Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/01980

 

 

*******ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/11347 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,193,770.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 1,506,068.14 төгрөг, хүү 1,477,687.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,714.42 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,193,770.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 753.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг шуудангаар хүргүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

3.Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч *******ХХК нь 1,999,900 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх дээрх харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж зөв дүгнэсэн, мөн уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 1,999,900 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн төлбөрт 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр нийт 1,010,100 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

5.Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 1,506,068.14 төгрөг, хүү 1,477,687.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,714.42 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

5.1.Зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь зээлийг хэсэгчлэн буюу сар бүр 121,937.71 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч нийт 493,831.86 төгрөг төлж, үлдэх 1,506,068.14 төгрөг төлөөгүй байх ба уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

5.2.Түүнчлэн нэхэмжлэгчийг бичгээр байгуулсан зээлийн гэрээний хүрээнд хүү шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасанд нийцсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд тус зээлийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд хамааруулж, зээлдэгчийг хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж дурдсан нь үндэслэлгүй. Талуудын зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсэгт тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх банкны болон банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлүүдийг хуульчилсан бөгөөд тус зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй.

Иймээс хариуцагч нь зээлийн хүүнд гэрээнд заасан 24 сарын хугацаагаар, сарын 3.3 хувиар тооцон 1,303,674.70 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс төлөгдсөн 510,624.78 төгргийг хасч, үлдэх 793,049.92 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

5.3.Мөн нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд хамаарахгүй үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Дээр дурдсанаас дүгнэхэд, хариуцагчаас зээл 1,506,068.14 төгрөг, хүү 793,049.92 төгрөг, нийт 2,299,118.06 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

6.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотлох баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсний зардал 9,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Анхан шатны шүүх дээрх зардлыг тус хэрэгт хамааралтай нотлох баримтыг гэрчлүүлэхтэй холбоотой болох нь тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Тодруулбал, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт нотариатч нь төлбөрийн баримтад үзүүлсэн үйлчилгээгээ тусгахаар заасан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн төлбөрийн баримтад хуулбар гэснээс өөр зүйл тусгаагүй, мөн 3 төрлийн баримт бичгээс 2 баримтыг үүнээс өмнөх цаг хугацаанд гэрчилснээс үзвэл уг төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохиролд тооцох боломжгүй юм.

 

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заах бөгөөд тус шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг тусгаагүй орхигдуулсныг нэмсэн өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/11347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 281.1 гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 26,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД   Ч.ЦЭНД

 

Д.ЗОЛЗАЯА