Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1007

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Цийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0032 40929 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :       

Б овогт Цийн Т, Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... 3 дугаар ангид суралцдаг, ам бүл 5, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Айфоне-х маркийн гар утсыг Америкаас хямдхан оруулж ирнэ” гэж иргэн М.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хорооллын “...” үйлчилгээний төвийн орчим явж байхдаа 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ:

Хохирогч М.Мыг тухайн үед залилах бодол байгаагүй. Түүнээс авсан мөнгийг өсгөөд, буцаагаад өгье гэж бодсон гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0032 40929 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

 “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гар утас захиж авахуулахаар дүү Жаргалын найз Тий данс руу 3.000.000 төгрөг шилжүүлээд утсаа авч чадалгүй их удсан учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Тий аав, ээж нь надад 500.000 төгрөг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дансаар шилжүүлэн өгсөн. Ингээд би Т, түүний аав, ээжтэй 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мөнгө төгрөгөө өгч авалцахаар тохирсон. Утсыг минь захиж чадаагүй мөнгийг минь үрчихсэн байсан учраас айгаад л надад худлаа үнэн юм ярьсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

-2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:

“... Би “ I phone xsmax” гар утас авахаар хайж байсан юм. Тэгээд манай хамаатны дүү болох Жаргал надад “манай найз охины найз залуу танд  ” I phone xsmax” гар утас олж өгч чадна гээд байсан” гэж хэлэхээр нь би түүнд итгээд тэр хүнээс гар утас авахаар болсон. Гар утас зарах хүнтэй утсаар холбогдож ярихад “I phone xsmax” гар утас олж өгч чадна, үнэ нь 3.950.000 төгрөг гэдэг юм, би танд 3.500.000 төгрөгөнд олоод өгье, Америк улсаас оруулж ирнэ, миний гар утас захиж байгаа хүн маань Америкт Apple дээр явж байгаа гэж байна, одоо та мөнгөө шилжүүлчихвэл гар утсыг чинь өнөөдөр аваад нааш нь Монгол руу явах хүнд өгч явуулна гэж надад хэлсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “...”-ын хажууд байдаг цайны газар хоол идэж байхад надад гар утас зарна гэсэн залуу надруу залгаж “та одоо мөнгөө хийхгүй бол оройтох гээд байна, нөгөө гар утас авах залуу маань “Аpple” дэлгүүрээс гарлаа гэнэ, та одоо мөнгөө шилжүүлчих” гээд байхаар нь тэр залуугийн надад өгсөн Хаан банкны данс руу 3.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Түүнээс хойш нилээн удсан, юу болсон талаар байнга асууж тодруулахад “таны гар утас наашаа ирж байгаа, хаана ирж байгааг нь мэдэхгүй, удахгүй ирнэ” гээд байнга шалтаг хэлээд алга болоод байсан. Түүнээс хойш 2 сарын дараа тэр залуу “миний захисан гар утас Тайваны гааль дээр гацсан гээд байсан, удахгүй Монгол руу ирнэ” гэж хэлсэн. Байнга шалтаг хэлээд байхаар нь би “каргоныхаа дугаарыг өгчих, би өөрөө хаана явж байгааг нь харъя” гэсэн чинь “каргоны дугаарыг мэдэхгүй” гээд байсан. Түүнээс дахин гар утас хаана явж байгааг асуусан чинь Монголын гааль дээр ирсэн байгаа гээд намайг хүлээлгээд байхаар нь дахин яасан талаар асуухад манай эгч гааль дээрээс аваад хүнд өгсөн байна гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд бүр таг чиг алга болохоор нь цагдаад мэдэгдсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),

 

2. Гэрч Ч.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“...Он сар өдрийг нь сайн санахгүй байна, манай найз охин болох Энхжин нь найз залуу болох Тийг шинэ “I phone xs plus” гар утас авсан байна лээ гэж надад хэлсэн. Тэр үеэс хойш би Ттэй фэйсбүүкийн мессэнжэрээр холбогдож хаанаас хэдэн төгрөгөөр гар утсаа авсан юм бэ, манай ах бэлэн “ I phone xs plus” авах гээд олж чадахгүй байна гэсэн чинь Т надад “манай найзын ээж “I phone” центерийн захирал, гадуур 3.500.000 төгрөгөөс дээш байгаа, танай ахад 3.000.000 төгрөгт захиалаад өгье гэж хэлсэн. Би итгээд хамаатны ах Мод хандаж “манай найз охины найз залуу нь хямд үнээр “I phone xs plus” гар утас олж өгч чадна гэж байна, та яах юм бэ гэсэн чинь манай хамаатны ах надад хэлэхдээ “тэр хүн чинь найдвартай юм уу гайгүй хүүхэд юмуу”  гэж асуухаар нь гайгүй байх, манай найз охины найз залуу нь байгаа юм гээд М Ттэй холбогдоод мөнгөө дансаар Тд шилжүүлсэн байсан. Түүнээс хойш 7 хоног болоод байхад манай ахын захиалсан гар утас ирэхгүй, олон хоносон. Тээс гар утас нь юу болсон юм бэ манай ах асуугаад байна гэсэн чинь Т надад “гааль дээр зөндөө гар утаснууд гацсан байгаа” гээд шалтаг тоочоод удахгүй гар утсыг нь өгнө гэх мэтээр худлаа хэлж одоог хүртэл хүрсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

3. Шүүгдэгч Ц.Тий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:

“...2018 оны 10 дугаар сард Америк улсаас “I phone xmax” гар утас захиалж авч байсан. Тэр утсыг маань Баянжаргал гэх миний найз охины найз охин нь намайг ийм гар утас авсаныг мэдсэн юм. Баянжаргал нь надад хэлэхдээ “манай ах гар утас авах гээд байгаа юм, чи хямдхан захиалаад өгөх боломж байна уу” гэж асуусан. Би Жаргалд хэдэн төгрөгийн өртэй байсан. Тэгээд Баянжаргал намайг өөрийн ахтайгаа холбож өгсөн. Би Баянжаргалын ах Мөнхзориг гэх хүнтэй холбогдож утсаар ярьсан. М гэх хүн надад 3.500.000 төгрөг өгье гэхээр нь би “та эхлээд 3.000.000 төгрөгөө өгчих, гар утас ирэхээр нь 500.000 төгрөг авъя” гэсэн юм. Тэр үед би М гэх хүнээс авсан 3.000.000 төгрөгөөр гар утас захиалаагүй, өөрийн тоглодог цахим спортын дансанд 3.000.000 төгрөгийг хийгээд тоглож байгаад алдсан. Тэрнээс хойш мөнгийг нь олох гээд хайгаад Баянжаргал болон М гэх хүмүүст гар утас ирж байгаа, удахгүй ирнэ гэх мэтээр худлаа хэлж байсан юм. Би М гэх хүнд 500.000 төгрөг өгөөд түүнээс хойш холбогдоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал) ,

4. “Мобиком корпораци” ХХК-ний “2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “I phone Xs mas 256gb” утас нь манайхаас худалдаанд гараагүй байсан, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр худалдаанд гарсан” гэх 12/3183 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

5. Хохирогч Б.Мын Хаан банкны 5109022200 дугаарын данснаас 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Xs Max 256 black” гэсэн утгатай 3.000.000 төгрөгийг 5174037117 дугаарын данс руу шилжүүлсэн дансны хуулга (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

6. Шүүгдэгч Ц.Тий иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 30 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх талаар санал гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Айфоне-х” маркийн гар утсыг Америкийн Нэгдсэн Улсаас хямдхан оруулж ирнэ гэж иргэн М.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хорооллын “...” үйлчилгээний төв орчимд явж байхдаа хохирогчийн 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг авч, залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ц.Т нь гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Тий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Айфоне-x” маркийн гар утсыг Америкийн Нэгдсэн Улсаас хямдхан оруулж ирнэ гэж иргэн М.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын” ...” үйлчилгээний төв орчимд явж байхдаа хохирогчоос утасны үнэ гэж шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би “I phone xsmax” гар утас авахаар хайж байсан. Манай хамаатны дүү  Жаргал надад “манай найз охины найз залуу “I phone xsmax” гар утас олж өгч чадна гээд байсан” гэж хэлэхээр нь би итгээд тэр хүнээс гар утас авахаар болсон. Гар утас зарах хүнтэй утсаар холбогдож ярихад “I phone xsmax” гар утас олж өгч чадна, үнэ нь 3.950.000 төгрөг гэдэг юм, би танд 3.500.000 төгрөгөнд олоод өгье, Америк улсаас оруулж ирнэ, гар утас захиж байгаа хүн маань Америкт “Apple” дээр явж байгаа гэж байна, та мөнгөө шилжүүлчихвэл гар утсыг чинь өнөөдөр аваад Монгол руу явах хүнд өгч явуулна гэж хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “...”-ын хажууд байдаг цайны газар би хоол идэж байхад гар утас зарна гэсэн залуу над руу залгаж “та одоо мөнгөө хийхгүй бол оройтох гээд байна, нөгөө гар утас авах залуу маань “Аpple” дэлгүүрээс гарлаа гэнэ, та одоо мөнгөө шилжүүлчих” гэхээр нь тэр залуугийн Хаан банкны данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш удсан, тодруулахад “таны гар утас наашаа ирж байгаа, удахгүй ирнэ” гээд байнга шалтаг хэлээд алга болсон. 2 сарын дараа тэр залуу “миний захисан гар утас Тайваны гааль дээр гацсан гээд байсан. ...дахин гар утас хаана явж байгааг асуусан чинь Монголын гааль дээр ирсэн байгаа гээд намайг хүлээлгээд байсан. Тэгээд бүр таг чиг алга болохоор нь цагдаад мэдэгдсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),

-Гэрч Ч.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Т надад хэлэхдээ “манай найзын ээж “I phone центер”-ийн захирал, гадуур 3.500.000 төгрөгөөс дээш байгаа, танай ахад 3.000.000 төгрөгөнд захиалаад өгье гэж хэлсэн. Би итгээд хамаатны ах Мод хандаж “манай найз охины найз залуу нь хямд үнээр “Iphone xs plus” гар утас олж өгч чадна гэж байна …гээд, М  Ттэй холбогдоод мөнгөө дансаар Тд шилжүүлсэн байсан. ...манай ахын захиалсан гар утас ирэхгүй олон хоносон. Т надад хэлэхдээ гааль дээр зөндөө гар утаснууд гацсан байгаа гээд шалтаг тоочоод удахгүй гар утсыг нь өгнө гэх мэтээр худлаа хэлж одоог хүртэл хүрсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

-Шүүгдэгч Ц.Тий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би Баянжаргалын ах Мөнхзориг гэх хүнтэй холбогдож утсаар ярьсан, М гэх хүн надад 3.500.000 төгрөг өгье гэхээр нь би “та эхлээд 3.000.000 төгрөгөө өгчих, гар утас ирэхээр нь 500.000 төгрөг авья” гэсэн юм. Тэр үед би М гэх хүнээс авсан 3.000.000 төгрөгөөр гар утас захиалаагүй, өөрийн тоглодог цахим спортын дансанд 3.000.000 төгрөгийг хийгээд тоглож байгаад алдсан. Тэрнээс хойш мөнгийг нь олох гээд хайгаад Баянжаргал болон М гэх хүмүүст гар утас ирж байгаа, удахгүй ирнэ гэх мэтээр худлаа хэлж байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал), Хохирогч Б.Мын Хаан банкны 5109022200 дугаарын данснаас 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Xs Max 256 black” гэсэн утгатай 3.000.000 төгрөгийг 5174037117 дугаарын данс руу шилжүүлсэн дансны хуулга (хавтаст хэргийн 24 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, худал амлах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.Т нь Америкийн Нэгдсэн Улсаас худалдаалах зорилгоор гар утас импортолж оруулж ирдэггүй атлаа, хохирогч Б.Мод манай найзын ээж “I phone” төвийн захирал, “Iphone Xs Mas”  гар утсыг 3.500.000 төгрөгөөр Америкийн Нэгдсэн Улсаас захиж авчруулна, утас авах хүн одоо “Аpple”-н дэлгүүр дээр явж байна, хурдан мөнгөө шилжүүл гэж худал хэлж хуурч, улмаар хохирогч Б.Моос 3.000.000 төгрөг дансаар шилжүүлэн авсан байх ба, “гар утас ирж байгаа, каргонд ачуулсан, Тайваны гааль дээр саатсан” гэх зэргээр мөн худал хэлж, бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч, хүлээн авсан мөнгийг цахим тоглоомын төлбөрт зарцуулсан байх бөгөөд, буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгыг агуулсан, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Тийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан буюу шүүгдэгч нь учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мод 3.000.000 төгрөгийн хохирол учирсан ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.000.000 төгрөг төлөгдсөн байна. Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Тийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргасан, шүүх түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан ба, энэ хугацаанд шүүгдэгчийн ар гэрээс буюу эцэг нь хохирогч Б.Мын Хаан банкинд эзэмшдэг данс руу  2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хохирлын үлдэх төлбөр 2.000.0000 төгрөгийг шилжүүлж, нөхөн төлсөн болох нь банкны орлогын баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ц.Т нь хохирогч Б.Мод  төлөх төлбөргүй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ц.Т нь өөрийн өмгөөллийн дүгнэлтдээ “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж  мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ц.Т нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба, шүүхээс  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Тийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч Ц.Тий хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал буюу сургуульд суралцдаг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,  нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тий 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 40 (5 хоногх8цаг=40) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.

Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан  эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цийн Тийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тийг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тий 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,  дээрх цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 40 (дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Ц.Тий биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 260 (хоёр зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тий нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

6. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Ц.Тий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Мод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс түүнд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА