Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ХШТ/34

 

Г.Д, Г.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч С.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1615 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, Г.Д, Г.З нарт холбогдох 2303003190401 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.Д,

2.Монгол Улсын иргэн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.З

Г.З нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шадивлангийн замд “Тоуоta prius 40”  загварын ...... улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.4-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж “Тоуоtа carina” загварын ...... улсын дугаартай автомашины өмнө зэргэлдээ эгнээнд орсны улмаас уг автомашин шахагдан замаас гарч явган зорчигч М.Н-ыг мөргөж амь насыг нь хохироосон,

Г.Д нь “Toyota carinа” загварын ....... улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Тоуоta prius 40”  загварын ....... улсын дугаартай автомашинд шахагдан замаас гарч явган зорчигч М.Н-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж яллагдагч Г.Д, Г.З нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэх талаар түүний өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан хүсэлтийг хангаж, хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ... Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Уг аргачлалын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан. Уг аргачлалд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилж хүснэгт гаргасан ба уг таван зэрэглэлд хүний амь нас хохирсон тохиолдлыг заагаагүй байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ”, 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу арилгана” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээч томилж тогтоолгохоор хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, Иргэний хууль гэсэн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоосон хууль тогтоомжуудад хохирогч нас барсан тохиолдлыг сэтгэцийн эмгэгийн 1-5 дугаар зэрэглэлийн аль нэгд хамааруулаагүй болно. Харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоохоор заасан байна.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.

Уг хэрэг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн хүний биед шинжилгээ хийх талаар зохицуулсан холбогдох заалт хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан тул хуулийг буцаан хэрэглэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэг /Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:/-ийн 25.7.5 /Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх/-ын 25.7.5.б-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, 25.7.5.г-д “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж тус тус заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгчийн захирамж, магадлалыг тус тус хүчингүй болгохоор прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Чинзориг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй, логикийн алдаатай. Тийм ч учраас давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Прокурор, шүүхийн тогтоож болох зүйлд шинжээч томилох шаардлагагүй, эсхүл шийдвэрлэх боломжгүй хууль хэрэглээний асуудлыг ярьж эсрэг байр суурьтай, логикийн алдаатай эсэргүүцэл бичсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож буй прокурор ч дээрх зүйлийг давтаж хэллээ. Энэ бол шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ярьж буй асуудал биш юм. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийгдэх, прокурор хяналт тавих ёстой ажиллагаанууд хийгдээгүй байна. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох талаар мөрдөгчид хэлсэн боловч хэргийг шууд прокурорт шилжүүлсэн. Прокурорт очиход яллагдагчаас гомдол гаргаад хэрэг Улсын ерөнхий прокурорт шилжсэн гээд хэргийн материалтай танилцах боломж олголгүй шүүхэд шилжүүлсэн. Тийм учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр энэ асуудлыг шийдвэрлүүлсэн. Хэдийгээр хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг шүүх тогтоохоор дурдсан ч зам тээврийн ослоор нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шийдвэрлэнэ гэсэн заалт биш юм. Иймд шүүгчийн захирамж, магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх шинжилгээний тухай хууль батлагдсантай холбоотой түүнд нийцүүлэн гаргасан заавар, журам, тушаал, шийдвэрээр гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон. Үүний дагуу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг тус тус баталсан. Уг журам, аргачлалаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоон гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Мөн гэмт хэрэг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл, Шүүх шинжилгээний тухай хуулийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулах талаарх холбогдох зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан гэмт хэрэг тул хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Д, Г.З нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

2.Зам тээврийн ослын улмаас явган зорчигч М.Н-ын амь нас хохирсон хэрэгт жолооч Г.Д, Г.З нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн буруутай гэж үзэн, прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.  

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх талаар өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан хүсэлтийг хангаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомжийг судалж үзэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д “Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно”, 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус зааснаас үзвэл хэнд, ямар тохиолдолд, хэчнээн хэмжээний нөхөн төлбөр тогтоохыг нарийвчлан, тодорхой заасан байх тул энэ тохиолдолд сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх шаардлагагүй юм.  

Өөрөөр хэлбэл, хохирогч нас барсан бол сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцохоор хуульд заасан бөгөөд гагцхүү хохирогчийн нас, эсхүл бага насны бүтэн өнчин хүүхэд үлдсэн зэрэг нөхцөл байдлаас бусад тохиолдолд хуулиар тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхөөргүй байна.

Гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэхээр байхад сэтгэцийн шинжилгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

4.Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдах бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журмыг тогтоосноос бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчим үйлчилнэ.

Мөн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хууль нь агуулгаараа гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн шаардах эрхийн үндэслэл, төлбөр хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон шинжтэй байх тул тус хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасан хугацаагаар ойлгоно.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй байхад хоёр шатны шүүх “... хуулийг буцааж хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчиж гэм хорын асуудлыг шийдвэрлэжээ. 

5.Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, Г.Д, Г.З нарт холбогдох хэргийг сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1615 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ