Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 676

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтлөн,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч Б.Х,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын  хяналтын прокуророос:

Б овогт Ггийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0509 11515 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Ггийн Г нь Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” үйлчилгээний төвд байрлах “Хаан бууз” цайны газарт иргэн Б.Хгийн эзэмшлийн “Айсус Зембүүк” маркийн зөөврийн компьютер, повер банк, гар утасны андройд цэнэглэгч, 3 ширхэг хичээлийн дэвтэр, үзэг балны сав, оюутны үнэмлэх, номын сангийн үнэмлэх, түрийвч, Хаан банкны карт, түлхүүр, бэлэн 1500 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 501.105 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Юу ч санахгүй байна. Хүний эд зүйл хулгайлсан зүйл болоогүй гэж үзэж байна гэв.

Хохирогч Б.Х мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гардаг өдөр би “Хаан бууз” хоолны газраар үйлчлүүлж байхдаа эргэн тойрны хүмүүсээ харсан. Миний хажуу талын ширээнд хөх өнгийн малгайтай, царай нь зодуулсан байдалтай, хацар нь хавдсан, их архи үнэртүүлсэн хүн сууж байсан. Цүнхтэй эд зүйлээ алдаад удалгүй мэдээд цагдаа дуудсан. “Хаан бууз” хоолны газрын камерын бичлэгийг шүүж үзэхэд хөх өнгийн малгайтай, царай нь зодуулсан царайтай, миний хажуу ширээнд сууж байсан энэ хүн миний цүнхийг авч байгаа бичлэг байсан. “Хаан бууз”” хоолны газрын хүмүүс ч гэсэн энэ Гыг таньж байсан. Мөн дуудлагаар цагдаа ирээд бичлэгийг үзээд Г гэх энэ хүнийг таньж байсан. Ингээд цагдаа нар Гыг хайх явцад “Хаан бууз” хоолны газрын хажуу талд хэсэг бүлэг хүмүүстэй Г зогсож байсан. Г тухайн үед өмссөн байсан малгайтайгаа байснаар нь түүнийг би таньсан. Одоо ч гэсэн энэ хүнийг харахад тухайн хоолны газар байсан хүн мөн байна. Би цүнхтэй эд зүйлээ хулгайд алдсан, цүнхэн дотор нөүтбүүк байсан. Хохирол төлөгдөөгүй, хохирлоо нэхэмжилж байна гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0509 11515 дугаартай хэргээс:

1.Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд:

 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Драгон” үйлчилгээний төвийн хажууд байдаг “Хаан бууз” түргэн хоолны газарт 11  цаг 20 минутаас 11 цаг 50 минутын хооронд үйлчлүүлсэн. Би хоолоо захиалаад хүлээж байх хооронд цүнхээ баруун талын сандал дээр тавьсан байсан. Тэгээд хоолоо идчихээд хувцсаа өмсөөд гарахдаа цүнхтэй нөүтбүүкээ авах гэхэд алга болсон байхаар нь би “Хаан бууз”-ны ажилтанд хэлээд цагдаад дуудлага өгсөн. Би нөүтбүүкээ 2013 онд “Компьютер Ланд” төвөөс 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. “Asus Zembook” маркийн А-5 үзүүлэлттэй, 16gb раммтай, 128-ын хардтай, хэрэглэж байсан нөүтбүүк байсан. Мөн миний нөүтбүүк хийсэн цүнхэн дотор нөүтбүүкний өөрийнх нь цэнэглэгч, мөн 25.000 төгрөгөөр худалдаж авч байсан утасгүй маус, повербанк, гар утасны андройд USB цэнэглэгч, 3 ширхэг хичээлийн дэвтэр, үзэг бал хийдэг сав, оюутны үнэмлэх, түрийвч, “Хаан” банкны виза карт, хөнгөлөлтийн карт, гэрийн түлхүүр, бэлэн 1500 төгрөг байсан. Повер банкыг 2017 онд 55.000 төгрөгөөр, түрийвчийг  50.000 төгрөгөөр, гар утасны андройд USB залгуураа 8.000 төгрөгөөр, нөүтбүүкийн цүнхийг 2016 онд 60.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан. Маусыг 20.000 төгрөгөөр үнэлнэ. Хаан банкны виза картанд 35.000 төгрөг байсан. Алдагдсан эд зүйлсээ  аваагүй. Хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

 -2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

“...Таньж олуулах ажиллагааны явцад заасан 3 дугаарт байрлуулсан хүн тухайн үед хажуу талын ширээнд хоол идэж байсан хүн яг мөн, андуурсан юм байхгүй. Тухайн үед би цүнхтэй эд зүйлсээ хулгайд алдчихаад “Хаан бууз” хоолны газрын зөөгч дээр очоод “би цүнхтэй юмаа алдчихлаа, камерыг чинь шүүж үзэх гэсэн юм” гэсэн чинь кассны ард талд сууж байсан эмэгтэй ...хойд талын хаалгаар ороод шүүлгээд үзчих гэж хэлсэн. Би “Хаан бууз”-ны хоолны газрын арын хаалгаар ороод камерын дэлгэц хянаж байсан эмэгтэй хүн дээр очоод “танай кафед хоол захиалж идэж байгаад юмаа алдчихлаа, камерын бичлэгээ шүүгээд өгөөч” гэсэн чинь тэр эмэгтэй надад камерын бичлэг шүүж өгсөн. ...Камерын бичлэг дээр “Хаан бууз” дотор намайг хоолоо захиалаад сууж байхад миний хажуу талын ширээн дээр сууж байсан дээгүүрээ саравчтай хар хөх өнгийн малгайтай, малгайн дээр нь цагаан өнгийн бичигтэй саравчтай, хар бараан өнгийн хувцастай, зүүн талын хацар нь байхаа бамбайгаад хавдчихсан, хог түүдэг гэмээр царайтай, дамбагар зузаан уруултай, миний хажуу талын ширээн дээр сууж байсан эрэгтэй хүн сандал дээр байсан миний цүнхийг аваад 10 орчим секундын дараа хаалгаар гарч байгаа бичлэг байсан. Тэгсэн тэр камер хянаж байсан эмэгтэй “би энэ хүнийг манайд хэдийн үед ороод хоол захиалсан байна уу, арай ойрхоноос харуулъя, текэн дээр ирж хоол захиалах бичлэгийг нь харъя” гэсэн. Камераа эхнээс нь дахиад ухрааж харсан. Тэгээд камер хянаж байсан эмэгтэй миний хажуугийн ширээн дээр сууж байгаад цүнх хулгайлаад аваад гарсан хүнийг “өө энэ чинь манайхаар байнга орж ирдэг эндхийн архичин байна шүү дээ” гэж хэлсэн. Би ...тухайн үед дотроо түрүүн намайг хоол идэж байхад хажуугийн ширээн дээр сууж байсан хүн мөн байна гэж бодож байсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй “чи утсан дээрээ энэ бичлэгийг давхар бичээд авчих, дараа нь хэрэг болж магадгүй” гэхээр нь би өөрийн гар утсаараа тухайн бичлэгийг бичиж авсан. Би Сидин дээр хуулбарлаад өгье. Тэндээс би гараад шууд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд “Хаан бууз” хоолны газрын камерын бичлэгийг дахиад шүүж үзсэн. Тухайн үед Ёндон гэх цагдаа, хэд хэдэн цагдаатай хамт ирсэн. Ёндон гэх  цагдаа камерын бичлэг шүүж үзсэнээ “өө энэ чинь Г гэж хулгайч байна шүү дээ”, машины толь хулгайлдаг ч гэлүү, нэг тиймэрхүү зүйл хэлсэн. Тэгээд цагдаа нар “наадах чинь энэ хавиас холдоогүй, чиний нөүтбүүкийг бараг энэ хавийн ломбарданд барьцаанд тавьчихсан байж магадгүй гээд “Драгон” төвийн тэр хавийн хэд хэдэн ломбарданд орж дөнгөж саяхан орж ирж нөүтбүүк барьцаанд тавьсан хүн байна уу гээд ломбардууд руу надтай хамт орж асуусан. Тэгээд буцаад “Хаан бууз” хоолны газрын тийшээ очтол хажуугийн дэлгүүрийн урд нь миний цүнхтэй нөүтбүүкийг хулгайлсан эрэгтэй хүн /Г/ зогсож байсан. Ёндон цагдаа, Жанчив цагдаатай хамт очоод Гыг барьж авсан чинь согтуу байсан. Би юм хулгайлаагүй гээд байсан. Тэгээд цагдаа нар аваад явсан. Ингээд би цагдаагийн хэлтэс дээр хамт ирж өргөдөл өгсөн. Би маш их гомдолтой байна. Алдсан эд зүйлсийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна, хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дүгээр тал),   

 2. Гэрч Г.Бөхбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст конторын цагдаагаар 5 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гэмт хэрэг зөрчилд холбогддог, байнга зөрчил гаргадаг хүмүүс ирж эрүүлжүүлэхэд ордог. Тэгэхлээр би ажил үүргийн хувиар тэдгээр хүмүүсийг хүлээн аваад машинт эргүүлд эрүүлжүүлэхээр хүлээлгэж өгдөг. Заримдаа өөрийн биеэр эрүүлжүүлэхэд аваачиж өгдөг. Надад дүрс бичлэгэн дээр текний урд зогсож тооцоо хийж байгаа хоёр эрэгтэй хүний баруун гар талд нь байгаа цагаан өнгийн бичигтэй, саравчтай малгайтай, хар бараан өнгийн куртиктэй хүн Ггийн Г байна. Энэ хүн байнга л согтуу хөлчүү орж ирдэг болохоор хараад таньж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

3. Гэрч М.Жанчивын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

“... 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө жижүүрийн үүрэг гүйцэтгэж хоносон. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх уг өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд мөрдөгч миний бие эрүүгийн мөрдөгчөөр цагдаагийн ахлах дэслэгч Л.Ёндон, криминалистикийн шинжээчээр цагдаагийн ахлах дэслэгч Ж.Г нарын бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж хоносон. Тухайн өдөр иргэн Б.Х гэж хүнээс Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн “Хаан бууз” түргэн хоолны газарт үйлчлүүлж байгаад цүнхтэй нөүтбүүкээ хулгайд алдсан гэх дуудлага ирүүлсэн. Жижүүрийн бүрэлдэхүүний хамтаар хэргийн газарт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн “Хаан бууз” кафед очсон. Бид нарыг очиход хулгайд эд зүйлсээ алдсан гэх эмэгтэй “би камерын бичлэг шүүж үзсэн, миний хажуу талын ширээн дээр сууж байсан эрэгтэй хүн аваад гарч байгаа бичлэг байна” гэсэн. Эрүүгийн мөрдөгч Ёндон, шинжээч Г бид гурав хохирогч эмэгтэйтэй хамт “Хаан бууз” кафены бичлэгийг шүүж үзэхэд хохирогч эмэгтэйн цүнхтэй эд зүйлсийг хар хөх өнгийн саравчтай малгайтай, малгайн дээр цагаан өнгийн бичгээр бичсэн, хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн сандал дээр тавьсан байсан хохирогчийн цүнхийг хулгайлаад авч байгаа нь бичигдсэн байсан. Уг бичлэгийг удаашруулаад дахин хойш, урагш гүйлгүүлж харахад “Драгон” төв орчмоор байнга тэнүүчилдэг, архи уугаад яваад байдаг Ггийн Г гэж хүн мөн байхаар нь энэ хавиас нээх холдож амжаагүй байх гээд бид нар “Хаан бууз” кафенаас гараад тэр хавиар хэсэг хайсан. Буцаад “Хаан бууз”-ны урд ирэхэд Ггийн Г камерт бичигдсэн хувцастайгаа буюу хар бараан өнгийн куртик, өмд, дээгүүрээ цагаан өнгийн бичигтэй хар хөх өнгийн саравчтай малгайтай “Хаан бууз”-ын урдхан талд зогсож байсан. Тэгэхээр нь бид хэд таниад Гыг барьж аваад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тухайн үед Г архи уучихсан согтуу байсан. Хохирогч эмэгтэй наад хүн чинь миний цүнхийг хулгайлж аваад гарсан хүн мөн байна гээд шууд таньж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134 дүгээр тал),

4.Гэрч Н.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн:

 “...2018 оны 10 дугаар сарын 25-наас 30-ны хооронд байсан. Би ажлынхаа нөгөө ээлжийн ахлах Батцоожтой хамт жижүүрээс буухаасаа өмнө хоол идэх гээд “Драгон”-ы зүүн талд байрлах “Хаан бууз” цайны газар руу алхаж байтал нэг цэгийн үйлчилгээний төвийн хажуугаар Г нэг хар цүнхтэй юм бариад явж байхаар нь би Гоос “Боёка гуай юун цүнх барьчихсан явж байгаа юм бэ” гэж асуусан чинь бид хоёрыг тоохгүй шууд яваад өгсөн. Тэгээд бид хоёр “Хаан бууз” руу ортол нэг эмэгтэй цүнхээ алдчихсан, камер шүүлгэнэ гэчихсэн цагдаа дуудаад байж байсан. Удалгүй цагдаа нар ирээд хяналтын камерыг шүүгээд бичлэгэн дээр нь нэг эрэгтэй хүн хулгайлаад явж байна гэсэн чинь Батцоож тэр бичлэгийг үзтэл Г нөгөө эмэгтэйн цүнхийг хулгайлаад явж байна гэхээр нь би лавлаад хартал яалт ч үгүй Г цүнхийг нь аваад гарч байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр хавиар Гыг хайсан боловч олдохгүй болохоор нь ажил руугаа явсан. Өнгийг нь санахгүй байна, тухайн үед Г байнга өмсдөг саравчтай малгайгаа өмсчихсөн, бараан өнгийн хувцастай байсан. Тэр хавийн архичид Боёка гэж хочилдог, намайг анх “Драгон”-д хамгаалагчаар ажилд орох үед л тэр хавиар архи уугаад, хулгай хийгээд явж байдаг байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136 дугаар тал),

5.Гэрч А.Батцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн:

 “...Би өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан 2018 оны 10 дугаар сарын 20-ноос хойшоо байсан. Би ажлынхаа Тэмүүлэнтэй хамт хоол идэх гээд “Драгон”-ы зүүн талд байрлах “Хаан бууз” цайны газар руу алхаж байтал хажуугаар Боёка хочтой Г нэг хар цүнхтэй юм бариад яараад явж байхаар нь бид хоёр хоорондоо энэ архичин юун цүнхтэй юм барьчихсан явдаг билээ гэж ярилцаад Гоос “Боёка гуай юун цүнх барьчихсан явж байгаа юм бэ” гэж асуутал бид хоёртой юм ярилгүй шууд яваад өгсөн. Тэгээд бид хоёр “Хаан бууз” руу ортол нэг эмэгтэй цүнхээ алдчихсан гээд камер шүүлгэнэ гэчихсэн цагдаа дуудаад байж байсан. Цагдаа нар ирээд хяналтын камерыг шүүгээд бичлэгэн дээр нэг эрэгтэй хүн хулгайлаад явж байна гэхээр нь бид хоёр сонирхоод тэр бичлэгийг үзтэл Г нөгөө эмэгтэйн цүнхийг хулгайлаад явж байсан. Тэгэхээр нь бид хоёр тухайн эргүүлийн цагдаад Гын явсан зүгийг зааж өгөөд, өөрсдөө тэр хавиар хайсан боловч олдохгүй болохоор нь ажил руугаа явсан. Тухайн үед Г ямар ч байсан бараан өнгийн саравчтай малгайтай, бараан өнгийн хувцастай байсан. Г байнга л саравчтай малгайтай явж байдаг. Намайг анх Драгонд хамгаалагчаар ажилд орох үед л тэр хавиар архи уугаад, хулгай хийгээд явж байдаг байсан. Тэр хавийн бүх архичид, тэнэмэлүүд Гыг танина. Их зальтай, жүжигчин ах байдаг юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 138 дугаар тал),

6.Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд: 

Гэрчээр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Драгон төвийн Хаан бууз цайны газарт 11 цаг өнгөрч байхад ороод гарахдаа сандал дээр байсан цүнхтэй зүйлийг авч гараад хартал нөүтбүүк хэрэгслийн хамт байсан. Би түүнийг хэн гэж, ямар хүнд зарсанаа санахгүй байна. Ямар ч байсан нэг хүнд л зарчихсан. Би их согтуу байсан. ...ганцаараа дээрх хэргийг үйлдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),

Яллагдагчаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Би юу ч санахгүй байна. Би өдөр болгон л архи уудаг болохоор Драгон орчмоор байнга согтуу явж байдаг. Надад тогтсон гэр орон байхгүй, гадуур дэмий тэнэж, “Амьдрах ухаан төв”-өөр хоног төөрүүлж амьдардаг. Би голдуу Драгон, Ханын материалын “Амьдрах ухаан төв”-өөр хоног төөрүүлдэг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн:

 “...Надад мэдэх юм алга байна, би юу ч мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дугаар тал),

7. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 689 дугаартай дүгнэлтэд:

“...Онош, оношийн үндэслэл: 1996 оноос хойш архи уусан. Олон хоногоор архи үргэлжлүүлэн ууна. ...Сүүлийн 10 жил өдөр болгон шахуу архи ууна. Гадуур хононо, траншейнд хононо. ...СЭМҮТ-д архи олон хоног ууснаас болж хордлого, дэмийрлийн байдалд орж хэвтэн эмчлэгдсэн.

Сэтгэцийн онош: Архины хараат байдлын хам шинж.

Дүгнэлт: Г.Г нь архины хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна, дээрх эмгэг нь сэтгэцийн олдмол эмгэг байна, Г.Г нь мэдүүлэг өгөх чадвартай байна, хэрэг хариуцах чадвартай байна, Г.Г нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. ...” шинжээч эмч О.Баатаржав, Б.Соёлмаа, Я.Ганхүү ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 125-127 дугаар тал),

8. “Хаан бууз” цайны газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... Иргэн Х нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 цагаас 12 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” авто вокзалын “Хаан бууз”-ны төв хаалгаар орж ирэх бөгөөд хоолны захиалгаа өгөөд хойд талын 4 хүний сандалтай ширээн дээр баруун талын сандал дээр зүүн тийш харж ганцаараа сууж, цүнхээ тавих ба, урд талын 4 сандалтай ширээн дээр өөд өөдөөсөө харсан ширээн дээр 40 орчим насны саравчтай малгайтай, 2 эрэгтэй хүн мөн голд нь ойролцоо насны хар бараан хувцастай эмэгтэй зогсож байна. Хохирогчийн харалдаа суусан цэнхэр өнгийн голдоо цагаан ширмэл бичигтэй саравчтай малгайтай хар бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн хохирогчийг хоолоо хүлээгээд касс руу хараад сууж байх хооронд нь 11 цаг 24 минут 32 секундэд хажуугийн ширээнээс зүүн гараа сунгаж аваад, 11 цаг 24 минут 47 секундэд босоод төв хаалгаар гараад зүүн тийш явна. ...” гэх тэмдэглэл, бичлэгээс буулгасан гэрэл зураг, Си Ди бичлэг (хавтаст хэргийн 13, 15-16 дугаар тал), дээрх бичлэг бүхий Си Ди-г хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тогтоол (хавтаст хэргийн 117 дугаар тал),

-Хохирогч Б.Хгаас “Хаан бууз” цайны газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн бичлэгийг өөрийн гар утас дээр буулгасан гэх бичлэг бүхий Си ди-г хэрэгт гаргаж өгснийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 142 дугаар тал),

9. Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэлд: “... таньж олуулах ажиллагаа эхлэхийн өмнө хохирогч Б.Хд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч таныг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн Хаан бууз цайны газарт хоол захиалаад сууж байхад хажуу талын ширээн дээр сууж байсан гэх хүнийг хараад таних уу, ямархуу зүс царайтай хүн байсан бэ гэхэд:

Хохирогч Б.Х: Би хоолоо захиалаад сууж байхдаа хажуугийн ширээ рүү харахад нүднийх нь доод хавьцаа цохиулаад хавдсан юм шиг, бамбагар хацартай, хар бараан өнгийн 40 орчим насны эрэгтэй хүн сууж байсан. Би тэр хүнийг хараад шууд танина. Миний санаанаас гараагүй байна. Дамбагар уруултай, хог түүдэг гэмээр царайтай хүн байсан гэв.

Ингээд яллагдагч Г.Гын гэрэл зургийг албаны “Dell” маркийн компьютерийн дэлгэцэнд түүнтэй царайны төрөхөөр ижил, төстэй бусад 3 хүний гэрэл зурагтай хамт байршуулж, Г.Гын зургийг 3, бусад гурван хүний гэрэл зургийг 1, 2, 4 дугаарт байрлуулав.

Хохирогч Б.Хд 1, 2, 3, 4 дугаарт байрлуулан тавьсан гэрэл зургийг үзүүлэн “тэр өдөр таны сууж байсан ширээний хажуу талын ширээнд сууж байсан хүн эдгээр гэрэл зурагнууд дунд байна уу” гэхэд тэрээр харж байснаа “3” дугаарт байрлуулан тавьсан яллагдагч Г.Гын зургийг зааж, энэ хүн мөн байна, яг миний хажууд сууж байсан хүн мөн байна гэснийг тэмдэглэв, ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, ажиллагааг харуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 132-133 дугаар тал),

10. “Дамно” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн CX3-18-593 дугаартай хөрөнгийн үнэлгээнд хохирогч Б.Хгийн нөүтбүүкийг 390.000 төгрөгөөр, Повер банкийг 16.800 төгрөгөөр үнэлсэн тайлан (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

-Мөн “Дамно” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн CX3-18-644 дугаартай хөрөнгийн үнэлгээнд “хохирогч Б.Хгийн цэнэглэгч, дэвтэр, үзэг балны сав, хэтэвч, түлхүүр, үнэмлэх, цүнх, маус зэргийг” нийт 94.305 төгрөгөөр  үнэлсэн тайлан (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

11. Шүүгдэгч Г.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39, 74 дүгээр тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 42 дугаартай шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал), Г.Г нь “Кредит банк”, “Хаан банк” “Худалдаа хөгжлийн банк”, “Төрийн банк”-нд тус тус данс эзэмшдэггүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 50-56 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал нь гэрч М.Жанчив, Г.Бөхбат нарын мэдүүлгийг хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт гэж үзэн нотлох баримтаас хасуулах санал гаргасан ба, бусад оролцогч нараас нотлох баримт хасуулах, хэлэлцүүлэхгүй байх тухай санал гаргаагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” үйлчилгээний төвд байлах “Хаан бууз” цайны газарт иргэн Б.Хгийн эзэмшлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 501.105 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, камерын бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Мөн хохирогч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож түүний эд зүйлийг авсан хүн Г.Г болохыг, энэ хүнийг мөн гэдгийг шууд зааж байна. Хохирогчоос “хоолны газарт эргэн тойронд сууж байсан хүмүүсийг харсан, камерын бичлэгийг үзээд, энэ хүнийг таньсан” гэж мэдүүлсэн. Тухайн өдөр дуудлага, мэдээллийн дагуу очсон албан хаагч тухайн үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай гэрч юм. Тухайн болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг авсан болохоос хууль сануулахгүйгээр мэдүүлэг авсан зүйл байхгүй. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж байгаа боловч түүний хувийн байдалтай холбогдуулан хэлэхэд шүүгдэгч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сард “Хаан бууз” хоолны газрын хажуу талын цайны газраас мөн хүний эд зүйл хулгайлан авсан хэрэгтээ Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэврээр шийтгүүлсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал дүгнэлтдээ “...Энэ хэрэгт гол нотлох баримт болгоод байгаа “хохирогчийг оролцуулсан зургаар таньж олуулах ажиллагаанд Б.Х нь Г.Гыг шууд заасан” гэдэг. Гэтэл хохирогч Б.Х нь шүүгдэгч Г.Гыг “Хаан бууз” хоолны газарт сууж байгааг харсан, харин эд зүйлийг нь авч байгааг нь хараагүй гэж мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Гэтэл хэрэгт мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийг дуудаж энэ хүн мөн үү гэж гэрчээр мэдүүлэг авч байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хэргийг илрүүлэх чиг үүрэгтэй байгууллагын нотлох чадвар алдагдаж, өрөөндөө сууж байгаад нэг нэгнийгээ гэрчээр мэдүүлэг авч гэрчлүүлдэг байж болохгүй. Тэгэхээр гэрч М.Жанчив, Г.Бөхбат гэх хоёр хүний мэдүүлэг эргэлзээтэй, эдгээр хүмүүс нь хэргийг илрүүлэх гэж байгаа нэг талын субьектүүд юм. Хохирогч нь шүүгдэгчийг зааж байгаа нь үнэн боловч камерын бичлэгээс үзвэл эд зүйлийг нь авч байхад нь хохирогч цаашаа харсан сууж байгаа байдалтай байдаг. Гэрч Г.Бөхбат, М.Жанчив нарын мэдүүлэг, хамгаалагч нарын мэдүүлэг зэргээс авсныг харсан хүн байхгүй. Г.Г хар өнгийн өөрийнхөө цүнхийг барьж явсан байж болох юм. Иймд шүүгдэгч Г.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь нотлогдохгүй байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн, мөн шүүгдэгч Г.Г гэм буруугийн талаар маргасан.  

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Гын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” үйлчилгээний төвд байрлах “Хаан бууз” цайны газарт иргэн Б.Хгийн эзэмшлийн “Айсус Зембүүк” маркийн зөөврийн компьютер, повер банк, гар утасны андройд цэнэглэгч, 3 ширхэг хичээлийн дэвтэр, үзэг балны сав, оюутны үнэмлэх, номын сангийн үнэмлэх, түрийвч, Хаан банкны карт, хөнгөлөлтийн карт, гэрийн түлхүүр, бэлэн 1500 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Хд 501.105 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд:

 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Драгон” үйлчилгээний төвийн хажууд байдаг “Хаан бууз” хоолны газарт ...хоолоо захиалаад хүлээж байх хооронд цүнхээ баруун талын сандал дээр тавьсан. ...хоолоо идчихээд хувцсаа өмсөөд гарахдаа цүнхтэй нөүтбүүкээ авах гэхэд алга болсон байсан. ...миний нөүтбүүк хийсэн цүнхэн дотор нөүтбүүкний өөрийнх нь цэнэглэгч, утасгүй маус, повербанк, гар утасны андройд USB цэнэглэгч, 3 ширхэг хичээлийн дэвтэр, үзэг бал хийдэг сав, оюутны үнэмлэх, түрийвч, “Хаан” банкны виза карт, хөнгөлөлтийн карт, гэрийн түлхүүр, бэлэн 1500 төгрөг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

 -2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн:

“... “Хаан бууз” хоолны газрын зөөгч дээр очоод “би цүнхтэй юмаа алдчихлаа, камерыг чинь шүүж үзэх гэсэн юм гэсэн. ...камерын дэлгэц хянаж байсан эмэгтэй дээр очиж ...камерын бичлэг шүүхэд...бичлэг дээр “Хаан бууз” дотор намайг хоолоо захиалаад сууж байхад хажуу талын ширээн дээр сууж байсан дээгүүрээ саравчтай хар хөх өнгийн малгайтай, малгайн дээр нь цагаан өнгийн бичигтэй саравчтай, хар бараан өнгийн хувцастай, зүүн талын хацар нь байхаа бамбайгаад хавдчихсан, хог түүдэг гэмээр царайтай, дамбагар зузаан уруултай, миний хажуу талын ширээн дээр сууж байсан эрэгтэй хүн сандал дээр байсан миний цүнхийг аваад 10 орчим секундын дараа хаалгаар гарч байгаа бичлэг байсан. ...камер хянаж байсан эмэгтэй ...цүнх хулгайлаад аваад гарсан хүнийг “өө энэ чинь манайхаар байнга орж ирдэг эндхийн архичин байна шүү дээ” гэж хэлсэн. ...тэр эмэгтэй “чи утсан дээрээ энэ бичлэгийг давхар бичээд авчих, дараа нь хэрэг болж магадгүй” гэхээр нь би өөрийн гар утсаараа тухайн бичлэгийг бичиж авсан. ...цагдаа камерын бичлэг шүүж үзсэнээ “өө энэ чинь Г гэж хулгайч байна шүү дээ” гэж хэлсэн. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дүгээр тал),  мөн түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Гэрч М.Жанчивын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн.  ...Б.Х гэж хүнээс Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн “Хаан бууз” хоолны газарт үйлчлүүлж байгаад цүнхтэй нөүтбүүкээ хулгайд алдсан гэх дуудлага ирүүлсэн. “Хаан бууз” кафед очиход эд зүйлсээ алдсан гэх эмэгтэй “би камерын бичлэг шүүж үзсэн, миний хажуу талын ширээн дээр сууж байсан эрэгтэй хүн аваад гарч байгаа бичлэг байна” гэсэн. ..“Хаан бууз”-ны кафены бичлэгийг шүүж үзэхэд хохирогч эмэгтэйн цүнхтэй эд зүйлсийг хар хөх өнгийн саравчтай малгайтай, малгайн дээр цагаан өнгийн бичгээр бичсэн, хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн сандал дээр тавьсан байсан цүнхийг хулгайлаад авч байгаа нь бичигдсэн байсан. Бичлэгийг удаашруулаад дахин хойш, урагш гүйлгүүлж харахад “Драгон” төв орчмоор байнга тэнүүчилдэг, архи уугаад яваад байдаг Ггийн Г гэж хүн мөн байсан. “Хаан бууз”-наас гараад тэр хавиар хэсэг хайсан. Буцаад “Хаан бууз”-ны урд ирэхэд Ггийн Г камерт бичигдсэн хувцастайгаа буюу хар бараан өнгийн куртик, өмд, дээгүүрээ цагаан өнгийн бичигтэй хар хөх өнгийн саравчтай малгайтай “Хаан бууз”-ны урдхан талд зогсож байсан. ...Хохирогч эмэгтэй наад хүн чинь миний цүнхийг хулгайлж аваад гарсан хүн мөн байна гээд шууд таньж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134 дүгээр тал),

-Гэрч Н.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...хоол идэх гээд “Драгон”-ы зүүн талд байрлах “Хаан бууз” цайны газар руу алхаж байтал ...хажуугаар Г хар цүнхтэй юм бариад явж байсан. ...би Гоос “Боёка гуай юун цүнх барьчихсан явж байгаа юм бэ” гэж асуухад ...тоохгүй шууд яваад өгсөн. “Хаан бууз” руу ортол нэг эмэгтэй цүнхээ алдчихсан ... гэж байсан. ...цагдаа нар ирээд хяналтын камерыг шүүгээд бичлэгэн дээр нь нэг эрэгтэй хүн хулгайлаад явж байна гэсэн чинь Батцоож тэр бичлэгийг үзтэл Г нөгөө эмэгтэйн цүнхийг хулгайлаад явж байна гэхээр нь би лавлаад хартал яалт ч үгүй Г цүнхийг нь аваад гарч байсан. ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136 дугаар тал),

-Гэрч А.Батцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

 “...Би ажлынхаа Тэмүүлэнтэй хамт хоол идэх гээд “Драгон”-ы зүүн талд байрлах “Хаан бууз” цайны газар руу алхаж байтал хажуугаар Боёка хочтой Г нэг хар цүнхтэй юм бариад яараад явж байсан. ...Гоос “Боёка гуай юун цүнх барьчихсан явж байгаа юм бэ” гэж асуутал бид хоёртой юм ярилгүй шууд яваад өгсөн. ...бид хоёр “Хаан бууз” руу ортол нэг эмэгтэй цүнхээ алдсан гээд камер шүүлгэнэ гэчихсэн, цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд хяналтын камерыг шүүгээд бичлэгэн дээр нэг эрэгтэй хүн хулгайлаад явж байна гэхээр нь бид хоёр сонирхоод тэр бичлэгийг үзтэл Г нөгөө эмэгтэйн цүнхийг хулгайлаад явж байсан. ...Тухайн үед Г ямар ч байсан бараан өнгийн саравчтай малгайтай, бараан өнгийн хувцастай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 138 дугаар тал),

-“Хаан бууз” цайны газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ...Хохирогчийн харалдаа суусан цэнхэр өнгийн голдоо цагаан ширмэл бичигтэй саравчтай малгайтай хар бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн хохирогчийг хоолоо хүлээгээд касс руу хараад сууж байх хооронд нь 11 цаг 24 минут 32 секундэд хажуугийн ширээнээс зүүн гараа сунгаж аваад, 11 цаг 24 минут 47 секундэд босоод төв хаалгаар гараад зүүн тийш явна. ...” гэх тэмдэглэл, гэрэл зураг, Си Ди бичлэг (хавтаст хэргийн 13, 15-16 дугаар тал), дээрх бичлэг бүхий Си Ди-г хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 117 дугаар тал), Хохирогч Б.Хгийн “Хаан бууз” цайны газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн бичлэг бүхий Си ди-г хэрэгт гаргаж өгснийг мөн эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 142 дугаар тал),

- 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”, гэрэл зураг (хавтаст хэргийн 132-133 дугаар тал),  “Дамно” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн CX3-18-593 дугаар (хавтаст хэргийн 24-25 дугаар тал), 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн CX3-18-644 дугаар үнэлгээний тайлангууд   (хавтаст хэргийн 29 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэв.

Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн М.Жанчив нь тухай өдөр ажил үүргээ гүйцэтгэж хэргийн газар дуудлагаар очсон цагдаагийн байгууллагын ажилтан байх ба, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч байна. Өмгөөлөгч нь дээрх  этгээдээс гэрчийн мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэж мэтгэлцэх боловч М.Жанчив нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан этгээд биш ба, тухайн хэрэгт ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд энэхүү гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Нөгөө талаас “Драгон” төвийн хамгаалагчаар ажилладаг хөндлөнгийн бус этгээд болох гэрч А.Батцоож, Н.Тэмүүлэн нар тухайн хэрэг үйл явдал болсон өдөр, тухайн агшинд шүүгдэгч Г.Г нь цүнхтэй нөүтбүүкийг бариад явж байсныг харснаа, “Хаан бууз” цайны газрын хяналтын камерийн бичлэгийг үзэхэд хохирогчийн цүнхийг авч байсан этгээд нь Г.Г мөн байсан талаар гэрчлэн мэдүүлсэн. Мөн хохирогч Б.Х нь “Хаан бууз” цайны газарт хажуугийн ширээнд нь сууж байсан, түүнчлэн “Хаан бууз” цайны газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хяналтын камерийн бичлэгт “цүнхийг нь авч байсан” этгээд шүүгдэгч Г.Г болохыг зургаар таньж олуулах ажиллагаанд заан мэдүүлсэн, мөн шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд эдгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг прокурорт буцаах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Г.Г нь “юу болсныг санахгүй байна, мэдэхгүй байна” гэж мэдүүлэх боловч  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 689 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Г.Г нь мэдүүлэг өгөх чадвартай талаар дүгнэсэн, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Г нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг нууцаар хулгайлсан болох нь тогтоогдсон.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Хд 501.105 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Г.Г нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Г.Гоос 501.105 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хд олгохоор шийдвэрлэв.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Г.Гын холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарах ба, хэд хэдэн төрлийг ялаас сонгон оногдуулах боломжтой боловч шүүгдэгч Г.Г нь тогтсон орлогогүй, архины хамааралтай болсон, урьд нь ял шийтгэгдэж байсан, Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж байсан хувийн байдал, хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “...гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн төрлийн гэмт хэрэг байхад улсын яллагч 4 жилийн хорих ял оногдуулсан үндэслэл тодорхойгүй байна. Шүүгдэгч Г.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлын хувьд 501.500 төгрөгийн хохиролтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд улсын яллагчийн 4 жилийн хорих ял оногдуулах санал нь нийцэхгүй байна. Эрүүгийн хариуцлага нь нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан ба, Г.Гын Зөрчлийн хэргээр шийтгэл авсан эрх зүйн үр дагавар нь дууссан. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, нотлох үүрэг хүлээдэггүй, иймээс шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2008 онд нэг удаа ял шийтгэгдэж байсан байх ба, эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Гын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан бууз” цайны газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл, мөн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ггийн Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Год оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл, мөн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 (далан нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан бууз” цайны  газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг Си Ди-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гоос 501.500 (таван зуун нэг мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хд олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд  ялтан Г.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА