Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Саранчимэг |
Хэргийн индекс | 112/2017/0026/З |
Дугаар | 30 |
Огноо | 2017-08-14 |
Маргааны төрөл | Газар, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шаргал наран ХХК захирал Ц.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг дарга С.Гансэлэмд холбогдох Газар эзэмших эрхийг сэргээх захирамж гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Нарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир, Ж.Мөнхболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шаргал наран ХХК-ны захирал Ц.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Нарангэрэл би 2009 онд С.Баягаа гэдэг хүнээс Шаргал наран ХХК-ийг хөрөнгийн хамт 25 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. 1992, 1993 оны үед өмч хувьчлалаар Тээврийг удирдах газар нь хувьчлагдаж "Тээвэр үйлчилгээний 7 дугаар бааз" ХХК болж 49 хувийг С.Баягаа хувьчилж авч, 51 хувь нь орон нутгийн өмчид байсныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2000 оны 4 сарын 5-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор орон нутгийн өмч 51 хувийг хувьчилж С.Баягаагийн өмчид шилжүүлсэн байдаг. С.Баягаа нь бүрэн хувьчилж авч Шаргал наран ХХК болгон өөрчлөн байгуулсан байсныг би худалдан авсан билээ. Ингээд үйл ажиллагаа явуулж байтал 2014 онд тухайн үеийн засаг дарга байсан Амгаланбаатар нь газрын зориулалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр бусад хүний зарим нэг газруудын хамт хүчингүй болгосон юм. Захирамжийн үндэслэлийн хувьд газрын зарим хэсэг болох 2 хэсэг газрыг Ж.Доржнамжим, М.Энхбаатар нарт шилжүүлэхээр тохирч уг хүмүүс үйлчилгээний төв барих, манай зүгээс үйлчилгээний төвөө зориулалтын дагуу барьсны дараа газраа шилжүүлэх болзолтой байсан боловч нэг хүн маань 3 давхар үйлчилгээний төв барьж, нэг хүн нь 1 давхартаа үйлчилгээ бүхий орон сууц барьсан байсан. Би энэ тухай хэлэхэд газрын албаны хүмүүс зөвшөөрч шугам тавьж өгсөн. Болно гэсэн гэхээр нь газрыг шилжүүлсэн байдаг. Газрын албаны хүмүүс шугам тавьж өгч, зураг төслийг нь үзсэний үндсэн дээр барилгын ажил эхлэх зөвшөөрөл өгч, барилгын ажлын явцад хяналт тавих ёстой тул барилгыг барихыг зөвшөөрч бариулсан, улсын комис нь хүлээж авсан, энэ бүхний үндсэн дээр газрыг шилжүүлсэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах зөвшөөрлийг улсын бүртгэлд өгсөн тул миний зөрчил биш, төрийн байгууллагын өөрсдийнх нь хариуцлагагүй зөрчил юм. Иймд хүчингүй болгосон захирамж нь өөрөө үндэслэлгүй, улс төр албан тушаалтны шунахай зорилгоор гарсан захирамж юм. /Ийм ч учраас бусад газрын эрхийг сэргээсэн хэрнээ манай газрыг зарим нэг газартай сэргээгээгүй орхисон нь мөн үндэслэлгүй юм./ Энэ захирамжаа эргэж харахыг хүсч хандахад Газрын албанд шилжүүлсэн байдаг. Засаг дарга болон газрын албаныхан шийдэж өгнө гээд шийдэж өгөхгүй байхаар нь дахиж өргөдөл өгч нийт 3-4 удаа өргөдөл өгсөн. Тэр үед манай компанийн газар дээр үйл ажиллагаа явуулж байсан Танил дэлгүүрийн эзэн Бат-Өлзийд дэлгүүрийнх нь доод газрыг, Ууганбаатарт урд талын зарим хэсэг газраа салгаад өгчих тэгвэл газрыг чинь сэргээе гэдэг байсан. Би эхлээд зөвшөөрдөггүй байсан боловч шийдэж өгөхгүй байхаар нь арга буюу зөвшөөрсөн. Тэгээд 2015 оны хавар засаг дарга байсан Амгаланбаатар нь сонгууль болох гээд газрын захирамж гаргаж болохгүй байна, сонгууль дуусахаар гаргаж өгнө гэсэн боловч сонгуульд ялагдаад явсан тул би дахиж өргөдөл гаргасан. Гэтэл гаргах боломжтой, гаргаж өгнө гэж явсаар сая 2017 оны 5 сард бусад хүмүүсийн газрыг сэргээсэн боловч манай газрыг сэргээж өгөөгүй, "зөрчлөө бүрэн арилгасан тул ...шүүхээр шийдвэрлүүлж эрхээ сэргээлгэх боломжтой гэж үзсэн" гэсэн тодорхой бус хариу өгсөн тул би шүүхэд хандаж байна. Би энэ газарт цахилгааны болон инжинерийн шугам татаж маш их зардал гаргасан, мөн газаргүй байшин барилга гэх мэт хөрөнгө байх үндэсгүй тул хэрэв газар эзэмших эрх ямар нэгэн байдлаар сэргээгдэхгүй бол энэ бүх зардал болон үйлчилгээний төв зэрэг баримгыг аймагт нь шилжүүлж хохирсон мөнгөө гаргуулж авна гэж бодож байгаа болно. Иймд манай компаний эзэмшлийн газрыг сэргээхийг Аймгийн засаг даргад даалгаж өгнө үү. 2007 онд Шаргал Наран ХХК-г 25.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр газар балгас шиг хүн амины хэрэг гарсан, казино тоглоом тоглосон газар байсныг Цагдаагийн газартай хамтарч гайгүй болгож, тоглоомын үйл ажиллагааг зогсоож өдий зэрэгтэй болгож тэнд байшин барилга, үйлчилгээний төв барьсан. Тэгэхэд тэр газрыг цуцалсан. А/63 дугаартай тогтоолоор цуцалсан. Тэгээд Бат-Өлзийд газар өгөх юм бол таны газрыг сэргээж өгнө гэсэн. Би сэргээчих юм болов уу гэж бодоод тэг гэж хэлсэн. Тэгэхэд дахиад хоёр павилионы газрыг Ууганбаатарт өг гэсэн тэгэхээр нь би өгөхгүй гэсэн. Тэгээд сансраас 150.000 төгрөгөөр зураг авахуул тэгвэл сэргээж өгнө гэсэн. Удаа дараа өргөдөл гаргаж холбогдох хүмүүстэй нь уулзсан. Сансраас авахуулсан зураг хавтаст хэрэгт байгаа. Өмнөх хүмүүс нь сэргээж өгөхгүй халагдаад явсан. Тэр үед О.Амгаланбаатар Засаг дарга таны газрыг цуцлах ёсгүй газар байсан байна. Үүнийг газрын албаны хүмүүс хийсэн байна гэж хэлж байсан. Тэгэхэд Гаадамба, Алтанзагас гэдэг хүмүүс тэр газраас цавчаа хийх гэж удаашруулах үйл ажиллагаа явуулсан. Би Газрын хуулийг зөрчөөгүй. Тухайн үед чи өргөдөл бичээд ир сэргээж өгнө гэж намайг хууран мэхэлж залилж байсан. Өргөдөл бичээд ирэхээр сэргээж өгнө сэргээх боломжтой гэдэг. Төрийн нэрийг барьж залилан хийдэг хүмүүс байна гэж үзэж байна. Би одоогийн байгаа Засаг даргад өргөдөл өгөхөд хуулийн хэлтэс рүү цохоод өөрсдөө хариу өгсөн. Төрийн албаныхан ингэж хүнийг залилж болохгүй. Хэн дуртай нь энгийн ард иргэдийг хууль мэдэхгүйгээр нь далимдуулан залилж арга саам хийдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. А/63 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж газраа сэргээлгэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхболд, П.Бат-Очир нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шаргал наран ХХК нь аймгийн Засаг даргын 2009 оны захирамжаар 8988 м2 газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Шаргал наран ХХК-ний газар эзэмших захирамжийг хүчингүй болгосон. Эрх бүхий албан тушаалтнаас гаргах болсон шийдвэр тодорхой эрх зүйн үр дагавартай байдаг тул тус аймгийн Засаг даргын 2014 оны 163 дугаар захирамжийг гаргахдаа хуульд заасан эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсэн үйлдэл эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна. Иймд газар эзэмших хэрхийг сэргээлгэх захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Газар өмчлөх эрхээ сэргээлгэе гээд өргөдөл өгсөн байгаа. Өмнө нь бас 2013 онд хүчингүй болж байсан юм билээ. 2013 оны сүүлээр шилжүүлж өгсөн байгаа. Тэгж өгөхдөө Баяржаргал гуайтай ямар нэгэн асуудал байхгүй гэдэг байдлаар хандаад газар эзэмших эрхийг нь гаргаж өгсөн байгаа. 3 хэсэг газрыг Доржнамжин, Энхбаатар, Пүрэвдорж гэдэг 3 хүнд хэсэгт шилжүүлсэн. Тухайн үед Газрын тухай хуулиараа урьдчилж мэдэгдээгүй шилжүүлээд газар дээр нь барилга баригдаад явсан. Энэ үндэслэлээр нь 2014 онд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байгаа. Энэ хүн 2014 онд нэг газрыг 2015 онд хоёр газрын зөрчлийг арилгаад Газар эзэмших гэрээгээ дүгнүүлсэн байдаг. Гэрээ дүгнэсэн хуудас нь өөрсдөд нь байж байгаа. 2014 оны 10 сард нэг удаа дүгнэсэн. Тэрнээс хойш дүгнэсэн хуудас нь өөр дээр нь байж байгаа байх. 2014 онд цуцлагдсаны дараа тухайн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт би зөрчлөө арилгасан сэргээж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн байгаа юм. Энэ хугацаанд тухайн үед ажил хариуцаж байсан агентлагийн дарга, мэргэжилтнүүд тодорхой хариуг өгөөгүй байгаа. Сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэг өргөдөл өгсөн байгаа. Тэр өргөдөлд тухай үеийн хариуцаж байсан хүмүүс болон шийдвэр гаргасан Засаг дарга ажиллаа өгсөн үед өргөдөл гаргасан байгаа. Тийм учраас бид энэ өргөдлийг хүлээж авахгүй тухайн үед шийдвэрлүүлэх боломжтой байхад яагаад ингэж хугацаа алдаж явсан юм бэ гэдэг хариуг өөрт нь өгсөн. Анхны нэхэмжлэл дээр Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар өгсөн байсныг хариу тайлбар дээрээ нэхэмжлэлийн шаардлагаа солиоч холбогдох хэсгийг хүчингүй болгож шүүгчийн захирамж гаргаад энэ захирамжийг үндэслээд эрхийг нь сэргээж болох юм гэдэг үндэслэлээр хариу өгсөн байгаа. Яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр тухайн үед нь энэ хүмүүс ноцтой зөрчил гаргаад хууль бус шаардлага тавихад нь зөвшөөрсөн байгаа. Хууль бус зүйлийг зөвшөөрнө гэдэг нь цаашаа асуудал ямар нэгэн байдлаар хуулийн дагуу явах боломжгүй байна. Тухайн үед хандсан бол эдгээр хүмүүст хариуцлага тооцогдоод газар эзэмших эрхээ сэргээх боломж байсан байна. Тийм учраас зөвшөөрөхгүй байна. Шаргал Наран ХХК-ийн 2014 онд газар эзэмших эрх нь хүчингүй болоход Ц.Нарангэрэл гэдэг хүн өргөдлүүдийг хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд гаргаагүй гэж үзэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа бол иргэний эрхийг хамгаалах хугацаа. Энэ хугацаандаа захиргааны байгууллагад хандаж шүүхэд хандаагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэгч Ц.Нарангэрэл гуайн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/163 дугаартай Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Захирамж гарах үндэслэл нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, 40.1.2 дахь хэсгийг зөрчсөн гэдэг үндэслэлээр миний үйлчлүүлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн гэж байгаа. Энэ зөрчил нь хавтаст хэргийн материалд нотлох баримтаар нотлогдоогүй. Энэ хүн 2003 оноос тогтвортойгоор татварын албанд газрын төлбөрөө төлж байсан нь хэргийн материалд хангалттай байгаа. Хүн амын эрүүл мэнд байгаль орчинд харшил гэдэг зүйл нотолгооны зүйл хэргийн материалд байхгүй. Миний үйлчлүүлэгч Газрын тухай хуулийн 40.1.2 дугаар зүйлд заасан зөрчил гаргаагүй байгаа. Оройтсон байхад шүүхэд хандсан юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл энэ хэргийн материалд байгаа Ууган-Эрдэний тайлбараас тодорхой харагдаж байна. Ууган-Эрдэнэ нь 2017 оны 5 дугаар сарын 26-ны 240 дугаартай тоотоор иргэн Нарангэрэл нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар гомдол гаргасан байна. Зөрчлөө бүрэн арилгасан тул 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусган аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх боломжтой гэсэн байгаа. Энд 2017 он гэхэд зөрчлөө арилгасан өгүүлбэр явж байна. Ингээд шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд хандсан. Тиймээс хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд А/163 дугаартай Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, Захирамжийн хавсралтын 9 дугаар дахь миний үйлчлүүлэгчийн Шаргал Наран ХХК-ийн газрыг сэргээлгэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн “Шаргал Наран” ХХК-ний захирал Ц.Нарангэрэлийн аймгийн Засаг даргын 2014 оын 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/163 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/163 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь заалтуудыг үндэслэн Шаргал Наран ХХК-ий газрыг хүчингүй болгосон байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан зөрчил гаргасан гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон нотлох баримтаас үзэхэд нотлогдохгүй байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалтай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж зааснаар газар эзэмшигч нь өөрийн эзэмшилд байгаа газраа хамгаалах үүрэгтэй ба тухайн газар эзэмшигч “Шаргал Наран” ХХК нь газрын төлбөрөө цаг тухайд нь хийж зориулалтын дагуу газраа эзэмшиж ашиглаж байсан нь аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг даргын 2014 захирамж гаргахдаа үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг. Тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс ямар үндэслэлээр захирамж гаргасан талаар мэдэж байгаа бид нар тухайн үед нь гарсан зөрчлийг тогтоосон хүмүүс биш. Тэр зөрчлийг тогтоосон хүмүүс нь ч манайд ажиллахгүй байгаа гэсэн тайлбараас харахад хариуцагч нь Шаргал Наран ХХК-ний газрыг ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаараа мэдэхгүй байгаа ба төрийн алба нь тасралтгүй явагдах залгамж халаатай байх гэсэнтэй нийцэхгүй байна. Уг “Шаргал Наран” ХХК нь 2007 оны 04 дүгээр сарын 09-ний Улсын бүртгэлийн дугаар 5110011112, регистерийн 2625288 дугаар гэрчилгээтэй нэгдсэн захын үйл ажиллагааны зөвшөөрөлтэй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан байна.
Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0201312 дугаартай 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээтэй байгааг мөн дурдах нь зүйтэй байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ. Үүнд: 35.3.1. газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх; 35.3.2. газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх; 35.3.3. газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх; 35.3.4. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх; 35.3.5. бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх зэрэг үүргийг хүлээсэн ба Газар эзэмшихтэй холбогдуулан “ Шаргал Наран” ХХК-д Төрийн эрх бүхий ямар нэгэн байгууллагаас шаардлага тавьж байгаагүй мөн тогтоосон хугацаанд газрын төлбөрөө төлж газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан байна. Газар эзэмшүүлэх гэрээ нь газар эзэмшигч болон газар эзэмшүүлэгчийн хоёр талын эрх үүрэг хариуцлага , харилцан тохиролцож байгуулсан хууль зүйн тодорхой үр дагавар бий болгоход чиглэсэн барим бичиг юм. Гэрээний талуудын газар эзэмшигч болох Шаргал Наран ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй боловч газар эзэмшүүлэгч болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь гэрээнд заасан эрх үүргийнхээ дагуу аливаа нэг шаардлагыг тавих эрхтэй бөгөөд газар эзэмшигч компанид ямар нэгэн шаардлага, мэдэгдэл, албан бичиг, тоот зэргийг явуулж шаардаж байгаагүй гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн мэдүүлэг тайлбараар нотлогдож байгаа бөгөөд дээрх зөрчлүүдийг удаа дараа зөрчсөн гэх нь тогтоогдохгүй байна. “ Удаа дараа” гэдэг нь 2 буюу түүнээс дээш удаа газар эзэмшүүлэгчийн зүгээс тавьсан аливаа нэг шаардлага мэдэгдлийг дараалан биелүүлээгүй болохыг ойлгох, “ноцтой” гэдгийг байгаль орчин, газрын төлөв байдал, тэнцвэрт байдлыг алдагдуулах, хүн амын эрүүл мэнд, ан амьтанд сөрөг нөлөө үзүүлэх байдал, газрын чанарыг алдагдуулах барилга байгууламж барьсан, үйлдвэр үйлчилгээ явуулсан байхыг ойлгох юм.
Иймээс хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзлыг удаа дараа болон ноцтой зөрчсөн гэж үзэж аймгийн Засаг дарга нь “Шаргал Наран”ХХК-ий 6143.4м2 үйлчилгээний зориулалттай газрыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд авч үзэхэд нэхэмжлэгч Шаргал Наран ХХК-ний захирал Ц.Нарангэрэл нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн эзэмшилийн газраа хүчингүй болсоноос хойш аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газраа сэргээлэх талаар удаа дараа өргөдөл өгч хүсэлт гаргаж байсан ба газрыг эргэж олгох талаар нэхэмжлэгчид итгэл үнэмшил төрүүлэн өнөөг хүргэсэн байна. Аймгийн Барилга хот байгуулалт газрын алба болон аймгийн Засаг даргад 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өргөдөл, Шаргал наран ХХК-д байрлалтай 2320.82мкв эрхийн гэрчилгээг цаашид Ц.Нарангэрэл миний нэр дээр сэргээж өгнө үү гэсэн өргөдлыг 2016 оны 03 дугаар сарын 15-нд аймгийн Барилга хот байгуулалтын газарт гаргасан байна. Аймгийн Засаг даргад 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тухайн газрыг сэргээлгэх талаар гаргасан өргөдөл зэргээс харахад нэхэмжлэгч нь удаа дараа өргөдөл гаргасан хандаж байсан байна. Мөн аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ууган-Эрдэнэ 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 240 дугаартай албан бичгээр тухайн газар эзэмших эрхээ сэргээлгэх боломжтой гэж үзсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, хуулийн 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг баримтлан “Шаргал Наран” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/163 дугаар захирамжийн Шаргал Наран ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНЧИМЭГ