Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 694

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

С овгийн Дгийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0263 30848 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овгийн Дгийн Э нь Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ... тоот өөрийн гэртээ иргэн М.Оийг жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж шаазан аяга шидэж, түүний биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эгаас: Мөрдөн байцаалтад болсон асуудлаа ярьж мэдүүлэг гаргасан тул дахин мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хоёр.Эрүүгийн 1908 0263 30848 дугаартай хэргээс судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч М.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...2019 оны 5 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчимд гэртээ байж байтал манай найз Алтанцэцэг гэрт ирээд шартаж үхлээ, ганц пиво аваад өгөөч гэхээр нь гэрийнхээ ойролцоо байдаг дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй нийслэл пиво аваад манай гэрт хувааж уусан. Ууж дуусаагүй байтал 12 цагийн орчимд найз Баагий гэрт ирээд Алтанцэцэг бид хоёрыг Оюунаагийнд очъё гээд бид гурав Оюунаагийн гэрт  Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, байрыг нь мэдэхгүй байна, 14 цагийн орчимд очтол Оюунаагийн гэрт танихгүй нэг залуу, нэг эмэгтэй хоёртой хамт пиво ууцгааж байсан. Оюунаагийн нөхөр болох Э орж гараад яваад байсан юм. Баагий Эгийн хүүхдийг дэлгүүр рүү явуулж 2 том пиво авчруулж уусан. Би нэг пиво ууж дуусгаад гэр рүүгээ харьлаа гэж гарч явж байгаад куртикээ авахаа мартчихаад буцаж очоод куртикээ авъя гээд хаалгыг нь цохисон. Э хаалгаа онгойлгоод яах гэж ирсэн юм, куртик чинь байхгүй гээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Куртикээ авах гээд ортол ширээн дээр байгаа аяга аваад над руу шидээд толгой оночихсон. Тэгснээ гэрээсээ хөөж гаргаад түгжчихсэн. Тэгсэн удалгүй цагдаа, эмч хоёр ирсэн. Би бол бага зэрэг согтолттой байсан. Учир нь би жирэмсэн болохоор пивоноос нь бага уусан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг Э шаазан аяга над руу шидэж учруулсан. Би 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр жирэмсэн болсноо мэдсэн. Одоо 37-38 нидельтэй буюу 8 сартай. Төрөх хугацаа нь 2019 оны 6 дугаар сарын 17-нд гэж эмч хэлсэн. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Би гомдолтой байна. Духан дээр үүссэн сорвио арилгуулмаар байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал),

2. Шүүгдэгч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 5 дугаар сарын 08-ны ...орой 21 цагийн орчимд гэртээ харьтал манай эхнэр Оюунтуяа найз Алтанцэцэг, О, үл таних нэг залуутай хамт дөрвүүлээ пиво ууж байсан. Би ороод “юу болж байна аа” гэтэл нөгөө залуу нь “уучлаарай” гэсэн. Хувцсаа солиод байж байтал надад пиво хийж өгөхөөр нь уучихаад, хамт пивийг нь ууж дуусгасан. Гэтэл Алтанцэцэг, О, нөгөө залуу гурав “харьлаа” гээд гараад явсан. Оюунтуяа бид хоёр амрах гээд орондоо орсон байж байтал 22 цагийн орчимд хаалга балбаад “О байнаа, би нөхрөөсөө 1000 төгрөг авчихлаа, пиво ууя” гээд байхаар нь хаалгаа тайлалгүй “үгүй, пиво уухгүй, маргааш ажилтай” гэтэл хаалга нүдээд орилоод болохгүй болохоор нь хаалгаа нээтэл гэрт орж ирээд агсам тавиад дайраад байсан. Би тоолгүй сууж байтал хэл амаар доромжлоод байхаар нь тэсэлгүй ширээн дээр байсан аяга аваад шидчихсэн. Тэгсэн чинь гараад явчихсан. Удалгүй цагдаа нар гэрт ирээд намайг аваад явсан. Би бага зэрэг согтолттой байсан. О нилээн согтуу байсан. Миний шидсэн гэх аяга хагарахаар нь хаясан. Би Оийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5756 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны баруун дунд хэсэгт 2.2х0.2см оёдол тавигдсан шархтай.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн эмчийн үзлэгт: онош: Духны хэсгийн няцарсан шарх, 5 дахь жирэмслэлт 37-38 хоногтой жирэмсэн гэжээ.

ДҮГНЭЛТ:

“1. М.Оийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд  тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Т.Чимэд-Очир/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15 дугаар тал),

4. Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт буюу М.От 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нээсэн картны баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 28-37 дугаар тал),

5. Шүүгдэгч Д.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 43 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дугаар тал) “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 41-42 дугаар тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), мөн тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ... тоот гэртээ М.Оийг жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж шаазан аяга шидэж, духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн дүгнэлтдээ уг хэрэг нь хохирогчийн буруутай үйлдлээс болж үүссэн. Хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, хэрэв нэхэмжилсэн тохиолдолд шүүгдэгч Д.Э нь төлөхөө мэдэгдсэн гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Эд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ... тоот өөрийн гэртээ шүүгдэгч Д.Э, хохирогч М.О нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж архидсан согтуурсан байх ба, улмаар шүүгдэгч Д.Э нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн М.Оийн жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж түүн рүү шаазан аяга шидэж, биед нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-Хохирогч М.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, байрыг нь мэдэхгүй байна, 14 цагийн орчимд очтол Оюунаагийн гэрт танихгүй нэг залуу, нэг эмэгтэй хоёртой хамт пиво ууж байсан. Оюунаагийн нөхөр Э орж гараад яваад байсан. Эгийн хүүхдийг дэлгүүр рүү явуулж 2 том пиво авчруулж уусан. Би нэг пивоо дуусгаад гэр лүүгээ харьлаа гэж гарч яваад куртикээ авахаа мартаад буцаж очсон. ...хаалгыг нь цохитол Э хаалгаа онгойлгоод яах гэж ирсэн юм, куртик чинь байхгүй гээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Куртикээ авах гээд ортол ширээн дээр байгаа аяга аваад над руу шидээд толгой оночихсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг Э шаазан аяга над руу шидэж учруулсан. Би 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр жирэмсэн болсноо мэдсэн. Одоо 37-38 нидельтэй буюу 8 сартай. Төрөх хугацаа 2019 оны 6 дугаар сарын 17-нд гэж эмч хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал),

-Шүүгдэгч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн:

“...надад пиво хийж өгөхөөр нь уучихаад, хамт пивыг нь ууж дуусгасан. ...22 цагийн орчимд хаалга балбаад “О байнаа, би нөхрөөсөө 1000 төгрөг авчихлаа, пиво ууя” гээд байхаар нь хаалгаа тайлалгүй “үгүй, пиво уухгүй, маргааш ажилтай” гэтэл хаалга нүдээд орилоод болохгүй болохоор нь хаалгаа нээтэл гэрт орж ирээд агсам тавиад дайраад байсан. ...хэл амаар доромжлоод байхаар нь тэсэлгүй ширээн дээр байсан аяга аваад шидчихсэн. Миний шидсэн гэх аяга хагарахаар нь хаясан. Би Оийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5756 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 15 дугаар тал), Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт буюу М.От 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нээсэн картны баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 28-37 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хохирогч М.О нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр буюу гэмт хэрэг гарсан тухайн өдөр 8 сартай жирэмсэн байсан болох нь хохирогчийн мэдүүлэг, түүний  жирэмсэн эмэгтэйн хөтөч карт зэрэг баримтаар тогтоогдсон ба, шүүгдэгч Д.Э нь хохирогчийг жирэмсэн болохыг мэдэж байсан талаар мэдүүлсэн, энэ талаар талууд маргаагүй болно.

Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Д.Э, хохирогч М.О нар согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, ахуйн хүрээний архидалт, хохирогч нь жирэмсэн болохоо мэдсээр байж согтууруулах ундаа хэрэглэж хэрүүл маргаан үүсгэсэн зэрэг зүй бус үйлдэл нь нөлөөлжээ.

Шүүгдэгч Д.Э нь хохирогч М.Оийн жирэмсэн болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Д.Э нь хохирогч М.Оийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан ба, хохирогч М.Оээс “аяга шидсэний улмаас нүүрэнд үүссэн сорвийг арилгуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай байна” гэж мэдүүлэх боловч, энэ талаар хэрэгт ирүүлсэн баримтгүй байна.

Иймд хохирогч М.О нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн дүгнэлтдээ шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Д.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Д.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн түүний хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого тодорхойгүй зэрэг байдлыг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн Дгийн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Эд энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.О нь тус хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА