| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2016/0482/и |
| Дугаар | 311 |
| Огноо | 2015-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 68 дугаар байрны 59 тоотод оршин суух, Хотгойд Батсүхийн Очирбат /РД:ШЕ80061311/-ын нэхэмжлэлтэй
Сиброн дэвшил ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга н.Отгончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Очирбат нь Сиброн дэвшил ХХК-с 25-53 УНӨ машины үнэнд төлсөн 24.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд гаргасан. Гэвч Сиброн дэвшил ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хаягт дээрээ байдаггүй гэсэн шалтгаанаар 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 920 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Иймд Сиброн дэвшил ХХК-ийг эрэн сурвалжлуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний биеийг оролцуулалгүйгээр эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Сиброн дэвшил ХХК-ийн эрэн сурвалжлуулах шийдвэр гаргахыг хүсэлт болгож үндэслэлээ хариуцагчийн хаяг нь тус хороонд байдаггүй тул хаяг нь тодорхойгүй, хаягийг нь өөрөө олж тодруулах боломжгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Б.Очирбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сиброн дэвшил ХХК одоо хаана ямар хаягт бүртгэлтэй байгаа талаар эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч эзгүй хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасан “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”. Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар “Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Очирбат нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 68 дугаар байр, 59 тоот хаягт оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбар /хх2,10/ зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Очирбат нь Сиброн дэвшил ХХК-ийг хариуцагчаар татан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Сиброн дэвшил ХХК нь тус Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Жавхлант төв, 202 тоот хаягт бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 920 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзасан шүүгчийн захирамж /хх3/, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон бусад баримтуудаар Сиброн дэвшил ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг тодорхойлж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт тус тус зааснаар “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Очирбатын хүсэлтийг хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох тус Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Жавхлант төв, 202 тоот хаягт байрлаж байсан Сиброн дэвшил ХХК-ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Б.Очирбатын хүсэлтийг хангаж, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Жавхлант төв, 202 тоот хаягт байрлаж байсан Сиброн дэвшил ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Сиброн дэвшил ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах эрэн сурвалжлах газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
|
| ||||
| |