Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 684

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэгдэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтлөн,

улсын яллагч Д.Агар,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бадамсүрэн,

шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

А овогт Сын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1903 0048 40241 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Сын А нь Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч С.А нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “Хар хорин” захын хойд талын замд ... улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалт;

-мөн дүрмийн 16.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 11 настай Б.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ:

“...” ХХК-ний ... улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 дугаар автобусны буудал дээр гэрлэн дохиогоор амжиж гарах гэж байгаад хүүхэд мөргөсөн нь үнэн. Тухайн үед бүх арга хэмжээг авч, зам тээврийн ослын хэмжилт хийлгэсэн, хохирогч хүүхдийг эмнэлэгт хүргэж өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Хүүхдэд гэмтэл учруулсан нь миний буруу. Хохирогчийн ээжид 1.100.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн, дараа нь дахин 1.500.000 төгрөг бэлнээр өгч, эвлэрсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бадамсүрэн мэдүүлэхдээ: Манай хүүхэд Ма нь 11 настай, эрэгтэй хүүхэд юм. Энэ зам тээврийн ослын улмаас баруун шилбэний хоёр яс нь хугарсан. Осол гарсны дараа жолооч түргэн дуудаж, өөрөө ослын газар байсан. Тухайн өдөр би хүүхдээ урдаас нь тосож авахаар явж байсан. Манай хүүхэд дүү, дүүгийнхээ ангийн хүүхэд болон эмээтэй нь хамт явж байсан. Одоогийн байдлаар хүүхдийн хөл нь гипстэй байгаа. Хүүхдийг маань эмнэлэгт хэвтсэн цагаас эхлээд гарах зардал болон хоол унд цайны мөнгийг А төлсөн. Мөн байнга холбоотой байгаа учраас эвлэрлийн гэрээ байгуулж гомдолгүй гэж бичиг хийж өгсөн. Эмчилгээний зардлыг тухай бүрт нь жолоочоос гаргуулж авсан болохоор нийт хэдэн төгрөгийн зардал гарсаныг мэдэхгүй байна. Гаргасан эмчилгээний зардлаас гадна бэлнээр 1.500.000 төгрөг авсан гэв.   

Хоёр. Эрүүгийн 1903 0048 40241 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Насанд хүрээгүй хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд ангийнхаа хүүхдүүдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хар хорин захын урд талын автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо гэрэл дохиотой явган хүний гарцаар зам хөндлөн гарах болоод ногоон гэрэл асахаар нь урдаасаа хойшоо зам хөндлөн гарч явахад миний зүүн гар талаас нэг машин орж ирээд хүчтэй мөргөсөн. Би газар унасан. Нүдээ нэг нээхэд ээж ирсэн байсан. Баруун хөл өвдөж байсан. Удалгүй 103 ирээд ээж бид хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг орсон. Тэр үед гэрэл дохио ажиллаж байсан, би ногоон гэрлээр гарсан. Явган хүний гарцаар олон хүн гарч байсан. Машин хэр хурдтай орж ирснийг би мэдэхгүй. Гэнэт л түс хийгээд л явсан. Тэр үед би газар унасан. Тэр өдөр дулаахан байсан болохоор зам хуурай байсан. Би ангийнхаа хүүхдүүдийн хамт явж байсан. Одоо миний баруун хөл өвчтэй байна. Эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. ...Эмчилгээний зардалд хэдэн төгрөг зарцуулсныг мэдэхгүй, ээж мэдэж байгаа. ...Манай сургуульд Замын Хөдөлгөөний дүрэм заадаг, дүрэм мэднэ. Жолооч архи уугаагүй байсан, ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бадамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

“...Б.Ма нь манай 3 дахь хүү байгаа юм. 76 дугаар сургуулийн 5а ангид сурдаг, 11 настай. Би хүүхдээ тосож авахаар гэрээсээ гарч явсан. Манай гэр Хар хорин захын хойно байдаг. Би байнга утсаар хүүхэдтэйгээ ярьж явсан. Хар хорин захын хойд талын автобусны буудал дээр ирээд хүүхэд рүүгээ утсаар залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгтэл танай хүүхэд машинд мөргүүлчихлээ шүү дээ гэхээр нь шууд хойноосоо урагшаа зам хөндлөн гараад харахад манай хүүхэд Старекс маркийн машинд мөргүүлчихсэн байдалтай байсан. Тэнд байсан хүмүүс цагдаа түргэн дуудсан гэж байсан. Удалгүй 103 ирээд би хүүхдээ аваад 103-ын автомашинаар гэмтлийн эмнэлэг явсан. Манай нөхөр жолоочтой хамт хэргийн газарт үлдсэн. Тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Би хүүхдээ хичээлд нь өглөө хүргэж өгөөд оройдоо тосож авдаг юм. Жолоочтой байнга уулзаж байгаа. Жолооч эмчилгээний зардлыг төлж байгаа. Надаас эмчилгээний зардалд 50.000 төгрөг гараад байна. Баримт нь байгаа. Хагалгаанд орсон. Хичээлдээ явахгүй байгаа. Баруун хөл нь хугарсан. Гомдолтой байна. Эмчилгээний гарах зардлыг жолоочоор гаргуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

3. Гэрч Э.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим Хар хорин захын гадаа замын урд талд гар дээрээс худалдаа хийгээд зогсож байсан. Зам дээр машины хөдөлгөөн их, гэрлэн дохио ажиллаж байсан. Ногоон гэрэл асаад автомашинууд зогсоод явган зорчигч нар урдаасаа зам хөндлөн гарч явахад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ явсан “Ухаалаг хэрэглэгч” гэсэн бичигтэй, “Старекс” маркийн автомашин улаан гэрлээр 3 дугаар эгнээгээр гэнэт орж ирээд ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан хүүхдийг мөргөөд унагасан. Нөгөө хүүхэд босож чадахгүй байсан. Хойноос хүүхдийн ээж нь хүрээд ирсэн. Удалгүй түргэн ирээд хүүхдийг аваад явсан. Замын цагдаа ирээд миний гар утасны дугаарыг бичиж аваад гэрчээр байцаалт авна шүү гээд явсан. ...Машин гэнэт гарч дохио зөрчөөд орж ирсэн. Жолооч ганцаараа байсан. 45-55 насны ах байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

4. Гэрч Б.Нямаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би захын урд лангуун дээрээ зогсож байхад Хар хорин захын хойд талын гэрлэн дохиотой явган хүний гарцаар ногоон гэрлээр явган зорчигч нар зам хөндлөн гарч байсан. Тэр үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ явж байсан машинууд зогсож байсан. Гэтэл гэрэл дохио зөрчөөд 1 автомашин захын хойд талын замаар гэнэт орж ирээд урдаасаа хойшоо явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан нэг эрэгтэй хүүхдийг мөргөж унагаад зогссон. Жолооч нь шууд буугаад хүүхэд дээр очсон. Машинаас өөр хүн буугаагүй. Тэгээд цагдаа ирсэн, дараа нь түргэн ирээд хүүхдийг аваад явсан. Тэр машин нь микро шиг машин байсан. Машин гэнэт улаан гэрлээр орж ирсэн. Хүүхэд ногоон гэрлээр гарч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

5. Шүүгдэгч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд:

гэрчээр 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “... 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хар хорин захын хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 3-р эгнээгээр 20-30 км/цагийн хурдтай явж байхад гэрлэн дохио ногоон гэрлээр асаж байгаад улаан гэрэл солигдох үед би тэр чигээрээ явган хүний гарц руу яваад орох үед гэнэт миний баруун талаас буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо нэг хүүхэд зам хөндлөн гүйгээд ороод ирэхээр нь би шууд тоормос гишгэх үед нөгөө хүүхэд миний машины баруун талын голын хэсэгт мөргөөд унасан. Тэгээд би тэр дороо зогсоод 102, 103 руу утсаараа дуудлага өгсөн. Машинаасаа буугаад очиход хүүхэд 3-р эгнээнд явган хүний гарцан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би уг хүүхдийг хөдөлгөөнгүй байлгасан. Эхлээд түргэн ирээд мөргүүлсэн хүүхдийг аваад явсан. Дараа нь замын цагдаа ирж хэмжилт хийсэн. Зам хуурай, шулуун тэгш байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний машинд эвдрэл байгаагүй. Би тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж явсан. Миний машин суудлын автомашин байсан. Би машиндаа ганцаараа байсан. Машинд мөргүүлсэн хүүхэд ганцаараа байсан. Гэрэл дохиотой, явган хүний гарцтай зам байсан. Гэрэл дохио ажиллаж байсан. Би улаан гэрлээр орсон, миний буруу. Би яарч яваагүй, архи уугаагүй байсан. Осол гарах үед машиныг би жолоодож явсан. Би жолооны үнэмлэхтэй, ВСД ангилалтай. 1995 оноос хойш тасралтгүй автомашин жолоодож байна. Өмнө нь осол аваар гаргаж байгаагүй. Хүүхдийг аав, ээжийнх нь хамт эмнэлгээр дагуулж яваад үзүүлсэн. Хүүхдийн шилбэ хугарсан гэсэн. Тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Маргааш нь хагалгаанд орсон. Хагалгааны мөнгө гэж 250.000 төгрөг төлсөн. Толгойн зураг авахуулахад нь 100.000 төгрөг өгсөн. Бэлнээр өгсөн болохоор баримт нь байхгүй. Миний машинд камер байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

яллагдагчаар 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтээ болсон осол хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан. Иймд дахин мэдүүлэг шаардлага байхгүй, урьд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн 92 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: баруун хөлний гуяны дээд хэсгээс доош хөлийн хуруу хүртэл гөлтгөнөн аравчин боолттой, баруун шилбээр эмзэглэлтэй.

ДҮГНЭЛТ: Б.Мад баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх Эмнэлгийн Гэмтлийн Зэрэг Тогтоох Журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй. Шинжээч Д.Мөнх-Оргил ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35 дугаар тал),

7. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-13 дугаар тал), зам тээврийн ослын дуудлага, мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 60 дугаар тал),

8. Хохирогч Б.Мад учирсан гэм хорын зардлыг нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 23, 72-74 дүгээр тал), Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн өвчний түүх (хавтаст хэргийн 37-45 дугаар тал),

9. Шүүгдэгч С.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дугаар тал), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 76 дугаар тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар тал), “...” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дүгээр тал), “...” ХХК-ийн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар тал),  ... улсын дугаартай  “Хьюндай Старекс” автомашины эзэмшигчээр “...” ХХК бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 58 дугаар тал), хохирогч Б.Ма, түүний хууль ёсны төлөөлөгч З.Бадамсүрэн, шүүгдэгч С.А нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд (хавтаст хэргийн 77-78 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  С.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бадамсүрэн нар нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаар тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналыг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ С.А нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “Хар хорин” захын хойд талын замд ... улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэх заалт, мөн дүрмийн 16.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 11 настай Б.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч С.А нь өмгөөллийн дүгнэлтдээ гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.А нь “...” ХХК-д жолоочоор ажилладаг байх ба, ажил үүргээ гүйцэтгэн “...” ХХК-ний эзэмшлийн ... улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “Хар хорин” худалдааны төвийн хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалт;

-мөн дүрмийн 16.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зөвшөөрөгдсөн гэрлээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 11 настай Б.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Хар хорин захын урд талын автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо гэрэл дохиотой явган хүний гарцаар ...ногоон гэрэл асахаар нь урдаасаа хойшоо зам хөндлөн гарч явахад миний зүүн гар талаас нэг машин орж ирээд хүчтэй мөргөсөн. Би газар унасан... би ногоон гэрлээр гарсан. Гэнэт л түс хийгээд л явсан. Тэр үед би газар унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бадамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Ма нь манай 3 дахь хүү байгаа юм. ...Хар хорин захын хойд талын автобусны буудал дээр ирээд хүүхэд рүүгээ утсаар залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгтэл танай хүүхэд машинд мөргүүлчихлээ шүү дээ гэхээр нь шууд хойноосоо урагшаа зам хөндлөн гараад харахад манай хүүхэд Старекс маркийн машинд мөргүүлчихсэн байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал), мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

- Гэрч Э.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим Хар хорин захын гадаа замын урд талд гар дээрээс худалдаа хийгээд зогсож байсан. ...Ногоон гэрэл асаад автомашинууд зогсоод явган зорчигч нар урдаасаа зам хөндлөн гарч явахад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ явсан “Ухаалаг хэрэглэгч” гэсэн бичигтэй, Старекс маркийн автомашин улаан гэрлээр 3 дугаар эгнээгээр гэнэт орж ирээд ногоон гэрлээр гарч явсан хүүхдийг мөргөөд унагасан. Нөгөө хүүхэд босож чадахгүй байсан. ...Машин гэнэт гарч дохио зөрчөөд орж ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

- Гэрч Б.Нямаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би захын урд лангуун дээрээ зогсож байхад Хар хорин захын хойд талын гэрлэн дохиотой явган хүний гарцаар ногоон гэрлээр явган зорчигч нар зам хөндлөн гарч байсан. ...Гэтэл гэрэл дохио зөрчөөд 1 автомашин захын хойд талын замаар гэнэт орж ирээд урдаасаа хойшоо явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан нэг эрэгтэй хүүхдийг мөргөж унагаад зогссон. ...Тэр машин нь микро шиг машин байсан. Машин гэнэт улаан гэрлээр орж ирсэн. Хүүхэд ногоон гэрлээр гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

- Шүүгдэгч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 30, 52 дугаар тал), мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн 92 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35 дугаар тал), Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-13 дугаар тал),  зам тээврийн ослын дуудлага, мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр тал), Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүх (хавтаст хэргийн 37-45 дугаар тал) зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба, зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Аийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.А нь хохирогчийн эм тариа, үзлэг оношилгоо, бусад зардалд 1.100.000 төгрөгийг зарцуулсан, мөн хууль ёсны төлөөлөгчид нь 1.500.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, нийт 2.600.000 төгрөг нөхөн төлсөн байна. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бадамсүрэн нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогч, түүний төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Тус гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй буюу насанд хүрээгүй хохирогч Б.Мын гэмтсэн хөл нь бүрэн эдгэрээгүй, бэхэлгээтэй байгаа талаар шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн тул энэ хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг тогтоолд дурдав.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг  гаргасан ба шүүгдэгч С.А нь өмгөөлөлдөө улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч С.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын төлбөрийг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарах ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч С.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй, түүний тогтмол ажил эрхэлдэг хувийн байдал, Тээврийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг тус тус харгалзан шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн  цалин хөлс, орлого зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Сын Аийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэд оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.А нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор насанд хүрээгүй хохирогч Б.Ма, түүний хууль ёсны төлөөлөгч З.Бадамсүрэн нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бадамсүрэн нь тус хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны  төлөөлөгч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан С.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА