| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0504/З |
| Дугаар | 001/ХТ2026/0104 |
| Огноо | 2026-10-20 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2026/0104
Ө.Т-ын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн татварын газрын Татварын хяналт
шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0221 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2026/0360 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ШХТ2026/0365 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Ө.Т-, түүний өмгөөлөгч М.Сонинбаяр, хариуцагч С.Э-, Б.С-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б- нарыг оролцуулан хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Ө.Т-аас “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-22*** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн маргаан таслах зөвлөлөөс 1,378,319,753.36 төгрөгийн зөрчилд холбогдох 72,071,911.84 төгрөгийн нөхөн татвар, 28,824,608.18 төгрөгийн торгууль, 27,165,454.73 төгрөгийн алданги, нийт 128,061,974.75 төгрөгийн төлбөр ногдуулснаас шүүх ... нийт 105,529,016.45 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, /задалбал: зөрчил 2-д 2020-2021 онд ХХОАТ ногдуулж төлөөгүй гэх 547,050,909.09 төгрөгийн зөрчилд холбогдох 5,470,509.09 төгрөгийн нөхөн татвар, 2,188,203.64 төгрөгийн торгууль, 1,374,689.15 төгрөгийн алданги, ХХОАТ-ын нийт 9,033,401.88 төгрөгийн төлбөрийг, мөн зөрчил 3-д 2020-2021 оны НӨАТ ногдуулж төлөөгүй гэх 547,050,909.09 төгрөгийн зөрчилд холбогдох 54,705,090.91 төгрөгийн нөхөн татвар, 21,882,036.36 төгрөгийн торгууль, 19,908,487.30 төгрөгийн алданги, НӨАТ-ын нийт 96,495,614.57 төгрөгийн төлбөрийг тус тус/ НА-22*** дугаартай нөхөн ногдуулалтын актаар татвар ногдуулж төлөөгүй 284,217,935.18 төгрөгийн зөрчилд холбогдох 11,896,311.84 төгрөгийн нөхөн татвар, 4,754,368.18 төгрөгийн торгууль, 5,882,278.28 төгрөгийн алданги буюу нийт 22,532,958.30 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчлөлт оруулах” гэж өөрчилсөн. Нэхэмжлэгч актын 1 дэх хэсэг буюу 2019 оны татварын зөрчлийн талаар маргаагүй.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Ө.Т- нь 2005 оноос Хан-Уул дүүргийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэгдсэн, “Т” худалдааны төвд лангуу түрээслэн, гар утас, түүний дагалдах хэрэгсэлийг худалдаалдаг.
2.2.Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн 2019-2021 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-23*** дугаар нөхөн ногдуулалтын актаар 1,027,858,480.67 төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 158,730,174.54 төгрөгийн төлбөр ногдуулсан.
2.3.Нэхэмжлэгчийн зүгээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг магадлан үзэж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11.1, 47.11.2 дахь заалтыг баримтлан татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг дахин шалгуулахаар 3 сарын хугацаагаар дээд шатны татварын албанд буцааж, актыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2.4.Дээрх тогтоолыг үндэслэн Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нар Ө.Т-ын 2019-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2224200829 тоот томилолтоор шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд хийж, хяналт шалгалтаар 1,715,599,753.38 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1-д заасныг үндэслэн 90,622,311.83 төгрөгийн нөхөн татвар, 36,244,768.18 төгрөгийн торгууль, 33,726,443.29 төгрөгийн алданги, нийт 160,593,523.3 төгрөгийн төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-22*** дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулжээ.
2.5.Нэхэмжлэгчээс НА-22*** дугаар нөхөн ногдуулалтын актыг хэсэгчлэн эс зөвшөөрч Маргаан таслах зөвлөлд дахин гомдол гаргасныг зөвлөл 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэж, 337,280,000.02 төгрөгийн зөрчилд хамаарах нийт 32,531,548.55 төгрөгөөр төлбөрийг бууруулж, 1,378,319,753.36 төгрөгийн зөрчилд хамаарах 72,071,911.84 төгрөгийн нөхөн татвар, 28,824,608.18 төгрөгийн торгууль, 27,165,454.73 төгрөгийн алданги, нийт 128,061,974.75 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн бөгөөд нэхэмжлэгч 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “... татварын улсын байцаагч нар миний үйл ажиллагааны орлогыг бүрэн, бодитой тодорхойлоогүй, дансаар орсон үйл ажиллагаатай холбоогүй гүйлгээг орлогод тооцсон тул нөхөн ногдуулалтын акт үндэслэлгүй” гэж маргасан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “… дансаар орсон нийт орлогоос данс хоорондын гүйлгээ, зээл, хандив зэргийг хасаж, зөвхөн гар утас борлуулсан болон түрээсийн орлогыг үйл ажиллагааны орлогод тооцсон, борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрсэн тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй, нэхэмжлэгчийн маргаж буй гүйлгээ нь зээл, гэр бүлийн шилжүүлэг болох нь нотлогдоогүй” гэж тайлбарласан.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0221 дүгээр шийдвэрээр: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 21 дүгээр зүйлийн 21.2.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Т-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “2020-2021 оны хувь хүний орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын 337,280,000.2 төгрөгийн зөрчилд хамаарах 18,550,399.99 төгрөгийн нөхөн татвар, 7,420,160.00 төгрөгийн торгууль, 6,560,988.56 төгрөгийн алданги, нийт 32,531,548.55 төгрөгийн зөрчлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 547,050,909.09 төгрөгийн зөрчилд холбогдох 5,470,509.09 төгрөгийн нөхөн татвар, 2,188,203.64 төгрөгийн торгууль, 1,374,689.15 төгрөгийн алданги, нийт 9,033,401.88 төгрөгийн төлбөрийг, нэмэгдсэн өртгийн албан татварын 547,050,909.09 төгрөгийн зөрчилд холбогдох 54,705,090.91 төгрөгийн нөхөн татвар, 21,882,036.36 төгрөгийн торгууль, 19,908,487.30 төгрөгийн алданги, нийт 96,495,614.57 төгрөгийн төлбөр төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2026/0360 дугаар магадлалаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
7.Хариуцагч С.Э-, Б.С- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо (агуулгаар нь тусгав):
7.1.Анхан шатны шүүх Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор бууруулсан 32,531,548.55 төгрөгийн дүнтэй ижил хэмжээгээр шийдвэрлэсэн нь шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, төлбөрийн тооцоололд дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
7.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан үндэслэл нь шүүх маргааны үйл баримт, нотлох баримт, эрх зүйн хэрэглээний талаар огт дүгнэлт хийгээгүй, эсхүл шийдвэрийн үндэслэл тодорхойгүй тохиолдолд хэрэглэгдэнэ.
7.3.Түүнчлэн татварын улсын байцаагч нар Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг давж заалдаагүй нь уг тогтоолыг хүлээн зөвшөөрснийг илэрхийлнэ.
7.4.Нэхэмжлэгч татварын хяналт шалгалтын явцад маргаантай гүйлгээний талаар тайлбар, баримт гаргаагүй бөгөөд шүүхэд гаргасан тайлбар нь дансны гүйлгээний утгатай нийцэхгүй. 5026598005 дугаар дансаар хийгдсэн 5 удаагийн гүйлгээнд машины үнэ гэх утга байхгүй, гэр бүлийн гишүүдээс орж ирсэн орлого нь татварын дараах орлого биш тул үйл ажиллагааны орлогод тооцох нь зүйтэй.
7.5.Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмууд нь нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
7.6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8.Нэхэмжлэгчээс хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд бичгээр тайлбар гаргаагүй байна.
9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ШХТ2026/0365 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор хариуцагч нарын гомдлыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
10.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах бөгөөд мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д зааснаас бусад тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлүүдийг тус тус зохицуулжээ.
12.Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тохиолдол бүрд хэргийг буцаах бус, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой эсэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой эсэхийг харгалзан үзэх учиртай.
13.Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон маргаан бүхий актад үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй” гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна.
14.Тухайлбал, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудаас гадна маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой ямар нотлох баримтыг нэмж цуглуулах шаардлагатай талаар магадлалд тодорхой дурдаагүйгээс гадна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн зөрүүтэй дүгнэлтийг зарлуулан хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
15.Энэ талаарх хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй. Харин маргаантай гүйлгээгээр орсон орлого татвар ногдох орлогод хамаарах эсэх, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүхээс урьд хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй болно.
16.Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2026/0360 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.БАТБААТАР