Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/02033

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/06974 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлд холбогдох

2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ээлжит хурлын А/23-4 тоот тогтоолоор *******г гүйцэтгэх захирлаар 2 жилийн хугацаатай томилсон.

2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 цаг 30 минутын үед *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******нар тамга тэмдгээ өгөхийг шаардаж, ямар нэгэн акт үйлдэж гарын үсэг зуруулалгүй, сууц өмчлөгчдийн холбооны тамга, ажлын байрны түлхүүр, гэрчилгээний хуулбарыг авсан.

******* 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цалингаа авч, хууль ёсоор нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг төлж байсан.

Сууц өмчлөгчдийн холбоо өөрчлөн байгуулагдаж байна гэсэн үндэслэлээр *******г ажлаас халсан гэх боловч ажлаас халсан тушаалыг өгөөгүй. Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсээс *******сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга *******гийн гарын үсэгтэй, 2 тоот тогтоол 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсныг мэдсэн ба уг тогтоолоор *******г чөлөөлж *******г гүйцэтгэх захирлаар томилсон. Үүнийг хожим 08 дугаар сард мэдсэн.

Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хүсэлт гаргасан боловч 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 528 тоот албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдэж хуулийн дагуу дараагийн шатны зохих байгууллагад хандахыг зөвлөсний дагуу нэхэмжлэл гаргаж байна.

*******сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2 тоот тогтоолыг хууль ёсны гэж үзэхгүй байна. ******* нь ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт өгөөгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ямар нэгэн алдаа дутагдал гаргасан талаар дурдаагүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

Иймд *******г ажлаас чөлөөлсөн гэх *******сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2 тоот тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр түлхүүр, тамгыг нэхэмжлэгч хүлээлгэж өгсөн, хүчээр тамга аваагүй, үүнтэй холбоотой нотлох баримт байдаг. Сууц өмчлөлийн холбоо бүх гишүүдийн хурал хийсэн, хуралд ******* тайлан тавих ёстой байсан боловч шаардлага хангаагүй. Хурлын гишүүд удирдах зөвлөл болон удирдах захирал болохгүй талаарх асуудлыг ярилцаж удирдах захирлыг чөлөөлөх шийдвэрийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Удирдах зөвлөлийн 8 гишүүдийг байцуулан *******д шийдвэрийг танилцуулж ажлаас чөлөөлөх тогтоолыг гардуулж, тамга болон түлхүүрийг авсан. Харин гэрчилгээний хуулбар авах гэтэл олохгүй байна гэж тайлбарласан.

******* чөлөөлсөн тогтоолтой огт маргаагүй, чөлөөлсний дараа 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан гэж байгаа ч түлхүүр болон тамгаа өгсөн хүн ажиллах боломжгүй, хуучин нягтлантайгаа нийлж 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цалин авсан байсан, үүнтэй холбоотой асуудлаар Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан ба өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа.

Дараагийн сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаж гэрчилгээний асуудал хөндөгдөж эхэлсэн. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүрдүүлсэн материал, гүйцэтгэх захирлыг халсан болон томилсон тушаал өгөхөд Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна, 04 дүгээр сарын 23-ны өдрөөр шинэчлээд ир гэсний дагуу 03 дугаар сарын 06-ны өдөр гарсан тушаалыг хуулбарлаад 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан тушаал болно. ******* нь уг тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр *******гоос хуулбарлан авсан болно.

Нэхэмжлэгч тушаалыг 08 дугаар сард авах боломжгүй, ажлаа хийхгүй байгаа хүн ажлаас халсан гэдгээ мэдэхгүй байна гэдэг ойлголт байхгүй. Нэхэмжлэгч мэдэж байсан, ажилдаа очоогүй, хийгээгүй. Маргаан бүхий актын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 10 дугаар сард гомдол гаргаж, 10 дугаар сарын 16-ны өдөр 528 тоот шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.1-д заасан 30 хоногийн дотор хугацаандаа гаргаагүй, хуулийн заалтыг хангахгүй байгаа учраас шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д зааснаар 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ хугацаа зөрчигдсөн байна. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэл тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлд холбогдох нэхэмжлэгч *******гийн *******сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон хариуцагч талын гаргаж өгсөн *******сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/24-36 тоот тушаал гэх баримтыг үндэслэж нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэлээ шүүхэд хуулийн хугацаанд гаргаагүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар нэхэмжлэгч тал гомдолдоо бичээгүй. Хариуцагч тал холбогдох нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн ба гэрчүүдийг оролцуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлд холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс *******сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилласан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4.Хэрэгт *******сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын тушаал нэртэй Удирдах зөвлөлийн дарга *******, гишүүн *******, ******* нарын гарын үсэгтэй 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Ө/24-36 тоот шийдвэр, мөн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой *******сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга *******гийн гарын үсэгтэй 2 тоот тогтоол тус тус нотлох баримтаар авагджээ. (хх-64, 102) Дээрх 2 шийдвэрт *******г *******сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх агуулга тусгагдсан байна.

Хариуцагчийн тайлбараас үзвэл, *******сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр *******г гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн эрх зүйн үр дагавар бодитой үүссэн байх ба Хан-Уул дүүргийн Засаг даргад сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргуулах материал бүрдүүлж өгөхтэй холбоотойгоор тухайн шийдвэрийг хожим 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн огноотойгоор гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Ө/24-36 тоот шийдвэрээр гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.

 

5.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн ажилтан нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хэрэв байгууллага хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хандах эрхтэй.

Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Ө/24-36 тоот шийдвэрийг нэхэмжлэгчид мөн өдөр гардуулсан гэж тайлбарласан ба тухайн цаг хугацаанд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан *******, ******* нар уг үйл явдлыг гэрчилж шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нь хуульд заасан нотолгооны хэрэгсэлд хамаарах тул шүүх зохих журмын дагуу үнэлнэ.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үгүйсгээгүйн зэрэгцээ сууц өмчлөгчдийн холбоо шийдвэрээ гаргаж өгөөгүй, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрийн талаар мөн оны 08 дугаар сард мэдсэн гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Дээрхээс дүгнэхэд, хариуцагч сууц өмчлөгчдийн холбооноос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай шийдвэрээ нэхэмжлэгчид 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардуулснаар эрхээ зөрчигдсөнийг нэхэмжлэгч мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзэх тул 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч нь гомдлоо гаргах байжээ.

 

6.Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 528 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар түүнд мэдэгдсэн байх ба уг албан бичигт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан хүсэлтийг судлан үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1, 154.2.2 дах заалтын дагуу ажлаас халагдсан тушаал хугацаа хэтэрсэн... гэж дурджээ. (хх-2) Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нэхэмжлэгчийн гомдлыг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

 

7.Үүнээс гадна ажилтан урьдчилан шийдвэрлэх журмаар маргаанаа шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд шууд хандаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зохицуулсан ба энэ тохиолдолд тус хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн хугацааг мөн баримтлах буюу нэхэмжлэгчийн хувьд дээр дурдсанчлан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр тоологдоно.

 

8.Нэхэмжлэгч нь гомдлоо шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр анх гаргахдаа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн байх тул түүнийг маргаан бүхий асуудлаар шүүхэд гомдол гаргах эрхээ алдсан гэж дүгнэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай талаар хүсэлт болон холбогдох нотлох баримт шүүхэд гаргаагүй байна.

 

9.Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин шүүх тус маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд үл хамаарах 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь заалтыг баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасанд нийцээгүй тул уг алдааг залруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/06974 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...154 дүгээр зүйлийн 154.2.2... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА