Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01744

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/10043 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд шаардлагаа эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байх ба 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс эд хөрөнгө хураах ажиллагаанд төлбөр төлөгчийг байлцуулаагүй, битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулан хуульд заасны дагуу явуулсан эсэх нь эргэлзээтэй учир ажиллагааг хүчингүй болгуулах гэсэн агуулгаар тайлбар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан бичгээр гаргасан нэхэмжлэл биш болно. Иймээс шүүх нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасанд нийцэх тул шүүхийн шийдвэрт эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хүчингүй болгуулах гэж тусгасныг залруулах нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/00531 дугаар захирамжаар ******* 400,000,000 төгрөгийг *******т төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4.******* нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24420612/01 дугаар тогтоолоор ******* нарын 4 хүний өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, ******* дугаар гудамж ******* тоот хаягт байрлах, 409.11 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 157/02 дугаар тогтоолоор хураасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагааг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, улмаар шүүхэд хуульд заасан хугацааны дотор шат дараалан гомдол гаргах журамтай бөгөөд нэхэмжлэгч уг журмын дагуу гомдлоо гаргаагүй учир түүний гаргасан хөрөнгө битүүмжлэх, хураан авах арга хэмжээнд түүнийг байлцуулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.Төлбөр төлөгч, өмчлөгч нар 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4-157/2944 дугаар мэдэгдлийн дагуу дээр дурдсан газрын үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагчаас шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан, өөрөөр хэлбэл төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн талаар тохиролцоогүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/53 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн.

 

6.Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 179,614,400 төгрөгөөр үнэлсэн ба энэ талаар талуудад 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4-235/4192, 4-235/4193 дугаар мэдэгдэл хүргүүлж мэдэгджээ. Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлээс үзэхэд төлбөр төлөгч ******* нь бусад өмчлөгч болох *******, *******нарын хамт амьдардаг, өмчлөгч *******гадаад улсад амьдардаг талаар тайлбар өгсөн байх ба хамтран өмчлөгч нарын хувьд өөрийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

 

7.Үнэлгээний тайланд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлон тусгаж, зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн, үнэлгээнд үнэгүй.мн /unegui.mn/ сайтад байршсан мэдээллүүдэд үндэслэн, 3 хөрөнгийг сонгож, газрын хэмжээ, байршил, ашиглалтанд орсон он, хийцийн итгэлцүүр, чанар байдал, дэд бүтэц, хэлцлийн нөхцөл, цаг хугацаа, хөрөнгө оруулалтын байдал зэрэг хүчин зүйлүүдийг тооцон, нэгж талбайн дундаж үнийг 439,000 төгрөгөөр тодорхойлж, нийт 179,614,400 төгрөгөөр үнэлсэн байна.

Дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангажээ.

 

8.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг дэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын томъёолол, холбогдох хууль хэрэглээг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/10043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД    Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА