Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ХШТ/33

 

 Д.Ц-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

БНМАУ-ын Цэргийн дээд шүүх таслах коллегийн 1942 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 2 дугаар тогтоолтой Д.Ц-ид холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1910 онд Сэлэнгэ аймгийн “Хужирын харуул” хэмээх газар төрсөн, ... хотын ... дугаар хороо, ... дүгээр хорин, ... настай, ард халх, эрэгтэй, ам бүл 4, эцэг Н, эх Г, дүү Г, хөрөнгийн хувь 6, бага наснаас мяндаг тушаалгүй лам явсан, цагаан барон ба хувьсгалын эсэргүү зэвсэгт бослогын цэрэгт оролцож яваагүй, ял шийтгэлгүй, цэргийн албанд 1931 оны 9 сард дайчлагдан ирсэн, 1935 онд намын гишүүнд элссэн, 1941 онд бичиг баримт гээгдүүлсэн хэрэгт 2 жил хорих ял шийтгүүлсэн, Бүх цэргийн Авто дивизионы салаан даргаар дэслэгч цолтой ажиллаж байсан, Д.Ц.

“Ц нь урьд авто дивизионы дотор үүрлэн бугшиж байсан авто дивизионы дарга агсан Д-ийн Ц, мөн хэргийн удирдагч Д, Ж нараар толгойлуулсан хувьсгалын эсэргүү япон тагнуулын байгууллагад 1938 онд элсэгдэн орж, цэргийн дотор хорлон сүйтгэх хийгээд хорт цуурхал тараах, эсэргүү байгууллагын гишүүний хувиар эсэргүү хурал цуглаанд удаа дараа сууж хорлон сүйтгэх даалгавар авах зэргээр засаг төрийн өмнөөс эсэргүүцэн явсан нь баримттай илэрсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

БНМАУ-ын Цэргийн дээд шүүх таслах коллегийн 1942 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 2 дугаар тогтоолоор “Д овогтой Ц-ийн биеийг тус улсын Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 43, 47, 48-ын нэмэгдлийн 1 дэх ангийн хүнд нэгэн зүйлийг баримтлан урьдчилан хоригдсон 6 сар 4 хоногийг оролцуулан 9 жил хорьж шийтгэхийн гадна урьд шийтгүүлсэн 2 жилийн ялыг одоогийн хүнд ялд багтаан эдлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Д.Ц- нь бүх цэргийн авто дивизионы салаан даргаар дэслэгч цолтой ажиллаж байгаад 1941 онд бичиг баримт гээгдүүлсэн хэрэгт 2 жил хорих ял шийтгүүлсэн байх үедээ БНМАУ-ын Цэргийн дээд шүүн таслах коллегийн 1942 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 43, 47, 48 дугаар зүйлүүдээр 9 жил хорих ял шийтгүүлсэн. Энэхүү 9 жил хорих ялыг хилсээр шийтгэсэн гэж үзээд прокурорын дүгнэлт бичсэн. Хэргийн баримтаас үзэхэд Д.Ц-ийг буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон цэргийн анги дотор элдэв цуурхал тараасан, эсэргүү хуралд цуглаанд сууж, хорлон сүйтгэх ажлын даалгавар авч гүйцэтгэсэн гэх ямар ч нотлох баримт байдаггүй. Гэмт хэрэг үйлдэх ямар нэгэн санаа зорилготой байсан эсэх, тараасан цуурхлын улмаас тухайн үеийн нийгэм болон иргэдэд хор хохирол учирсныг тогтоосон баримт байдаггүй. Зөвхөн өөрийнх нь мэдүүлэгт тулгуурлаж гэм буруутайд тооцон хорих ял шийтгэсэн байдаг. Үүнээс гадна Д.Ц-ийг “Д Ц-гээр толгойлуулсан хувьсгалын эсэргүү япон тагнуулын байгууллагад оролцсон” гэж шийтгэсэн. Гэтэл Д.Ц нь Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200 дугаар магадлалаар цагаатгагдсан байдаг. Д.Ц-д холбогдох хэрэгт үзлэг хийхэд Д.Ц-ийн талаар мэдүүлсэн зүйл байдаггүй. Мөн энэ хэрэгт шийтгүүлэхдээ 1938 онд хэргийн удирдагч Ж.Д, Д.Ж нараар толгойлуулсан хувьсгалын эсэргүү япон тагнуулын байгууллагад элсэж орсон гэх мэдүүлэг байдаг. Үүний дагуу Д.Ж-гийн цагаатгалын хэрэгт хэрэгт үзлэг хийхэд “... салаан дарга Д.Ц-ийг эсэргүү байгууллагад элсүүлэн авсан” гэх мэдүүлэг байдаг. Ж.Д, Д.Ж нарын хэрэгт үзлэг хийхэд Ж.Д-г Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор, Д.Ж-г Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор тус тус хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Улмаар хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж Д.Ц- нь ардын төрийн эсрэг хандсан, засаг төрд итгэх итгэлийг сулруулах зорилгоор элдэв цуурхал тараасан, ямар нэгэн эсэргүү байгууллагад элсэж даалгавар авсан нь тодорхойгүй хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзээд дүгнэлт бичсэн. Иймд БНМАУ-ын Цэргийн дээд шүүх таслах коллегийн 1942 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Ц-ийг цагаатгаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

БНМАУ-ын Цэргийн дээд шүүн таслах коллегийн 1942 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Д.Ц-ид холбогдох хэргийг таслан шийтгэхдээ хуулийг илт буруу хэрэглэсэн нөхцөл байдал шинээр илэрсэн талаарх прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Ц нь “... авто дивизионы дотор үүрлэн бугшиж байсан дарга агсан Ц, мөн хэргийн удирдагч Д, Ж нараар толгойлуулсан хувьсгалын эсэргүү Японы тагнуулын байгууллагад 1938 онд элсэгдэн орж, цэргийн дотор хорлон сүйтгэх хийгээд хорт цуурхал тараах, эсэргүү байгууллагын гишүүний хувиар эсэргүү хурал цуглаанд удаа дараа сууж хорлон сүйтгэх даалгавар авах зэргээр засаг төрийн өмнөөс эсэргүүцэн явсан” гэх хэрэгт холбогджээ.

Д.Ц-ид холбогдох хэргийг БНМАУ-ын Цэргийн дээд шүүн таслах коллеги 1942 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж 2 дугаар тогтоолоор 1934 оны Шүүх цаазын бичгийн 43, 47, 48 дугаар зүйлд зааснаар өмнө нь оногдуулсан ялыг багтаан 9 жил хорих ял шийтгэсэн байна.

Гэтэл Д.Ц-ийг хувьсгалын эсэргүү Японы тагнуулын байгууллагад элсүүлсэн гэх бүх цэргийн авто дивизионы дарга Д.Ц-д холбогдох хэрэгт Д.Ц-ийн талаар огт дурдагдаагүй байх бөгөөд Д.Ж болон өөрийнх нь 30 гаруй удаагийн мэдүүлгийг үндэслэсэн гэх боловч энэ хэргийн талаар хөндлөнгийн хэн нэгэн өөр этгээд гэрчилж батлаагүй, гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй болно.

Мөн Ж.Д, Д.Ж нар болон Д.Ц-д холбогдох хэргүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин шалгаж “хувьсгалын эсэргүү Япон тагнуулын байгууллагад оролцсон” гэх үйлдэл нь хилс ташаа болохыг тогтоож БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дүгээр магадлалаар Д, мөн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200 дугаар магадлалаар Д Ц-г, 1993 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дүгээр магадлалаар  Ж нарыг хилс хэрэгт шийтгүүлсэн хэмээн цагаатгаж шийдвэрлэжээ.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Д.Ц-ийн гэмт санаа зорилго тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолсон нотлох баримт байхгүй байтал зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хорих ял оногдуулж хилсээр шийтгэсэн тухай прокурорын дүгнэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэдэгт 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйл ангиар шийтгүүлсэн хүмүүс хамаарна хэмээн тодорхойлсон ба Д.Ц-ийн шийтгүүлсэн гэмт хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг”-т хамаарч байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” үндэслэл мөн тул Д.Ц-ид 9 жил хорих ял оногдуулсан БНМАУ-ын Цэргийн дээд шүүх таслан коллегийн 1942 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар таслан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Д.Ц- урьд нь авто дивизионы салаан даргаар ажиллаж байхдаа нууц хаягдуулсан гэх хэрэгт Цэргийн шүүхээр 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байхдаа энэхүү хэрэгт татагдаж хорих ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. БНМАУ-ын Цэргийн дээд шүүх таслан коллегийн 1942 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар таслан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Д.Ц-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 ДАРГАЛАГЧ                                              М.ПҮРЭВСҮРЭН

                 ШҮҮГЧ                                               Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                            Б.ЦОГТ