| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2025/00130/И |
| Дугаар | 210/МА2026/00097 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00097
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/08664 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 2003 оны 04 сарын 25-ны өдөр *******д шилжүүлсэн ******* ХК-ийн 80,935 ширхэг хувьцаа, 2003 оны 04 сарын 08-ны өдөр шилжүүлсэн ******* ХК-ийн 161,868 ширхэг хувьцаа, нийт ******* ХК-ийн 242,803 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******, ******* бид өөрсдийн төрсөн охин болох *******д 2003 оны 04 сарын 08-ны өдөр ******* нь ******* ХК-ийн 161,868 ширхэг, 2003 оны 04 сарын 25-ны өдөр ******* нь ******* ХК-ийн 80,935 ширхэг хувьцаа, нийт 242,803 ширхэг хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу буюу бэлэг болгон үнэ төлбөргүй шилжүүлсэн байдаг.
1.2. Гэтэл бидний охин болох ******* нь 2023 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн ******* ХК-ийн хувьцаатай холбоотой маргаан үүсгэж эхэлсэн ба өөрийн төрсөн дүү болох *******тэй ******* ХК-ийн хувьцаатай холбоотой маргаан үүсгэх болсон.
1.3. ******* нь насанд хүрсэн хүний хувьд төлөвшөөгүй бөгөөд өөрийн төрсөн хүүхдүүдийн сургалтын төлбөр, мөн өөрийн хэрэгцээнд хэрэглэх мөнгө зэргийг удаа дараа эцэг, эхээсээ нэхэж дарамт учруулж, сэтгэл санааны хувьд байнгын тогтворгүй байдалд оруулдаг.
1.4. Бид төрсөн эцэг, эхийн хувьд ач, зээ нарынхаа сургалтын төлбөр болон нэхсэн мөнгийг нь өгдөг байсан хэдий ч үүнийгээ цэвэр бидний заавал биелүүлэх ёстой үүрэг мэтээр хэлж, мөнгө нэхэж, удаа дараа биднийг сэтгэл санааны хүнд байдалд оруулж, ноцтой гомдоосоор ирсэн ч бидний хувьд төрсөн охин минь болохоор өдийг хүртэл тэвчсээр ирсэн.
1.5. Дээрх асуудлуудаас үүдэн манай гэр бүлийн дотоод уур амьсгал эрс муудаж, хоорондоо таарамжгүй харилцаатай болох зэрэг асуудал үүссээр ирсэн. ******* нь өөрийн төрсөн дүү, эцэг, эх нартайгаа мөнгөнөөс болж удаа дараа маргаан үүсгэж, мөнгө нэхэж дарамталдаг зэрэг үйлдлүүд нь биднийг маш ноцтойгоор гомдоосоор байна.
1.6. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй байхаар зохицуулсан.
1.7. Иймд *******гийн хувьд дээр дурдсанчлан гэр бүлээ шантаачилж байнга мөнгө нэхэх, хувьцаатай холбоотой маргаан үүсгэж биднийг удаа дараа ноцтой гомдоосон үйлдэл хийсэн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, ******* ХК-ийн 2003 оны 04 сарын 08-ны өдөр шилжүүлсэн 161,868 ширхэг хувьцаа, 2003 оны 04 сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн 80,935 ширхэг хувьцаа, нийт 242,803 ширхэг хувьцааг *******гаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч ******* ******* ХК-ийн 242,803 ширхэг хувьцааг эзэмшдэг бөгөөд энэ нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд бүртгэлтэй байдаг.
2.2. Хариуцагч нь 2000 оноос хойш гадаад улсад байнга оршин суудаг байсан бөгөөд 2023 оны 08 сард Монгол Улсад хүрэлцэн ирээд Хаан банкнаас үйлчилгээ авахтай холбоотойгоор өөрийн орлогын эх үүсвэрийг нотлохоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансны хуулгаа авах үедээ хариуцагч нь өөрийн эзэмшиж байсан ******* ХК-ийн хувьцаа бусдад шилжсэн болохыг олж мэдсэн.
2.3. Тодруулбал, хариуцагчийн эзэмшдэг ******* ХК-ийн 242,803 ширхэг хувьцаа нь 2018 оны 02 сарын 08-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 02 сарын 12-ны өдөр 37 тоот Эвлэрлийн гэрээ-г үндэслэн бусад этгээд рүү 2018 оны 04 сарын 02-ны өдөр шилжсэн байсан.
2.4. Хариуцагч нь хувьцаа шилжсэн талаар огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй байсан. Учир нь тухайн үед 2017 оны 07 сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр гарч 2018 оны 07 сарын 24-ний өдөр буцаж ирсэн бөгөөд хариуцагчийг Монгол Улсад байхгүй байх хугацаанд зээлийн гэрээ байгуулагдан, 2018 оны 02 сарын 08-ны өдөр түүний нэрээр итгэмжлэл үйлдэж тэдгээрийг үндэслэн хариуцагчийн эзэмшлийн хувьцаа хууль бусаар бусдад шилжсэн байдаг.
2.5. Улмаар Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолоор тогтоолгосон бөгөөд уг шийдвэрийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн эзэмшлийн хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан асуудлыг 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү 2024 оны 06 сард Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцааны зохих бүртгэлийг зөвтгөн хийсэн.
2.6. Хариуцагч нь өөрийн эзэмшлийн хувьцааг хууль бусаар бусдад шилжсэн асуудлыг хүчингүй болгуулахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээг өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан хуулийн дагуу авч эхэлсэн үеэс ******* өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан энэхүү хувьцааны маргааныг эвийн журмаар шийдвэрлэх хүсэлтэй байгааг илэрхийлж, Та бүхэн ямар саналтай байна түүнийгээ бичиж ирүүлнэ үү гэдэг хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгчид 2023 оны 10 сарын 09-ний өдөр тавьсан байдаг.
2.7. Уг хүсэлтийн дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс харилцан ярилцсаны үндсэн дээр *******ийн өмгөөлөгч *******д хувьцааг хууль бусаар шилжүүлсэн асуудлаар эвлэрэл байгуулах тохиолдолд ямар нөхцөл санал болгохоо 2023 оны 10 сарын 11-ний өдөр ******* өмгөөлөгчид и-мэйлээр хүргүүлсэн. Ийнхүү хүргүүлсэн саналд хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал анх удаа яригдсан бөгөөд энэхүү асуудлыг уг саналаас өмнө эсхүл хойно ярьж байгаагүй.
2.8. Бидний явуулсан эвлэрлийн нөхцөлийн саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрөх боломжгүй болохоо мэдэгдсэн тул энэ талаар дахин нэг ч удаа сөхөж яриагүй. Энэ бол талуудын хооронд байгуулах магадлалтай эвлэрлийн нөхцөлийг тохирох хэлэлцээрийн шатанд, мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нараар дамжуулан яригдсан асуудал бөгөөд энэ талаар хариуцагч нь нэхэмжлэгч нартай ямар нэг байдлаар амаар, эсхүл бичгээр харилцаж байгаагүй, уулзаж байгаагүй.
2.9. Бодит болсон үйл явдал, нөхцөл байдал ийм байхад энэхүү асуудлыг хөндөн ноцтой гомдоосон мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дах хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн ******* ХК-ийн 161,868 ширхэг, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн ******* ХК-ийн 80,935 ширхэг нийт 242,803 ширхэг хувьцааг хариуцагч *******гаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,544,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80,544,742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсэгт зааснаар Зохигчид өөрийн шаардлага болон татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг үзлэг хийх замаар бүрдүүлэх тохиолдолд мөн нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.
4.2. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн нэхэмжлэлийн шаардлага буюу хариуцагч тэдгээрийг ноцтой гомдоосон үйлдэл болон нэхэмжлэгч нар сэтгэцийн эмгэгтэй болсон үйл явдлын хооронд шалтгаан холбоотой гэдэг байр сууриа нотлох зорилгоор ******* сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн эмчийн үзлэгийн баримтыг гаргаж өгсөн байдаг.
4.3. Хэдийгээр хариуцагчийн зүгээс дээрх нотлох баримт нь түүнийг үйлдсэн цаг хугацааны хувьд Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй, цаашилбал, уг баримт нь дан ганц нэхэмжлэгч нарын өгүүлэмж буюу тэдний амаар өгсөн мэдээлэлд үндэслэсэн гэдэг үндэслэлээр нотолгооны ач холбогдолгүй гэж үзэн нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Улмаар энэхүү нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
4.4. Харин хариуцагчийн зүгээс дээрх баримтад дурдаад байгаа үйл баримт буюу нэхэмжлэгч нар сэтгэцийн эмгэгтэй болсон гэх үйл баримт болон талуудын хооронд үүссэн хувьцааны маргааны хооронд шалтгаант холбоо байхгүй болохыг нотлох зорилгоор ******* цахим шууданд үзлэг хийлгэн хариуцагч ******* нь 2023 оны 08 сард буюу талуудын хооронд маргаан гарахаас өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсныг нотлох баримт буюу Өвчтөний түүхийг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан.
4.5. Гэвч шүүх энэхүү хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн. Тодруулбал, энэ талаар 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/44978 дугаар захирамжаар 2025 оны 10 сарын 15-ны өдрийн ******* цахим хаягт ******* цахим хаягаас ирүүлсэн цахим зурвас, гинжин хэлхээ бүхий зурваст байх баримт нь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, уг баримтыг ямар арга хэрэгслээр хэрхэн олж авсан нь тодорхойгүй байх тул үзлэг хийх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасанчлан Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотолгооны чанараа алдах тул шүүх хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтыг үзлэг хийн бүрдүүлэхээс татгалзах эрхтэй. Харин дээрх захирамжид дурдсанчлан хэрхэн олж авсан нь тодорхойгүй буюу хууль бус аргаар цуглуулсан эсэх нь тодорхойгүй нотлох баримтыг үзлэг хийж бүрдүүлэхээс татгалзсан явдал нь хариуцагч хуульд заасан нотлох баримтыг шүүхийн оролцоотойгоор бүрдүүлэх хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
4.7. Цаашилбал, энэхүү зайлшгүй ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хууль зүйн үр дагаврыг бий болгож байна.
4.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх өдрийн ******* цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргах үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчид болох ******* болон ******* нараас тухайн баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж, ийнхүү нотлох баримтаас хасах эсэхийг хэлэлцэж, энэ талаар 2025 оны 10 сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд туссан. Гэвч 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 192/Ш32025/44978 дугаар захирамжид ийнхүү нотлох баримтаас хасуулах хүсэлтийн талаар дурдаагүй бөгөөд энэ талаар тусдаа захирамжийг энэхүү давж заалдах гомдол гаргах өдрийн байдлаар шүүгч гаргаагүй байна.
4.9. Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцсэн асуудлын талаар, түүнийг татгалзсан үндэслэлийн талаар хэргийн оролцогчид гомдол гаргах хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх боломж олголгүйгээр хэргийг хянан хэлэлцэж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил буюу хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
4.10. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ гэрч *******ийн мэдүүлгийг үндэслэл болгосон бөгөөд уг мэдүүлэгт дурдсан үйл баримт буюу хариуцагч 2023 оны 09 сард ******* ХК-ийн албан байранд очиж нэхэмжлэгч нарын талаар тодорхой мэдээлэл тараасан нь тэдгээрийг Ноцтой гомдоосон үйлдэлд тооцогдоно гэж дүгнэсэн. Гэтэл энэхүү ноцтой гомдоосон гэгдэх үйлдлийн талаар нэхэмжлэгч нар энэхүү нэхэмжлэлийг гаргах үед мэдээгүй байсан нь нэхэмжлэгч ******* шүүх хуралдааны явцад хурал даргалагчийн асуултад хариулах явцад тодорхой болсон.
4.11. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа гэрчийн мэдүүлэгт дурдагдсан, нэхэмжлэгч нарыг ноцтой гомдоосон үйлдэл гэгдэж байгаа үйл баримтын талаар нэхэмжлэгч нар 2024 оны 06 сард буюу энэхүү нэхэмжлэлийг гаргахаас өмнө огт мэдээгүй байсан. Иймд нэхэмжлэл гаргах үед мэдээгүй байсан үйл баримтаас болж нэхэмжлэгч ноцтой гомдсон байх боломжгүй, уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.
4.12. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь хоёр өөр ойлголт бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм. Энэхүү нэхэмжлэлийн үндэслэл буюу нөхцөл байдал бүрдсэнээр уг үндэслэлийн дагуу нэхэмжлэл гаргах боломжтой эсэх, нэхэмжлэлийн шаардлага юу болох, улмаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолох асуудалд яригдах ёстой.
4.13. Гэтэл, уг хэргийн нөхцөл байдлыг харвал, нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ шүүхийн шийдвэрт дурдаад буй нэхэмжлэлийн үндэслэлийн талаар огт мэдээлэл байхгүй байсан бөгөөд, улмаар нөхцөл байдлыг мэдсэнээс хойш түүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох талаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн тул бэлэглэлийг хүчингүй болгуулах шаардах эрхгүй, ийм хууль зүйн боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
4.14. Иймд, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой байтал, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нар нь анх шүүхэд хариуцагч өөрийн дүү *******ийг шантаачилсан, хүүхдийн сургалтын төлбөр нэхсэн үйлдэл гаргасан тул ноцтой гомдоосон хэмээн нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2024 оны 06 сарын хугацаатай хольж хутган, нэхэмжлэлийн өөр үндэслэлд холбогдох хөөн хэлэлцэх хугацааг баримталсан байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл бүрдсэн цаг хугацаа бүрийг хольж хутган түүнд холбогдуулан шаардлага гаргах хугацааг үндэслэл бүхий тогтоохгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй.
4.15. Хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг болон зохигч нарын тайлбар мэдүүлгээс харахад 2023 оны 09 сард ******* ХК-ийн байранд болсон гэгдэх үйл явдлын үед дурдагдсан буюу Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч ******* нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэх мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгаа, эсхүл гүтгэлгийн чанартай худал мэдээлэл байсан эсэх талаар нэхэмжлэгчийн зүгээс ямарваа тайлбар нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн хурал даргалагч энэ асуудлыг нэхэмжлэгчээс асууж тодруулаагүй. Харин ч эсрэгээрээ шүүх энэхүү гомдлын 1 дэх хэсэгт дурдсан нотлох баримт буюу *******гийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой нэн чухал нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэхээс үндэслэлгүй татгалзсан.
4.16. Нэгэнт хэрэг цугларсан нотлох баримтад *******гийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар хангалттай баримт авагдаагүй байхад Хариуцагч худал мэдээлэл тараасан, Нэхэмжлэгч нарыг гүтгэсэн гэх дүгнэлтийг Шүүх хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* олон жилийн өмнөөс сэтгэцийн асуудалтай байсан, хэвтэн эмчлүүлж байсан гэдгээ шүүхийн хуралдааны үед хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдгийг дурдах нь зүйтэй.
4.17. Мөн, хэргийн бодит үнэн нөхцөл байдалд хариуцагч ******* нь 2023 оны 09 сард ******* ХК-ийн байранд хүрэлцэн очиж, гэрч *******этэй биечлэн огт уулзаагүй, түүний мэдүүлэгт дурдаад буй үйл баримт огтхон ч болоогүй байдаг бөгөөд гэрчийн мэдүүлэг худал болох талаар хариуцагч шүүх хуралдааны явцад олон дахин хэлж, улмаар гэрчийн тодорхойлон заагаад буй 2023 оны 09 сарын эхний долоо хоногт хариуцагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй, энэ нь шүүхийн журмаар бүрдүүлсэн Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2025 оны 09 сарын 04-ний өдрийн 2-36/6463 дугаартай албан хариугаар /1-р х.х-ийн 185-189 дэх тал/ бүрэн үгүйсгэгдэж байгааг дурдан нотолсон байдаг. Гэрчийн мэдүүлэг нь өөр бусад баримтаар давхар нотлох ёстой бөгөөд ийнхүү нотлогдоогүй тохиолдолд эргэлзээгүй баримт гэж үзэхгүй бөгөөд гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж буй нотлох баримтыг шүүгч үнэлэх, шүүхийн шийдвэрт тодорхой дурдах ёстой.
4.18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзээгүй бөгөөд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
4.19. Шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд үндэслэсэн, бодит нотлох баримтад тулгуурласан байдаг ба хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагддаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хөөн хэлэлцэх хугацаа, нотлох баримт үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх заримд үл нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Энэ хүрээнд нэхэмжлэгч *******ийн зүгээс өөрийн охин хариуцагч *******гийн үйлдлийн улмаас хэр их гомдож, сэтгэл зүйн байдал ямар байгаа болохоо тогтоолгохоор тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн төвийн сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш.
5.2. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан нотолгооны ач холбогдолгүй зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч энэ хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хохирол, одоогийн байдлыг тогтоолгохоор шүүхээс хүссэн боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэх хуулийн агуулгад нийцэхгүй байна гэж шийдвэрлэсэн болохоос шинжээч томилуулж, өөрсдийн сэтгэцийн өнөөгийн байдлыг тогтоолгож болохгүй гэх агуулгаар шийдвэрлээгүй.
5.3. Хариуцагч тал шүүх нэгэнт шинжээч томилохгүй гэсэн байхад та нар өөрсдөө сэтгэл зүйн байдалдаа шинжээч томилуулсан байна гэх байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан.
5.4. Гэтэл хариуцагч нь анхан шатны шүүх хуралдааны явцад *******гийн урьд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан энэ хэрэгт огт хамааралгүй, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэвтэн эмчлүүлэгчийн мэдээллийг гаргаж өгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр охиноос нь дамжиж ирсэн зүйлд үзлэг хийлгэнэ гэх байдлаар маргадаг. Нэхэмжлэгч нь эмнэлэгт хэвтэж байсан болохоо үгүйсгэдэггүй бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд зөвхөн сэтгэцийн өвчтэй хүмүүс хэвтдэггүй, би нойргүйдлийн улмаас хэвтэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч энэ талаарх баримтад үзлэг хийж өгөөгүй гэх гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.
5.5. ******* нэхэмжлэл гаргасныхаа дараа өөрийн охин *******г өөрийг нь болон эхнэр *******г ажлын байранд нь ирж хамт олны дунд хэлэх, хэлэхгүй үгээр доромжилсон болохыг олж мэдсэн байдаг. 2023 оны 12 сард шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээж авснаас хойш хэрэг үүсгэж, энэ хэрэг хэлэлцэгдэж эхэлсэн.
5.6. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдагдаж буй *******ийн мэдүүлгийг хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болгосон нь хууль зөрчсөн гэх асуудал яригдахгүй. *******ийн шүүх хуралдаанд өгсөн бүх мэдүүлгүүд үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
5.7. Хариуцагч нэхэмжлэгч нарыг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч энэ нь нотлогдоогүй гэж хариуцагч маргадаг. Гэтэл хариуцагч ******* өөрийн эцэг, эхийг удаа дараа гутаан доромжилж, нэр төрд нь халдаж байсан талаар нэхэмжлэгч нар шүүх хуралдаан болгон дээр хэлдэг.
5.8. Энэ нь гэр бүлийн хүрээнд яригдсан учир өмнөх үйл баримтуудыг ярьдаггүй. Харин түүний зарим ёс бус үйлдлийн талаарх нотлох баримтыг хэргийн материалд хавсаргуулахаар шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хариуцагч *******гийн ээжтэйгээ утсаар ярьсан яриаг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэх үндэслэлээр үзлэг хийх боломжгүй гэж шийдвэрлэсэн.
5.9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо ээж ******* нь олон жилийн өмнөөс сэтгэцийн асуудалтай байсан бөгөөд энэ талаар шүүх хуралдааны үед өөрөө хүлээн зөвшөөрсөн гэх байдлаар удаа дараа дурдаж ярьдаг. Гэтэл шүүх хуралдааны үед ******* өөрийгөө огт сэтгэцийн асуудалтай байсан гэх талаар яриагүй. Би эмнэлэгт хэвтэж байсан нь үнэн тул энэ талаарх баримт баримт байгаа. Гэхдээ энэ нь хувь хүний нууцтай холбоотой учир үүнийг шинжлэн судлах боломжгүй гэх байдлаар тайлбарладаг.
5.10. Гэрч *******ийн ярьсан бүх зүйл үнэн болохыг хэрэгт авагдсан утасны бичлэгээс сонсож болно. Иймд нэхэмжлэгч *******ийн хувьд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтад үндэслэж, бодит дүгнэлт гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 2003 оны 04 сарын 25-ны өдөр *******д шилжүүлсэн ******* ХК-ийн 80,935 ширхэг хувьцаа, 2003 оны 04 сарын 08-ны өдөр шилжүүлсэн ******* ХК-ийн 161,868 ширхэг хувьцаа, нийт 242,803 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* нь *******д 2003 оны 04 сарын 07-ны өдөр ******* ХК-ийн 161,868 ширхэг хувьцааг, 2003 оны 04 сарын 18-ны өдөр ******* нь *******д 80,935 ширхэг хувьцааг тус тус шилжүүлсэн;
3.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/02268 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар ******* нь 1,000,000,000 төгрөгийн төлбөрт 242,803 ширхэг хувьцааг *******эд шилжүүлэхээр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн;
3.3. Мөн хариуцагч *******гийн гаргасан тус Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/02268 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаар захирамжаар 183/ШЗ2018/02268 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн;
3.4. Дээрх захирамжийг үндэслэн *******д 2024 оны 06 сарын 07-ны өдөр 242,803 ширхэг хувьцааг буцаан шилжүүлжээ.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй.
Тодруулбал, анхан шатны шүүх ******* нь 2003 оны 04 сарын 08-ны өдөр ******* ХК-ийн 161,868 ширхэг хувьцаа, ******* нь 2003 оны 04 сарын 25-ны өдөр ******* ХК-ийн 80,935 ширхэг хувьцааг тус тус хариу төлбөргүйгээр *******д шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт нийцжээ.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, нийт 242,803 ширхэг хувьцааг хариуцагч *******гаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаж байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5.1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж заажээ.
Анхан шатны шүүх хуульд заасны дагуу бэлэглэгчийг гомдооно гэдэг нь агуулгын хувьд тухайн этгээдийн нэр төр, алдар хүнд, нийгэмд болон гэр бүлийн хүрээнд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл гаргасан байхыг ойлгох талаар тайлбар үндэслэлтэй ба талуудын хоорондын харилцаа, хамаарал нь эцэг, эх болон охин буюу гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй байх тул бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэлд ёс суртахууны нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим давхар хөндөгдөнө.
5.2. Талуудын маргаж байгаа шалтгаан нь 1,000,000,000 төгрөгийн төлбөрт 242,803 ширхэг хувьцааг *******эд шилжүүлэхээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан шүүхийн захирамж хүчингүй болсон, мөн эцэг, эх болон охины хоорондын хувийн харилцаанаас үүдэлтэй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар нь ... ******* нь хувьцааг *******эд 400,000 ам.доллароор худалдсан. Уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн ... гэж, хариуцагч тал нь ... энэ маргаан бол 400,000 ам.долларын маргаан биш. Мөн зээлийг авсан, аваагүй гэдэг нь тусдаа асуудал, тусдаа маргаан. гэж тус тус тайлбарласан.
Талуудын хоорондын дээрх тохиролцоог нотолсон бичгийн хэлбэртэй хэлцэл хэрэгт авагдаагүй боловч хариуцагч Д.Даримад 400,000 ам.доллар шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн, гэрч ******* нь ... *******д байдаг ******* ХК-ийн хувьцааны оронд 400,000 ам.долларын зээл өгөөд, дараа нь эвлэрлийн гэрээ хийсэн, ... Миний бодлоор бол ******* эгч Би Монголд амьдрахгүй, ******* ХК-ийн хувьцаа надад хэрэггүй, надад мөнгө хэрэгтэй гэсэн. Надад хэлж байсан. Аав, ээжтэй, дөрвүүлээ тохироод шилжүүлье гэж ярьж байсан. Оронд нь манай аав, ээж 400,000 ам.доллар өөрт нь өгсөн. Тэгээд 2018 оноос хойш салаад 2023 он хүртэл зүгээр байж л байсан. Хамтдаа амьдарч байсан. Сайн харилцаатай, уулзаад, утсаар яриад, Монголд хамт амьдраад зүгээр байсан. Гэнэт 2023 оноос хойш л ийм үйлдэл гаргаж байгаад гайхаж байна. гэж мэдүүлсэн.
Хариуцагчийн өмгөөлөгч 2025 оны 02 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд ... 400,000 ам.долларыг яагаад *******д шилжүүлсэн вэ ... гэж асууж байсан атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... 400,000 ам доллар огт аваагүй ... гэж зөрүүтэй тайлбар гаргажээ.
Хариуцагч ******* нь 400,000 ам.доллар нь хувьцаатай хамааралгүй, уг мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлсэн зэрэг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.
5.3. Нэхэмжлэгч нар нь ... хүүхдүүдээ зоддог, та хортой хүн, Монголд байхаараа уулздаггүй ... гэх зэргээр тайлбар нь бүхэлдээ гомдлын шинжтэй байхад хариуцагч нь ... *******гийн эзэмшлийн хувьцааг хууль бусаар шилжүүлсэнтэй холбоотой үл ойлголцол үүссэн. Хариуцагч яагаад эцэг, эхтэйгээ уулзахгүй байгаа гэхээр гэр бүлийн хүмүүс хариуцагчийг хүүхдүүдээ хашхирдаг, аав нь гар хүрдэг зэрэг асуудлууд байдаг учраас уулзахыг хүсэхгүй байна гэдэг тайлбарыг бидэнд гаргасан гэж тус тус тайлбарласан.
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээнээс үүссэн зан харилцааны таарамжгүй байдал нь *******, ******* нарыг ноцтой гомдоосон үйлдлийн улмаас эрүүл мэндийн хохирол учирсан талаар эрх зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч талаас гаргасан ******* сэтгэцийн эрүүл мэндийн төв-ийн сэтгэцийн эмчийн үзлэгээр гаргасан онош нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул анхан шатны шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь зөв болжээ. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
5.4. Хариуцагчид нэхэмжлэгч нар нь бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хувьцааг шилжүүлсэн, гэтэл уг хувьцаатай холбоотой эцэг, эхтэйгээ харилцаа холбоогоо тасалж үлэмж хэмжээний маргаан үүсгэж байгаа нь нэхэмжлэгч нарыг ноцтой гомдоосон үйлдэлд хамаарна.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч *******гийн бие даан иргэний эрх зүйн харилцаанд оролцож олсон хөрөнгө, болон хувьцаа, түүний ашгийг шаардаагүй ба өөрсдийн бэлэглэсэн хувьцааг эцэг, эхтэйгээ огт харилцаагүй болсон, уг хувьцаанаас шалтгаалж зан харилцааны таарамжгүй байдал үүсгэсэн нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээтэй нийцэхгүй төдийгүй, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гэж үзнэ. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
5.5. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заажээ.
Дээрх хуулийн хугацааг ноцтой гомдоосон болохыг мэдсэн хугацаанаас хойш тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт нийцнэ.
Талуудын хооронд үүссэн маргааны бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдлийг гаргасан хугацааг гэрч *******э нь 2023 оны 09 сарын эхээс ******* ХК-д очиж гэж мэдүүлсэн ба нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 09 сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, мөн 2024 оны 09 сарын 30-ны өдрийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, тус шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05170 дугаар шийдвэрээр хариуцагч *******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын тогтоохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх тусгай хугацаа тасалдсан байна.
Нэхэмжлэгч нар нь 2024 оны 12 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Мөн, талуудын хоорондын харилцаа, бэлэглэлийн гэрээ нь харилцаа хамааралгүй этгээдийн хооронд үүсээгүй, харин эцэг, эх болон охины хооронд үүссэн тул төрсөн охиндоо шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг түүний ноцтой гомдоосон хугацаа гэж үзэх нь хуулийн үзэл баримтлалд харшлахгүй.
5.6. Гэрч *******э, ******* нарын мэдүүлэг нь нэхэмжлэгч нарыг хариуцагч нь ноцтой гомдоосон үйлдлийг нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан хууль заасан журмын дагуу бэхжүүлсэн нотолгооны хэрэгсэл болох тул анхан шатны шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан зарчмаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй байна.
6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 242,803 ширхэг хувьцааг нэхэмжлэгч нарын бэлэглэсэн хэмжээгээр буцаан олгоогүй алдааг залруулж, *******т 161,868 ширхэг хувьцааг, ******* 80,935 ширхэг хувьцааг тус тус олгосон найруулгын өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/08664 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан ******* ХК-ийн хувьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хариуцагч *******гаас ******* ХК-ийн 242,803 ширхэг хувьцааг буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******т 161,868 ширхэг хувьцааг, ******* 80,935 ширхэг хувьцааг тус тус олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,544,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
С.ЭНХБАЯР