Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/001431

 

Ч.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 287 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00088 дугаар магадлалтай,

Ч.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох,

Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьездийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Асалбек нь намайг  сахилгын зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр сануулах сахилгын арга хэмжээ авсан. Тэрээр  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн үзэмж, сэдэлтээр сахилгын арга хэмжээ авсан. Энэ нь миний хөдөлмөрлөх эрх, хамт олон дотор болон байгууллагад чөлөөт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөө, нэр хүндэд минь халдаж, эрхийг минь ноцтой зөрчлөө. Иймд "Сахилгын арга хэмжээ авах тухай" тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөгжимт драмын театр шүүхэд гаргасан тайлбартаа: тус театрын даргын 2017 оны 01 дугаар сарын 18-ны "Сахилгын арга хэмжээ авах тухай" Б/05 дүгээр тушаалын хувьд ажилтан Ч.Ө- нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, удирдлагыг үргэлж хэл амаар доромжлон эсэргүүцсэн учраас тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.5-ын А заалтыг үндэслэн сануулах арга хэмжээ тооцсон. Ажилтан Ч.Ө-т маргаан бүхий тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулсан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Учир нь ажил олгогчийн тушаал нь хууль бус гэж үзвэл 1 сарын дотор шүүхэд хандах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 287 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай Ч.Ө-т Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ө- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын санхүүгээс 70.200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00088 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 287 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212\МА2017\00088 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ч.Ө- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, байнга эсэргүүцэж, хэл амаар доромжилж ёс зүйн алдаа гаргасан гэдэг нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн захиргаа ба уран сайхны хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч Ж.Сайгүлик, С.Лайла нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад нотлох баримтуудаар нотлогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд иргэний хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б\05 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5.-ын а/ дахь хэсгийг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажилтан Ч.Ө-т арга хэмжээ тооцсон шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, ажилтны гаргасан зөрчлийн шинж чанарт тохирсон хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 287 дугаар шийдвэр, Баян- Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212\МА2017\00088 дугаартай магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2017 оны 01 дугаар сарын 18-ны Б/05 дугаар тушаалаар менежер Ч.Ө-т сануулах арга хэмжээ ногдуулсан байх ба нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгох  шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч сахилгын ямар зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ тохиолдолд тул шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.  

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 287 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00088 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьездийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ