| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0442/Э |
| Дугаар | 680 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 680
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтлөн,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
С овогт Лын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0052 00475 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт Лын Э нь Монгол улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт ...тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон,
2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 566 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар тус тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ял дээр өмнөх шйитгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн зарим хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрээр эдлээгүй үлдсэн 10 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхийн шийдвэрээр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Л.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байр, 5 дугаар орцны гадна “дэлгүүрийн өрөө төл” гэх шалтгаанаар М.Бтэй маргалдан түүний нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ:
2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дэлгүүрт зогсож байхад Б орж ирээд ундаа, архи зээлээр авч, архийг бид хувааж уусан. Тэгээд бид хоёр муудалцаад би түүний хамар руу нь цохисон гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0052 00475 дугаартай хэргээс судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд:
2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн:
“…Би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны 5-р орцны харалдаа урд байрлах түргэн үйлчилгээний цэгийг эхнэр Оргилмаагийн хамт ажиллуулдаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлаа тараад ажлын газрын найз Мөнхсайхантай байрныхаа хажууд ирээд Мөнхсайханы машин дотор бид хоёр 0.75 граммын Голд Чингис архи хувааж уугаад дуусахад Мөнхсайханы эхнэр ирээд машинаа бариад явсан. Тэгээд би гэртээ орох гээд явж байхад байрны зүс таних Э гэдэг залуутай таараад Эт хандан түргэн үйлчилгээний цэгт тавьсан өрөө төлөөч гэж хэлсэн. Тухайн үед Э ч гэсэн жоохон согтуу байсан. Тэгээд Э оронд нь гар утас өгнө гэж ярьж байснаа миний толгой руу цохиход би газар унасан. Тэгээд салаад би орцны ард байдаг дэлгүүр рүү орсон. Тэгсэн араас орж ирээд агсраад манай эхнэрийг хэл амаар доромжлоод байхаар нь боль гэтэл намайг заамдаад авсан. Тэгээд гаръя гээд намайг заамдсан чигтээ гарсан. Гадаа гарахад зүс таних залуу бид хоёрыг салгасан. Би утсаа гаргаж ирээд хойшоо хараад оролдоод зогсож байхад миний нүүр рүү цохисон. Миний хамраас цус гараад доошоо суусан. Нөгөө залуу ч цаашаа гүйгээд яваад өгсөн. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Гэхдээ тэр залуу гүйгээд явчихсан байсан. Хоёр хоногийн дараа лифтэнд таарахад тэр залуу согтуу байсан. Тэгээд намайг цагдаад гомдол гаргалаа гээд заналхийлсэн. Э миний нүүр рүү юугаар цохисныг би харж чадаагүй. Намайг цохиход миний хамраас цус гараад би доошоо суусан. Тэгээд нэг хоёр удаа дээрээс өшиглөсөн. Тэр үед зүс таних залуу түүнийг надаас салгасан. Би бол Э гэх залууд гар хүрсэн асуудал огт байхгүй. Э надад 200.000 төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд Э нь хэрэгт ороод шоронд орсон гэхээр нь тэр мөнгийг авахаа болиод цайруулъя гээд бодсон байсан. Гарч ирчихээд надаас 100.000 төгрөг зээлсэн. Тэгээд цагаан сар болж байна мөнгөө авъя гэхэд надаас мөнгө нэхлээ гээд уурласан. Э өрөө нэхлээ гэсэн асуудлаас болоод ийм байдал үүсчихсэн юм. Дэлгүүрт байхад манай эхнэр хажууд байсан. Тэгээд намайг заамдаад гарахад хүн үйлчлүүлж байсан болохоор манай эхнэр дэлгүүрт үлдээд Э бид хоёр гадаа байсан. Манай эхнэр гадаа болсон үйл явдлыг хараагүй. Намайг цохиулаад байж байхад дэлгүүрээс гарч ирээд цагдаа дуудсан. Би шүүх эмнэлгийн 1492 дугаартай дүгнэлттэй танилцлаа, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг надад Э гэдэг залуу учруулсан. Би эмчилгээний зардал болох 750.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бас ажлаа хийж чадаагүй 5 хоногийн ажлын хөлсөө олж авмаар байна. Би гомдолтой байна. Цагдаад гомдол гаргаад чи юу ч хожихгүй, гэр бүлийнхэнд чинь муу юм болно шүү, танай гэр бүлийнхнийг би мэднэ гэж намайг Э заналхийлсэн. ...Тэр хүнд тохирсон хариуцлагыг нь хүлээлгэж өгөхийг хүсч байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн:
“...Надад өмнө өгсөн хохирогчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би эмчилгээний төлбөрт Эаас 700.000 төгрөг авсан, гомдол санал байхгүй. Надад нэхэмжлэх эд зүйл байхгүй. …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
2 Шүүгдэгч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн:
“... 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ач” хүнсний дэлгүүр ороход Б худалдагчаас архи зээлэх гээд зогсож байхаар нь би худалдагчид хандан энэ залуу сайн залуу байгаа юм, манай орцны урд талын дэлгүүрийн залуу байгаа юм, архийг нь зээлчих гэж хэлэхэд худалдагч Бд архийг зээлээр өгсөн. Тэгээд би гарах гэтэл Б хамт архи ууя гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр байрны ард автомашин дотор Бийн найзтай хамт архиа хувааж уусан. Тэгээд бид хоёр архиа хувааж ууж дуусаад нөгөө машин явахаар нь Б бид хоёр байр луугаа хамт алхаж явсан. Тэгээд замдаа алхаад явж байхад Б манай ах халхын атаман Ням-Лхагва гээд над руу томроод байхаар нь би Бд хандан Ням-Лхагвын ах Лхагважав нь манай найз, чи битгий нас барсан хүнийг яриад бай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо муудалцаж байхад Б миний нүд рүү гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд гараараа нүүр хавьцаа нь нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр муудалцаад Бийн дэлгүүрийн үүдэнд очоод муудалцаж байгаад Бийн хамар руу нь гараараа цохиход хамраас нь цус гарахаар нь маргалдахаа болиод гэртээ орсон. Өөр болсон зүйл үгүй. Б бид хоёр машин дотор архи ууж байхдаа маргалдаагүй машинаас буугаад бид хоёр орц руу явж байхдаа маргалдаж зодолдсон юм. Тухайн үед Бийн эхнэр нь хажууд байсан. Би Бийн нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд Бийн дэлгүүрийн үүдэнд очоод Бийн хамар руу нь гараараа цохиход хамраас нь цус гарсан. Б миний нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би Бд эмчилгээний 700.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149-150 дугаар тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1492 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэг: Зүүн нүдний доод зовхинд 2,5x1,5см хөхөлбөр өнгийн цус
хуралттай, уг хэсгээр овойж хавдсан. Хамрын нуруу овойж хавдсан. Хамрын амьсгал зүүн талдаа саадтай.
2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн толгойн Компьютер томографийн шинжилгээнд: “...Хамрын яс зүүн талдаа уг хэсгээр бага зэрэг зөрөөтэй шинэ хугаралтай. Хамрын таславч дунд хэсгээр бага зэрэг зөрөөтэй хугарч зүүн тийш үл ялиг мурийсан. ...” гэжээ.
ДҮГНЭЛТ: М. Бийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч М.Золжаргал ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
4. Хохирогч М.Бийн хохирол нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 82-86 дугаар тал), хохирогч, шүүгдэгчийн 700.000 төгрөг өгсөн, авсан тухай баримт (хавтаст хэргийн 87-88 дугаар тал),
5.Шүүгдэгч Л.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 47 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд (хавтаст хэргийн 54-71, 125-143 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар тал), шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дугаар тал), Л.Эын “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны хуулга (хавтаст хэргийн 78 дугаар тал), “...” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Л.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.Бтэй маргалдан түүний нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь тус дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Л. Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байр, 5 дугаар орцны гадна “дэлгүүрт тавьсан мөнгөний өрөө төл” гэж хэллээ гэх шалтгаанаар М.Бтэй маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:
“…Эт хандан түргэн үйлчилгээний цэгт тавьсан өрөө төлөөч гэж хэлсэн. Тухайн үед Э жоохон согтуу байсан. Э оронд нь гар утас өгнө гэж ярьж байснаа миний толгой руу цохиход би газарт унасан. ...би утсаа гаргаж ирээд хойшоо хараад оролдоод зогсож байхад миний нүүр рүү цохисон. Миний хамраас цус гараад доошоо суусан. ...Тэгээд нэг хоёр удаа дээрээс өшиглөсөн. ...цагаан сар болж байна мөнгөө авъя гэхэд надаас мөнгө нэхлээ гээд уурласан. Э тэгээд өрөө нэхлээ гэсэн асуудлаас болоод ийм байдал үүсчихсэн юм. …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
Шүүгдэгч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:
“...Б хамт архи ууя гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр байрны ард автомашин дотор ...хувааж уусан. ...Тэгээд бид хоёр хоорондоо муудалцаж байхад Б миний нүд рүү гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд гараараа нүүр хавьцаа нь нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр муудалцаад Бийн дэлгүүрийн үүдэнд очоод муудалцаж байгаад Бийн хамар руу гараараа цохиход хамраас нь цус гарахаар нь маргалдахаа болиод гэртээ орсон. ...Би Бийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд Бийн дэлгүүрийн үүдэнд очоод Бийн хамар руу нь гараараа цохиход хамраас нь цус гарсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149-150 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1492 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд тэдний харилцан үл ойлголцлоос болсон байна.
Шүүгдэгч Л.Э нь хохирогч М.Бийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Эыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Л.Э нь хохирогч М.Бийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч М.Б нь 700.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч нь уг хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Л.Э нь өмгөөлөлдөө улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2012, 2014, 2017 онд тус тус ял шийтгэгдэж байсан байна.
Шүүгдэгч Л.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Л.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, удаа дараа ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг харгалзан түүнд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Лын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Бд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Л.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА