Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 646

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий гүйцэтгэгч буюу улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар актыг үндэслэн гарсан бөгөөд К банкны зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий гүйцэтгэгч буюу улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татаглзаж байна.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. “К” ХХК-ийн зүгээс дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Ка********к” ХХК нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучин нэрээр/ холбогдуулан “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй” гэж заасны дагуу “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-д нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “К” ХХК нь “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                             Ц.ОДМАА