| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1532 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 1532
2019 10 18 2019/ШЦТ/1591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
Улсын яллагч А.Ариунаа,
Хохирогч Ц.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,
Шүүгдэгч Т.З , түүний өмгөөлөгч Б.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.З д холбогдох эрүүгийн 1906 04793 1827 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Т.З .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.З нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд -Дарь эхийн нутаг дэвсгэрт байрлах “Eagle” нэртэй хэвлэлийн үйлдвэрийн орчимд Ц.Тэмүүжинтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр маргалдан улмаар нүүрэн хэсэгт цохиж, газар унгаасаны улмаас тархи доргилт, нүүр, уруул, хамар, хоолой, чихний дэлбэн, нуруунд олон тооны зулгаралт, шалбарлалт, цус хуралттай буюу эрүүл мэндэд нь
хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.З мэдүүлэхдээ: “...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хүрээ гэх найзтайгаа дэлгүүр орох гэж явж байсан. Тэгээд намайг хойшоо цуг явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр ороод найзыгаа хүргэж өгчихөөд буцаад ирж байхдаа хохирогчтой маргалдаж улмаар зууралдаж түүний эрүүл мэндэд хохирол учруулсан...Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Тэмүүжин мэдүүлэхдээ: “....Би эхнэртэйгээр гэр рүүгээ явж байсан юм. Энэ үед манай найз машинтайгаа явж байгаад тааралдаад манай багийн найз байна гэж хэлэхээр бид очсон. Тэгээд нөгөө найз дээрээ очиход бас нэг найзтайгаа сууж байсан. Тэгээд бид хамтдаа түүний найзыг хүргэж өгөхөөр явсан. Явах замдаа дэлгүүрээс манай найз болох Т.З нэг шил архи авсан. Найзыг нь хүргэж өгөхдөө дэлгүүрээс авсан нэг шил архиа хувааж уусан. Тэгээд буцаж ирэх замд явж байхад Т.З өөрөө чаргуйцалдаад байсан. Би түүний машинаас буух замд sanato-6 маркийн авто машинтай манай найз зогсож байсан. Намайг Т.З зодож байхыг нь манай найз харсан байсан. “Eagle” сонингийн үйлдэрийн хашаанд орж зодолдсон. Би баримтаар нүд болон хамрын гэмтэлтэй холбогдуулан 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Би 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Сорвины тос авсан. “Натур” эмнэлэгт үзүүлж томограффын зураг авахуулсан. Цаг авч эмнэлэгт үзүүлсэний мөнгө, эрүүл мэндэд хохирол учрсаны улмаас ажилдаа явж чадаагүй өдрийн цалинг зэргийг л нэхэмжилж байна. Би гомдолтой байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Тэмүүжингийн өгсөн мэдүүлэг /хх-7, 9-10/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9810 дугаартай дүгнэлт /хх-14/, шүүгдэгч Т.З ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44/, шүүгдэгч Т.З ы ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-21/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №1264 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-97-98/, шинээр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хохирол нэхэмжилсэн, төлсөн баримтууд /хх-70-75/ хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.З нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд -Дарь эхийн нутаг дэвсгэрт байрлах “Eagle” нэртэй хэвлэлийн үйлдвэрийн орчимд Ц.Тэмүүжинтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр маргалдан улмаар нүүрэн хэсэгт цохиж, газар унгаасаны улмаас тархи доргилт, нүүр, уруул, хамар, хоолой, чихний дэлбэн, нуруунд олон тооны зулгаралт, шалбарлалт, цус хуралттай буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тэмүүжингийн өгсөн: "...Би маргалдаж байгаад машин түгжрээд зогсохоор машинаас буугаад алхтал араас Улаанаа ирээд бид 2 ахиж маргалдаад байж байтал Улаанаа баруун гараараа миний нүүр рүү цохисон. Тэгэхээр би хариу цохиод бид 2 гудамж руу ороод зодолдсон. Би тухайн үед нэлээн согтсон байсан учир бие хамгаалж чадаагүй Улаанаа намайг газраас босохгүйгээр дээрээс хөл гараараа нүүр толгой хэсэгрүү цохисон. Би нэгдүгээр эмнэлэг болон гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай бөгөөд хамар мурийсан хагалгаа хийлгэх шаардлагатай гэж эмч картан дээр бичиж өгсөн байгаа бөгөөд энэ хугацаанд гарах зардлыг гаргуулмаар байна. Хагалгааны нийт зардал 2.5 сая төгрөг хавьцаа болно гэж байсан. ... компютер томографик 120.000 төгөрөөр хийлгэсэн мөн шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. 128.000 төгрөгийг нэхэмжилж байна." /хх-7, 9-10/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9810 дугаартай дүгнэлтэд:
1. Ц.Тэмүүжингийн биед тархи доргилт, нүүр, уруул, хамар, хоолой, чихний дэлбэн, нуруунд олон тооны зулгаралт, шалбарлалт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-14/ гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1264 дугаартай дүгнэлтэд:
1. Ц.Тэмүүжингийн хамар яс, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, дух хамрын нуруу, дээд уруул, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.З ы яллагдагчаар өгсөн: “....Би шинжээчийн дүгнэлттэй танилцан. Би уг гэмтлийг Ц.Тэмүүжингийн биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-44-45/ гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-4/
Өвчтөний картын хуулбар /хх-39-40/,
Хохирол нэхэмжилсэн, төлсөн баримтууд /хх-70-75/,
Шүүгдэгч Т.З ы урьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-21/,
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.З нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд -Дарь эхийн нутаг дэвсгэрт байрлах “Eagle” нэртэй хэвлэлийн үйлдвэрийн орчимд Ц.Тэмүүжинтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.З нь шүүхийн хэлэлцүүлэгт 256.000 төгрөгийг хохирогч Ц.Тэмүүжинд төлсөн байх үлдэх хохирол 378.100 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч Ц.Тэмүүжингийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн гэм хорын хохирол, нөхөн төлбөртэй холбоотой нийт 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Т.З ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, шүүхийн шатанд гаргаж өгсөн 1 ширхэг сиди зэргийг хавтаст хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Т.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.З д 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.З нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.З аас 378.100 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Тэмүүжинд олгосугай.
6. Хохирогч Ц.Тэмүүжин нь эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа цааашид бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн төгөлдөр болмогц Т.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС