Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 116/2020/0008/З |
Дугаар | 221/МА2020/0297 |
Огноо | 2020-04-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2020/0297
2020 оны 04 сарын 30 өдөр 221/МА2020/0297 Улаанбаатар хот
“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.О нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан, гомдол гаргагч “П” ХХК-ийн, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165901 дүгээр шийтгэлийн хуудас, 76 дугаар “Албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн мэргэжлийн хяналт газрын дарга Д.М давж заалдах гомдолдоо:
Шүүхийн шийдвэрт үндэслэл болгож байгаа нөхцөл байдлыг нарийвчилан судалж, тогтоохгүйгээр таамаглал маягаар шийтгэл ногдуулсан гэж үзсэн байна.
Тус зөрчилд Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д “ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах”-д заасныг үндэслэн 7# 11# дугаартай худгуудын хоолой бүрийг тоолууржуулаагүй, тоолуургүйгээр ус ашиглах нөхцөл боломж бүрдүүлсэн нь зөрчлийн материалд хавсрагдсан фото зургаар нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн тул 1,500,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.
Шүүхийн шийдвэрт үндэслэл болгож байгаа нөхцөл байдлыг нарийвчилан судалж, тогтоохгүйгээр таамаглал маягаар нөхөн төлбөр ногдуулсан гэж үзсэн байна. Тус зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5 “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэж Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д “ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах”-д заасныг тус тус үндэслэн 7# 11# дугаартай худгуудийн хоолой бүрийг тоолууржуулаагүй, тоолуургүйгээр ус ашиглах нөхцөл боломж бүрдсэн нь зөрчлийн материалд хавсрагдсан фото зургаар нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 “ус ашиглагчийн үүрэг, тавигдаж шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийн нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн тус компанийн ус ашиглалтад “Монгол ус” ТӨААТҮГ-аас гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 197 дугаартай ус ашиглах дүгнэлтэд 1м3 ус 1184 төг гэж заасан, 7# дугаартай худгын ундарга хоногт 480м3, 11# дугаартай худгын ундарга хоногт 240м3 буюу нийт 720м3, 2 худаг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нийт 263 хоног ажилласан гэж тооцвол 720 х 263 х 1184=224,202,240 төгрөг гэж нөхөн төлбөрийг тооцсон талаар холбогдох мэргэжилтэн болон тус компанийн удирдлагуудад танилцуулахад уг зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж авсан. Худгуудийн шугам хоолой бүрийг тоолууржуулаагүй нь холбогдогчийн мэдүүлэг фото зургаар нотлогдож байна. С.Отгонболдын 76 дугаартай эрх бүхий албан тушаалтны албаны даалгаварт заасны дагуу зөрчлөө арилгасан нь тус компани 76 дугаартай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хуульд нийцсэн гэж хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. “Монгол ус” ТӨААТҮГ-ын дүгнэлтийг хавсаргасан.
“П” ХХК-ийн ашиглаж байсан бусад худгууд нь уг даралт, хийг бууруулах зориулалттай гэх хоолойнуудыг тоолууржуулсан байтал уг 2 худгийн хоолойг тоолууржуулаагүй нь төлбөргүй ус ашиглаж байсан гэж үзэх үндэслэл болж байна. Тоолууртай худгийн хий гаргах хоолойноос ус ашигладаг худгийн фото зургийг хавсаргав.
Тоолууртай шугамыг хаагаад тоолуургүй шугамыг нээхэд 5-10 секундын дараа ус чөлөөтэй гардаг. “П” ХХК-ийн зүгээс тайлбарлахдаа хий авдаг хоолой гэж тайлбарлаад байгаа хоолой нь хий авах зориулалтын хоолой мөн эсэх дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах саналтай байна.
Экспердицийн дүгнэлтэд заасны дагуу шугам хоолойг тоолууржуулсан гэх боловч тус дүгнэлт нь Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д “ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах” гэж заасныг зөрчиж шугам хоолой бүрийг тоолууржуулаагүй байна.
“П" ХХК-ийн 7# 11# дугаартай худгууд нь шугам хоолой бүрийг тоолууржуулаагүй нь нотлох баримтаар нотлогдсон, зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн.
Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч ажилласан тул 76 дугаартай эрх бүхий албан тушаалтын даалгавар, 0165901 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 224,202,240 төгрөгийн нөхөн төлбөр, 1,500,000 төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий акт болох Байгаль орчны хяналтын Улсын байцаагч С.О-ын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165901 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан үндэслэлээр 1,500,000 төгрөгөөр торгож, мөн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-аар нөхөн төлбөрийн 224,202,240 төгрөг оногдуулсан байна.
Тус актуудыг эс зөвшөөрч “П” ХХК нь “уг захиргааны акт ямар хэм хэмжээний актад үндэслэж гарсан нь тодорхойгүй, нөхөн төлбөрийг бодит нөхцөл байдалд тогтоогоогүй, хэрхэн бодож тооцож, ямар хууль, дүрэм, журмыг үндэслэж гаргасан нь ойлгомжгүй...” гэж маргасан байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/250 дугаар удирдамжийн хүрээнд Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй нэхэмжлэгч “П” ХХК-ийн XIX, ХХI дүгээр талбайд Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.О-д төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулсан байх бөгөөд хяналт шалгалтаар “П” ХХК-ийн XIX дүгээр талбайн 7#, 11# дугаартай худгуудын нэмэлт хоолойнуудыг тоолууржуулаагүй, тавигдах шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж нөхөн төлбөрт 224,202,240 төгрөг, шийтгэлд 1,500,000 төгрөгийн торгууль оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-д зааснаар “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” гэж, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд “Ус ашиглагчийн үүрэг, ус ашиглагчид тавигдах шаардлага”-ыг заасан бөгөөд 30.1.4-д зааснаар ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулахаар заасан байна.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч нь “П” ХХК-ийн XIX дүгээр талбайн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоож, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлсэн нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-д зааснаар ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж байсан бөгөөд “П” ХХК-ийн ус ашиглалтад “Монгол ус” ТӨААТҮГ-аас гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 197 дугаартай дүгнэлтэд 1м3 ус 1184 төгрөг гэж, 7# дугаартай худгийн ундарга хоногт 480м3, 11# дугаартай худгийн ундарга хоногт 240м3 буюу нийт 720м3, 2 худаг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нийт 263 хоног ажиллаж, 720 х 263 х 1184=224,202,240 төгрөг гэж нөхөн төлбөрийг тооцож, холбогдох мэргэжилтэн болон тус компанийн удирдлагуудад танилцуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №76 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”, мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар тэмдэглэл”, мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №12-04-055/76 дугаар “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” зэргээр тогтоогджээ.
Дээрхээс үзвэл анхан шатны шүүхийн “нөхөн төлбөрийг тооцохдоо хэрхэн ямар аргачлалаар бодож тооцсон, ямар хууль, дүрэм, журмыг үндэслэсэн, хэзээнээс хэдний хооронд тухайн худгаар хэдий хэмжээний ус ашигласан зэргийг нарийвчлан тогтоогоогүй байж шийтгэл оногдуулсан” гэж дүгнэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, гомдол гаргагч "П" ХХК-д ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй, усны шугам хоолой бүрийг тоолууржуулаагүй нь тогтоогдсон тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 4.1-д “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй”, гэж заасантай нийцсэн гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165901 дүгээр шийтгэлийн хуудас, 76 тоот “Албан тушаалтны даалгавар-ыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН