Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2026/00006

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  11 дүгээр сарын 24-ний өдрийн 307/ШШ2025/02219 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 75,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

   “... Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн ******* тоотод нөхөр *******ын хамт 1996 оны 10-р сарын 18-ны өдрөөс эхлэн амьдарч байгаад, Аймгийн Орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гарган уг байрыг 1997 оны 9-р сарын 25-нд хувьчлан авч, Да дугаартай гэрчилгээ авсан. Уг гэрчилгээн дээр өмчлөгчөөр гийн , хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүнээр ******* бүртгэгдсэн бөгөөд энэ нь бидний гэр бүлийн дундын хөрөнгө юм.

Нөхөр ******* бид хоёр 1992 онд хууль ёсны гэр бүл болсон боловч, хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2000 оноос би Улаанбаатар хотод, нөхөр маань дээрх байрандаа үлдэж Дархандаа амьдарч байгаад 2018 оны 10-р сарын 31-нд өвчний улмаас нас барсан. Ингээд хөрөнгийн асуудлаа шийдэх гэтэл нөхөр ******* надад мэдэгдэлгүйгээр 2002 оны 3-р сарын 25-нд 00 Да тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг "Дахин олголт" гэж хуурамчаар бичүүлэн авч, Улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлснээр бусдад зарагдаж, хэд хэдэн хүнд дамжсан, одоо гэдэг хүн худалдан авч, оршин сууж байна. Ийнхүү миний орон сууцыг хамтран өмчлөх эрх зөрчигдсөнийг би 2019 онд мэдэж, тэр цагаас хойш хөөцөлдсөөр өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд Улаанбаатар хот дахь Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны Орон сууц хувьчлах товчоонд хандахад, Орон сууц хувьчлах товчооны дарга аас: "...2002 онд иргэн ******* агсанд "Дахин олголт" гэж бичиж олгосон 00Да дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний үндэслэл баримт, тогтоол шийдвэр тус товчоонд болон аймгийн архивт байхгүй байна" гэсэн хариуг албан ёсоор өгсөн бөгөөд сүүлд олгосон гэрчилгээ нь хууль бусаар олгогдож, намайг үндэслэлгүйгээр хассан нь тодорхой болсон. Иймд би Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх болон давж заалдах шатны шүүхүүдэд хандсан боловч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба байраа эргүүлж авч чадахгүй болсноо ойлгосон. Миний эрх зөрчигдсөн талаар мэдээд хөөцөлдөх үед Ковид цар тахал гарч, хаашаа ч явсан хорио цээр, хязгаарлалтад орсоор хугацаа алдсан бөгөөд үүнийг шүүх харгалзан үздэггүй нь харамсалтай.

Манай байрны анх хувьчлагдсан гэрчилгээ надад хадгалагдаж байсан бөгөөд талийгаач нөхөр ******* байрыг надад хэлэлгүйгээр зарахын тулд хуурамч гэрчилгээг орон сууц хувьчлах товчоогоор бичүүлэн авч, Улсын бүртгэлд ганцхан өөрийн өмч мэтээр бүртгүүлсэн байсан. Үүнийг би аймгийн товчоо болон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн буруутай, хариуцлагагүй ажиллагаанаас болсон гэж үзэн гомдолтой байна. Орон сууц хувьчлах товчоо нь "Дахин олголт" гэж гэрчилгээ бичиж өгөхдөө зөвхөн ******* агсны үгээр бичиж олгосон нь "Орон сууц хувьчлах товчооны бүртгэл болон архивт бичиг баримтад өөрчлөлт хийгээгүйгээс харагддаг. Хэрэв анх хувьчлагдсан тогтоолыг үзэж харсан бол "*******" миний бие уг байрыг хувьчлан авсан хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй байгааг мэдэх боломжтой байсан. Сүүлд хуурамчаар авсан гэрчилгээг аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэс бүртгэхдээ мөн л тухайн байрны "хувийн хэрэг болон дэлгэрэнгүй лавлагаан дээр хамтран өмчлөгч ******* миний нэр байсаар байхад үзэж харалгүйгээр хариуцлагагүй хандаж, намайг орхигдуулж, зөвхөн *******ын нэр дээр гарсан гэрчилгээг бүртгэж өгсөн байдаг. Ингэж төрийн байгууллагуудын хариуцлагагүй ажиллагаанаас болж би анх хувьчилж авсан байрнаасаа хууль бусаар хасагдаж, орон сууц өмчлөх эрх маань ноцтой зөрчигдсөн бөгөөд алдсан байрнаасаа ноогдох хувиа ч авах боломжгүй болж, олон хүнд дамжин зарагдсан байдаг ба уг авсан эзэд нь "хууль зөрчөөгүй шударгаар худалдан авсан" гээд сууж байна.

Иймд Орон сууц өмчлөх эрхийг маань зөрчин хууль бус үйлдэл хийж хуурамч гэрчилгээ бичиж өгсөн Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны Орон Сууц Хувьчлах Товчоо болон анхнаасаа орон сууц хувьчлах тогтоолоор хувьчлагдаж миний нэр бүртгэлтэй байхад, тогтоол шийдвэрийг үзэж харалгүй зөвхөн *******ын нэр дээр бүртгэл хийж өгсөн Дархан-Уул аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэс гэх төрийн байгууллагуудаас болж надад хохирол учирсан гэж үзээд, эдгээр байгууллагуудаас 75,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Би дээрх байрыг одоогийн ханшаар 150,000,000 төгрөг гэж үнэлэн, хоёр хүний өмч байсан учир өөрт ноогдох 50 хувийн үнэ 75 сая төгрөгийг нэхэж байгаа бөгөөд дээрх хоёр байгууллагад тэнцүү хуваан нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж, надад учирсан хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 1-2 дугаар хуудас/

2. Хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

“Иргэн ******* агсанд 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин олголтоор 00ДА дугаар бүхий Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгоход 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг баримтлан гаргасан нь 00Да дугаартай дэвтрээс харагдаж байгаа бөгөөд 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэн ******* нь Улсын бүртгэлийн хэлтэст хувийн хэргийг бүрдүүлэн өгсөн.

Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн нэгдсэн санд 1997 оны 09 дүгээр  сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоол, тогтоолын хавсралтыг үндэслэн *******, ******* нарын хамт бүртгэсэн байгаа тул манай Орон сууц хувьчлах товчоо нь нэхэмжлэгч *******ын өмчлөх эрхийг хязгаарлаагүй байна.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна”, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэг “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэсэн заалтуудыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа тул иргэн *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 47 дугаар хуудас/

3. Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

“Дархан сум 15 дугаар баг (хуучнаар) тоот орон сууцны өмчлөх эрхийг анх удаа 2002 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлэхэд 00 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгч байхгүй байсан бөгөөд энэ нь *******ны 2000 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар нотлогдож байгаа. Уг тогтоол нь манай архивт хадгалагдаж байна.

Орон сууц хувьчлах товчооноос олгосон гэрчилгээг үндэслэн тухайн үед мөрдөж байсан "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай" хуульд заасны дагуу бүртгэлийг хөтөлсөн.

Үүнээс үзэхэд тухайн төрөөс хувьчилсан орон сууцыг анх удаа бүртгэхдээ ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчсөн, эсвэл бүртгэл хүчингүйд тооцуулахаар хууль хяналтын байгууллагын шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт энэ өдрийг хүртэл бүртгэгдээгүй нь иргэн *******ад гэм хор учирсан гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 51 дүгээр хуудас/

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох Гэм хорын хохирол 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. ...Нөхөр бид хоёр таарамжгүй харилцаанаас тусдаа амьдарч байсан боловч гэрлэлтийн баталгаагаа салгаагүй, хөрөнгийн маргаан үүсгээгүй байсан. Гэтэл шүүх тусдаа амьдарсан л бол хөрөнгөө нэхэмжлэх байсан гэж явцуу дүгнэжээ. Өмчлөх эрхийн гэрчилгээ хуулийн дагуу *******, ******* нарт олгосон байхад тухайн үед нөхрөөсөө эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг авна гэж маргаан үүсгэх шаардлага байгаагүй.

Мөн тухайн орон сууцны миний өмчлөлд байсан учраас миний зөвшөөрөлгүй захиран зарцуулах боломжгүй, зарж борлуулах шаардлага гарвал надаас зөвшөөрөл авна гэж бодсон.

Гэтэл орон сууц хувьчилсан тухай тогтоолын дагуу миний нэр бүртгэгдсэн байсаар байхад намайг хасаж дахин гэрчилгээ олгосон, мөн 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолын хавсралтад өмчлөгч нь *******, хамтран өмчлөгч нь ******* гэж байсаар байхад Улсын бүртгэлийн хэлтэс миний зөвшөөрөлгүй бусдад зарах боломжийг олгосон байна.

5.2. “...нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа дууссан...” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх анхан шатны шүүхийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******ыг нас барсны дараа 2018 онд байраа зарсан гэдгийг мэдсэн. Өмнө дүүгээ байлгаж байгаа гэж хэлсэн учраас би итгэсэн. Мөн орон сууцны гэрчилгээ надад байсан учраас дахин хуурамч гэрчилгээ олгоно гэж бодоогүй. Би 2000 оноос нөхрөөсөө тусдаа амьдарч эхэлсэн. 2016 онд байранд маань өөр айл байгаа гэдгийг сонсоод Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл өгч бусдад худалдсан эсэхийг лавласан боловч надад хариу өгөөгүй. *******аас асуухад дүүгээ суулгаж байгаа гэхээр нь итгэсэн. Энэ үеэс тооцоод үзсэн ч 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа болоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  / 2-р хх-ийн 35-36 дугаар хуудас/

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч нь Орон сууц хувьчлах товчооноос орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгохдоо хамтран өмчлөгч миний нэрийг хасаж олгосон, энэхүү гэрчилгээг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага бичиг баримтыг нягтлан шалгахгүйгээр нөхөр *******ыг дангаар бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосны улмаас ******* тус орон сууцыг бусдад худалдсанаар миний орон сууц өмчлөх эрх зөрчигдөж эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэн, хохирлын хэмжээг орон сууцны зах зээлийн ханшаар тооцож, өөрт учирсан хохиролд хариуцагч тус бүрээс 37,500,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

            3. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ манай байгууллагын зүгээс дахин гэрчилгээ олгохдоо дахин олгосон гэсэн тэмдэглэгээ хийсэн, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэхдээ *******, ******* нарын нэр бүртгэгдсэн байгаа тул манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй, мөн тус шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж,

хамтран хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тухайн үед олгосон орон сууц өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг үндэслэн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж гэрчилгээг олгосон, орон сууц хувьчлах товчооноос олгосон 00 дугаартай гэрчилгээн дээр хамтран өмчлөгч байгаагүй тул хууль зөрчөөгүй, мөн улсын бүртгэлийг хууль бус гэж үзсэн хууль хяналтын байгууллагын шийдвэр, улсын байцаагчийн дүгнэлт гараагүй тул гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч ******* нь анхны өмчлөх эрхийн гэрчилгээ өөрт нь байгаа гэсэн атлаа хуулийн дагуу өмчлөх эрхээ баталгаажуулаагүй тул түүнд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй гэж тус тус маргадаг болно.

4. Анхан шатны шүүх эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил мөн боловч энэ иргэний хэргийн маргааны зүйл нь өмчлөх эрх, төрийн байгууллагын үйл ажиллагаа буюу улсын бүртгэл, хувьчлалын асуудал тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч *******, ******* нар нь 2000 оноос эхлэн тусдаа амьдарсан тухайн үеэс нэхэмжлэгчид гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа дууссан байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, зохигчдыг мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангасан байна.

6. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

6.1. Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч *******, ******* нар нь 1999 оны 09 сарын 20-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2000 оноос хойш тусдаа амьдарч байгаад ******* нь 2018 оны 10 сарын 31-ний өдөр нас барсныг 2018 оны 11 сарын 01-ний өдөр бүртгэсэн./1 дүгээр хх-ийн 12 дугаар хуудас/

6.2. Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байрны 88 тоотод байрлах, 42,1 мкв талбай бүхий орон сууцыг 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс *******ад эзэмшүүлэхээр эрхийн бичиг олгосны дагуу эзэмшиж байгаад 1997 оны 09 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргасан. Улмаар 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай” 04 дүгээр тогтоолоор хувьчилж, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолын хавсралтаар ам бүлийн тоо 2 гэж бичигдсэн. Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөлд уг орон сууцыг хамтран эзэмших эрхтэй гишүүд гэх хэсэгт *******, Анд регистрийн дугаар ЦБ гэж бичсэн. /1 дүгээр хх-ийн 60, 90-92 дугаар хуудас/

6.3. *******ны хурлын 2000 оны 01 сарын 18-ны өдрийн 29 дугаартай “Орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээ олгох тухай” тогтоолоор нэр бүхий 110 иргэнд эзэмшиж байгаа орон сууцыг нь хувьчилж орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолын хавсралтын 18 дугаарт *******ын нэр бичигдсэн. Тус тогтоолын хавсралтын ам бүл гэсэн хүснэгт хоосон байна. /1 дүгээр хх-ийн 93 дугаар хуудас/

6.4. 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 16 дугаар баг, 9 дүгээр байрны 88 тоотод байрлах, 42,1 мкв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, 00 дугаартай гэрчилгээ олгож, өмчлөгчөөр *******ыг бүртгэсэн. Тус гэрчилгээн дээр Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор хувьчлан авсан тул 1997 оны 09 сарын 30-ны өдрөөс эхлэн уг сууцыг өмчлүүлэв гэжээ. Тус гэрчилгээний хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэсэн хэсэг хоосон байна./1 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/

6.5. 2002 оны 04 сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр *******аас д дээр дурдсан орон сууцыг шилжүүлж, 2022 оны 04 асрын 22-ны өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон, 2004 оны 01 сарын 09-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр ээс эд шилжиж, 2004 оны 01 сарын 09-ний өдрийн дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн 2004 оны 02 сарын 02-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр ээс д шилжиж бүртгэгдсэн байна. /1 дүгээр хх-ийн 129-139 дүгээр хуудас, 188-230 дугаар хуудас/

6.6. Нэхэмжлэгч ******* орон сууцны улсын бүртгэлтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар гомдол гаргасны дагуу тус газрын 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 8/1409 дугаартай албан бичгээр хариу өгсөн, мөн Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд хандсаны дагуу тус товчооноос 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 26 дугаартай албан бичгээр өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй гэх хариуг өгсөн, улмаар Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд *******, Орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдуулан, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 131 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. /1 дүгээр хх-ийн 16-17 дугаар хуудас/

7. Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн орон сууцыг *******ны 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай” 04 дүгээр тогтоолын дагуу нэхэмжлэгч ******* нь хамтран өмчлөх эрхтэй болсон байх бөгөөд орон сууц хувьчлах товчооноос дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон боловч тус гэрчилгээний дагуу улсын бүртгэлд өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан /1997 он/ Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан.

8. ******* 2000 оны 01 сарын 18-ны өдрийн 29 дугаартай “Орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээ олгох тухай” тогтоолын дагуу 2002 оны 03 сарын 25-ны өдрийн орон сууц өмчлөх эрхийн 00 дугаартай гэрчилгээг *******ад дахин олгохдоо хамтран өмчлөгчгүйгээр олгосон бөгөөд тус гэрчилгэн дээр 1997 оны 09 сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор хувьчлан авсан тул энэ өдрөөс эхлэн өмчлүүлэхээр заасан. Энэхүү 00 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг дээрх хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж, *******ын өмчлөх эрхийг дангаар баталгаажуулсан байна.

Дээр дурдсан 1997 оны 4 дүгээр тогтоолыг үндэслэн гэрчилгээг дахин олгосон атлаа тус тогтоолд бичигдсэн хамтран өмчлөх эрхтэй этгээдийг ямар үндэслэлээр хассан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт архивт байхгүй болох нь хариуцагч Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д хариу өгсөн тус товчооны даргын албан бичгээр тогтоогдож байна.

  9. Шүүхээс эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай хувийн хэрэгт үзлэг хийсэн байх бөгөөд тус хувийн хэрэгт дээр дурдсан Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоол, түүний хавсралт, *******ын 1997 оны 09 сарын 23-ны өдөр орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, уг сууцыг хамтран эзэмших эрхтэй гишүүдийн мэдээлэл авагдсан байна.

            Хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн лавлагаанд буюу улсын бүртгэлийн цахим бүртгэлд төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэх хэсэгт *******, ******* нарын нэр бичигдсэн байх бөгөөд 2013 онд цахим бүртгэлд уг мэдээллийг оруулжээ.

            Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 он/-ийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах бөгөөд мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэнэ” гэж заасны дагуу ******* нь *******ын орон сууц өмчлөх эрхийг бүртгэхдээ дангаар өмчлөх эрхтэй болохыг холбогдох баримтуудыг үндэслэн хянасан эсэх нь тодорхойгүй байна. Гэвч тухайн үед тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар ямар нэгэн маргаан гараагүйгээс 2002 оны 03 сарын 25-ны өдөр орон сууц хувьчлах товчооноос олгосон 00 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 2002 оны 04 сарын 09-ний өдөр улсын бүртгэлд *******ын өмчлөх эрх баталгаажиж, энэхүү бүртгэл хүчин төгөлдөр болсон байна.

10. Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 06 сарын 14-ний өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж байсан, тухайн мэдүүлэг дээр 13-р хуудсыг хуулбарлан өгөв гэж гараар тэмдэглэгээ хийсэн, мөн өдрийн хаан банкны орлогын мэдүүлгээр ******* хуулбар авах төлбөрт 1,000 төгрөг төлсөн, улсын бүртгэлийн газарт тус орон сууцны худалдах, худалдан авах гэрээний хуулбар авах хүсэлтийг бичгээр гаргасан зэрэг үйл баримт шүүхээс хувийн хэрэгт үзлэг хийж авсан баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 188-189, 216-218 дугаар хуудас/

             11. Хариуцагч нар тус байгууллагуудын үйл ажиллагааг хууль бус гэж тогтоосон аливаа шийдвэр, акт байхгүй, шаардах эрх хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

            Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан шалтгаант холбоотой байгаа тохиолдолд хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

12. Дээр дурдсан үйл баримтуудаас дүгнэхэд ******* болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нотлох баримтуудыг хянаж шийдвэр гаргаагүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч *******ын өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй тул хуульд зааснаар хохирол учруулсан этгээдээс гэм хор учруулсны хохирол шаардах эрхтэй.

Мөн нөгөө талаас нэхэмжлэгч *******ын орон сууц өмчлөх эрхийн зөрчил түүний өөрийнх нь өмчлөх эрхээ баталгаажуулаагүй эс үйлдэхүйтэй холбоотой, улмаар өөрийн өмчлөх эрх, түүний зөрчлийн талаар мэдсэн тухайн цаг үедээ эрхээ хамгаалуулахаар  эрх бүхий байгууллагад хандаагүйтэй холбоотой байна.

13. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т: “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг маргааны зүйл нь өмчлөх эрх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, улсын бүртгэл, хувьчлалын асуудал гэж дүгнэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаатай гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлсон байх тул  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан таван жилийн хугацаа хамаарна.

 Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хугацааг тоолох журмыг зохицуулсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолж, шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.

14. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо *******, ******* нар 2000 оноос эхлэн тусдаа амьдарсан үеэс нэхэмжлэгчид гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ шаардах эрх үүссэн гэж үзэж, энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолжээ.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь 2000 оноос тусдаа амьдарсан боловч одоог хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй байх тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан гэрлэгчдийн хооронд гараагүй, мөн гэрлэгчдийн бие биедээ тавих шаардлага нь *******ын нэхэмжлэлтэй тус иргэний хэрэгт хамааралгүй байхад анхан шатны шүүх гэм хорын хохирол гаргуулах шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг энэхүү хамааралгүй, өөр үйл баримтаас эхлэн тоолсон нь буруу болсон байна.

15. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь *******т 2016 оны 06 сарын 14-ний өдөр мэдүүлэг гаргаж, хуулбар авах 1000 төгрөгийн хураамж төлсөн, тус байгууллагад мөн өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний хуулбар авах хүсэлтийг гаргасан болох нь тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 216-218 дугаар хуудас/

Өөрөөр хэлбэл ******* энэ үеэс тухайн үл хөдлөх эд хөрөнгө бусдад шилжсэн болохыг мэдсэн гэж үзэхээр байна. Иймд 2016 оны 06 сарын 14-ний өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ үеэс 5 жилийн хугацааг тоолоход 2021 оны 06 сарын 14-ний өдөр гэм хорын хохирол шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.

16. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, дүгнэлтийг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Нэхэмжлэгч нь *******, *******нд тус тус холбогдуулан шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримталсныг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл ******* нь тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн өмчийн хорооны 1997 оны 139 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар товчооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэж, товчооны хуралдааны тогтоолоор орон сууц хувьчлах гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан бөгөөд *******ны тухайд хамтын шийдвэр гаргадаг байгууллага байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан үндсэн зохицуулалт хамаарахаар байна.

Харин Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 он/-ийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх үйл ажиллагааг улсын бүртгэгч буюу албан тушаалтан гүйцэтгэхээр заасан тул түүний үйл ажиллагаатай холбоотойгоор хуулийн этгээдэд холбогдуулан шаардлага гаргасныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримталсан нь зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  11 дүгээр сарын 24-ний өдрийн 307/ШШ2025/02219 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 532,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                      Г.МЯГМАРСҮРЭН                                                        

                                                                                                             М.ОЮУНЦЭЦЭГ