| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0112/э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 111
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сад холбогдох 1916002900134 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ... өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, аав ээж, эгч, дүү нарын .... тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай, Г овогтой Б-ын С гэв.
Яллагдагч Б-ын С нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед С.Зг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.С нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт С.Згийн найзууд нь машин руу чулуу шидсэн гэх шалтгаанаар найз С.Зг зодож түүний биед нь тархины доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.С гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Сын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...09 дүгээр сарын 10-ны орой найз Атэй хамт машинтай явж байгаад С.З рүү залгаад уулзъя гэж хэлсэн. Өмнө нь С.Зтэй найзууд байсан. Тэгээд талд Энхүүшийн хашаанд байна гэхээр нь яваад очиход 3 согтуу залуутай хамт явж байсан. Тэгэхээр нь зогсолгүй хажуугаар нь өнгөрөөд явсан. Тэгээд араас залгаад ганцаараа байна хүрээд ир гэхээр нь яваад очсон. Тэгэхэд араас нэг согтуу хүн ирээд машины хаалга татахаар нь хэн юм бэ? гэж асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд буцаад ирэхэд машин руу чулуу шидсэн. Тэндээс жоохон явж байгаад буугаад машинаа үзэхэд буруу талын хойд гэрэл хагарсан, багааж нь хонхойсон байсан. Тэгээд хашааны хойд талд гарч С.Зтэй муудалцаад гэрт нь хүргэж өгсөн... Хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн... Би аав ээж хоёртойгоо хамт мал малладаг. Манайх Рашаантад мал малладаг боловч энэ жил өвс гараагүй учир Завхан аймгийн Цагаанчулуутад өвөлжөө түрээсэлж малаа маллах гэж байгаа тул торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Згийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Намайг гэрт хүргэж өгнө гээд Ц, М, Ч нар уулзаад зогсож байтал надруу С залгаад хаана байна. Уулзъя гэсэн. Би Баянхайрхан багт Энхжаргалын хашааны үүдэнд байна гэж хэлсэн. Удалгүй приүс 30 маркийн машинтай С нэг залуутай хамт ирсэн. Суучих гэхээр нь би машинд нь суусан. Тэгсэн намайг аваад шууд Баянхайрхан багийн дээд талд очсон. Би тухайн үед согтуу байсан. Намайг буулгаад С нь намайг зодсон. Нөгөө залуу нь хажуугаас цохиж зодсон эсэхийг би мэдэхгүй байна. Би их согтуу байсан. Нүүр рүү хүчтэй цохисон. Тэгээд би ухаан балартаад унасан. Миний хамраас цус их гарсан. Нүүр, хамар маш их хавдаж хөндүүрлэсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх16-рт/,
Гэрч П.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...С З рүү залгахад З дээд талд байна. Хүрээд ир гэхээр нь байсан газар нь очсон чинь 3 залуутай хамт зогсож байсан болохоор зогсолгүй өнгөрөөд явсан. Араас З залгаад ганцаараа гараад ирчихсэн байна. Эргээд хүрээд ир гэсэн. Очоод Зг суулгаад хөдлөөд явсан чинь араас нэг залуу ирээд машины хаалга татсан. Згээс хэн юм гэхэд мэдэхгүй гэхээр нь буцаж эргээд хажуу талаар нь өнгөрөхөд машины араас чулуу шидсэн. Тэндээс 200 метр яваад С машинаа үзсэнээ машины дохио хагалаад багааж хонхойлгосон байна гэж З рүү уурлаад нүүр рүү нь цохиж байхаар нь би боль гэж салгаж машинд суулгаад Зг гэрийнх нь гадаа буулгаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх21-рт/,
Гэрч Ө.Цийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Зг хүргэж өгөөд явж байхад ил харагдах шарх, сорви байгаагүй. Гэнэт цагаан өнгийн приүс 30 маркийн машин ирээд Зг суулгаад аваад явсан. Тэгээд би 2 найзынхаа хамт хойноос нь гүйсэн боловч машинтай хүмүүс зогсолгүй аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх33-рт/,
Хохирогч С.Згийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 278 дугаартай акт /хх27-28-рт/, хохирогч С.Згийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч С.З нь Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл гаргахдаа “С.Загсдсүрэн миний бие 09 дүгээр сарын 10-нд иргэн Б.Сад зодуулсан бөгөөд хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Надад учруулсан хохирлыг Б.С нь 500.000 төгрөг төлсөн. Мөн миний биед учирсан шарх сорив эдгэрч ямар нэгэн өвчин зовиур мэдэгдэхгүй байгаа тул Б. Сад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх59-рт/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Сыг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Зд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.С нь хохирогчид 500.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогтой Б-ын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Сад оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.6 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар ялтан Б.С нь 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан Б.С нь хохирогчид 500.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА