Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01748

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06069 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

24,155,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* 2022 оны 09 дүгээр сард Япон Улсад ирээд надтай уулзаж хамтран ажиллах талаар ярьсан. Улмаар 2023 оны 11 дүгээр сард намайг ирсэн байхад Хишигтэн гэдэг хийцтэй цай үйлдвэрлэж байгаа, хөрөнгө оруулаач гэж мессеж бичин уулзаж, цай хамтран үйлдвэрлэх 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулаач гэж санал тавьсан. Үүний дагуу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 24,155,500 төгрөг шилжүүлсэн. Бид тухайн үед хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, амаар тохиролцсон. Налайх руу тоног төхөөрөмж зөөхөд нь хамт явж угсарч байсан, бага хэмжээний цай хийж надад үзүүлж байсан, би 2 удаа үйлдвэр дээр цай хийлцэж байсан. Тэгээд үйлдвэрлэл явагдахгүй, цаашид хамтран ажиллах боломжгүйг мэдээд 2024 оны 07 дугаар сард *******аас зарцуулсан мөнгөө эргээд авч чадах эсэхийг асуухад буцааж өгөх боломжгүй гэж хэлсэн. Би хөрөнгө оруулсан боловч надад ямар нэгэн ашиг өгөөгүй. Иймд хариуцагчаас 24,155,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *******тай хамтран *******ХХК-ийг байгуулсан. ******* нь хамтарсан компанийн бүрэн эрхт гишүүн байсан бөгөөд түүний шийдвэрээр 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор нэрээ хасуулсан. Нэхэмжлэлд дурдсанаар аман байдлаар хөрөнгө оруулаагүй.

*******гийн нэхэмжилж байгаа мөнгөөр 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сурталчилгаа хийлгэсэн. Наадмын амралтын дараа 08 дугаар сарын сүүлээр сурталчилгааг дахин цацахаар ярилцсан байсан боловч 08 дугаар сарын 15-ны үед ******* цаашид хөрөнгө оруулахаа болилоо гэсэн. Ингээд манайх цайгаа таниулах зар сурталчилгаа хийж борлуулалтаа нэмэгдүүлэх боломжгүй болсон.

Компани одоог хүртэл ашигтай ажиллаж чадаагүй, 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 06 дугаар сард нийт борлуулалтын орлого нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нарантуулын түгээгчээс 769,500 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд *******ХХК-аас 6,501,375 төгрөг, 2025 он 06 дугаар сарын 03-ны өдөр УБТЗ-аас 855,000 төгрөг, нийт 8,125, 875 төгрөг. Компанийн дансны хуулга дээр миний эзэмшлийн *******ХХК-аас 10,000,000 төгрөг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр орсон нь НӨАТ төлөгч болох зорилготой зохиомолоор хийсэн мөнгө бөгөөд татварын газар татгалзсан.

Дээрх хугацаанд гарсан зарлага нь үйлдвэрийн байрны түрээс 13,400,000 төгрөг, түүхий эд 9,482,000 төгрөг, фэйсбүүк сурталчилгаа 4,100,000 төгрөг, байгаль орчны хэсэгчилсэн үнэлгээ 800,000 төгрөг, нийт 27,782,000 төгрөг.

Хөрөнгө оруулалтын мөнгөө ******* өөрийн данснаас үйлдвэрийн зардалд шууд шилжүүлсэн бөгөөд миний хувьд хувьдаа мөнгө огт аваагүй, миний хувь данс руу мөнгө шилжүүлсэн 2 тохиолдол нь фэйсбүүк бүүст хийх төлбөр болон түүхий эдийн зардал байсныг дансны хуулгаар нотлох боломжтой. Үйлдвэр ашигтай ажиллаагүй нөхцөлд хэн хэндээ хөрөнгө оруулсан мөнгөө эргүүлэн төлөх ямар нэг нэмэлт гэрээ бидний хооронд байхгүй. Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигч нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг, компанийн өр төлбөрийг хувийн хөрөнгөөр төлөхгүй. ******* нь 50 хувийн эзэмшигч байсан бөгөөд компанийн ашиг, алдагдлыг адил тэгш үүрэх үүрэгтэй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.12 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******т холбогдох 24,155,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Шийдвэрт "...Хариуцагч ******* нь компанийн өр төлбөрийг хувийн хөрөнгөөрөө төлөхгүй гэж маргаж байгаа тайлбар нь илүү үндэслэл бүхий тайлбар гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл ******* нь *******ХХК-д оруулсан хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа иргэн *******т холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байх тул..." гээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

******* нь 2024 оны 05 дугаар сарны 21-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 24,255,500 төгрөгийг *******ын *******ХХК-ийн санхүүгийн болон маркетингийн үйл ажиллагаанд зориулан өгсөн гэж тайлбарласан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "*******" ХХК-ийг байгуулж ******* гишүүнээр орж 2024 оны 09 дүгээр сард нэрээ хасуулсан. ******* нь мөнгө шилжүүлсэн дансны хуулгуудыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан бөгөөд тухайн мөнгө нь "*******" ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдаж, тус компаниас зарлагын баримтаар үйл ажиллагаанд нь зарцуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Энэ талаар хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгууд ч уг үйл баримтыг нотолсон.

Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт "Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна" гэж заасан ба *******гийн шилжүүлсэн мөнгө "*******" ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдаж, түүнд танилцуулагдаагүй, мөн тус компанийн нэрээр зарлагад гараагүй учраас компанид оруулсан хөрөнгө гэж үзэх, компаниас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн хариуцагчаас "******* нь 50 хувийн эзэмшигч байсан бөгөөд компанийн ашиг, алдагдлыг адил тэгш үүрэх үүрэгтэй байсан" гэж тайлбарлаж байгаа боловч ******* нь "*******" ХХК-ийн дүрэмд 50,000 төгрөгийн хувьцаанд ногдох хөрөнгө оруулсан нь тусгагдсан байх тул Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу "*******" ХХК-ийн өр төлбөрийн 50,000 төгрөгт ногдох төлбөрийг хариуцаж төлөхөөр байна.

Дээрх үйл баримт болон хуулийн зохицуулалтаар ******* нь "*******" ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлж компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй тул тус компаниас мөнгөө нэхэмжлэх үндэслэлгүй байна.

Шүүх "Талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч хамтран ажиллахаар харилцан тохиролцсон талаар маргаагүй тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ" гэж дүгнэсэн мөртлөө ******* нь "*******" ХХК-д оруулсан хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа иргэн *******т холбогдуулан гаргасан нь үндэлэлгүй гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн. Учир нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт "Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ" гэж заасан байхад *******гийн мөнгийг компанид оруулсан хөрөнгө гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Талууд компани үүсгэн байгуулах замаар хамтран ажиллаж, Хишигтэн нэрийн цайг үйлдвэрлэн, худалдан борлуулж, ашиг олохоор болсон. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Үүний дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэвч зах зээлд төлөвлөж байсан ашгаа олж чадаагүй. *******ХХК-д хөрөнгө оруулсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. *******ХХК-ийн хувьцааг хариуцагч залилан мэхэлж авсан гэж гүтгэж, үүнтэй холбоотойгоор хариуцагч нь цагдаагийн байгууллагад шалгагдсан ба албан ёсны гарсан шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан. *******ХХК-ийн хувьцааг өөрийн саналаар шилжүүлсэн. Хариуцагч нэг ч төгрөгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй, мөнгийг үйлдвэрийн ажилд зарцуулсан.

Нэхэмжлэгч нь компани байгуулах замаар үйл ажиллагаа явуулахаар хариуцагчтай тохиролцсон. Хувьцааг шилжүүлэн өгсний дараа хариуцагч нь хариуцлага хүлээх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг бүх талаас нь судалж дүгнэсэн. Өмгөөлөгч С.Одгараг нь хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар, гэрээ хүчин төгөлдөр талаар тайлбарласан, хүчин төгөлдөр гэрээ байгуулсны гэм хорыг шаардсан. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 24,155,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч цайны үйлдвэрт хөрөнгө оруулах санал тавьсны дагуу 24,155,500 төгрөгийг шилжүүлсэн, үйл ажиллагаа явуулаагүй, ашиг өгөөгүй учир өгсөн мөнгөө буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ хөрөнгө оруулах санал тавьсныг нэхэмжлэгч зөвшөөрч, хамтран *******ХХК-ийг байгуулж, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, хувьдаа ашиглаагүй, компани ашигтай ажиллахаас өмнө нэхэмжлэгч компаниас гарсан гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 22 удаагийн гүйлгээгээр нийт 24,155,500 төгрөгийг зулзаяа-с, баатартай реклам, хуурай сүү, энхбаяр, фб бүүст, хишигтэн цайны реклам, эрэгтэй дуу оруулалт, шар будаа, цай, 6 сарын түрээс зэрэг утгаар тодорхой дансуудад шилжүүлсэн байх ба эдгээр төлбөр тооцоо цайны үйлдвэрлэлтэй холбоотой болохыг хариуцагч үгүйсгээгүй.

Талууд хамтран үүсгэн байгуулсан *******ХХК-ийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба үүнээс өмнө нэхэмжлэгч нийт 18,929,000 төгрөгийг шилжүүлжээ.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд компани байгуулахын өмнө талууд цайны үйлдвэрлэл эрхлэх хүрээнд нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө шилжүүлж, хариуцагч нь үйл ажиллагааг хариуцан явуулахаар тохиролцсон байх ба уг харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэж дүгнэхээр байна.

 

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...үйлдвэрлэл явагдахгүй, цаашид хамтран ажиллах боломжгүйг мэдээд 2024 оны 07 дугаар сард *******аас зарцуулсан мөнгөө эргээд авч чадах эсэхийг асуухад буцааж өгөх боломжгүй гэж хэлсэн. Би хөрөнгө оруулсан боловч надад ямар нэгэн ашиг өгөөгүй... гэж дурдсанаас үзэхэд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар гэрээ дуусгавар болжээ.

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсны үр дагаврыг мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зохицуулсан ба биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилахаар заасан. Талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байх бөгөөд хариуцагчийг үйл ажиллагаа эрхлэх хэлбэрээр хураамж төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй ч тэрээр уг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн болохоо нотлоогүй, мөн нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн зарцуулалттай холбоотой баримт шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч нь *******ХХК-ийн 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 06 дугаар сард хамаарах нийт борлуулалт 8,125,875 төгрөг, зарлага 27,782,000 төгрөг болсон гэж тайлбарлаж байх боловч талуудын компани байгуулж хамтран ажилласан асуудал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болоогүй, мөн хариуцагчаар *******ХХК-ийг тодорхойлоогүй болно.

Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар 18,929,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 18,929,000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06069 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас 18,929,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,226,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******аас 252,595 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 285,000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА