Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 674

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтлөн,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Цийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0474 40782 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Цийн Ж нь Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дугаар сарын 20-нд Өвөрхангай аймгийн Зүүн баян улаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил хийдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2. 2005 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1/106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөлийн хуулиар 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан,

3. 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны урд талд иргэн Б.Дий “самсунг С-9” маркийн гар утсыг “эхнэртэйгээ ярьчихаад өгье” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан залилан мэхлэн гар утсыг нь авч, бусдад 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0474 40782 дугаартай хэргээс:

  1. Хохирогч Б.Дий мөрдөн шалгах ажиллагаанд:

2018 оны 10 дугаар сарын 27-нд өгсөн:

 “...Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед “Саппоро” дээр Сайнбаатар гэх найзтайгаа уулзахаар тохироод байж байтал үл таних 3-4 залуу “Саппоро”-гийн ард талын дэлгүүр, 2 дугаар байр хоёрын голд суугаад архи ууж байсан. Нэг залуу нь намайг тамхилаач хөгшөөн, дотор эвгүй байна уу нэг татах уу гэж асуухаар нь би нэг татсан. Хажуугийн залуу утсаараа нэг яриулаач гэсэн. Би өөрийн “Самсунг С-9” маркийн гар утсыг өгсөн. Нөгөө залуу бид хэдээс жоохон зайтай очоод ярьж байгаад буцаж ирээд надад миний гар утсыг буцааж өгсөн. Удалгүй нөгөө залуу эхнэртэйгээ ярих гээд байна гэж хэлээд миний утсыг аваад хүн рүү залгаад явсан. Би харин нэг залуутай юм яриад үлдсэн. Удалгүй нөгөө залууг харах гэтэл нөгөө залуу байхгүй байсан. Би араас нь очиход хэн ч байгаагүй. Би цагдаа дээр очсон. Тэр хүн миний харснаар хар өнгийн нимгэн хүрэм, жинсэн өмд, хар гуталтай, 25-30 насны 178 см өндөртэй бор царайтай эрэгтэй хүн байсан. Тухайн үед согтуу байсан. Гар утсыг 2018 оны 3 дугаар сард миний эхнэр Мөнхзул лизингээр Юнител компаниас 2.400.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

-2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “... Надад учирсан хохирлыг миний утсыг авч явсан хүн барагдуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

2. Шүүгдэгч Ц.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“... 2018 оны 10 дугаар сарын 08-нд “Саппоро” дээр явж байхад 44-н зах дээр хамт ажилладаг байсан нэрийг нь мэдэхгүй зүс таних хөгшин ахтай тааралдсан. Тэгээд надад ахад нь 3000 төгрөг байна, нэмэрлэх юм байна уу гэсэн. Би өөрт байсан 3000 төгрөгөө өгөөд хамт Алтаншагай гэх дэлгүүрээс 6000 төгрөгөөр 0,75 литрийн Стандарт архи авсан. Бид хоёр 2 дугаар байрны хажуу талд, ертөнцийн зүгээр баруун талд байрлах шатны хэсэгт архиа хувааж ууж байхад нэг үл таних эрэгтэй хүн ирээд ахын дүү би өчигдөр жоохон уусан, дотор муу байна, нэг татуулчих гэсэн. Тэгээд би тэр хүнд нэг хийгээд өгсөн. Тэр хүн нэг татаад байж байтал гар утас нь дуугарсан. Тэр хүн нэг хүнтэй яриад байсан. Яриад дуусахаар нь “ахаа би нэг ярьж болох уу” гэхэд тэр ах надад тэг тэг гээд утсаа өгсөн. Би тухайн утсаар хуучин эхнэр Пүүжээ гэдэг хүүхний 99090944 дугаар руу залгатал холбогдохгүй байсан. Тэгэхээр нь ярьж байгаа дүр эсгээд утсыг нь аваад явсан. Тэгээд би шууд хороолол явдаг өгсдөг замаар явж байгаад хэдэн жилийн өмнө хамт 44-н зах дээр бараа зөөдөг байсан ахтай таарч утас авах уу гэхэд ямар утас вэ авъя гэсэн. Хамт нэг ойролцоох дэлгүүрт ороод нөгөө ах 20.000 төгрөгөө 2 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт болгон задлаад, надад 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг тус тус өгсөн, нийтдээ 30.000 төгрөг авсан. Архи уугаад дуусгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар тал),

3. “Дамно” ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн СХЗ-19-335 дугаартай, “Самсунг-Эс9” загварын гар утсыг 1.920.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28-30 дугаар тал),

4.Шүүгдэгч Ц.Жийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 36 дугаар тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 55-67 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ж нь иргэн Б.Дий Самсунг С-9 маркийн гар утсыг “эхнэртэйгээ ярьчихаад өгье” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан залилан мэхлэж, гар утсыг нь авч, бусдад 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа гэм буруугийн тал дээр маргахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Жт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 Шүүгдэгч Ц.Ж нь хохирогч Б.Дий “Самсунг С-9” маркийн гар утсыг “эхнэртэйгээ ярьчихаад өгье” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан залилан мэхлэн гар утсыг нь авч, бусдад 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Тэр залуу утсаараа нэг яриулаач гэсэн. Би өөрийн “Самсунг С-9” маркийн гар утсаа өгсөн. Нөгөө залуу ...жоохон зайтай очоод ярьж байгаад буцаж ирээд надад миний гар утсыг буцаагаад өгсөн. Удалгүй нөгөө залуу эхнэртэйгээ ярих гээд байна гэж хэлээд миний утсыг аваад, хүн рүү залгаад явсан. ...Удалгүй нөгөө залууг харах гэтэл байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

-Шүүгдэгч Ц.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...зүс таних хөгшин ахтай тааралдсан. ...бид хоёр 2 дугаар байрны аркны хажуу талд  ...архи хувааж ууж байхад аркнаас нэг үл таних эрэгтэй хүн ирээд ахын дүү би өчигдөр жоохон уусан, дотор муу байна, нэг татуулчих гэсэн. ...тэр хүн нэг татаад байж байтал гар утас нь дуугарсан. ...би яриад дуусахаар нь ахаа би нэг ярьж болох уу гэхэд тэр ах надад тэг тэг гээд утсаа өгсөн. Тэгээд би тухайн утсаар хуучин эхнэр Пүүжээ гэдэг хүүхний 99090944 дугаар руу залгатал холбогдохгүй байсан. Тэгэхээр нь ярьж байгаа дүр эсгээд утсыг нь аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар тал), Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх зэрэг аргуудаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.Ж нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хохирогч Б.Дий гар утсыг “эхнэртэйгээ ярьчихаад ирье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, шууд санаатай үйлдлээр залилан мэхэлж авсан байна.

Иймд шүүгдэгч Ц.Жийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож хохирогчийг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил өмчлөлд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч Ц.Ж нь хохирогч Б.Дий гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утасны үнэ 1.920.000 төгрөгийг төлсөн, хохирогч хохирлын мөнгийг хүлээн авсан талаар мэдүүлэх тул шүүгдэгч Ц.Жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ  шүүгдэгч Ц.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагаас “мөрдөн байцаалтын шатнаас шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөр сонгох төрлийн ялтай тул шүүгдэгчийг торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ял оногдуулж, түүнд үүрэг, хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ц.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 3 удаа ял шийтгэгдэж байсан байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байх ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Ж нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Цийн Жийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жийг 9 (ес) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Дд төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Ц.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.Жт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА