Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01879

 

 

 

******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/09826 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

2,256,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, 1,420,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2011 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл хугацаагаар тооцон 2,256,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохирол 1,420,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.Баянзүрх дүүргийн Засаг даргаас олгогдсон ******* сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээнд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 13 дугаар хорооллын *******дугаар байрны бүх гишүүдийн хурлын тогтоол, холбогдох материалыг хянан үзээд тус сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн талаар тусгагджээ.

Мөн ******* нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ****** байрны ******* тоот хаягт байрлах орон сууцыг өмчилдөг талаар маргаагүй бөгөөд дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4.Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2011 оны 01-04 дүгээр сард 5,740 төгрөг, 2011 оны 05 дугаар сараас 2014 оны 04 дүгээр сард 6,740 төгрөг, 2014 оны 05 дугаар сараас 2020 оны 02 дугаар сард 11,660 төгрөг, 2020 оны 03 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сард 16,660 төгрөгөөр тус тус тооцсон.

Хариуцагч нь дээрх тооцоог үндэслэлгүй, сууц өмчлөгчдийн холбоо дураараа тооцоо гаргадаг гэх тайлбар шүүх хуралдаанд гаргаж мэтгэлцсэн.

 

5.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө, 148 дугаар зүйлийн 148.2.3-т орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, хурлаар баталсан төлбөрийн тариф баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Уг тэмдэглэлд хуралд биечлэн оролцох боломжгүй 179 хүн саналаа бичгээр өгсөн, хуралд 88 хүн биечлэн оролцсон, хурлын ирц 52.9 хувь, хэлэлцэх асуудалд багтсан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нэмэхийг хуралд оролцогсод бүрэн дэмжсэн талаар тусгасан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5-д заасныг зөрчөөгүй. Түүнчлэн уг хуралд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Э.Энхдөл оролцож, хурлын тэмдэглэлтэй танилцсан тухай тэмдэглэгээ хийж, гарын үсэг зуржээ.

Сууц өмчлөгч нь тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4-т зааснаар хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах, түүнчлэн засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд дээрх 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй.

Харин хэрэгт авагдсан 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөх СӨХ-н мөнгө төлөх тариф, 2014 оны 5 сарын орон сууцны хөлс төлөлтийн мэдээ баримт дахь төлбөрийг хуулийн дагуу бүх гишүүдийн хурлаар баталсан болох нь тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг бүх гишүүдийн хүчин төгөлдөр хурлаар шийдвэрлэсэн байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь 2012, 2014 онуудын баримтын хувьд зөв боловч бүх гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын хувьд алдаатай болсныг дээрх байдлаар залруулж дүгнэнэ.

 

6.Өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбооны хувьд, хариуцагчийн төлбөл зохих тухайн сарын төлбөрийг дараагийн сараас эхлэн шаардах эрх үүссэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2022 оны 01 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сард хамаарах төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэх үндэслэлтэй. Харин үүнээс өмнөх хугацааны төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх ба хөөн хэлэлцэх хугацаа хуульд зааснаар түр зогссон, тасалдсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

 

7.Дээр дурдсанаас үзэхэд ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаас баталсан сард төлөх тариф болох засвар үйлчилгээ 8,360 төгрөг, цэвэрлэгээ 8,000 төгрөг, баримт, шимтгэл 300 төгрөг, нийт 16,660 төгрөгөөр дурдсан 3 жилийн хугацаанд 599,760 төгрөг (16,660*36) тооцогдох үндэслэлтэй бөгөөд уг төлбөрийг хариуцагч төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагчаас 599,760 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн татгалзалд дурдагдсан сууц өмчлөгчдийн холбоо хийх ёстой ажлаа хийж чаддаггүй, улсын байцаагчийн акт, шүүхийн шийдвэрийг зөрчиж подвалыг бусдад түрээслүүлж ашиг олдог, сууц өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн зэрэг асуудал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар зохицуулсан сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлагын чиг үүрэг, бүрэн эрх, сууц өмчлөгчийн эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал бөгөөд хариуцагч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

 

8.Хариуцагч нь гэм хорын хохирол 1,420,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ сууц өмчлөгчдийн холбоо нь гэр бүлийн амгалан тайван байдлыг 6 жил алдагдуулсан, үүнтэй холбоотой гомдлыг гаргахаар цагдаа нар ******* сууц өмчлөгчдийн холбоог шалгахгүй, намайг танхайрсан гэж гүтгээд шүүхийн шийтгэврээр 10 хоног баривчлагдаж хохирсон учир нэг хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 1,420,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ.

Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1141 дугаар шийтгэврээр хариуцагч *******т Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 10 хоног баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Уг шийтгэвэрт Зөрчил гаргагч ******* нь 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ******* байрны подвалд ажил хийж байсан иргэн *******рүү салаавч гарган шатаана, үүдний чинь амбаарыг нураана гэж хэл амаар доромжилж, мөн тус байрны ******* СӨХ-ны өрөөний цонхыг хагалж 23,000 төгрөгийн хохирол учруулан танхайрсан гэж дүгнэжээ.

Дээрх шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр учир шийтгэвэр хууль ёсны эсэх, түүнд дурдагдсан зөрчлийг хариуцагч гаргасан эсэхэд тус шүүхээс дүгнэлт өгөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийн улмаас хариуцагч 10 хоног баривчлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүхийн тус шийдэлд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 599,760 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/09826 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч *******аас 599,760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,656,540 төгрөгт холбогдох хэсэг болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гаргасан 1,420,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад олгосугай гэснийг хариуцагч *******аас 18,643 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 51,051 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрх олгогдоогүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД   М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА