Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2026/00186

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/09310 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс албадан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2024 оны 06 сарын 05-ны өдөр 24/02 дугаартай Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2024 оны 04 сарын 13-ны өдрөөс мөн оны 10 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд захиалагчийн эзэмшлийн *******ын нутагт байрлах MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ******* нүүрсний ил уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

1.2. Гэрээний хугацаа 3 сараар хийгдсэн бөгөөд гүйцэтгэгч тал болох ******* ХХК-аас шалтгаалахгүй нөхцөл байдлаас гэрээ сунгагдаагүй цуцлагдсан тул манай компанийн зүгээс гэрээт ажилд зориулан бусдаас түрээслэн ашиглаж байсан 2 ширхэг экскаватор, 6 ширхэг өөрөө буулгагч машин, нийт 8 ширхэг техникийг уурхайн талбайд үлдээсэн.

1.3. Дээрх 8 ширхэг техник нь ******* ХХК-ийн БНХАУ-ын ******* компани-тай 2024 оны 04 сарын 14-ний өдрийн NTJCK2024/04 дугаартай Түрээсийн гэрээ-гээр түрээсэлсэн, Монгол Улсын гаалиар ******* ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн тус компанийн эзэмшлийн хөдлөх эд хөрөнгө юм.

1.4. Нэхэмжлэгч 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 25/12 дугаартай албан бичгээр хариуцагч ******* ХХК-д хууль бус өмчлөлд байгаа 8 ширхэг техникүүдийг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн боловч ямар ч хариу ирүүлээгүй тул ******* ХХК нь дээрх 8 ширхэг техникийг өөрийн эзэмшлийн *******ын нутагт орших ******* нүүрсний уурхайн талбайд эзэмшиж буй тул хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* ХХК-тай манай компани нь 2024 оны 06 сарын 05-ны өдөр 24/02 тоот Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г 3 сарын хугацаагаар байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь хариуцагчийн *******анд байршилтай ******* нүүрсний уурхайд нүүрс олборлолтын ажлыг захиалагч талын хамтран ажиллагч ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын *******ХХК-ийн заасан агуулах, овоолго дээр нүүрсийг гурван төрлөөр ангилан ялгаж олборлох, гэрээний хугацаанд манай компанийн кемпийг холбогдох эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн хамт ашиглах гэрээ байгуулсан.

2.2. ******* ХХК нь 2025 оны 02 сарын 10-ны өдөр ирүүлсэн 25/12 тоот албан бичиг нь манай компанийн зүгээс гэрээт ажилд зориулан бусдаас түрээслэн ашиглаж байсан 2 ширхэг экскаватор, өөрөө буулгагч машин 6 нийт 8 ширхэг техникийг манай уурхайн талбайд үлдээсэн гээд тухайн техник нь манай компанийн БНХАУ-ын ******* компанитай 2024 оны 04 сарын 14-ний өдрийн NTJCK2024/04 дугаартай Түрээсийн гэрээ-ээр түрээсэлсэн Монгол Улсын гаалиар ******* ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн ******* ХХК-ийн эзэмшлийн хөдлөх хөрөнгө юм гэсэн агуулгатай байсан ба тухайн техникүүдийг 2025 оны 02 сарын 24-ний өдрийн дотор ******* ХХК-д хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн байсан.

2.3. Хариуцагчаас хариу албан бичгийг 2025 оны 02 сарын 19-ний өдөр ******* ХХК-д илгээсэн ба уг албан бичгээр ерөнхий гүйцэтгэгч компанийн зөвшөөрөлгүйгээр уурхайн талбайгаас техникүүдийг гаргах боломжгүйг уламжилсан.

2.4. Учир нь тус техникүүд ******* ХХК-ийн нэр дээр гаалиар орж ирсэн боловч тус техникүүдийг эзэмших жинхэнэ эзэмшигч нэхэмжлэгч биш юм. Нэхэмжлэгч нь БНХАУ-ын *******ХХК-аас зээлсэн 1,097,200 юанийн зээлээ огт төлөөгүй энэхүү мөнгөөр худалдан авсан зээлийн барьцаа болох техникүүдийг өөрийн нэр дээр гаалиар оруулж ирэн гэрчилгээ авсныгаа тухайн техникүүдийн жинхэнэ өмчлөгч гэж тодорхойлж байгаа нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.

2.5. ******* ХХК нь зээлийн төлбөрөө бүрэн биелүүлээгүй, үүргийн харилцаа дуусаагүй байхад жинхэнэ өмчлөгч гэж өөрийгөө тодорхойлон техникүүдийг шаардах эрхгүй. Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11,6.1.12-т зааснаар авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулах, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах бүрэн эрхийн хүрээнд улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн бүртгэх, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар нөхөн олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг.

2.6. Эндээс үзвэл тээврийн хэрэгслийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийг үүсгэж, дуусгавар болгох зорилго бүхий бүртгэл гэхээс илүүтэй тухайн улс оронд эзэмшиж ашиглаж байгаа аюултай эд хэрэгсэл болох тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, хаана хэрэглэж байгаа, хэнд хамааралтай эд хөрөнгө болохыг тогтоох, энэ талаар мэдээллийн сан үүсгэж хяналт тавих зорилготой төрөлжсөн бүртгэлд хамаардаг.

Иймд өөрийн нэр дээр гэрчилгээ авснаар жинхэнэ өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч нь 3 экскаватор, 6 хүнд даацын техникийг манай компаниас шаардах эрхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн Lonking LG6550 маркийн, ******* ММА улсын дугаартай экскаватор, XCMG.XE490DK маркийн, ******* ММА улсын дугаартай экскаватор,

TONLY.TL875B маркийн, ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, LINGONG.MT86H маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагчийг тус тус хариуцагч ******* ХХК- ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,798,223 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 3,728,023 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******" ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч ******* ХХК- аас орчуулагчийн ажлын хөлс 250,000 төгрөгийг гаргуулж, ******* төвд байрлах, ******* ХХК /РД:*******/-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэнгүй. Учир нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* ХХК болон БНХАУ-ын *******ХХК-ийн хооронд байгуулагдсан Ипотекийн зээлийн гэрээ мөн хятадын компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн гэрчийн мэдүүлгийг огт хэрэгсээгүйд гомдолтой байна.

4.2. Уг гэрээгээр манай компанийн уурхай дээр ******* ХХК нь нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулах түүнд зориулж БНХАУ-ын *******ХХК шаардлагатай тоног төхөөрөмжөө хил гаалиар нэвтрүүлэн зээл олгож, зээлийн эргэн төлөлтийн баталгаанд нэр бүхий техникүүдийг манай эзэмшилд байлган барьцаалах зэрэг харилцааг зохицуулсан үйл баримтыг үнэлсэнгүй.

4.3. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/09310 дугаар шүүхийн шийдвэрийг хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. ******* ХХК нь өөрийн өмчлөлийн 2 экскаватор, 6 ширхэг өөрөө буулгагч техникийг хариуцагчийн эзэмшлийн уурхайн компаниас авч чадахгүй жил гаруй хугацаа өнгөрсөн. Хариуцагч тал өмчлөлийн талаар маргадаггүй.

5.2. ******* ХХК болон БНХАУ-ын *******ХХК-ийн хооронд Хятад улсад байгуулагдаж байсан ипотекийн зээлийн гэрээ гэх нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гаргаж өгдөг. Уг гэрээг Хятад улсад хуулийн дагуу байгуулсан бөгөөд Хятад улсад үйлчлэх гэрээ. Учир нь тухайн гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд Хятад улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж харилцан тохиролцсон гэрээг нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн үеийн нөхцөл байдлын улмаас дээрх гэрээ хэрэгжээгүй. БНХАУ-ын *******ХХК нь тухайн гэрээний шаардлага, тухайн гэрээтэй холбоотойгоор аливаа хэлбэрээр шаардах эрхийг хариуцагч компанид шилжүүлсэн.

5.3. Тухайн 8 техникийг уурхайн талбайгаас гаргаж болохгүй, барьцаалж байгаарай гэх байдлаар шаардах эрхээ шилжүүлсэн баримт байхгүй. Ямар ч үндэслэлгүйгээр, нотлох баримтгүйгээр өөрсдийн эзэмшлийн талбайгаас гаргаж өгөхгүй байгаа нь Иргэний хуулийн зохих зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч татгалзлаа нотолж чаддаггүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Лонкинг /lonking/ LG6550 маркийн, ******* ММА улсын дугаартай экскаватор, XCMG.XE490DK маркийн, ******* ММА улсын дугаартай экскаватор, TONLY.TL875B маркийн, ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, LINGONG.MT86H маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч нь хариуцагч байгууллагын нэр дээр анх бүртгэгдсэн;

 

3.2. Талуудын хооронд 2024 оны 06 сарын 05-ны өдөр 24/02 дугаартай Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөрс хуулах ажлыг гүйцэтгэх зорилгоор 8 ширхэг техникийг ******* ХХК-ийн эзэмшлийн *******ын нутагт байрлах Цайдам нуур-ын нүүрсний уул уурхайн талбайд 2024 оны 04 сарын 13-ны өдрөөс мөн оны 10 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ажил гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллага эзэмшилдээ байлгаж байгаа үйл баримтад талууд маргаагүй.

 

4. Анхан шатны шүүх Лонкинг /lonking/ LG6550 маркийн, ******* ММА улсын дугаартай экскаватор, XCMG.XE490DK маркийн, ******* ММА улсын дугаартай экскаватор, TONLY.TL875B маркийн, ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, TONLY.TL875B маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч, LINGONG.MT86H маркийн ******* ММА улсын дугаартай өөрөө буулгагч техникийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь ... 2024 оны 06 сарын 05-ны өдөр Нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ******* ХХК-ийн эзэмшлийн *******ын нутагт байрлах ******* нүүрсний ил уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор өөрийн эзэмшлийн 8 ширхэг техникийг ажиллуулж дуусахад манай техникийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Улмаар 8 ширхэг техникийг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй гэж, хариуцагч тал ... 8 ширхэг техник нь манай компанийн хамтран ажиллагч Ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын *******ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө тул ерөнхий гүйцэтгэгч компанийн зөвшөөрөлгүйгээр уурхайн талбайгаас техникүүдийг гаргах боломжгүй гэж тус тус тайлбарласан.

 

4.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч хөрөнгийг бодитоор эзэмшиж байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай.

Нэхэмжлэгчээс БНХАУ-ын ******* компанитай 2024 оны 04 сарын 12-ны өдрийн NTJCK2024/04 дугаартай Түрээсийн гэрээгээр 2 ширхэг экскаватор, 6 ширхэг өөрөө буулгагчтай машиныг түрээслэхээр тохиролцсон гэж дурдсан байна.

Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч байгууллага нь 8 ширхэг техникийг хууль ёсоор эзэмшилдээ байлгаж байгаа нь үйл баримт тогтоогдохгүй, мөн уг 2 ширхэг экскаватор, 6 ширхэг өөрөө буулгагч техник нь ******* ХХК-ийн өмчлөлийн техник байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

4.3. Хариуцагч нь маргааны зүйл болсон 8 ширхэг техникийг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн барьцаа хөрөнгө гэж тайлбарлах боловч хэрэгт нотлох баримтаар гаргасан ******* ХХК болон БНХАУ-ын *******ХХК-ийн хооронд байгуулагдсан Ипотекийн зээлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүйн зэрэгцээ хариуцагч байгууллага бусад хуулийн этгээдээс нэхэмжлэгчийн хөрөнгийг саатуулан барих эрхийг олгосон үйл баримтыг нотлоогүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/09310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.НЯМСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД  Н.ОЮУНТУЯА

 

 

С.ЭНХБАЯР