Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01835

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/06853 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 289,740,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж, 180,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, *******ы өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *******байр, ******* тоот хаягт байрлах, 106 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. *******ы хүсэлтийн дагуу зээлийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан.

******* нь зээлийн гэрээний хугацаанд хүүнд 16,200,000 төгрөг, гэрээний хугацаа сунгаснаас хойш 9,000,000 төгрөг төлсөн.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу *******аас зээл 180,000,000 төгрөг, хүү 13,160,000 төгрөг, алданги 96,580,000 төгрөг, нийт 289,740,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч нь *******той 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, мөн хугацааг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлөхөөр сунгасан. Зээлийн гэрээгээр 180,000,000 төгрөгийг 1.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг барьцаалсан.

Зээлийн гэрээ байгуулснаас хойш хүүнд нийт 25,200,000 төгрөг төлсөн. Хариуцагч гадаадад сурч ажилладаг учраас үүнээс хойш төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдалтай байгаагаа *******д утсаар хэлж, тайлбарлаж байсан.

Үндсэн зээл 180,000,000 төгрөг, хүү 13,160,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс зөвшөөрч байгаа. Зээлийн гэрээний 3.6-д сар бүр хүү төлж хугацааны эцэст зээлийг төлөхөөр тохиролцсон, дээд тал нь 90,000,000 төгрөгийн алданги байх боломжтой. Харин алданги 96,580,000 төгрөгийг хэт өндөр байна гэж үзэж байгаа учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзаад шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу анзын хэмжээг бууруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 289,740,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******байр, ******* тоот хаягт байрлах, 106 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,676,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,676,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

******* нь бага насны 2 хүүхэдтэй, оюутан, өрхийн орлого нэг хүний цалингаар амьдардаг бөгөөд дээрх зээлийг орон сууц авах зорилгоор зээлсэн, одоо банкны зээлтэй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан авсан зээлээ төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж тус тус заасан.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд дээрх хуулийн заалтыг үндэслэн *******ы зээлийн гэрээний үүргийн биелэлтээс хүү болон алдангийг тодорхой хэмжээгээр буулгаж тогтоож өгнө үү гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш алданги, хүүгийн төлбөр хоёр жил зогссон. Маргааны гол үндэслэл нь тодорхой бөгөөд зээлийн гэрээг харилцан тохиолцож байгуулсан, алдангийн хэмжээ нь хуульд нийцсэн буюу 50 хувиас хэтрээгүй, хүү 1.8 хувь буюу зах зээлийн үнэлэмжээс хэтрэхгүй тул талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч тал алданги болон хүүг төлөхөө хүлээн зөвшөөрсөн.

Иймд анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 180,000,000 төгрөг, хүү 13,160,000 төгрөг, алданги 96,580,000 төгрөг, нийт 289,740,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.*******, ******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 180,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ. Түүнчлэн талууд зээлийн гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс хариуцагчид 180,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн хариуцагч нь зээлийн төлбөрт нийт 25,200,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүрэгт зээл 180,000,000 төгрөг, зээлийн хүү 13,160,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зээлийн гэрээнд хүүг сарын 1.8 хувиар тохиролцсон талаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй атлаа давж заалдах гомдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар буюу хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон үндэслэлээр хүүг бууруулах агуулга тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй.

 

6.Түүнчлэн талууд зээлийн гэрээний 3.7-д алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар шүүх зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь алдангийг төлөгдөөгүй зээл, зээлийн хүүгийн нийлбэр болох 193,160,000 төгрөгийн 50 хувь болох 96,580,000 төгрөгөөр тооцсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүрэг-т зээл, зээлийн хүү төлөх үүрэг хамаарахыг шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч нь алдангийн хэмжээг хэт өндөр гэж үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгуулах тухай тайлбар, мөн давж заалдах гомдол гаргасан хэдий ч хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх алдангийн хэмжээг багасгаж болох боловч хариуцагч нь өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иймээс алдангийг багасгуулах талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.Талууд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч *******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *******байр, ******* тоот хаягт байршилтай, 106 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Иймээс нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй тул анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/06853 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 706,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ОДГЭРЭЛ

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЗОЛЗАЯА