| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0113/э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 112
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Н-д холбогдох 1916002930139 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ... өдөр төрсөн, ... настай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, .... багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ... регистрийн дугаартай, С овогтой Т-н Н гэв.
Яллагдагч Т.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дарив сумын 1 дүгээр багийн нутаг Баруун хөвөө гэх газарт иргэн Э.Нг зодож, биед нь тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зулай болон чихэнд шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Т.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ... гэх газарт нутаглах С.Эийн гэрт иргэн Э.Нг гарын хүлээс тайлсангүй гэх шалтгаанаар зодож, түүний биед нь тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зулай болон чихэнд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Т.Н гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Т.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байсан. Орой 18 цагийн орчим Н, Э гэдэг хүн ирж хоол ид гэж байна гэж хэлээд манайд халамцуу ирсэн. Тэгээд би эхнэр хүүхэдтэйгээ хамт очсон. Тэр айлд очиход хүмүүс юм уусан байсан. Би удалгүй байж байгаад айлын хонь хураахаар явсан. Ирэхэд Э ах яваад юм аваад ир гэхээр нь би явж ирсэн. Намайг ирэхэд Н, Э ах эхнэртэйгээ, манай эхнэр энэ дөрөв байсан. Тэгээд нөгөө авч ирсэн юмаа уучихаад морь аргамжих гэж байгаад морины уяан дээрээс болоод Н бид хоёр муудалцсан. Н эхлээд намайг 2 цохисон. Би зөрүүлээд нэг цохисон. Хоорондоо ноцолдож унахдаа чулуу аваад толгой руу нь цохисон байсан. Тэгээд Н болъё гэхээр нь болиод гэрт ороод удалгүй миний архи гарсан байсан. Тэгэхэд Нгийн нүүр нь хавдсан толгойноос нь цус их хэмжээгээр гарсан байсан. Э ах орж ирээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. 13-ны өдөр Н бид нар эмнэлэг дээр ирсэн. Э.Нг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 430.000 төгрөг өгсөн. Ял оногдуулахдаа мөнгөн дүнг багасгаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Нгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Морь аргамжиж дуусаад Эийн гэрт буцаад ороод сууж байхад Э, Н 2 гараад явсан. Э эргэж орж ирэхдээ ганцаараа орж ирэхээр нь юу болсон талаар асуухад Нг агсараад байхаар нь гар, хөл хоёрыг нь бүсээр хүлчихлээ гэж орж ирсэн. Б явлаа гээд гарахдаа Нн хөлний бүсийг нь тайлаад яваад өгсөн байсан. Б явсны дараа Н 10 орчим минутын дараа орж ирэхдээ 2 гар нь хүлээтэй гэрт орж ирээд сууж байхдаа хүлгээ өөрөө тайлчихсан байсан. Н хажуу талд сууж байснаа хоёулаа гараадахъя гэхээр нь би Нг дагаад гэрээс гарахад эргэж хараад миний толгой руу чулуугаар цохисон. Би чулуугаар цохиход нь ухаан алдаад унасан байсан. Ухаан ороход би аймгийн гэмтлийн эмнэлгийн тасагт байсан ...” гэх мэдүүлэг /хх6-рт/,
Гэрч С.Эийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Ня, Н бид 3 морьдоо аргамжих гээд явсан. Морь аргамжиж байхад Н, Н 2 морь аргамжиж чадахгүй байна гээд хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Гэрт ирээд Н агсам тавиад Нтай зодолдох гээд болохгүй байхаар нь Б барьж аваад унагааж байгаад Нгийн гар, хөлийг бүсээр хүлээд гадаа унтуулсан. Тэгээд Б гэрлүүгээ яваад өгсөн. Удалгүй Н гар нь хүлээтэй ирээд намайг өшиглөж аваад зодох гээд байраад байхаар нь би айгаад гэрээс гараад зугтаад хонины захад очоод хэвтээд өгсөн. Нэг мэдсэн унтсан байсан. Үүрээр сэрээд гэртээ орсон чинь Н толгой нь хагарсан, нүүр нь цус болсон байдалтай гэрийн баруун талд бие өвдөөд байна гээд хэвтэж байсан. Н хажууд нь би буруу зүйл хийсэн байна гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх13-рт/,
Гэрч Б.Төгсжаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Н гар нь хүлээтэй ирээд манай нөхрийг өшиглөж аваад зодох гээд дайрсан. Манай нөхөр гэрээс гараад зугтсан. Тэгсэн Н руу дайраад зодолдоод байсан. Би айгаад өөрийнхөө 2 хүүхэд болон Нгийн нялх хүүхдийг тэврээд гэрээсээ гараад нилээн зайтай очсон. 30-40 минут орчим хээр байж байгаад ирэхэд гэрийн баруун талд Н хэвтэж байсан. Хажууд нь Н эхнэртэйгээ сууж байсан. Н архи нь гарчихсан би буруу зүйл хийчихлээ гэж байсан. Нг харсан чинь толгой нь хагараад цус гарсан байдалтай, бие өвдөөд байна гээд хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх16-рт/,
Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Н морь аргамжчихаад орж ирэхдээ би Нг морь аргамжиж чадахгүй, арчаагүй гээд хэлчихсэн. Одоо намайг алах байхаа гэсэн. Н араас нь орж ирээд чи муу пизда намайг доромжлоод байна уу гээд эрүү орчим нь хальт цохиод авахаар нь салгаад гэрээс гаргасан. Н дайраад байхаар нь би барьж аваад гарыг нь ард нь бүсээр уяад , мөн хөлийг нь бас холбоод уясан. Тэгээд хараад хэсэг сууж байгаад унтахаар нь хөлний уяаг нь тавиад дээрээс нь дээлээр хуччихаад гэрт орсон. Хэсэг байж байгаад гараад ирсэн чинь босоод явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх19-рт/,
Хохирогч Э.Нгийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 280 дугаартай акт /хх28-29-рт/, хохирогч Э.Нгийн өвчний түүх зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Э.Н нь Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөлдөө “Энхболд овогтой Н намайг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Тунгалаг овогтой Н нь миний биед халдаж зодсон бөгөөд миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Надад учруулсан хохирлын эмчилгээний зардал болох 430.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулсан тул гомдол саналгүй байна. цаашид Т овогтой Нгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй болно” /хх73-рт/ гэсэн байх тул шүүгдэгч Т.Нг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Нд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Т.Н нь хохирогчид 430.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Н нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Т-н Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Нд оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.6 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Н нь 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан Т.Н нь хохирогчид 430.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА