Манай байгууллагын өмчийн хөрөнгийг дур мэдэн бусдад худалдаж болохгүй гэх түрээсийн гэрээний заалтыг зөрчсөн байна гээд лангууг хурааж авсан. ******* нь нэхэмжлэгч *******аас 30,000,000 төгрөгөө буцааж авсан. Анхнаасаа ******* нь нэхэмжлэгч *******ад худалдаж болохгүй, бусад хуулийн этгээдийн өмчийн лангууг мэдсээр байж худалдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.
*******ээс 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгуулах хүсэлтэй байна гэжээ. / х.х 1 /
2.Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
Хариуцагч ******* нь “*******” ХХК-тай талбай түрээсийн гэрээ байгуулан өөрийн хөрөнгөөр тохижилт засвар хийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сард үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, талбайг бусдад шилжүүлэх боломжтой эсэх талаар “*******” ХХК-тай уулзахад Түрээсийн төлбөрөө л төлж, дотоод журмыг баримталж байгаа тохиолдолд түрээсийн гэрээг бусдад шилжүүлж болно гэсний дагуу өөрийн түрээсэлж байсан талбайгаа хөрөнгө оруулалтын хамт иргэн *******ад шилжүүлэхээр тохиролцож, 30,000,000 төгрөгөөр үнэлж, ******* нь түрээсийн гэрээг “*******” ХХК-тай байгуулж, энэ гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Түрээсийн гэрээг ямар шалтгааны улмаас цуцалсныг би мэдэхгүй бөгөөд түрээсийн гэрээг засвар тохижилттой нь хамт шилжүүлэн өгснөөр миний нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон бөгөөд үүргээ бүрэн биелүүлсэн гэжээ. / х.х 27 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******ээс 30,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг. Талуудын хооронд түрээслэх эрхийг талбайн тохижилтын хамт 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэдэг бөгөөд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т “Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй” гэтэл эрхийн доголдолтой хөрөнгийг гуравдагч этгээд буюу “Гранд як” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр түрээслэх эрхийг худалдаж шилжүүлж өгсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох түрээсийн гэрээний 6.10, 9.4.5-д тус тус маш тодорхой зааж өгсөн мөн гэрч *******н мэдүүлгүүдээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь хангалттай тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэт нэг талыг барьж, илт ашиг сонирхолтой шийдвэр гаргасан байх тул тус шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. /х.х 134 /
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
9. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “******* нь “*******” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг надад 30,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 30,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй” гэж тайлбарласан.
10. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “ дүгээр талбай түрээслэх эрхийг тохижилтын хамт 30,000,000 төгрөгөөр *******ад худалдахдаа “*******” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу шилжүүлсэн. Уг гэрээний дагуу ******* “*******” ХХК-тай талбай түрээслэх гэрээ байгуулж, тухайн түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулснаар миний үүрэг дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдсан асуудал нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
11. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч *******аас худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 төгрөгөөр хариуцагч *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
12. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судалбал *******, ******* нарын хооронд “*******” ХХК-ийн тоот талбай түрээслэх эрхийг, талбайн тохижилтын хамт 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний төлбөрийг 2 хуваан төлсөн, улмаар хариуцагч ******* нь тоот талбай түрээслэх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр №GYD409 дугаартай Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдсон.
13. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч ******* нь “*******” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу *******тай худалдаа үйлчилгээний талбай түрээслэх эрхийг тохижилтын хамт худалдсан нь мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
14. Нэхэмжлэгч тал *******ийг түрээслэх эрхийг талбайн тохижилтын хамт худалдахдаа “*******” ХХК-ийн зөвшөөрлийг аваагүй, эрхийн доголдолтой хөрөнгө түрээслэх эрхийг худалдсан нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Худалдаа үйлчилгээний түрээсийн гэрээний 6.10, 9.4.5-д тодорхой заасан бөгөөд гэрч *******н мэдүүлгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдсон гэж маргасан.
14.1. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-т “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ” гэж заасан.
Хэргийн 115 дугаар талд авагдсан “*******” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 135 тоот албан бичгээр хариуцагч ******* нь “*******” ХХК-тай 2024 онд худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж байгаад 2025 онд лангууны дугаарыг 409 болгон өөрчилж, иргэн *******тай түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн болох нь тогтоогдож байна.
Үүнээс үзвэл “*******” ХХК нь нэхэмжлэгч *******тай дүгээр талбай түрээслэх гэрээг шинэчлэн байгуулснаар гуравдагч этгээд болох “*******” ХХК нь түрээслэх зөвшөөрлийг бодит үйлдлээр олгосон гэж үзнэ.
14.2. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Худалдаа үйлчилгээний түрээсийн гэрээний 6.10-т Түрээсийн талбайг зориулалтын бусаар, хууль бусаар ашиглах, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд ашиглуулах, дамжуулан түрээслэх, бусдад барьцаалах, ... аливаа үйлдэл хийх,...бусдад саад болох үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй” гэж, 9.4.5-д “ түрээслэгч түрээсийн талбайг гэрээнд зааснаас өөр зорилгоор ашиглах, ...бусдад дамжуулан түрээслэх, менежментийн болон хамтран ажиллах гэрээний дагуу эрхээ бусдад шилжүүлэн өгөх, ... худалдах зэргээр түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бол гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож цуцална” гэж заасан.
Гэрээнд зааснаар хариуцагч ******* нь түрээслүүлэгч болох “*******” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу түрээслэх эрхийг талбайн тохижилтын хамт *******ад худалдсанаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх ба дээрх гэрээнд зааснаар болон гэрч *******н “...гэрээний үндсэн зохицуулалтад гуравдагч этгээдэд худалдан борлуулахыг хориглодог, Үл хөдлөхийн гэрчилгээгүй, манай байгууллагын хөрөнгийг гуравдагч этгээдэд дамжуулах, ашиглуулахыг хориглох заалт юм. ...бусдад худалдах боломжгүй...” гэх мэдүүлэг нь *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг нотлохгүй байна.
14.3 Түүнчлэн Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т “Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Хариуцагч ******* нь “*******” ХХК-ийн өмчлөлийн тоот талбайг түрээсэлж байгаад уг эрхийг талбайн тохижилтын хамт нэхэмжлэгч *******ад худалдаж, ******* нь 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр “*******” ХХК-тай худалдаа үйлчилгээний талбай түрээсийн гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №GYD409 дугаартай гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 4-8/
Өөрөөр хэлбэл ******* нь худалдаа үйлчилгээний талбайн өмчлөгч болох “*******” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч *******ад түрээслэх эрхийг талбайн тохижилтын хамт худалдсан нь биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдан борлуулсан гэж үзэх боломжгүй байна.
14.4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасан.
Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүрэг үүссэн эсэхийг тогтоохын тулд эд хөрөнгийг олж авсан этгээдийн хөрөнгө нэмэгдсэн байх, уг эд хөрөнгийг олж авсан үйлдэл нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх, эд хөрөнгө олж авах үед эрх зүйн үндэслэл байсан боловч хожим үгүй болсон байх урьдчилсан нөхцөлийг хуулиар шаарддаг бөгөөд *******, ******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний харилцаа хүчин төгөлдөр бус болсон, гэрээний үүрэг хожим дуусгавар болсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагч *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
14.5. “*******” ХХК нь нэхэмжлэгч *******ыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцалсан нь *******, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, гэрээг цуцлах, дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй байна.
15. Иймд Нэхэмжлэгч *******аас худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 30,000,000 төгрөгөөр хариуцагч *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
16. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
17. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 307/ШШ2025/02416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Г.МЯГМАРСҮРЭН