| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/05460/И |
| Дугаар | 210/МА2026/00091 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00091
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09636 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:******* ХХК-д холбогдох,
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч 2025 оны 01 сарын 01-ний өдөр******* ХХК-д *******дахь ЧТТ, хэвийн бус нөхцөлөөр тээврийн мастераар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2025 оны 03 сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан.
1.2. 2025 оны 02 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч өвдөж улмаар ажилдаа очих боломжгүй нөхцөл байдал үүссэн тул өөрийн удирдлага болох ахлах мастep *******т Миний бие өвдөөд байна өдөр очъё гэж чат бичсэн. Үүний дараа *******, 2 дугаар баг, *******,******* ХХК, ******* хаягт байрлах *******эмнэлэг дээр очиж үзүүлэхэд Өс.наикреатит гэх оношоор оношлогдож, 2025 оны 02 сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадалгаа гарсан.
1.3. Гэтэл хариуцагч байгууллага 2025 оны 03 сарын 16-ны өдөр *******гийн захирал *******ын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үндэслэлээ Тээврийн албаны тээврийн мастер *******э 2025 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэх боломжгүйг байгаа талаар урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 хоёр өдөр дараалан ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлтэй гэж тайлбарласан.
1.4. Гэвч тус өдөр биеийн байдал муудаж муудсан ч байгууллагын ажлыг тасалдуулахгүйн тулд удирдлагадаа мэдэгдсэн. Түүнчлэн *******эмнэлэгт үзүүлж эмнэлгийн магадалгаа хүртэл гарсан байхад тус нөхцөл байдлыг харгалзахгүйгээр ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна.
1.5. Иймд 2025 оны 03 сарын 16-ны өдрийн Б/293 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, урьд эрхэлж байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь 2023 онд ажилд ороод 2025 оны 01 сарын 01-ний өдөр Тээврийн мастер албан тушаалд 25/0*******51 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулж, уг гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолтын дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагааг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах, хүнд даацын автомашины жолооч нарыг удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг хүлээсэн.
2.2. Тээврийн мастер нь батлагдсан хуваарийн дагуу ажиллаж, жолооч нарыг хяналт удирдлагаар хангах нь компанийн тээвэрлэлт аливаа саадгүйгээр зохион байгуулагдах үндэс болдог. Нэхэмжлэгч нь 2025 оны 02 сарын 15, 16-ны өдөр дараалан ажилдаа ирээгүй бөгөөд ийнхүү ажилдаа ирэхгүй тухайгаа урьдчилан мэдэгдэж, чөлөө аваагүйгээс гадна хүндэтгэн үзэх аливаа шалтгаан байсан тухай баримтыг ирүүлээгүй тул 2 болон түүнээс дээш өдөр дараалан ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан.
2.3. Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн гэрээний 4.8, Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулж байгааг мэдэгдэж, тайлбар авахад өвчтэй, эмнэлгийн магадалгаа өгнө гэсэн боловч нэхэмжлэлд хавсаргасан эмнэлгийг магадалгааг компанид ирүүлээгүй ба ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журмын дагуу 2025 оны 03 сарын 16-ны өдрийн Б/293 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
2.4. Нэхэмжлэгч нь тухайн зөрчил гаргасан өдрөөс хойш 1 сарын хугацаа өнгөрсний дараа эмнэлгийн магадалгаатай байсан гэх тайлбарыг өгч, тус магадалгаагаа мөн гаргаж өгөөгүй тул Компанийн зүгээс үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм.
2.5. Иймээс уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах хариуцлагатай албан тушаалтны хувьд нэхэмжлэгч нь өөрийн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, 2 өдөр дараалан ажил тасалсан бөгөөд, тус үйлдэлдээ зөрүүтэй тайлбаруудыг өгч байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй хэмээн үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
2.6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ажил олгогчийн зүгээс үндэслэл бүхий сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч******* ХХК-д холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч эмнэлгийн магадалгаа авсан гэх боловч энэ талаар ажил олгогчид мэдэгдээгүй ..., цаашлаад нэхэмжлэгчийн 2025 оны 02 сарын 23-ны өдрийн бичсэн тайлбараас үзэхэд эрүүл мэндийн шалтгаанаар бус харин гэр бүлийн шалтгааны улмаас ажил тасалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, иймд ажил олгогчид мэдэгдээгүй тул ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.2. 2025 оны 03 сарын 16-ны өдрийн Б/293 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн гэрээний 9.3.5-т зааснаар ноцтой зөрчил гаргасан буюу 2025 оны 02 сарын 15, 16-ны өдөр ажлаа тасалсан гэх үндэслэлээр халсан байх бөгөөд үүнийг харвал мэдэгдэлгүйгээр ажлаа таслахыг ойлгохоор байгаа юм.
4.3. Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг харахаар иргэний хуульд заасан байдаг. Гэрээний заалтыг харвал мэдэгдэлгүй 2 хоног ажилдаа ирээгүйг ойлгоно. 2025 оны 02 сарын 15-ны өдөр ахлах мастер ******* руу миний бие өвдөөд байна гэж мессеж бичсэн үүнийг ******* хүлээж авсан байдаг.
4.4. Хөдөлмөрийн гэрээний 4.8 дах хэсэгт Хэрэв ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирж чадахгүй бол хариуцсан шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэнэ ... гэж заасан ба шууд удирдлага гэж ажлын байрны тодорхойлолтод зааснаар ахлах мастер буюу ******* юм. Мөн ******* нь над руу өвчтэй байна гэх мессеж бичсэн гэж хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг. Иймд 2025 оны 02 сарын 15, 16-ны өдрүүдэд ажил тасалсан гэж үзэхгүй бөгөөд ажил олгогч болоод өөрийн шууд удирдлагадаа мэдэгдсэн гэж үзэхээр байна.
4.5. 2025 оны 02 сарын 15-ны өдөр ажилдаа ирж чадахгүйгээ мэдэгдэж улмаар биеийн байдал муудаж *******гэх эмнэлэгт үзүүлж эмнэлгийн магадалгаа хүртэл гарсан байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд ахлах мастер *******ийн тайлбарт шөнийн ээлжид гараагүй байсан гэх тайлбарыг иш татаж шийдвэр гаргахад тулгуурласан нь учир дутагдалтай, нэг талыг барьж шийдвэр гаргасан.
4.6. Өөрөөр хэлбэл, ******* нь шөнийн ээлжид нэхэмжлэгчийг гаргах болсноо мэдэгдсэн зүйл байхгүй хариуцагч талаас энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байх атал үүний барьж шийдвэр гаргасан нь үндэслэл муутай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Хөдөлмөрийн гэрээний 9.3.5-т заасан ноцтой зөрчил нь мэдэгдэлгүйгээр ажлаа таслахыг ойлгох ба нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ахлах мастер ******* руу миний бие өвдөөд байна гэж мессеж бичиж мэдэгдсэн бөгөөд ******* нь үүнийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан тул 2025 оны 02 сарын 15, 16-ны өдрүүдэд тасалсан гэж үзэхгүй, ажил олгогч болоод өөрийн шууд удирдлагадаа мэдэгдсэн гэж үзэхээр байна" гэх тайлбарыг гаргасан байна.
5.2 Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч 2025 оны 02 сарын 15-ны өдрийн өглөө ахлах мастер ******* руу бие өвдсөн тухай мессеж бичсэн үйл баримттай маргаагүй боловч ийнхүү мессеж бичсэн нь нэхэмжлэгч 2025 оны 02 сарын 15-ны өдөр ажилдаа ирэх боломжгүй тухай мэдэгдэл болж чадахгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч тус мессежинд ... өдөр очъё гэж бичсэн байх тул энэ нь 2025 оны 02 сарын 15-ны өдөр ажилдаа бүтэн ирж чадахгүй тухай мэдэгдэл болж чадахгүй бөгөөд тус мессежийг ахлах мастер ******* нэхэмжлэгчийг өдөр ажилдаа ирж, шөнийн ээлжид гарах боломжтой хэмээн ойлгосон. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн мэдэгдсэн гэх мессеж нь түүний шөнийн ээлжээ тасалсантай холбоогүй байх бөгөөд нэхэмжлэгч өдөр ирж чадахгүй тухай болон шөнийн ээлжид гарахгүйтэй холбоотой аливаа тайлбар, мэдэгдлийг шууд удирдлагадаа болон хариуцагчид өгөөгүй байна.
5.3 Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.8-д Хэрэв ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирж чадахгүй бол хариуцсан шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж, холбогдох журмын дагуу чөлөө авна. гэж заасан. Нэхэмжлэгч өдөр нь ажилдаа ирж, шөнийн ээлжид гарах боломжгүй болсон, энэ нь эмнэлгийн магадалгаатай байсан тухай урьдчилан мэдэгдээгүй. Иймд хариуцагч нь тус мессеж дээр үндэслэн нэхэмжлэгчийг 2025 оны 02 сарын 15-ны өдрийн шөнийн ээлжид чөлөөтэй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн тухайн өдрийн шөнийн ээлжид гараагүй нь ажил тасалсанд тооцно.
5.4 Анхан шатны шүүх нь хэргийг хянан хэлэлцэхдээ талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн дүгнэлт хийж, "нэхэмжлэгч нь өөрийн шууд удирдлагад тухайн өдөр очно гэж мэдэгдсэн боловч эмнэлгийн магадалгаа гарснаар очих боломжгүй болсон талаараа мэдэгдээгүй байна" хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй хариуцагч байгууллагын 2025 оны 03 сарын 16-ны өдрийн Б/293 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байдаг.
5.5. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлынхоо сүүлийн хэсэгт 2025 оны 02 сарын 15-ны өдөр ажилдаа ирж чадахгүйгээ мэдэгдэж улмаар биеийн байдал муудаж *******гэх эмнэлэгт үзүүлж эмнэлгийн магадалгаа хүртэл гарсан байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд ахлах мастер *******ийн тайлбарт шөнийн ээлжид гараагүй байсан гэх тайлбарыг эш татаж шийдвэр гаргахад тулгуурласан нь учир дутагдалтай нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж дурдсан байх ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх дээр дурдсанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
5.6. Түүнчлэн нэхэмжлэгчийн 2025 оны 02 сарын 15, 16-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь зөвхөн ахлах мастер *******ийн өгсөн тайлбараар нотлогдсон бус нэхэмжлэгчийн хоёр удаагийн гараар бичиж өгсөн тайлбараар мөн нотлогдсон. Нэхэмжлэгч нь аль аль тайлбартаа 2025 оны 02 сарын 15, 16-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.
5.7. Хариуцагч нь ажил олгогчийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргахдаа эмнэлгийн магадалгаатай огт танилцаагүй байсан тул энэ магадалгаа нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болж чадахааргүй байна. Иймд анхан шатны шүүх "эмнэлгийн магадалгааг өгөөгүй байх тул ажил таслах ноцтой зөрчил гаргасан гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм" хэмээн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй.
5.8. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******э нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь хариуцагч нь 2 өдөр дараалан ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3.******* ХХК-ийн Ухаа худаг салбарын захирлын 2025 оны 03 сарын 16-ны өдрийн Б/293 дугаар тушаалын 1 дэх заалтаар Тээвэрлэлтийн албаны тээврийн мастер ******* нь 2025 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэх боломжгүйгээ урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 (хоёр) өдөр дараалан ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 03 сарын 16-ны өдрөөр цуцалсугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 16.2, Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох, цуцлах тухай журмын 4.2, ажилтантай байгуулсан 25/0*******51 тоот хөдөлмөрийн гэрээний 9.2.4, 9.3.5-д заасныг тус тус үндэслэн *******этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******э нь 2025 оны 02 сарын 15, 16-ны өдөр дараалан ажилдаа ирээгүй нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.3.5-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
4.1. Нэхэмжлэгч нь шууд удирдах албан тушаалтанд мэдэгдсэн тул ноцтой зөрчил гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
*******э нь ахлах ажилтан *******т 2025 оны 02 сарын 15-ны өдрийн өглөө бие өвдөөд байна, өдөр очно гэж мэдэгдсэн үйл баримтын талаар маргаангүй.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нь өдөр очих талаар мэдэгдсэн тул ажил үүргийн хуваарийг өөрчилж, шөнийн ээлж болгож сольсон гэсэн тайлбар татгалзлыг буруутгах үндэслэлгүй. Учир нь *******э шууд удирдлагад мэдэгдсэн хугацаанд буюу 2025 оны 02 сарын 15-ны өдөр ажилдаа очсон тохиолдолд ээлж өөрчлөгдсөн үйл баримтыг мэдэх боломжтой байжээ.
Нэхэмжлэгч нь *******т мэдэгдсэн хугацаа буюу 2025 оны 02 сарын 15-ны өдрийн өдрийн цагаар ажилдаа ирээгүйгээр зогсохгүй, дараагийн 16-ны өдөр ажилдаа ирээгүй нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.3.5-т заасан ажил олгогчид мэдэгдэлгүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд хамаарч байх тул хариуцагч нь ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцэж байна.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан эмнэлгийн магадалгааг ажил олгогчид мэдэгдээгүй тул ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2025 оны 02 сарын 15-ны өдөр эмнэлэгт үзүүлж, магадалгаа авсан бол ажил олгогчид гаргаж өгөх атал 2025 оны 02 сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс ажил олгогчид гаргасан тайлбарт гэр бүлийн шалтгааны улмаас ажил тасалсан гэж ноцтой зөрчил гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн байх тул ажил олгогчид мэдэгдсэн, ноцтой зөрчил гаргаагүй талаар гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан зохицуулалт баримталсныг хасаж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг нэмж баримтлах нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцнэ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09636 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 154 дүгээр зүйлийн 154.8, 61 дүгээр зүйлийн 61.1.2 ... гэснийг ... 158 дугаар зүйлийн 158.1.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
С.ЭНХБАЯР