Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01655

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/06024 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

    Хариуцагч *******ХХК, *******нарт холбогдох

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 100,485,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: үнэт эдлэлийг худалдах дэлгүүрийн

1.1.Би Туркийн Сетте жевелс /Sette jewels/ брэндийн лого, нэр, тэмдгийг өөрийн франчайз эрхийн хүрээнд ашиглах загвар хийцтэй интерьерийн зургийг ******* ХХК-аар захиалан хийлгэж, үүний дагуу Улаанбаатар их дэлгүүрийн нэг давхарт түрээслэх талбайд тавилгын ажлыг гүйцэтгүүлэхээр хэд хэдэн газраас үнэ, хугацааны мэдээлэл авсан.

2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр *******ХХК-ийн дизайнертай Улаанбаатар их дэлгүүрт уулзаж энэ байрлалд хийлгэх лангууны зургаа үзүүлж ярилцсан ба 20,000,000 төгрөгөөр ажлыг хийж 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дуусгаад 20-ны өдөр ажиллагаанд оруулахаар тохирсон. Урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр захирал *******ын дансанд шилжүүлсэн.

1.2.2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр захиалгаа очиж үзэхэд анх тохирсноос өөр байсан учир компанийн захирал, менежер *******нарт доголдлын талаар шаардлага тавьж, захиалгын зураглалын дагуу өөрчлүүлэхээр болсон. 12 дугаар сарын 04-09-ний өдрийн хооронд угсралтад маш их хугацаа зарцуулж угсарч байгаад хаяад явсан.

Ингээд бид өөрсдөө лангуугаа засаж, угсарч, 12 дугаар сарын 14-ний өдөр наймаа хийж эхэлсэн ч дутуу юмнуудыг засаж ерөнхийдөө 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгасан. Шилэн хорго болон лангуунууд цоожгүй ирсэн учир замган түгжээ 23 ширхэг, тавилгын цоож 26 ширхэгийг нийт 142,200 төгрөгөөр авч хийсэн. Ширээ болон урд хоргонуудын тавцан захиалсан өнгөнөөс өөр ирсэн учир дахин тааруулж нийт 228,500 төгрөгөөр хийлгэсэн. Урд хоргоны гүйдэг нугасыг түрдээ хажуугийнхаар хийе, зориулалтын хэвтээ нугас ирэхээр нь солино гэсэн боловч солиогүй, бүх тавилга татах бариулгүй зэргээс болж бүх цоож эвдрээд дахин сольж байна. Арын тольтой захиалсан боловч ирээгүй тул 210,000 төгрөгөөр толь авч хийсэн. Шилэн хорго нь ширээнээсээ хэт томдсон байсан тул 90,000 төгрөгөөр зүсүүлж тааруулж хасуулсан. Бусад шаардлагатай зүйлийг 106,300 төгрөгөөр авч өөрсдөө хийж анхны зурагтай дөхүүлсэн. Мөн лангууны тавцанг миний захиалсан өнгөөр хийгээгүй байсан тул үзэмжээ бодож 460,000 төгрөгөөр зургийн дагуух өнгөөр сольсон. Урд хоргоны төмөр рам хөл захиалсан боловч хийгээгүй байсан тул 900,000 төгрөгөөр төмөр авч зүсэж тааруулж хүнээр хийлгээд үйлдвэр дээр нь аваачиж өгсөн. Энэ мэт маш олон доголдлуудыг 2,137,000 төгрөг гаргаж материал авсан.

1.3.Улаанбаатар их дэлгүүрт түрээсэнд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 156,566 төгрөг, 12 дугаар сарын 01-30-ны өдрийг хүртэл 4,697,000 төгрөг, нийт 4,853,566 төгрөг төлсний 15 хоног хариуцагчийн хариуцлагагүй байдлаас болж борлуулалт хийж чадалгүй 2,348,500 төгрөгийн үр дүнгүй зардал гаргасан.

Миний бие худалдаа хийж эхэлсэн 2024 оны 12 дугаар сарын 14-31-ний өдрийг дуустал орсон орлогоо Хаан банк ХК-ийн ******* тоот дансны хуулгаас шүүж үзэхэд нийт орлого 122,738,787 төгрөг, үүнийг ажилласан 17 хоногт хуваавал 1 хоногийн 7,219,928 төгрөг байна. Үүний 54,738,787 төгрөг нь үнэт эдлэлүүдийн худалдаж авсан үндсэн үнэ бөгөөд үлдсэн 68,000,000 төгрөг нь миний цэвэр ашиг юм. Би өдөрт 4,000,000 төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой байсан. Хариуцагчийн хариуцлагагүй байдлаас болж хамгийн их орлого олдог 24 хоног худалдаа хийж чадаагүй бөгөөд хэрэв худалдаа наймаагаа хийж байсан бол 96,000,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан.

1.4.Гүйцэтгэх захирал *******10,000,000 төгрөгийг хувийн дансаараа авсан учир хамтран хариуцагчаар татсан.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан бодит хохирол болох доголдлуудыг зассан 2,137,000 төгрөг, түрээс, цахилгааны төлбөр 2,348,500 төгрөг, олох ёстой байсан орлого 96,000,000 төгрөг, нийт 100,485,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч захиалгын гэрээнд зааснаар урьдчилгаа 80 хувиа төлөөгүй ч манайх учир байдлыг нь ойлгоод тавилгаа зүсээд эхэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тавилга бэлэн болсныг хэлсэн. Нэхэмжлэгч 11 дүгээр сарын 22-ны өдөр ирээд төмөр хийлгэе гэсэн, өөрсдөө аваад ирвэл хийгээд өгье гэж бид хэлсэн, мэргэжлийн хүмүүсээс тусламж оруулаад нэмэлт тоноглол хийлгэсэн. Мөн хавтангуудаа зүсээд араар нь дсп хавтан хийснийг бодитоор нь харчихаад шилээр сольё гэсэн. Манайх дахиад л шил авч, сольж өгсөн. Бүтэн болсон тавилгаа бүхэлд нь хажуу тал, доод, дээд тавцангаар нь задалж байгаад ард нь шил хийдэг үйлдэл юм.

2.2.Бэлэн болсон тавилгаа 12 дугаар сарын 04-ний өдөр угсарч байхад тавиур цагаан байсныг өнгө нь таалагдахгүй байна гээд үйлдвэрээс саарлаар авчруулсан, саарал бас л авцалдахгүй байна гээд дахиад өөрсдөө захиалга өгсөн. Нийт 2, 3 удаа бүтэн угсралт, салгалт хийж маш их хугацаа алдсан бөгөөд өөрчлөлт орсон тухай бүр нэмэлт зардал аваагүй. Компанийн том захиалгын зураг дээр, "*******" компанийн зураг дээр нэг ч цоож, нугас, бариулын зураг байхгүй. Зургийг ******* нөхрийн хамт ярилцаж тохирсон. *******дээр очиж хэмжээ авсан. Хэвлэсэн тохирсон зураг ч гэсэн удаа дараа цахим хаягаар одоо яг болж байна гээд хүлээн зөвшөөрөөд байсан. Цоож хийх байсан бол манайх *******дээр 23 тавилгын хаалганы нугас, цоож гараар ухаж тэнд цаг алдахгүй байсан. Үйлдвэр дээр шууд автоматаар ороод гарах байсан.

Тавилгыг бүрэн гүйцэд, өөрийнх нь хэлснээр үнэ төлбөргүй өөрчлөлт оруулж хийж хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3.Ажил гүйцэтгэх гэрээ *******ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан, иргэн *******тай байгуулагдаагүй. *******ХХК нь *******ын дансаар дамжуулан төлбөр авсан тул *******төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

3.Хариуцагч *******ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь Улаанбаатар их дэлгүүрт байрлах үнэт эдлэл худалдах талбайд тавилга хийлгэхээр 22,000,000 төгрөгөөр ярилцаж тохиролцон 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******ын дансанд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 04-09-ний өдрүүдэд уг талбайд угсралт, суурилуулалт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш удаа дараа тавилгын үнийн дүнгийн үлдэгдэл 12,000,000 төгрөгийг авъя гэхээр тайлбар, шалтгаан хэлж хойшлуулдаг эсвэл утсаа авдаггүй, сүүлд утсаар ярихад шүүхдээд аваарай гэсэн.

Иймд *******ээс 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК, *******нарт холбогдох нэхэмжлэгч *******ийн 100,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-ийн 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ээс 10,000,000 төгрөг гаргуулж хариуцагч *******ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ээс 174,950 төгрөг гаргуулан хариуцагч *******ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 665,440 төгрөг, хариуцагчийн төлсөн 206,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

6.1.Нотлох баримтыг бодитой үнэлээгүй тухайд:

Шүүхээс нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан шаардлага, үндэслэлээ нотлох, баримтаа бүрдүүлж шүүхэд өгнө гэх нэхэмжлэгчийн үүргийн хүрээнд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудаар нотлоогүй гэж үзсэн.

Хэргийн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг зааснаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт эсхүл гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, үзлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

Нэхэмжлэгч дээрх үүргийн дагуу ******* ХХК-ийн тавилгын ажлын зураг, Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 01-13, 14-31-ний өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 241085 дугаартай түрээсийн талбайн гэрээ, түрээсийн төлбөр төлөлтийн хуваарь, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10,000,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээлэл, зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, захиалгат ажил /гүйцэтгэх ажлын нарийвчилсан мэдээлэл/, ажлын гүйцэтгэл гэрээ дүгнэсэн акт, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Сетте болон борлуулагчийн гэрээ, нэхэмжлэгчийн *******" фэйсбүүк хаягаас "*******ХХК-ийн албан ёсны цахим хаяг буян мебель пэйж хуудсаар, мөн утсаар, телеграм хаяг, вайбер хаягаар тус тус харилцсан байдлыг зураг, текст, видео бичлэг байдлаар, бичлэгүүдийг хуулсан диск -1 ширхэг өгч нотлох баримтаар хэрэгт хавсаргах хүсэлт өгсөн. Шүүхээс миний хүсэлтийг хангаж нэхэмжлэгчийн утсанд үзлэг хийж хэрэгт хавсаргасан.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа *******ыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улаанбаатар их дэлгүүрийн захирал *******, *******ХХК-ийн менежер *******, мужаан *******нарыг тус тус гэрчээр дуудаж мэдүүлэг авсан.

Эдгээр бүх баримт нь хэлцлийн гол нөхцөл, үүргийн явц, биелэлт, үр дүнгийн талаарх үйл баримтыг үнэн зөв бодитой тогтооход чухал ач холбогдол бүхий нотлох баримтууд билээ. Гэвч шүүх миний бүрдүүлсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар үнэлээгүй. Тухайлбал миний бие анхнаасаа "******* ХХК-аар захиалж хийлгэсэн ажлын зургаар л лангуу хийлгэх хүсэл зоригоо илэрхийлэн хариуцагчид захиалга өгсөн. Гэтэл шүүх миний гол баримт болох ажлын зургийг үнэлээгүй.

Хариуцагч тал миний зургийн дагуу хийлгэх саналыг зөвшөөрсөн учраас лангууг хариуцагч компаниар захиалж хийлгэхээр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн "*******" фэйсбүүк хаягаас *******ХХК-ийн албан ёсны цахим хаяг болох "буян мебель" пэйж хуудсаар харилцсан мэссэжээр /хх-99, 102, 120/ тогтоогддог, мөн хариуцагч тал уг зураглалын дагуу ажлыг гүйцэтгээгүй болох нь гэрч *******гийн мэдүүлэгт шүүгч: тавилга угсрагдаад танай баталгаажсан зураг, угсрагдсан тавилга адилхан байсан уу гэхэд гэрч: өөр байсан /хх-84, ар тал/, шүүгч: угсраад үйл ажиллагаа явуулж эхлэх үеийн тавилга зургаасаа өөр байсан юм уу гэж тодруулахад гэрч: тийм гэснээр /хх-85/, гэрч *******гийн мэдүүлэгт: өөр компанийн зураг ашиглаж байгаагүй өөрийн компанийн гаргасан зургийг ашигладаг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч: 11 дүгээр сарын 11-ний өдөр зургаа дуусгасан гэж хэллээ, энэ хаанаас хэн өгсөн зураг вэ, зурганд өөрчлөлт орсон гэдгийг хэн танд хэлсэн бэ гэхэд гэрч: 11 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаа нь орж манай дизайнер анхны зургаа гаргаж 11 дүгээр сарын 11-ний өдөр эцсийн байдлаар зургаа дуусгаж оруулсан гэдгээр, дизайнер *******тай 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14:22 минутад харилцсан вайбер дээр нэхэмжлэгч: уулзахдаа ярьсан хэмжээсүүд явж байгаа тэ гэхэд *******: тиймээ, ярьсан хэмжээсүүд явж байгаа гэдгээр, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******: хаана нь төмөр байх ёстой гээд байгаан та гэхэд нэхэмжлэгч: ажлын зургаа илгээгээд энэ ажлын зургийн дагуу байхад чи яагаад төмөргүй зураг өөрчилсөн юм бэ гэхэд *******: энэ угаасаа анх хараад та шал өөр зураг байхад окэй болж байна гэж яах гэж хэлсэн юм, би таныг болж байна гэхээр чинь оруулчихсан шүү дээ /хх-162 ар тал, 163/, мөн хэмжээ, өнгө, хийцлэл нь зөвшөөрсөн ажлын зургаас зөрсөн байсныг гэрч ******* ч хэлдэг /хх- 84, ар тал/, бусад баримтуудаар нотлогддог.

Гэтэл шүүхээс миний өгсөн баримтуудад бодитоор үнэлэлт өгөлгүй үр дүнгийн доголдол үүссэн гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй, хариуцагч анхнаасаа хүний өгсөн ажлын зургаар ажил гүйцэтгэж байгаагүй гэдгээ хэлсэн байхад шүүх үүнийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэлгүй нэг талыг барьж шийдвэр гаргасан. Хариуцагч ажлын зургийг дур мэдэн өөрчилсөн, ингэхдээ захиалагчаас зөвшөөрөл аваагүй, хэлж ярилцаагүй, үүнээс болж маргаан гарсан. Зургийг дур мэдэн өөрчилсөн тул ажлын үр дүн, түүний доголдол шууд сөргөөр нөлөөлнө. Ийм байхад шүүх доголдолтой ажил гүйцэтгэсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх шийдвэрийнхээ 4.1-д ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба талууд гэрээний үүргээ биелүүлээгүй бол захиалагч болон гүйцэтгэгч хэн аль тухайн гэрээний үүргийг болон учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн гол баримт болох ажлын зургийг огт үнэлээгүй. Үүнд анх яг ямар нөхцөлөөр гэрээ хийгдэж тухайн хэлцлийн яг юу нь зөрчигдсөн талаарх гол баримтыг үнэлж дүгнээгүй.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр хуульчилсан байх бөгөөд хэмжээ, норм, өнгө, хийцлэл нь зөрсөн буюу захиалагчийн өгсөн зургийг захиалагчид хэлэлгүй өөрчилж өнгө, хэмжээг нь алдагдуулсан учраас энэ нь доголдолтой ажлын гүйцэтгэлд тооцогдоно гэж үзэж байна.

Миний өгсөн ******* ХХК-иар захиалж хийлгэсэн ажлын зураг болон хариуцагч компанийн зөвшөөрөлгүй өөрчилсөн ажлын зураг хоёрыг харьцуулан харвал F6 лангууны өргөн 4790 байтал 4340 болгон өөрчилсөн, F3 тэмдэглэгээ бүхий хорго нь 600*600 байсан байтал 450*450 хэмжээтэй болгож өөрчлөн, F2 F4 лангуу хөл болон шилэн хоргонууд өөр өөр хэмжээтэй бөгөөд шилэн хоргоо нь 5 см бага хэмжээсээр хийгдэж суурилуулагдах байтал өөрчилсөн зураг дээрээ шууд үргэлж боллгож өөрчилсөн, F1 зураглал нь 1200 см хэмжээтэй хийгдэх байтал 1100 болгож өөрчилсөн, хар саарал байх байтал цайвар саарал болгож өнгийг нь өөрчилсөн байсан. Зураг өөрчлөгдсөн учраас захиалсан хэмжээ, өнгө хийц бүгд зөрсөн. Миний ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл бол илгээсэн ажлын зургийн дагуу захиалгаа авах байсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний захиалсан ажлын зургийг огт үнэлээгүй нь тэгш эрхийн зарчим, шударга ёсны зарим, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

6.2.Гэрээний гол нөхцөлийг зөв тодорхойлж чадаагүй тухайд:

Хариуцагч нараас ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн доголдол, түүний улмаас учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн гэх атлаа анх яг ямар нөхцөлөөр гэрээ хийгдэж тухайн хэлцлийн яг юу нь зөрчигдсөн буюу гэрээний гол нөхцөл юу байсан талаарх дүгнэлтийг зөв дүгнэж чадаагүй алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь шүүх шийдвэртээ хэрэгт авагдсан лангууны 2 ширхэг ажлын зургийн аль нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл буюу ажлын зураг болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын доголдолтой лангуу хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн байх бөгөөд мөн л дээр дурдсан баримтууд дээр нэхэмжлэгчийн хүсэлт зоригийн илэрхийлэл нь ажлын зураг бэлэн гэх ажлын зургийнхаа дагуу захиалгаа өгч байгаагаар тодорхойлогдож байдаг.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалгаар буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2 дахт хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд зохигчдын дунд ажлын зургийн дагуу захиалгат ажлыг 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр гэрээ хийгдсэн.

Гэтэл ажлын гол нөхцөл болох ажлын зургийн дагуу хийгдэх шилэн хорго захиалагчийн захиалснаас өөрөөр хийгдсэн болохыг хэрэгт авагдсан олон баримтуудаас харьцуулан дүгнэж, бодитой үнэлж чадаагүй. Хариуцагч компани гэрээний гол нөхцөл болох ажлын зургийг эхлэгчид хэлэлгүй өөрчилсөн болох нь харагддаг бөгөөд захиалагч захиалгын дагуу л лангуугаа хүсдэг. Тиймээс дахин хугацаа сунгаж өөрчлөх хүсэлт өгсөн боловч үр дүнд хүрээгүй улмаар хариуцагч ажлыг бүрэн гүйцэд хүлээлгэж өгөлгүй 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хаяад явсан үйл баримтууд хэргийн материалд хавсаргасан нотлох баримтуудаар нотлогддог.

Хэрэв шүүх ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн л бол гэрээний гол нөхцөл нь захиалагчийн захиалга буюу анх өгсөн бэлэн ажлын зургийн дагуу хийгдэх үнэт эдлэлийн лангуу гэж үзнэ. Учир нь захиалагчийн хүсэл зоригийн илрэхийлэл мөн түрээсийн талбайн захирлын зөвшөөрлөөр тавигдах лангууг нэхэмжлэгч дангаараа дур мэдэн өөрчлөх боломжгүй болох нь гэрч *******гийн мэдүүлгээс харагддаг. Мөн дизайнер *******ч зургийг сольсон таныг зөвшөөрч байна гэж андуурч бодоод оруулсан гэх харилцан яриа байдаг. Эдгээр хоёр ажлын зураг хоорондоо адил төстэй бөгөөд хэмжээсүүд 50-100 см зөрүүтэй хийгдсэн байсан бөгөөд ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй. Дур мэдэн зураг өөрчлөх ёсгүй, хэрэв өөрчлөх бол заавал мэдэгдэх, зөвшилцөх ёстой байсан. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т захиалагчид нэн даруй мэдэгдэх нөхцөл байдлуудыг гүйцэтгэгчид үүрэг болгосон байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн захиалагчийн захиалсан гэрээний гол нөхцөлөөр хийгддэг онцлогтой тул гүйцэтгэгч дур мэдэн солих өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй. Тодорхой бус нөхцөлд тодорхой бус хариултыг хоёрхон үгээр авчихаад үүнийгээ зөвшилцсөн гэж үзэж болохгүй юм.

6.3.Мөн шүүх хэргийн материалд байгаа нотлох баримтуудыг судлан шинжлээд үнэлэхдээ Дээрх талуудын харилцан яриа, чатаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээгээр тухайн тавилга буюу лангууг ямар зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхээр тогтсон нь тодорхой бус байна. Хэрэгт авагдсан лангууны 2 ширхэг ажлын зургийн аль нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл буюу ажлын зураг болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын доголдолтой лангуу хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ гэсэн, өөрөөр хэлбэл аль зургаар захиалга өгснийг тодорхойлж чадаагүй мөртлөө хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй юм. Хэрэгт 2 ажлын зураг байгаа, аль нь гэрээний зүйл болох нь тодорхой бус байгаа нөхцөлд хариуцагч гэрээний нөхцөлийг хангаж, үүргийг биелүүлсэн гэж үзэх нь үндэслэлгүй буюу хариуцагчийн хийсэн ажлыг зургийг нэхэмжлэгч зөвшөөрсөн, зөвшилцсөн гэдэг нь нотлогдоогүй байхад сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Мөн гаргасан ажлын зургийн дагуу хийгдсэн эсэх өөрөөр хэлбэл доголдолтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхөд тусгай мэдлэг шаардагдсан бол мэргэжлийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлага үүссэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах боломжтой байсан гэж үзэж байна.

6.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/Ш32025/22981 дугаар захирамжаар миний утсанд байх тухайн хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг баримтжуулсан 4 төрлийн бичлэгийг нотлох баримтын шаардлагаа хангасан хэлбэрээр цагаан өнгийн Си-дид хуулж хэрэгт өгснийг үзлэг хийж бэхжүүлэхээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Уг баримтууд доторх бичлэгт 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед хариуцагч яг ямар ажлын үр дүнг хэрхэн орхиод явсныг баримтжуулсан байсан. Гэвч уг баримтад үзлэг хийх шүүгчийн захирамж хангагдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заагдсан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэж ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн, мөн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1.Шүүх хуралдааны явцад *******ийн гаргасан хүсэлтүүдийг шүүх удаа дараа хангаж шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэгч сидины талаар дурдаж байгаагүй.

7.2.Талууд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. Нийт захиалгын урьдчилгаа 80 хувийн төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд захиалагчид өгөх бүтээгдэхүүний материалыг зүсэж бэлтгэдэг. Энэ талаар нэхэмжлэгч *******т тайлбарласан. Мөн ******* урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө *******ХХК-ийн дизайнер яаралтай захиалга авах боломжгүй талаар түүнд тайлбарласан байдаг. Хэрэв ******* гүйцэтгэх ажлын урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлсэн бол манай компани дотоод журмын дагуу хурдан хугацаанд захиалгыг хийж гүйцэтгэх байсан. Гүйцэтгэх ажлын урьдчилгаа төлбөр 18,000,000 төгрөг бөгөөд ******* өөрт байх 12,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг өгье гэх агуулгаар зурвас бичсэн. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч *******ийг урьдчилгаа төлбөр шилжүүлээгүй байхад *******ХХК-ийн менежер дур мэдэн захиалгыг хүлээж авсан үйл баримт хэрэгт авагдсан.

7.3.Нэхэмжлэгч нь ******* ХХК-аар дотоод заслын зураг, төсөл хийлгүүлж манай компанид хүлээлгэж өгсөн. Тухайн дотоод заслын зураг төслийн нүүр хэсэгт үнэт эдлэл, шилэн хорго болон доод талд байрлах хаалганд цоож, түлхүүр, бариулын зураг байгаагүй. Тавилгыг хүлээлгэж өгөхөд ******* нь цоож, бариулгүй байна гэж хэлсэн бөгөөд захиалгын зурагт цоож, бариул байгаагүй, энэ талаар мэдэгдээгүйг тайлбарлахад нэхэмжлэгч асуух юу байгаа юм, чи санаачилгаараа цоож хийх ёстой байсан гэх утга бүхий зурвас вайбераар явуулсан.

Мөн таалагдахгүй байна гэж удаа дараа засаж янзлуулах хүсэлт гаргадаг бөгөөд хариуцагчийн зүгээс 6 удаа засаж өгсөн, төлбөр аваагүй. ******* *******ХХК-ийн үйлдвэрт удаа дараа ирж танай газрыг лайв хийж дэлгэнэ, ажилтантай харилцахгүй, зөвхөн захиралтай харилцана гэх утгатай зүйлсийг ярьж, маргаан үүсгэдэг байсан. Компанийн зүгээс *******ийн урьдчилгаа төлбөрийг буцаан өгч, захиалгыг цуцлах талаар хэлэлцэхэд танайхыг лайв хийж дэлгэнэ, би Улсын Их Хурлын гишүүн Нарагийн найз гэх байдлаар маргаан үүсгэсэн. Манай компани ******* шиг үйлчлүүлэгчтэй анх удаа учирч байна.

Манай компани 1 баг 3 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн болсон тавилгыг угсардаг. *******ийн ёс зүйн асуудлаас үүсэж 9 хүний бүрэлдэхүүнтэй 3 баг Улаанбаатар их дэлгүүрт захиалсан тавилгыг угсарч өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь ажилчдаар нэмэлт ажил үнэ төлбөргүй хийлгүүлсэн. Тухайн тавилгуудад 18 цоож суулгаж өгсөн, 5 цоож суулгаж өгөөгүй явсан. Хэрэв ******* нь ******* ХХК-ийн бэлтгэсэн дотоод заслын зураг төсөлд өөрчлөлт оруулахгүй захиалга өгсөн бол тухайн тавилгад гар аргаар засвар хийж цаг хугацаа алдахгүй байсан. Маргаан бүхий тавилгын тавцан цагаан өнгөтэй байх эсэх талаар нэхэмжлэгч *******ээс лавлахад болж байна гэж хариу өгдөг бөгөөд тавилгыг хүлээлгэж өгөхөд тавцангийн өнгийг саарал өнгөөр солих шаардлага тавьсан.

Нэхэмжлэгч ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзсэн. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Энэ талаар Улаанбаатар их дэлгүүрийн захирал ******* гэрчээр мэдүүлэг өгөхдөө манайх их дэлгүүр учраас тодорхой хэмжээний стандартын шаардлага тавигддаг гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч *******ийн түрээсэлж байгаа талбайн тохижилтын талаар шаардлага тавьсан эсэхийг тодруулахад тавиагүй гэж хариулдаг. ******* нь *******ХХК-ийн хийж гүйцэтгэсэн тавилгыг бүхэлд нь өөрчилж засварласан зүйл байхгүй.

7.4.******* нь бүтээгдэхүүн зарж, борлуулдаг ажил хийдэг. Нэхэмжлэгч нь хариуцагчаас шалтгаалж олох ёстой байсан орлогын үр шимийг хүртээгүй гэх үйл баримт байхгүй бөгөөд энэ талаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч захиалга хүлээлгэж өгөх хугацаа алдсан талаар нэхэмжлэлдээ дурддаг. ******* нь захиалгын урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэх төлбөрийг бартераар төлж болох талаар асууж, туслаач хэмээн гуйж байсан. *******ХХК нь өөрсдөөс шалтгаалах бүх төрлийн арга хэмжээг авсан. ******* нь өөрийн цахим хаягт би 10 жил мөрөөдсөн салбараа нээсэн гэж *******ХХК-ийн хийж гүйцэтгэсэн тавилгын урд зогссон бичлэгийг нийтэлсэн байсан. Нэхэмжлэгч тохиролцсон ажил үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй хэр нь би 100,000,000 төгрөгийн орлоготой гэж олон нийтийн сүлжээнд нийтэлж байна. Мөн ******* нь Алтжин Бөмбөгөр дэлгүүрт 2 лангуу ажиллуулдаг бөгөөд 12 дугаар сарын 09-ний өдөр буюу захиалгыг хүлээлгэж өгснөөс 4 хоногийн дараа өөрийн цахим хаягт дэлгүүрийн хаягийг *******болгож өөрчилсөн. Нэхэмжлэгч ашиг орлого олоогүй гэх хугацаанд 20,000,000 гаруй төгрөгийн орлого олсон үйл баримт байдаг.

Талууд гэрээний үнийг 22,000,000 төгрөгөөр тохиролцсон ба үүнээс нэхэмжлэгч ******* нь 12,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 2,000,000 төгрөгийн засвар үйлчилгээний төлбөрийг хасаж, үлдэх 10,000,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс маргах зүйлгүй. Талуудын хийсэн хэлцлийн дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр, хөлсийг нэхэмжлэгчээс гаргуулах саналтай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК, *******нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 100,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч *******ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.******* нь Улаанбаатар их дэлгүүрт байрлах түрээсийн талбайд үнэт эдлэлийн лангууны тавилга хийлгэхээр 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр *******ХХК-ийн цахим хуудсаар холбогдон, ажлын зургаа илгээж, *******ХХК уг ажлыг гүйцэтгэж 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэж өгөх, ******* 20,000,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

*******ээс 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөгийг *******ХХК-ийн захирал *******ын дансанд шилжүүлснээр *******ХХК уг ажлыг эхлүүлсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

 

4.*******ХХК нь тавилгыг хийж дуусгасан талаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******т мэдэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Гэвч ******* нь тавилгыг зургийн дагуу хийгээгүй учир засуулна гэх шаардлага тавьж, *******ХХК-ийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нэмэлт ажил хийж Улаанбаатар их дэлгүүрт угсарсан байх ба ажлын үр дүн доголдолтой эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан.

 

4.1.Нэхэмжлэгчээс ажлын зургаа 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчид цахимаар илгээсэн байх ба уг зураг нь хэрэгт хавсаргагдсан ******* ХХК-ийн хийсэн Sette jewels дэлгүүрийн интерьерийн ажлын зураг мөн болохыг хариуцагч маргаагүй.

Уг ажлын зурагт тусгагдсанаар лангуунууд төмөр рамтай байх ба хариуцагч төмөр рамыг хийгээгүй, тэрээр түүний илгээсэн төмөр рамгүй зураг дээр нэхэмжлэгч яг болж байна гэсэн зурвас бичиж зөвшөөрсөн гэж маргажээ. Талуудын 11 дүгээр сарын 09, 11-ний өдрүүдэд цахимаар харилцсан зурваст нэхэмжлэгч нь хаягийн зураг явуулахыг хүссэний дагуу хариуцагчаас зураг илгээсэн, үүнд нэхэмжлэгч яг болж байна гэсэн зурвас бичсэнээс үзвэл, уг зурвас лангууны төмөр рамтай холбоогүй байна. Улмаар нэхэмжлэгч төмөр рамыг өөрөө бэлдэж 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн байна.

 

4.2.Түүнчлэн ажлын зурагт шилэн хоргын хэмжээ 1250, ширээний хэмжээ 1350, арын тавилгын хэмжээ 1600 байх боловч шилэн хорго 1350, арын тавилга 1700 буюу хэмжээнээс том хийгдсэн гэх асуудлаар маргасан.

Уг асуудлаар харилцсан талуудын зурвасаас үзэхэд, урд шилэн хоргыг засах боломжгүй учир тавцанг 5 см илүү гаргахаар тохирсон, үүний дараа хариуцагч тал нийт хэмжээнээс томдсон шалтгаанаар уг хэмжээг 2 см болгож багасгах талаар нэхэмжлэгчийн нөхөрт мэдэгдэж зассан байна.

 

4.3.Нэхэмжлэгч нь арын толь дутуу ирсэн учир өөрөө толь худалдан авч хийсэн гэж тайлбарласан ба ажлын зурагт толин артай байхаар тусгагдсан, түүнчлэн хариуцагч байгууллагын ахлах мужаан Т.Мөнх-Одын гэрчийн мэдүүлэгт ажлын зургийн дагуу нэг толь дутуу хийгдсэн болохыг зөвшөөрч мэдүүлжээ.

 

4.4.Тус тавилгад цоож хийгдээгүй ба хариуцагч нь ажлын зурагт байгаагүй учир хийгээгүй, цоожийг нэхэмжлэгчийн хүсэлтээр нэмэлтээр суурилуулсан гэж тайлбарласан, мөн 23 цоож, 23 замган түгжээг гараар суулгасан талаар гэрч *******мэдүүлсэн. Ажлын үр дүн болох үнэт эдлэлийн дэлгүүрийн тавилгыг гэрээнд заасан зориулалтаар ашиглахад цоож, түгжээ зайлшгүй шаардлагатай ба гүйцэтгэгч нь мэргэжлийн байгууллага болохын хувьд захиалагчаас захиалга авахдаа энэ талаар тодруулж гэрээнд тусгах байжээ.

 

4.5.Үүнээс гадна нэхэмжлэгч нь ширээ болон урд хоргонуудын тавцан захиалсан өнгөнөөс өөр ирсэн гэж маргасан. Ажлын зурагт ямар өнгөтэй байхыг тодорхой тусгаагүй ч гэрч ******* цагаан биш, ар талын тавилгууд нь цагаан, гол нь шилэн лангууны доод талын суурь тавцангийн өнгө хар саарал ... өөрчилж өгөөгүй, ... энэ ийм ирсэн байна гэсэн чинь тэгвэл өөрсдөө хий, бид чадахгүй юм байна гээд явсан, би өөрөө өөрчилсөн гэж мэдүүлснийг хариуцагч өөр нотлох баримтаар үгүйсгээгүй байна.

 

Дээр дурдсаныг талуудын тайлбартай харьцуулж үзвэл, лангууны төмөр рам, толь, цоож, түгжээ тус тус хийгдээгүй, шилэн хоргууд зургаас том хэмжээтэй хийгдсэн, мөн ширээ, хоргуудын тавцангийн өнгө зөрсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг энэ хэмжээнд биет байдлын доголдолтой байсан гэж үзнэ.

 

5.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэж заасан.

Талууд доголдлыг арилгах хугацааг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр тохиролцсон боловч уг хугацаанд доголдолд бүрэн арилгаагүй, улмаар дээрх доголдлыг арилгахтай холбоотойгоор нэхэмжлэгч нь замган түгжээ 23 ширхэг, цоож 26 ширхэгийн үнэд 142,200 төгрөг, ширээ, урд хоргонуудын тавцангийн өнгө дахин тааруулах зардал 228,500 төгрөг, лангууны тавцан солих зардал 460,000 төгрөг, толины үнэ 210,000 төгрөг, шилэн хоргыг зүсүүлж хасуулсан зардал 90,000 төгрөг, төмөр рам хийлгэсэн зардал 900,000 төгрөг, кабель, лент зэрэг бусад шаардлагатай зүйлийн зардал 106,300 төгрөг, нийт 2,137,000 төгрөгийн зардал гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэлд хавсаргасан зарлагын баримтуудаар нотлогдож байна.

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас доголдлыг арилгахтай холбоотой зардалд 2,137,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

6.Мөн нэхэмжлэгч нь Улаанбаатар их дэлгүүрт түрээсэнд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 156,566 төгрөг, 12 дугаар сарын 01-30-ны өдрийг хүртэл 4,697,000 төгрөг, нийт 4,853,566 төгрөг төлсний 15 хоног хариуцагчийн хариуцлагагүй байдлаас болж борлуулалт хийж чадалгүй 2,348,500 төгрөгийн үр дүнгүй зардал гаргасан, хамгийн их орлого олдог 24 хоног худалдаа хийж чадаагүйгээс 96,000,000 төгрөгийн орлого олох боломжоо алдсан үндэслэлээр нийт 98,348,500 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.

6.1.Нэхэмжлэгч нь *******ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр түрээсийн талбайн гэрээ байгуулсан байх хэдий ч түрээсийн төлбөрт 4,853,566 төгрөг төлсөн болохоо төлбөрийн баримтаар нотлоогүй. Тэрээр *******ХХК-ийн захирал *******гийн өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдох үйл баримт биш юм.

6.2.Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн дансанд 2024 оны 12 дугаар сарын 14-31-ний өдрийн хугацаанд орсон орлого 122,738,787 төгрөгөөс үнэт эдлэл худалдаж авсан үнэ гэх 54,738,787 төгрөгийг хасч үлдэх 68,000,000 төгрөгийг цэвэр ашиг гэж тооцоолсон нь үндэслэлгүй. Учир нь орлогыг тодорхойлох нөхцөл болох үнэт эдлэлийн нэр төрөл, тоо хэмжээ, нэгжийн худалдан авсан болон худалдан борлуулсан үнэ, түүнчлэн үнэт эдлэлтэй холбоотой гарсан зардлын хэмжээ тодорхойгүй, хэрэгт авагдсан борлуулагчийн гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хувь хүний орлогын албан татварын баримт, дансны хуулга зэргээр тодорхойлох боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид 98,348,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

 

7.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч *******ХХК-аас ажлын үр дүнгийн доголдлыг арилгахтай холбоотой зардалд 2,137,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс хэргийн болон маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүйг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин ******* болон *******нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, ******* нь *******ХХК-ийн нэрлэн заасан этгээд болох *******ын дансанд урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасанд хамаарах тул *******ыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй. Иймд *******д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

8.Хариуцагч *******ХХК нь нэхэмжлэгч *******ээс гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

9.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гар утсанд хадгалагдаж буй бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг хангасан атлаа уг ажиллагааг хийгээгүй байх хэдий ч хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой уг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй болно.

 

10.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,137,000 төгрөгт холбогдох хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/06024 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас 2,137,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 98,348,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******д холбогдох 100,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

3 дахь заалтын *******ХХК-д гэсний дараа хариуцагч *******ХХК-аас 49,142 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т тус тус гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 665,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА