Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 605

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Б.Х-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “....Би иргэн Б.Х-ийн төлөөлж Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.О-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн зөвшөөрсний дагуу татгалзаж байна. Хүлээн авна уу” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгон Б.Х-ийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум дахь Хөх сэрхийн нурууны тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т“...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэ********а нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Х-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгон Б.Х-ийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум дахь Хөх сэрхийн нурууны тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА