| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 307/2025/01885/и |
| Дугаар | 209/МА2026/00008 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 209/МА2026/00008
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч М.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны дүгээр сарын 28-ны өдрийн 307/ШШ2025/02320 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 17,419,549.23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туул илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/ *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Хариуцагч *******, ******* нар нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “*******” ХК-тай 140200187402 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан бичил бизнесийн зориулалтаар 25,000,000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж авсан.
Банкны зүгээс Зээлийн гэрээний 2.1.3 дахь заалтын дагуу 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч *******ийн ******* дахь тоот дансанд 25,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн.
Хариуцагч нар нь 140200187402 дугаартай Барьцаат зээлийн гэрээний 2.2.1, 2.2.3 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн, зээлдэгч нь зээл буцаан төлөх хуваарийг зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөөгүй, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч “*******” ХК-д ноцтой хохирол учруулж байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, талуудын байгуулсан 140200187402 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,240,665.64 төгрөг, хүү 1,904,601.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,775.35 төгрөг, хуримтлагдсан хүү 238,505.97 төгрөг, нийт 17,419,549.23 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ. / х.х 1-2/
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хурал дээр гаргасан хариу тайлбартаа:
Тухайн зээлийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн мөнгө нь үндсэн зээлийн төлбөрөөс хасагдаагүй, харин зээлийн хүүгээс хасагдсан байсанд гомдолтой байна. Зээлийн нэг барьцаа хөрөнгө нь манай дүүгийн нэр дээр байгаа. Дүүдээ энэ талаар хэлэхэд “Тийм зүйл байхгүй. Та зээлээ хурдан төлж дуусга гэсэн” гэжээ. / х.х 79 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 8,952,979.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,466,570.19 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд хариуцагч хариуцагч *******ийн өмчлөлийн, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний Г- дугаартай, Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, , тоот хаягт байрлах, 2690 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол, 3 гудамж, тоот хаягт байрлах, 93 м.кв талбайтай, хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ******* нарт холбогдох, ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2004000141 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг, ,, тоот хаягт байрлах, ногоо хадгалах зориулалттай, 60-70 тонны зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “*******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,047.75 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 220,615 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ банк зээлийн үлдэгдлийг буруу тодорхойлсон, нэхэмжлэгч үндсэн зээл 15,240,665.64 төгрөг гэдэг боловч зээлийн гэрээний хугацаа 2024.03.12-ны өдөр дууссан тул энэ хугацаа хүртэл төлөгдсөн мөнгөн төлбөрийг үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзсэн.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан. Үүнийг зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй. зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл энэ зүйл, хэсэг нь зээлийн гэрээний үүргээ зээлийн гэрээний ерөнхий хугацаанд биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг зохицуулсан бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн үүрэгт хамаарахгүй. Иймд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарна. Энэ талаар банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана.” хэмээн зохицуулсан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 1-д зааснаар зээлийн хүү нь зээлийг ашиглах хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд зээлийг хүүтэй олгосон бол гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг тодорхой тусгана Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-ээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл зээлдэгч хугацаа хэтрүүлэн төлбөр төлсөн нь хуримтлагдсан хүү буюу хугацаандаа төлөөгүй зээлдэгчийн үүрэг болохоос төлбөрийн дараалал яригдах асуудал биш юм.
Зээлийн гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцож зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 25.2-т заасан зохицуулалтаас үзвэл хэтэрсэн хугацааны хүүг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ бүрэн биелүүлж дуусах хүргэл төлөх ба хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй байдаг.
Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолд "Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан ..."нэмэгдүүлсэн хүү" гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлэх бөгөөд "үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэдгийг "зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно" гэсэн байна.
Зээлдэгч, зээлийн гэрээнд заасан сар бүрийн хүү төлөх үүргээ зөрчсөнөөс хүү хуримтлагдсан нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл яагаад болох. *******наас нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн дансны хуулгыг эргэлзээгүй байдлаар дүгнэхэд нэмэлтээр ажиллагаа хийлгэх шаардлагатай тохиолдолд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан боловч хүү тооцооллын талаар тодруулалгүйгээр шийдвэр гаргасан.
...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах. түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг харгалзалгүй шийдвэрлэсэн. Иргэний эрх зүйн харилцаа, хувийн эрх зүйн харилцаан оролцогч аливаа этгээд гэрээ байгуулах эсэх, хэнтэй байгуулах эсэхээ өөрөө чөлөөтэй шийдвэрлэж, гэрээний агуулгаа гэрээний нөгөө талтайгаа тохиролцож тогтоодог. Зохигч нар буюу талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу гэрээний зүйл заалтуудыг үгчлэн тайлбарлавал зээлдэгчид хөнгөлөлт үзүүлэх эсэх нь зээлдүүлэгчийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх өөрийн санаачилгаар дотоод итгэл үнэмшлээрээ зээлдэгчид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх үндэслэл болохгүй. Шүүх өөрийн санаачилгаар зээлдэгчид хүүгийн хөнгөлөлтийн хувь тогтоож хөнгөлөлт үзүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан зарчим, мөн талуудын эрх тэгш байх, гэрээнд үнэнч байх, заавал биелэгдэх, шударга ёсны зарчмыг зөрчиж байгаа явдал юм.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж зааснаас үзвэл банк илүү тооцоолж хүү нэхэмжлээгүй зээлийн гэрээгээр харилцан тохирсон хүүгийн хэмжээ, хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нь уг зээлийг бүрэн төлж дуусах хүргэл, шаардах эрхээ хэрэгжүүлэх хүртэл /шүүхэд нэхэмжлэл гаргах/ бодогдохоор байгаа юм.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүүгийн нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй." Мөн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно.”
Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. гэж тодорхой тайлбарласан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал зээлдэгч *******, ******* нар нь зээл авсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нотлох баримттай байхад анхан шатны шүүх нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, гэрээ, хариу тайлбар зэргийг дутуу үнэлж хуулийг зөв хэрэглээгүй шийдвэр гаргасан байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4-т заасны дагуу эхний ээлжид үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллын зарчмаар хийсвэрлэн тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 15.240.665 төгрөгөөс 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх үндсэн хүү 1,740.448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,841 төгрөг байх ба 10,656.783 төгрөг буюу зээлийн гэрээний хугацаа дууссан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хүртэлх үндсэн зээлийн хүү 2,234,779 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 654,395 төгрөг тус тус байгаа юм. Өөрөөр хэлбэл зээлдэгч нараас нийт 15,340,246 төгрөг гаргуулахаар байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж уг шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон дүнг залруулан тооцооллыг нягталж 15,340,246 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /х.х 84-85 /
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үндсэн зээл 15,240,665.64 төгрөг, зээлийн хүү 1,904,601.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,775.92 төгрөг, хуримтлагдсан хүү 238,505.97 төгрөг, нийт 17,419,549.23 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох ёстой” гэж маргажээ. / х.х 1-2, 79/
Хэргээс үзэхэд:
8. Нэхэмжлэгч “*******” ХК болон хариуцагч *******, ******* нар нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 140200187402 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “*******” ХК нь *******, ******* нарт 25,000,000 төгрөгийг газар тариалангийн зориулалтаар, 40 сарын хугацаатай, сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэй, үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн дагуу төлөх, хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр тохиролцжээ. /х.х 7-8/
Улмаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр талууд 14020018740-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгаж, зээлдэгч нь нэмэлт гэрээ байгуулах үед 21,300,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсныг баталгаажуулсан ба зохигчид энэ талаар маргаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /х.х 16/
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч “*******” ХК нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******т шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч нар нь үндсэн зээл, зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
10. 2024 оны 03 сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлийн үлдэгдэл 15,240,665.64 төгрөг байсан талаар талууд маргаагүй, харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаагүй, харин зээлийн хүүгээс хассан гэж хариуцагч маргасан.
Анхан шатны шүүх зээлдэгч *******, ******* нар нь 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн үлдэгдэл 21,300,000 төгрөг, зээлийн хүү 9,032,432.47 төгрөг, нийт 30,332,432.47 төгрөг төлөх үүрэгтэй байснаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 26,588,987.05 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Учир нь дээр дурдсан баримтаар хариуцагч нар нь “*******” ХК-нд кредит картын болон газар тариалангийн бизнесийн зориулалттай 2 өөр төрлийн зээлтэй байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Эдгээр өөр өөр гэрээний үүргийг ялгаж үзэхгүйгээр нийтэд нь газар тариалангийн бизнесийн зориулалтаар авсан зээлийн гэрээний үүрэгт хамааралтай байдлаар тооцох нь үндэслэлгүй юм.
Нөгөө талаас зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2024 оны 03 сарын 12-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 15,240,665.64 төгрөг байсан талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр талууд нэмэлт гэрээ байгуулах үед үндсэн зээлийн үлдэгдлийг 21,300,000 төгрөг гэж тооцсон байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2024 оны 03 сарын 12-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдлийг 21,300,000 төгрөг гэж тодорхойлсон нь буруу байна.
Харин харилцах дансны хуулганаас үзэхэд 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч нарын төлсөн төлбөрийг тооцож үзэхэд 4,886,182 төгрөгийн төлбөр төлөгдөж, үүнээс 2025 оны 05 сарын 16-ны өдөр төлөгдсөн 302,300 төгрөг нь кредит зээлийн төлбөрт, 4,583,882 төгрөг нь газар тариалангийн бизнесийн зориулалттай зээлийн төлбөрт суутгагдсан байна. /1 х.х 28-33/
11. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш газар тариалангийн бизнесийн зориулалттай зээлийг төлбөрт төлөгдсөн 4,583,882 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасахыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 10,656,783 төгрөг, 2024 оны 03 сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусах үед хуримтлагдсан зээлийн хүү 1,740,448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,841 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 07 сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны зээлийн хүү 2,234,779 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 654,395 төгрөг, нийт 15,340,246 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч “*******“ ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,079,303.23 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
12. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч нартай 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 140200187402 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч *******, ******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд:
-зээлдэгч *******ийн өмчлөлийн, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний Г- дугаартай, Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, , тоот хаягт байрлах, 2690 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
-зээлдэгч *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол, 3 гудамж, тоот хаягт байрлах, 93 м.кв талбайтай, хувийн сууц,
-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2004000141 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг, ,, тоот хаягт байрлах, ногоо хадгалах зориулалттай, 60-70 тонны зоорь зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /х.х 9-10, 73-75/
Талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ыг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлт гаргаагүй тул ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2004000141 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж дүгнэж, ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч тал шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргаагүй байна.
Иймд хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч *******ийн өмчлөлийн, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний Г- дугаартай, Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, , тоот хаягт байрлах, 2690 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол, 3 гудамж, тоот хаягт байрлах, 93 м.кв талбайтай, хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны дүгээр сарын 28-ны өдрийн 307/ШШ2025/02320 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 15,340,246 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,079,303.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,047.75 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 234,651.23 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-иас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,651.23 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.4,9.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ
Я.ТУУЛ