Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 710

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн,

улсын яллагч Б.ЭнхБат,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Бын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0275 80905 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Бын А нь Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар тогтоогдсон гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29 дүгээр гудамжинд иргэн Ж.Еыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:

2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө эхнэрийн хамт караокед орж, тэндээсээ гараад 21-ийн орчмоос гэр рүүгээ харихаар такси барьсан. Такситай явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр гудамж руу баруун эргэ гэхэд зүүн тал руугаа эргэчихээр нь жолоочийг буруу эргэлээ гэхэд машинаасаа бууж ирээд намайг барьж авахаар нь би гараараа хоёр удаа нүүрэнд нь цохисон. Тэгээд гэртээ байж байхад цагдаа ирээд намайг барьсан. 150.000 төгрөгийн хохирол хохирогчид нөхөн төлсөн гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0275 80905 дугаартай хэргээс судалсан нотлох баримтууд:

  1. Хохирогч Ж.Еы мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 5 дугаар сарын 12-ны орой эхнэр Бахын хамт өөрийн 09-60 БӨА улсын дугаартай Эстима маркийн машинтай гэрлүүгээ явж байсан чинь зам дээр нэг залуу хүүхэн хоёр гар өргөөд такси барих гээд зогсож байхаар нь би тэр хоёрыг авсан юм. Тухайн залуу нь 30 орчим насны өндөр нуруутай, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байсан. Тэгээд машинд суугаад эхнэрээ зодож цохиод хоорондоо муудалцаад байхаар нь би одоо больчих гэж хэлсэн чинь намайг битгий хуц пизда минь, чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Гэр лүү нь явж байтал зам хоёр салахаар нь аль замаар явах вэ гээд асуусан чинь пизда минь зааж өгсөн замаар явж чадахгүй байна уу гэхээр нь би машинаа зогсоогоод “би энэ замаар явж чадахгүй, буучих” гэж хэлсэн чинь тэр залуу машинаас бууснаа намайг буугаад ир гэж хэлэхээр нь буугаад очсон чинь тэр залуу намайг хоёр удаа гараараа миний толгойны зүүн талын шанаа руу манартал цохисон. Тэгээд манай эхнэр болиоч гээд тэр залууг бариад авсан чинь тэр залуу дахиад цохиход нь би бүр манарсан. Тэр залуу гартаа овор ихтэй чулуу барьсан байх шиг байсан. Тэгсэн манай эхнэр хоёр удаа тэр залууг алгадаад чаддаг юм бол намайг зод, наад гартаа байгаа юмаа хаячих, чи хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн миний толгойны хажуу тал аймар хавдсан байсан. Миний биед учирсан гэмтлийг миний машинд эхнэртэйгээ суусан залуу гартаа юм барьж байгаад 3 удаа цохиж энэ гэмтлүүдийг учруулсан. Би гомдолтой байна. Нэхэмжлэлээ баримтаар гаргана. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

-2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн:

“...Би А гэдэг залууд зодуулснаас болж 3 дугаар эмнэлгийн Бчулуун гэдэг эмчээр тархи, судасны эмчилгээ 150.000 төгрөгөөр хийлгэсэн. Уг мөнгийг нэхэмжилж байна. Эмчилгээний мөнгийг өгчихвөл надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэгийн 12 дугаар тал),

2. Гэрч Х.Бахытын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд нөхөр бид хоёр хамт гэрлүүгээ явж байгаад Толгойтын зам дээрээс эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гараа өргөж байхад нь нөхөр зогсоод тэр хоёрыг авсан. Тэр хоёр хүн хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, замд явж байхдаа эхнэрээ цохиж аваад, чи уусан гэсэн юм яриад загнаад байсан. Тэр залуугаас хаашаа явах вэ гэсэн чинь тэр залуу гудамжин дундуур замаа өөрөө зааж өгөөд явсан. Манай нөхөр Е одоо дүү нар хаашаа явах вэ гэсэн чинь чигээрээ яв, зам заагаад байхад явж чадахгүй гэж хэлэхэд Е буучих гээд хэлсэн чинь тэр залуу машинаас буугаад манай нөхрийн хаалгыг онгойлгоод чирээд машинаас буулгасан. Би машин дотроос харж байсан чинь Еы толгой руу нь 2 удаа цохиод авахаар нь би очоод одоо болно, наад хүн чинь хагалгаанд орж байсан юм гэж хэлээд хоёр удаа алгадаад салгасан чинь тэр залуу гартаа атгасан байсан юмаа хаясан. Тэгсэн эхнэр нь машинаас бууж ирээд тэр хоёр яваад өгөхөөр нь нөхөр бид хоёр араас нь очоод цагдаад дуудлага өгсөн. Еы шанаа толгой нь хавдсан, толгой өвдөөд байна гэж хэлээд байсан. Еыг тэр залуу хоёр удаа толгой руу нь цохисон. Б.А гэдэг залууг би хоёр удаа алгадсан. Е тэр залууг зодоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),  

 

3. Гэрч Г.Соёл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн зам дээрээс нөхөр Агийн хамт такси барьсан. Тухайн үед нөхөр А бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн, би нилээн хэрэглэсэн согтуу байсан юм. Би таксинд суугаад согтоод юу болсныг мэдэхгүй байгаа, шөнө 04 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа унтаж байсан, нөхөр А байхгүй байсан. Тэгсэн манай ээж Б.А таксины жолоочтой маргалдаад цагдаа нар аваад явсан гэж хэлсэн. Би юу болсныг мэдээгүй. Манай нөхөр Б.А 2009 оноос 2010 оны хооронд Блан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуулийг төгсөж, 032 дугаар ангид буудагчаар ажиллаж байгаад 2018 оны 4 дүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, нүдний эмчилгээ хийлгэж байгаа. Хөдөлмөрийн чадвараа 68 хувь алдаж тэтгэмж тогтоолгосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

4. Шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 5 дугаар сарын 13-нд шилжих шөнө Толгойтын 65 дугаар сургуулийн зам дээрээс эхнэр Соёл-Эрдэнэтэй хамт такси барьсан юм. Тухайн үед бид хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, гэрлүүгээ явж байсан. Таксинд явж байхад эхнэр бөөлжөөд байхаар нь би бөөлжихөө болиочээ гэж хэлээд ганц хоёр удаа дугтарсан. Тэгээд таксины жолоочид гэртээ очих замаа зааж өгөөд явж байсан юм. Тухайн үед таксины жолооч эхнэр гээд эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Таксины жолооч манай гудамжны үзүүрээр эргээд баруун эргэ гэсэн чинь зүүн эргээд явчихаар нь би буруу явчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь машинаа зогсоогоод машинаасаа буугаад намайг заамдаж аваад машинаасаа буулгасан. Би таксины жолооч ахыг гараараа хоёр удаа шанаа хэсэг рүү нь цохисон. Таксины жолооч бас миний толгой нүүр хэсэгт цохисон. Тэгсэн эхнэр нь ирээд намайг хоёр удаа алгадаад салгасан. Би эхнэрээ дагуулаад гэрлүүгээ орсон. Тэгсэн удаагүй цагдаа ирээд намайг дүүргийн цагдаа руу авч явсан. Тухайн үед би ч гэсэн таксины жолоочид цохиулсан. Гэхдээ гэмтэл бэртэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Таксины жолоочтой үл ялих зүйлээс болж маргалдаж зодолдсондоо харамсаж байна. Таксины жолоочид учирсан хохирлыг арилгаж, эмчилгээний мөнгийг өгөх болно. Би гараа зангидаж байгаад л хоёр удаа цохисон. Тэрнээс гартаа ямар нэгэн юм бариагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5917 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний доод зовхинд тархмал хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн нүдний гадна хэсэгт 0.5х0.6см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, зулгаралтын эргэн тойронд 3.5х4.0см хавдаж овойсон тэмтрэхэд эмзэглэлтэй.

ДҮГНЭЛТ: Ж.Еы биед зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний булангийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.  шинжээч О.Болороо ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал),

6. Шүүгдэгч Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр тал),  оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар тал),  2018 оны 1-4 сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дүгээр тал), Б.Агийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг 69 хувиар 2018 оны 8 дугаар сарын 07-ноос 2019 оны 8 дугаар сарын 07-ныг дуустал хугацаанд тогтоосон Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 49 дүгээр тал) Б.Алтансүхийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 36-39, 50 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч Ж.Е, шүүгдэгч Б.А нарын хүсэлт (хавтаст хэргийн 45-46 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Б.А нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183 дугаар тогтоолоор шийдвэрлэж,  эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29 дүгээр гудамжинд иргэн Ж.Еыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь тус дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Агийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29 дүгээр гудамжинд такси үйлчилгээнд явж байсан иргэн Ж.Еыг зааж өгсөн замаар явсангүй, буруу замаар явлаа гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-Хохирогч Ж.Еы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...2019 оны 5 дугаар сарын 12-ны орой эхнэр Бахын хамт өөрийн 09-60 БӨА улсын дугаартай Эстима маркийн машинтай гэрлүүгээ явж байхад зам дээр нэг залуу, хүүхэн хоёр гар өргөөд такси барих гээд зогсож байхаар нь би авсан. Тухайн залуу нь 30 орчим насны өндөр нуруутай, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...Гэр лүү нь явж байтал зам хоёр салахаар нь аль замаар явах вэ гээд асуусан чинь пизда минь зааж өгсөн замаар явж чадахгүй байна уу гэсэн. ...би машинаа зогсоогоод “би энэ замаар явж чадахгүй, буучих” гэж хэлсэн чинь тэр залуу машинаас бууснаа намайг буугаад ир гэсэн. ...буугаад очсон чинь тэр залуу намайг хоёр удаа гараараа миний толгойны зүүн талын шанаа руу манартал цохисон. ...манай эхнэр болиоч гээд тэр залууг бариад авсан чинь тэр залуу дахиад цохиход нь би бүр манарсан. Миний биед учирсан гэмтлийг миний машинд эхнэртэйгээ суусан залуу гартаа юм барьж байгаад 3 удаа цохиж энэ гэмтлүүдийг учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

-Гэрч Х.Бахытын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Толгойтын зам дээрээс эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гар өргөж байхад нь нөхөр зогсоод тэр хоёрыг авсан. Тэр хоёр хүн хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ...Манай нөхөр Е одоо дүү нар хаашаа явах вэ гэсэн чинь чигээрээ яв, зам заагаад байхад явж чадахгүй гэж хэлэхэд Е буучих гэж хэлсэн. Тэр залуу машинаас буугаад манай нөхрийн хаалгыг онгойлгоод чирээд машинаас буулгасан. Еы толгой руу нь 2 удаа цохиод авсан. ...Еыг тэр залуу хоёр удаа толгой руу нь цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал), 

-Шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...эхнэр Соёл-Эрдэнэтэй хамт такси барьсан юм. Тухайн үед бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...таксины жолоочид гэртээ очих замаа зааж өгөөд явж байсан. ...манай гудамжны үзүүрээр эргээд баруун эргэ гэсэн чинь зүүн эргээд явчихаар нь би буруу явчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь машинаа зогсоогоод машинаасаа буугаад намайг заамдаж аваад машинаасаа буулгасан. Би таксины жолооч ахыг гараараа хоёр удаа шанаа хэсэг рүү нь цохисон. ...Би гараа зангидаж байгаад л хоёр удаа цохисон. Тэрнээс гартаа ямар нэгэн юм бариагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5917 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын харилцан үл ойлголцол, шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, биеэ зохисгүй авч явсан байдал зэрэг нь нөлөөлжээ.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.Еы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Аг  дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.Еы бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын баримт ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Б.А хохирогч Ж.Ед 150.000 төгрөг нөхөн төлсөн талаар хэн аль нь мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Б.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч  гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх  дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А нь өмгөөлөлдөө улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй, түүний хувийн байдал буюу хөдөлмөрийн чадвар алдалт нь 69 хувиар тогтоогдсон эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн орлогыг нь харгалзан торгохыг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Агийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ж.Ед төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд  Б.Ад авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА