| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/14655/И |
| Дугаар | 210/МА2025/01982 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/01982
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16,257,049 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,257,049 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/01568 дугаар шийдвэрээр *******ыг ******* ХХК-ийн Төслийн судалгаа, үнэлгээний газрын төслийн үнэлгээ, эрсдэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28,724,390 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01342 дугаар магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/01321 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
3.2.Мөн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар *******ыг Төслийн судалгаа, үнэлгээний газрын Төслийн судалгааны хэлтсийн түлш, эрчим хүчний төслийн судалгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон.
4.Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон ажил олгогчийн хүлээх хариуцлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тодорхойлсон ба ажилтны урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох үүрэгтэй.
4.1.Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчид ажлын байраар хангах талаар мэдэгдсэн боловч өөр байгууллагад ажиллаж байгаа гэж мэдэгдсэн, уг шалтгаан нь ажил олгогчоос шалтгаалаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байх боловч уг тайлбартай холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй байна.
4.2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/01568 дугаар шийдвэрт ажлын нэг өдөрт ногдох нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг 63,257 төгрөгрөөр тогтоосон байх ба уг үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
4.3.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг анхан шатны шүүхийн дээрх шийдвэр гарсан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажлын 257 өдрөөр тооцож, нийт 16,257,049 (63,257*257) төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
Анхан шатны шүүх хариуцагчаас 16,257,049 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Түүнчлэн ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг ажил олгогчоос шаардах эрхтэй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлтэй.
4.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч өөр ажил хийж байсан нөхцөл байдлыг шүүх харгалан үзээгүй, цалингийн баримт, нийгмийн даатгалын төлбөрийн баримтыг бүрэн судлаагүй, байгууллагын дотоод журмыг харгалзаагүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
5.Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/10398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2025 оны 09 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 239,235 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрх олгогдоогүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА