| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1027/Э |
| Дугаар | 1027 |
| Огноо | 2019-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 1027
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,
улсын яллагч А.Ганзориг,
хохирогч Д.G,
шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0216/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
М овогт Жгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0316 21262 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овогт Жгийн Б, Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээ марал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “...” ХХК-д мужаанаар ажилладаг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” нэртэй караокены замын эсрэг талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Gтай “...хүнд мөнгө зээллээ...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, бие махбодид нь “...баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, хүзүү орчмын зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.Бгээс: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Д.G мэдүүлэхдээ: “... 2019 оны 6 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо “Дэх” караокед ороод хуурай эгчтэйгээ гурвуулаа нэг шил архи уусан. Би урьд хүнд мөнгө зээлүүлчихээд авч чадаагүй байсан, тэгээд үлдсэн мөнгөө тухайн өдөр хүүхдийнхээ багшид зээлчихсэн байсан юм. Караокенаас гарахдаа тооцоо хийх болоход мөнгө дутсан. Тэгтэл Б “мөнгөө яасан юм бэ” гэж асуухад нь “хүнд зээлсэн” гэж хэлтэл “өмнөх мөнгөө авч чадаагүй байж дахин мөнгө зээллээ” гэж хэлээд бид маргалдсан. Улмаар Б намайг гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Хүнд мөнгө зээлүүлсэн нь миний буруу байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0316 21262 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:
1. Хохирогч Д.Gын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын
25-ны өдөр өгсөн:
“...2019 оны 6 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед эгч Оюунтуяа, нөхөр Бн хамт 0.75 литрийн 1 шил архи хувааж уучихаад караокеноос гарахад эгч Оюунтуяа явсан. Би нөхрийн хамт такси барих гээд замын эсрэг тал руу гараад зогсож байтал Б “намайг хүнд мөнгө зээллээ” гэж надтай маргалдаж эхэлсэн. Бтэй хэрэлдсэн чинь Б миний нүүрний баруун хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Бид хоёр маргалдахаа болиод таксинд суугаад гэртээ очсон чинь манай том хүү Цэнгүүн /14 настай/ “намайг хараад хэн ийм болгочихсон юм бэ” гэхээр нь би нуугаад хэлээгүй юм. Тэгтэл манай хүү цагдаа дуудсан. Тухайн үед Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийг Б учруулсан. ...Надад нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),
-2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:
“...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” нэртэй караокены замын эсрэг талд Ж.Б миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
2. Насанд хүрээгүй гэрч А.Энэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:
“... Би 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал гаднаас аав Б, ээж Д.G нар архи үнэртүүлсэн орж ирсэн. Тухайн үед орж ирэхдээ ээжийн баруун нүд нь хавдаад хөхөрчихсөн байхаар нь би ээжээс “юу болсон юм бэ” гэж асуусан чинь ээж надад юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би “таныг ааваас өөр хэн цохидог юм бэ” гэж хэлээд цагдаагийн байгууллагад утсаар хандсан. Цагдаа ирээд аав Бг аваад явсан. Аав ээж хоёрыг гаднаас орж ирсний дараа маргаан болоогүй. Харин сүүлд сонсоход караокены гадаа цохиулсан гэж ээж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),
3. Гэрч Б.Ангарагхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:
“...2019 оны 6 дугаар сарын 05-ны өглөө машинт эргүүлийн Ачит-118 чиглэлд дэд ахлагч Нямсайханы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 21 дүгээр гудамжны 52 тоотод “аав ээжийг зодчихлоо” гэх дуудлагын дагуу очсон. Энэрэл гэх хүүхэдтэй уулзахад “манай аав ээжийг караокены хажууд цохисон байна” гэсэн. Би Ж.Бг Сэлбэ-120 руу эрүүлжүүлэн, эхнэр Д.G гэх эмэгтэйгээс юу болсон талаар асуухад юм ярихгүй байсан. Би эхнэрт нь цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгөхийг зөвлөсөн. Тухайн үед дуудлага 2019 оны 6 дугаар сарын 06-ны үүрийн 04 цагийн үед ирсэн. Харин хэрэг болсон өдөр нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны оройн 23 цагийн үед гэж хэлсэн. Намайг Д.Gтай уулзахад баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
4. Шүүгдэгч Ж.Бн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:
“... 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Дэх” нэртэй караокед эхнэр G, эхнэрийн хуурай эгч Оюунтуяагийн хамт орж нэг шил архи хувааж уусан. Караокеноос гараад Оюунтуяа эгчийг гэр рүү нь явуулсан. Харин би эхнэр Gын хамт замын эсрэг талд гарч такси барих гээд зогсож байгаад эхнэр Gыг “хүнд мөнгө зээлчихлээ” гээд баруун шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би гараараа нэг удаа цохиж үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7067 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхинд 4х1 см, доод зовхинд 4х2 см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан. Баруун хацар, шанаа орчмоор овойж хавдсан.
2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Натур” эмнэлгийн КТГ-д: ...Баруун талын нүдний ухархайн дотор хана 2.9 см өргөн хэсэгт дотогш эмтойд хөндий рүү 0.7 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугаралтай бөгөөд этмойд хөндийд +45HU нягтралтай шингэнтэй, агааржилт буурсан. Баруун нүдний ухархайн дотор болон арын эслэг зайд хий тодорхойлогдоно. Зүүн талын нүдний ухархайн дотор хана 1.4 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.5 см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугаралтай. ...Хамар яс хянга хэсгээрээ зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хуучин хугаралтай. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш хуучин бага зэргийн мурийлттай. ...Баруун шанаа, нүд, хацар болон хүзүү орчмын зөөлөн эдэд хаван хавдартай, ...хий тодорхойлогдоно. /Дүгнэлт бичсэн эмч С.Мөнхбаатар/ гэжээ.
ДҮГНЭЛТ:
-Д.Gын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, хүзүү орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ...” /шинжээч М.Аригуунтөгс/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43 дугаар тал),
6.Шинжээч М.Аригуунтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:
“...Д.Gын биед үүссэн гэмтэл нь их хэмжээгээр хамарсан тул нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мөн уг гэмтлүүд нь нэг дор цохисноор хавдсан байж болно. Эдгээр гэмтлүүд нийлээд гэмтлийн зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар тал),
7. 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөгчийн санаачилгаар хохирогчийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 59-60 дугаар тал),
8. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 61-64 дүгээр тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 67-71 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 65-66 дугаар тал),
9. Шүүгдэгч Ж.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 74 дүгээр тал), шүүгдэгч Ж.Б, хохирогч Д.G нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дүгээр тал), Ж.Бн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 187 дугаар тал), “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны Дэнгүй хуулга (хавтаст хэргийн 88 дугаар тал), “...” ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 19/190 дугаартай “... Ж.Б нь мужааны албан тушаалтай, сарын 2.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг. ...” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 89 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцаахдаа тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” нэртэй караокены замын эсрэг талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Gтай “...хүнд мөнгө зээллээ...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат нь шүүгдэгч хохирогчийн биед байнга халдаагүй тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхгүй гээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх дүгнэлт гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хамаарал бүхий этгээд” гэдэгт эхнэр, нөхөр, хүүхэд, үрчилж авсан хүүхэд, төрсөн ах эгч нарыг хамааруулан ойлгоно гэж заасан. Шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтийн баталгаатай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэдэг нь нотлогдсон. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг дээрх хуульд бэлгийн, эдийн засгийн, сэтгэл санааны, бие махбодод халдах зэргийг хэлнэ гэж заасан. Шүүгдэгч Ж.Б нь эхнэрээ зодсон, бие махбодод нь халдсан. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хэрвээ хохирогчийг 3 ба түүнээс дээш удаа зодсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар буюу өөр зүйл хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат нь “Шүүгдэгч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ гэр бүлийн хамаарал бүхий хүнийг цохисон л бол хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхгүй. Өмнө нь эхнэрээ олон удаа цохиж зодож байсан, эсхүл цохиж зодож байсан талаар ямар нэгэн баримт байх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ. Шүүгдэгч нь таван хүүхэдтэй, сургуульд явдаг. Хүүхдийн хувцас хичээлийн хэрэгслийг хангах, бэлдэх нь хэцүү байхад хүнд үед эхнэр нь хүнд мөнгө зээлүүлж байгаа нь түүний буруу, маргаан гарах шалтгаан болсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хэргийг зүйлчлэх үндэслэлтэй гэж үзнэ. Тус хэрэг явдал гарахад хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн, өөрөөр хэлбэл бусдад мөнгө зээлсэн нь буруу. Үр хүүхдүүддээ зарцуулах мөнгийг бусдад зээлүүлсэн тул бухимдах нь гарцаагүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ж.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Хэргийн үйл баримт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар шүүгдэгч Ж.Б, хохирогч Д.G нар нь 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсон, 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Ж.Б, хохирогч Д.G нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.
2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” нэртэй караокед хохирогч Д.G, шүүгдэгч Ж.Б нар нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба, улмаар тухайн караокенаас гарч явахдаа тухайн үед үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хүнд мөнгө зээллээ” гэх шалтгаанаар хоорондоо хэрүүл маргаан хийж, түүнчлэн шүүгдэгч Ж.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Gын нүүрэн тус газар нь гараараа цохиж, бие махбодид нь “...баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, хүзүү орчмын зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-Хохирогч Д.Gын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед ...нөхөр Бн хамт 0.75 литрийн Экс нэртэй 1 шил архийг хувааж уусан. караокеноос гарахад ... ...Б намайг хүнд мөнгө зээллээ гэж надтай маргалдаж эхэлсэн. ...Б миний нүүрний баруун хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. ...Шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийг Б учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал), мөн түүний дахин хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-Насанд хүрээгүй гэрч А.Энэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... Би 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал гаднаас аав Б, ээж Д.G нар архи үнэртүүлсэн орж ирсэн. ...ээжийн баруун нүд нь хавдаад хөхөрчихсөн байхаар нь би ээжээс юу болсон юм бэ гэж асуусан чинь надад юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би таныг ааваас өөр хэн цохидог юм бэ гэж хэлээд цагдаагийн байгууллагад утсаар хандсан. ...сүүлд сонсоход караокены гадаа цохиулсан гэж ээж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),
-Гэрч Б.Ангарагхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 05-ны өглөө эргүүлийн Ачит-118 чиглэлд ...үүрэг гүйцэтгэж байхад ...Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 21 дүгээр гудамжны 52 тоотод “аав ээжийг зодчихлоо” гэх дуудлагын дагуу очсон. Энэрэл гэх хүүхэдтэй уулзахад манай аав ээжийг караокены хажууд цохисон байна гэсэн. ...дуудлага 2019 оны 6 дугаар сарын 06-ны үүрийн 04 цагийн үед ирсэн. ...хэрэг болсон өдөр нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны оройн 23 цагийн үед гэж хэлсэн. ...Намайг Д.Gтай уулзахад баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
-Шүүгдэгч Ж.Бн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“... 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Дэх нэртэй караоке орж эхнэр G, эхнэрийн хуурай эгч Оюунтуяагийн хамт 1 шил архи хувааж уусан. ...эхнэр Gыг хүнд мөнгө зээлчихлээ гээд баруун шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. ...гэмтлийг би гараараа нэг удаа цохиж үүсгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7067 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 43 дугаар тал), Шинжээч М.Аригуунтөгсийн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар тал), Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 59-60 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 61-64 дүгээр тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 67-71 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 65-66 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүх өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан “шүүгдэгч Ж.Б нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэрээ байнга зодоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн талаар заасан ба, уг зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ...” тус зүйл хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэхээр,
Харин дээрх хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэж заажээ.
Тэгвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан. Тус заалтын агуулгыг тодруулан үзвэл гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн бие махбодид нэг удаа халдсан үйлдлийг ч гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан ойлгохоор заасан байх тул үүгээр өмгөөлөгчийн дүгнэлт үгүйсгэгдэж байна.
Нөгөө талаас өмгөөлөгчийн “байнга зодсон” гэх асуудлын тухайд Эрүүгийн хуулийн өөр зүйл хэсэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий догшин авирласан, тарчлаах” зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол тус зүйл хэсгээр зүйлчлэхээр хуульчилсан.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь байнга, эсхүл 2 болон 3 түүнээс дээш удаа үйлдсэн байхыг шаардахгүй тул шүүхээс өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг зодож гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд түүний гэр бүлийн харилцаатай эхнэр Д.Gыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Д.Gын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Д.G нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатаас “...шүүгдэгч Ж.Б нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч нь 5 хүүхэдтэй, ар гэрээ тэжээн тэтгэдэг. Хэдийгээр сард 2.000.000 төгрөгийн цалин авдаг боловч хавтаст хэрэгт 2.000.000 төгрөгийн цалин авдаг тухай баримт байхгүй тул амьдралын бололцоо тийм сайн гэж бодохгүй байна. Хүүхдүүддээ зориулах мөнгийг бусдад зээлүүлсэн болохоор маргаан үүсгэсэн хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгааг анхаарч үзэн, доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч Ж.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Ж.Бн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу “...” ХХК-д мужаанаар ажилладаг тогтмол ажилтай зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ажил олгогчоос тодорхойлсон шүүгдэгчийн цалин хөлсний тодорхойлолтод үндэслэн, мөн бусад орлого, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 5 сарын заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Жгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ж.Бд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1908 0316 21262 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.G нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийг дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА