| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 103/2025/00706/И |
| Дугаар | 210/МА2025/01791 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01791
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Одгэрэл, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 9,187,971 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн төлбөр 6,125,314 төгрөг, алданги 3,062,657 төгрөг, нийт 9,187,971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, түрээслүүлэгч ******* ХХК нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө 10, ******* барилгын 9 давхар ******* тоот хаягт байрлах, 45 м.кв талбайтай, үйлчилгээ, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч ******* нь сарын түрээс 1,462,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Түрээсийн гэрээний зүйл нь нийт 5657 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг учир түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн нь зөв. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
4.Шүүх зохигч талуудын тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн түрээсийн өрөө хүлээлцэх акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалт зэргийг харьцуулж, хариуцагчийг түрээсийн төлбөрт 6,125,314 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж зөв дүгнэсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын менежер ******* гэрээний үүрэгт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөгийг төлүүлж гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарласан ба дээр дурдсан баримтуудтай харьцуулж үзвэл цаг хугацааны хувьд үүний дараа талууд түрээсийн байрыг хүлээлцэж, тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй.
Талуудын гэрээ 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.1-д заасны дагуу гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болох боловч түрээсийн зүйлийг буцааж өгөх хүртэлх хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч нь мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
5.Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 3.2-т Б тал түрээсийн сарын төлбөрөө сар бүрийн 5-ны дотор урьдчилан төлнө. Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцон үндсэн төлбөр дээр нэмж А талд төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэнийг шүүх зөв дүгнэсэн.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас түрээсийн төлбөр 6,125,314 төгрөг, алданги 3,062,657 төгрөг, нийт 9,187,971 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.
6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 103/ШШ2025/00686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 162,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Д.ЗОЛЗАЯА