| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0140/З |
| Дугаар | 001/ХТ2026/0111 |
| Огноо | 2026-10-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2026/0111
Д.М-н нэхэмжлэлтэй,
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын
ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0503 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2026/0569 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Ууганбаяр нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 001/ШХТ2026/0389 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгч Д.М-, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаартай “Төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, тухайн болон төрийн захиргааны өөр албан тушаалд шилжүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын төлүүлж, цахим баталгаажуулалт хийхийг даалгах;
2.1.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны дээд хязгаарыг баталснаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар баталжээ.
2.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бүтэц, ерөнхий газрын болон зарим албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, албан тушаалын давхардал үүссэн үндэслэлээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар 15 албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Д.М- багтжээ.
3.Нэхэмжлэгчээс “...Засгийн газрын 2025 оны 196 дугаар тогтоолоор манай байгууллага нэгтгэгдсэн буюу өөрчлөн байгуулагдаж, чиг үүрэг нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжиж, тус газрын 34 байсан орон тоо 56 болж нэмэгдсэн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаагүй. Сонсох ажиллагааны мэдэгдлийг надад огт ирүүлээгүй, бусад албан хаагчдад тайлбар гаргах хугацаа өнгөрсний дараа ирсэн. Тушаалыг албан ёсоор мэдэгдээгүй, ажил хүлээлцээгүй, бөөнөөр халах журмыг зөрчсөн. Намайг ажилд үргэлжлүүлэн томилох, эсхүл өөр тохирох албан тушаал санал болгоно гэсэн хүлээлттэй байсан” гэж,
4.Хариуцагчаас “...2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр албан хаагчид шилжин ажиллах хүсэлтэй эсэх талаар тодруулах хурал зохион байгуулсан бөгөөд Д.М- албан хаагчдын шилжин ажиллах хүсэлтийн талаарх мэдээллийг өгөхдөө бүх албан хаагчид шилжин ажиллахгүй гэсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цахим шуудан болон баталгаат шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө тэтгэмж авах албан хаагчдын жагсаалтыг хянаж баталгаажуулсан бөгөөд уг жагсаалтад өөрөө орсон. 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтэй албан хаагчдын мэдээллийг баталгаажуулан ирүүлсний дараа маргаан бүхий тушаалыг гаргасан. Нэхэмжлэгч өөр албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн баримт байхгүй” гэж тус тус маргажээ.
5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
5.1.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэмэгдэл баталгааны аль хэлбэрийг эдлэхээ албан хаагч өөрөө сонгож, ажил олгогчид илэрхийлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Д.М- өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах талаар тодорхой хүсэлт, санал илэрхийлээгүй, харин 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/*** дугаар албан бичиг, 09 дүгээр сарын 29-ний өдрийн тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцооллоос үзэхэд гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах сонирхлоо илэрхийлсэн тул түүнийг төрийн албанаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй.
5.2.Нэхэмжлэгч нь байгууллага татан буугдах талаар 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, сонсох ажиллагааны мэдэгдлийг 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдсэн бөгөөд чөлөөлөх тушаал 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан тул энэ хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлэх боломжтой байсан. Гэвч ийм хүсэлт гаргасан баримт тогтоогдоогүй учраас сонсох ажиллагаанд оролцох, санал тайлбар гаргах боломж олгоогүй гэж үзэхгүй.
5.3.Ажлын байраар хангах баталгаа нь албан хаагч өөрөө үргэлжлүүлэн ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн тохиолдолд бодитоор хэрэгжих боломжтой. Нэхэмжлэгч ийм хүсэл зориг илэрхийлээгүй, харин тэтгэмж авах байр суурь баримталсан тул хариуцагчийг өөр ажил, албан тушаал санал болгох үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.
5.4.Санхүү, төсөв, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй, мөн шинэ бүтцээр хэлтсийн даргын орон тоо нэмэгдээгүй тул уг албан тушаалд томилохыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй. Иймээс чөлөөлөх тушаалыг хуульд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт өөрчлөлт оруулсан. Үүнд:
6.1.Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдаж, чиг үүргийн давхардал үүссэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.М-г төрийн албанаас чөлөөлж, тэтгэмж олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4-т нийцсэн.
6.2.2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч “манайхан бүгд тэтгэмж авах хүсэлтэй байгаа” гэж хэлсэн, албан хаагчдын саналын мэдээлэлд түүний нэрийн ард чөлөөлөгдөж, тэтгэмж авахыг зөвшөөрсөн тэмдэглэгээ хийсэн, тэтгэмж авах албан хаагчдын жагсаалтыг өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан зэргээс үзэхэд тэтгэмж авч, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзсэн.
6.3.Нэхэмжлэгчээс жагсаалтад өөрөө гарын үсэг зураагүй, гарын үсгийн дардсыг ашигласан, бусдын гарын үсгийг дуурайлган зурсан, хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж маргасан боловч эдгээр нөхцөл баримтаар болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй тул уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
6.4.Нэхэмжлэгч нь байгууллагыг татан буулгах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учраас татан буулгахтай холбоотой нөхцөл байдлыг мэдэж байсан. Иймээс тохирох ажил санал болгоогүй, үргэлжлүүлэн ажиллах сонирхлоо илэрхийлэх болон сонсох ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн.
6.5.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй буюу Санхүү, төсөв, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилуулах шаардлагыг шийдвэрлэсэн тул шийдвэрийн тогтоох хэсгийг бодитоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн өөрчилж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
7.Нэхэмжлэгч Д.М-, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалыг хуульд заасны дагуу хүн бүрд гардуулаагүй, нэхэмжлэгч тэтгэмж авна гэж огт хэлээгүй. Хариуцагчийн зохион байгуулсан албан бус сонсголд хэн ч тэмдэглэл хөтөлж, бичлэг хийж баталгаажуулаагүй, оролцсон ажилтнуудын хэн нь ч гарын үсэг зураагүй. Гэтэл хариуцагчийн үйлдэж бүрдүүлсэн хуурамч нотлох баримтыг шүүх үнэлж хуулийг ноцтой зөрчсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Утсаар ярьсан ярианы агуулга болон албан бус хурлын тэмдэглэлийг талууд зөрүүтэй тайлбарлаж байхад шүүх эдгээрийг эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
7.2.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нөхцөл бус, харин мөн хуулийн 62.1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх тохиолдол үүссэн. Хариуцагч нөхцөл байдлыг буруу тогтоож, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэх үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
7.3.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс тэтгэмжийг аваагүй, байгууллагын дансанд буцааж шилжүүлсэн байхад түүнийг тэтгэмж авсан гэж үзэх боломжгүй.
7.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дугаар тушаалаар албан тушаалын жагсаалт батлагдаж, байгууллагын орон тоо 34 байснаас 56 болж нэмэгдсэн. Нэхэмжлэгчийн ажил, мэргэжлийн чиглэлд тохирох ажлын байр байсаар байхад түүнд санал болгоогүй, орон тооны жагсаалтыг ч танилцуулаагүй. Тушаалыг танилцуулж, ижил төстэй ажилд томилогдох боломжоор хангасан гэж үндэслэлгүй, худал тайлбар гаргасан энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй.
7.5.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдэлд тайлбар гаргах хугацааг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр буюу ердөө нэг хоног байхаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуульд энэ хугацааг 30 хоног байхаар заасан. Нэхэмжлэгч мэдэгдлийг гардан аваагүй бөгөөд шуудангаар хүргүүлсэн гэх мэдэгдэл тушаал гарснаас хойш 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Тэр үед хариу өгөх хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байсан тул хариу өгөх боломж байгаагүй.
7.6.Хариуцагч 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдлийг бичиг хэргийн ажилтнуудын ашигладаг Viber группт 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр оруулсан гэж тайлбарласан. Тус мэдэгдэлд Д.М-гийн нэр байгаагүй. Мэдэгдэл болон тушаалыг хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас анх олж мэдсэн. Эдгээр нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.5-д заасныг тус тус зөрчиж байна. Түүнчлэн ажилтнууд 10 дугаар сарын дунд хүртэл ажиллаж байсан нь мэдэгдэл, тушаалыг гардаж аваагүйг давхар нотолж байна.
7.7.Ажлаас чөлөөлсөн тушаалыг огт гардуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэж, шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.
7.8.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, албан хаагч хүсэлт гаргасан байхыг шаардахгүй бөгөөд шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Мөн хуулийн 4.4, 4.5 дахь хэсгийг баримтлалгүй, 46.2-т заасан төрийн албанаас чөлөөлөх зохицуулалтыг зөрчиж тушаал гаргасан. Нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх хуулийн заалтыг мөн зөрчсөн.
Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
8.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
ХЯНАВАЛ:
9.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах эрхээ хэрэгжүүлэх талаар ямар нэгэн тодорхой хүсэлт, санал илэрхийлээгүй, эсрэгээрээ тэтгэмж авах байр суурь баримталсан тул хариуцагчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй гэж буруутгахгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
10.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаар 56 байхаар тогтоосныг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдад танилцуулах, шилжин ажиллах хүсэлтэй эсэхийг тодруулах хурлыг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан, тухайн хуралд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.М- ажилчдаас санал авах ажиллагааг зохион байгуулж, “ажилчид бүгд тэтгэмж авах хүсэлтэй” байгаа талаар танилцуулсан талаарх тэмдэглэлийг үндэслэн түүнийг нэг удаагийн тэтгэлэг авахаас бусад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаанаас татгалзсан гэх боломжгүй байна.
11.Учир нь, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг тогтоосон дээрх 52 дугаарыг тогтоолыг танилцуулж байх үед нэхэмжлэгчид төдийгүй, хариуцагч захиргааны байгууллагад өмнөх Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүрэг төрийн захиргааны болон харьяа дүүргийн холбогдох байгууллагад хэрхэн шилжсэн нь ойлгомжгүй байснаас гадна Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын шинэчилсэн зохион байгуулалтын бүтэц, орон тоо тодорхойгүй байжээ.
12.Харин тухайн өдрөөс хойш Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, Ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгууллагын бүтэц, албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосон байна.
13.Тиймээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт Д.М-гийн урд эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх, эсхүл орон тоо цөөрсөн, хасагдсан эсэх нь тодорхойгүй байхад Д.М-г Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангасан, түүний саналыг авсны үндсэн дээр чөлөөлсөн гэж дүгнэхэд учир дутагдалтай.
14.Шүүхүүд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 08 дугаар сарын 19, мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/*** дугаар албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тэтгэлгийн дэлгэрэнгүй тооцоолол, хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн тэтгэлэг авч, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж дүгнэсэн боловч тухайн албан бичиг, тооцоолол зэрэг нь нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлд үндэслэсэн байгааг анхаараагүй байна.
15.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсгийн зохицуулалтын агуулга, зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, төрийн албанд тогтвортой ажиллах баталгаа болж байгаа учраас төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд захиргааны байгууллага эхний ээлжид албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, шаардлагатай бол дахин мэргэшүүлэн ажлын байраар хангах боломжийг бодитоор судлахад орших бөгөөд энэ ажиллагааг зөвхөн хэлбэр төдий хэрэгжүүлэх учиргүй тул хуульд заасан боломжийг судалсан ажиллагаагаа баримтжуулж, холбогдох сул орон тоо байхгүй, эсхүл хуульд заасан шаардлагыг хангах өөр албан тушаалд шилжүүлэх боломжгүй болсон тохиолдолд хуулийн 62.1.4-т заасан гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох баталгааг хэрэгжүүлэх учиртай.
16.Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу маргаан бүхий тушаалын Д.М-д холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан баталгааг хэрэгжүүлж дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзэв.
17.Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0503 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2026/0569 дүгээр магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0503 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2026/0569 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг баримтлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалын Д.М-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж,
2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*** дугаар тушаалын Д.М-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж, “2” гэснийг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.БАТБААТАР