| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0150/Э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 153
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т д холбогдох эрүүгийн 1915002410160 дугаартай, 163/2019/ 0150/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн маркшейдэр мэргэжилтэй, Булган аймгийн ... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр М.М ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн 1915002450133 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч М.М ийн өгсөн: “...Тэр өдөр Т бид 2 муудалцаад би Т ын гар утсаар түүний ээж М т Т ын талаар хэлэх гээд залгасан чинь Т утсаа надаас булаагаад авсан. Би хадам ээж М тай ярьж чадаагүй, цаанаас “байна уу” гэж байхад Т өөрийнхөө гар утсыг надаас булааж авсан юм. Үүний дараа би өөрийнхөө гар утсаар ээж Ч ы дүү буюу нагац эгч О руу утсаар яриад “Т намайг зодох гээд байна” гэж хэлсэн чинь Т надаас утас булааж аваад газар шидээд дэлгэцийг нь хагалсан. ...Тэр өдөр миний биед ил харагдах гэмтэл бэртэл, шарх учраагүй. Кысор хагалгааны оёдол улайсан. Т намайг машинаас татаж гаргахад нь толгойн ар дагзаараа машины хаалганы ирмэг мөргөсөн, мөн Т машин дотор машинаа жолоодон явж байхдаа надад уурлаад миний толгойн ар дагз хэсэгт гараа зангидаж байгаад 4-5 удаа цохисон. Тэр үедээ миний толгой их өвдсөн, эмнэлэгт үзүүлэхэд тархи доргилт гэж гарсан. ...Тэр өдөр Т намайг машинаас буулгах гээд татаж байхдаа 1 удаа хамар руу гараа зангидаж цохисон, дахиад хүүхдээ булаацалдаж байхдаа мөн хамар руу гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхэд миний хамар, нүд хавдаж хөхөрсөн зүйл байгаагүй. Ингэж хамар руу цохих үед хамар муруйсан гэж бодож байна. Урьд нь миний хамарт хүн гар хүрч байгаагүй. Ингэж хамар руу цохих үед муруйсан гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,
Гэрч Д.Ч ы өгсөн: "...Манай хүргэн Т нь эхнэр М ийг удаа дараа зодож биед нь гэмтэл учруулсан учир Цагдаагийн байгууллагад хандаж байсан. Манай хүргэн охиныг маань 5 сартай жирэмсэн байх үеэс биед нь халдаж цохиж зодсон. Охиныг маань 8 сартай жирэмсэн байхад 2018 оны 11 сарын эхээр Т гэртээ шөнө 22 цагийн үед орж ирээд гэрлээ унтраагаад хутга гаргаж “цустай чинь хутгаж гэдэснээс чинь хүүхдээ гаргаж авна” гээд толгой тархи, нүүр ам руу нь зодож байсан. Т охиныг маань хүнгүй, эзэнгүй газар зодож нүддэг. Сүүлд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буюу гэр бүлийн баярын өдөр Т нь эхнэр, 2 сартай хүүхдийн хамт Орхон аймаг руу Д гэдэг хүнийг хүргэж өгөхөөр явсан байсан. Буцах замдаа машиныхаа толийг машинд шүргүүлчихсэн учир охин толь шүргүүлчихлээ гэж хэлэхэд Т охины толгой руу нь цохиж зодоход нь охин айгаад машинаас бууж зугатаахад дахиж барьж аваад оёдолтой гэдэс рүү нь өшиглөж, чамайг алаад газарт булна гээд зодсон байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Гэрч Б гийн өгсөн: "...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би охиныхоо хөлийг үзүүлэх гээд ажлын газрын Т ыг гуйгаад машинтай нь түүний эхнэр М , Д , охины хамт явсан юм. Орхон аймагт охиноо үзүүлчихээд охин Улаанбаатар хот явсан. Тэгээд бид нар буцаад Булган аймагт ирсэн юм. Замд Т ын машины толийг нэг машин шүргэсэн. Эхнэр нь нөхрөөсөө “мөнгө төгрөг авсан юмуу” гэхэд “утасны дугаарыг нь авчихсан” гэж ярьж байсан. …” гэх мэдүүлэг /хх-45 тал/,
Шинжээч эмч Б.М ы өгсөн: “...М ий биед учирсан тархи доргилт, хамар ясны муруйлт гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд үзлэгээр тархи доргилтын шинж илэрсэн. ...Үзлэг хийх явцад хамрын нуруунд цус хуралт, хаван хавдар болон зулгаралт зэрэг гэмтлийн шинж тэмдэг байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-58-59 тал/,
Шүүгдэгч Б.Т ын яллагдагчаар татагдаж өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 16-17 цагийн үед Орхон аймгаас Булган аймаг руу явж байхад нэг машин миний машины толийг шүргээд эвдэлсэн юм. Би хамт явсан Б , Д нарыг гэрт нь буулгаж өгөөд буцаад Орхон аймаг руу толио янзлуулахаар явж байхад М намайг хамт ажилладаг Д тай хардаад хэрүүл хийсэн. М нь Б , Д хоёрыг буулгасны дараа надтай хэрүүл хийсэн. ...М жолооны хүрдний ард суугаад хаалга цоожилохоор нь би “хаалгаа онгойлго” гээд онгойлгуулаад “чи харь, би хүүхдээ аваад явлаа” гээд гарнаас нь татаж буулгаад би жолооны ард 2 сартай хүүхдээ тэврээд машины жолооч талын хаалгыг хаах гэсэн чинь М хаалгахгүй бариулаас бариад зуураад байхаар нь би гарыг нь тавиулах гэж хөлөөрөө жийхдээ хөл гулгаад гэдэс рүү нь хүрсэн чинь “оёдол руу өшиглөлөө” гээд бөөн хэрүүл болсон. ...” гэх мэдүүлэг /хх 69 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаартай:
1. Магадлуулагч М.М ий биед тархи доргилт, хамар ясны муруйлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Тархи доргилт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, хамрын таславчны муруйлт гэмтэл нь хуучин байх тул цаг хугацааг тогтоох боломжгүй байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 49 тал/,
Эд хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №ТХҮ***-*** дугаартай “...Самсунг жи-3 маркийн гар утас зах зээлийн үнэ 150.000 төгрөг” гэх дүгнэлт /хх 52-54 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-13-17 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-26 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-50, 55-56 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-60-64 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-70-71 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.М ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч М.М ийн өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ч , Ш.Б нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 137 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Б.Т ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.М ийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Т ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа төдийгүй энэ гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, ...” хамаарна.
Иймд шүүгдэгч Б.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.М ий эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөнд хохирол учирсан байх боловч хохирогч шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар тайлбараа бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Т нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Т д сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД