Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01745

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/09217 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ид холбогдох

1,895,045 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ид холбогдуулан 1,895,045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3.2.6-д заасны дагуу ашиглалтын зардалд 1,895,045 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлаа уг компанитай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба сууц өмчлөгчдийн холбооны асуудлаар ямар ч гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

 

3.******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******байр ******* тоот хаягт байрлах, 46.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, захиалагч ******* нь орон сууцны үнэд 200,739,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Тус гэрээний дагуу талууд үүргээ харилцан гүйцэтгэсэн талаар маргаагүй байна.

 

4.Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сард нийтийн эзэмшлийн ашиглалт үйлчилгээний зардалд 1,895,045 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

4.1.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан ба нэхэмжлэлд дурдсан хугацаанд хариуцагчийн амьдарч буй 91/1 тоот байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.

 

4.2.Талуудын байгуулсан гэрээний 3.2.6-д төлбөрийн нэхэмжлэл хэний нэр дээр байхаас үл хамааран түлхүүр хүлээлгэн өгснөөс хойшхи хугацааны зардлыг (дулаан, ус, цахилгаан, интернэт, утас, кабелийн гэх мэт) захиалагч хариуцна гэж заажээ.

Нэхэмжлэлд хавсаргасан Нийтийн эзэмшлийн ашиглалт үйлчилгээний зардлын задаргаа-аас үзэхэд, ажилчдын цалин 12,400,000 төгрөг (ашиглалтын албаны дарга, орлогын байцаагч/тооцооны нягтлан, цахилгаанчин/лифтчин, оператор/ресепшн, орцны үйлчлэгч, гадна талбайн үйлчлэгч), гэрээт үйлчилгээ 3,425,333.3 төгрөг (лифтны сар тутмын үзлэг, үйлчилгээ, лифтний магадлал, хог тээвэр), нэмэлт зардал 2,220,000 төгрөг (цэвэрлэгээний материал, багаж хэрэгсэл, ажлын хувцас, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл), нийтийн эзэмшлийн зардал 3,511,145.6 төгрөг (цахилгаан, ус, засвар үйлчилгээний материал, ногоон байгууламжийн зардал), нийт 4 төрлийн зардал 21,556,478.9 төгрөг, үүнийг 329 айлд хувааж нэг айлд ногдох нэг сарын зардал 65,521.2 төгрөг гэж тооцжээ.

Дээрх тооцоололд тусгасан зардлууд нь ямар гэрээ, хэлцэлд үндэслэсэн, төлбөр тооцоо хийгдсэн эсэх нь тодорхойгүй, холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд сар бүр 65,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

 

4.3.Гэвч хариуцагч нь ресепшн, цэвэрлэгээ, хог тээврийн үйлчилгээг нэхэмжлэгчээс авч байсан, үүнд 20,000,000 төгрөг гарах боломжтой талаар оршин суугчид ярилцсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3 дахь хэсэгт зааснаар зохигч тал тайлбар гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно. Түүнчлэн тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад тооцогдоно.

 

4.4.Иймээс хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 28 сарын хугацаанд сард 20,000 төгрөгөөр тооцон нийт 560,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/09217 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 560,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,335,045 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын хариуцагчаас 45,271 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагч *******оос 17,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 45,271 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД   Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА