Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2019/0964/З |
Дугаар | 221/МА2020/0302 |
Огноо | 2020-05-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2020/0302
2020.05.01-ний өдөр 221/МА2020/0302 Улаанбаатар хот
“Энх өглөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.8, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.8-д заасныг тус тус үндэслэн “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн даргад холбогдох “Э” ХХК-ийн гүйцэтгэсэн Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3,504,754,900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ тендерийн ажил гүйцэтгэх гэрээ болон ажил гүйцэтгэсэнтэй холбоотой төлбөрөө эрх бүхий байгууллагаас гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэж байгаа мэтээр ойлгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ямар нэг дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Манай компани Эрчим хүчний яамтай байгуулсан гэрээнийхээ дагуу ажлаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд захиалагчаас олгосон санхүүжилт хүрээгүй бөгөөд тухайн ажлын явцад 3 орчим тэрбум төгрөгийн зардал илүү гарч үүнийг Эрчим хүчний аямны дэргэдэх Эрчим хүчний Хөгжлийн төвийн 2017 оны 170/2017 тоот магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулан Эрчим хүчний яаманд хүргүүлсэн.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн в/300 тоот албан бичгээр дээрх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд Сангийн яамнаас УИХ-д өргөн мэдүүлж Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 16 дугаар хэсгийн 1.1 дэх заалтаар Эрчим хүчний сайдын багцад манай компанийн гүйцэтгэсэн “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв-ын дэд станцын өргөтгөл Сүхбаатар-ын ажлын санхүүжилт 3,504,800,000 төгрөгөөр” хуульчлан батлагдсан.
Дээрх хуулиар олгохоор батлагдсан 3,504,800,000 төгрөгийн 420,745,080 төгрөг нь анхны гэрээний үлдэгдэл төлбөр, 3,084,054,920 төгрөг нь анх төсөв зохиохдоо дутуу тооцсон, сүүлд магадлалын ерөнхий дүгнэлтээр нэмэгдэж баталгаажсан төлбөр байна.
2019 он гарсанаас хойш манай компани сайдын багцад батлагдсан өөрсдийн авах ёстой санхүүжилтээ авахыг хүсэж Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж олон сар хөөцөлдсөн боловч санхүүжилт олгохоос татгалзсан. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрчим хүчний сайдад хандсан боловч Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгээр санхүүжилт олгохоос татгалзсан хариу өгсөн.
Шүүх хэргийг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэртээ Монгол Улсын хуулиар олгохыг зөвшөөрч хуульчлан баталсан санхүүжилтийг олгохоос татгалзаад байгаа төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтны үйлдлийг ямар үндэслэлээр хуульд нийцсэн үйлдэл гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Зөвхөн гэрээндээ үнийн тохируулга хийхгүй байхаар тохирсон байна гэж үзсэн. Гэтэл эрх бүхий байгууллага албан тушаалтан нар хүлээн зөвшөөрч Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуульд хийсэн ажлынхаа нэрээр тусгагдсан төлбөрийг хуульчлан батлагдахаас өмнөх үйлдэлтэй нь хамааруулан ойлгох нь буруу юм.
Монгол улсад үйлчилж байгаа эрх зүйн системтд гэрээ болон хуулийн аль нь илүү үйлчлэлтэй вэ гэдгийг шүүх анхаараагүй. Нэгэнт батлагдсан хуулийг ямар нэг тайлбар тавилгүйгээр иргэн, албан тушаалтан, байгууллага шууд биелүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч байгууллагын хувьд дээрх төлбөртэй холбоотой асуудлыг УИХ-д шууд өргөн мэдүүлээгүй бөгөөд Эрчим хүчний яам, Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан нар өөрсдөө УИХ-ийн бүтцийн байгууллагад хандаж улмаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан 2019 оны Төсвийн тухай хуулинд хийсэн ажлынхаа нэрээр олгогдохоор хуульчлан батлагдсан байдаг.
Хууль гарах болсон шалтгаан түүний үндэслэлийн талаар мөн тухайн хуулийг хэрэгжүүлэх эсвэл хэрэгжүүлэхгүй байх талаар төрийн байгууллагын албан тушаалтан ямар нэг тайлбар тавих эрхгүй бөгөөд энэ талаар шүүх ямар нэг дүгнэлт өгөх боломжгүй юм.
Хуулийг өөрчлөх, хүчингүй болгох, нэмэлт оруулах эрх нь Үндсэн хуульд зааснаар зөвхөд УИХ-д хадгалагддаг онцгой бүрэн эрх юм. Төрийн байгууллага, албан тушаалтан хуулийг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй субьекүүд болохоос хуулийг хэрэгжүүлэхгүй байх талаар тайлбар гаргах ямар ч эрхгүй этгээд юм.
Гэтэл хуулинд манай компанид олгохоор хуульчлан баталсан төлбөрийг өгөхөөс татгалзаад байгаа албан тушаалтан нарын үйлдлийг хууль ёсны үйлдэл гэж дүгнэн энэхүү үйлдэл нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байна гэж дүгнэж байгаа шүүхийн шийдвэр нь өөрөө илт хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгч нь “Э” ХХК-ийн гүйцэтгэсэн Баруун-Урт-Асгат-Эрдэнэцаганы чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр 3,504,754,900 төгрөг санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх “...Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн в/4142 дугаар албан бичгээр хариуцагч “Э” ХХК-д Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга болон “Э” ХХК-ийн хооронд 2014 онд байгуулсан ЭХА-016/14 тоот гэрээний 2 дугаар хавсралт, гэрээний тусгай нөхцөлийн 44-т “гэрээний үнийн тохируулга хийхгүй тогтмол байна” гэж заасанчлан гэрээгээр тохиролцсон үнээс илүү санхүүжилт олгох боломжгүй байхад, шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээний үлдэгдэл болон нэхэмжлэгчийн тодорхойлсон нэмэлт төлбөрийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй, захиргааны акт гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгчээс Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны в/4142 дугаар албан бичигтэй холбогдуулан “Төсвийн тухай хуулиар батлагдсан мөнгийг олгохоос хууль бусаар олгохоос татгалзаж, хуулиас дээгүүр үндэслэлгүй тайлбар ирүүлж бидний ажилд хүндрэл бэрхшээл учруулж байна” гэж маргасан байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, анх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 301 дүгээр тушаалаар Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кв-ын дэд станц /Сүхбаатар/ ХХҮI.1.33 барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулж, Эрчим хүчний яамнаас зарласан уг тендер сонгон шалгаруулалтад “Энх өглөө” ХХК оролцон, 8,400,000,000 төгрөгөөр тус ажлыг гүйцэтгэхээр шалгарч 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ЭХА-016/14 дугаар Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кв-ын дэд станц /Сүхбаатар/ ХХҮI.1.33-ын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулж, гэрээгээр дэд станцын барилга угсралтын ажлыг 8,400,000,000 төгрөгөөр, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэхээр тохиролцож, тус гэрээний хугацааг 2 удаа сунгаж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр барилга, байгууламжийг барьж дуусгасныг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЭХХТ/138/04/2017 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт”-аар туршилтын хүчдэлд залгахаар шийдвэрлэж, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45/2019 дугаар “Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт”-ээр Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт-Эрдэнэцагааны чиглэлийн 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв-ын дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан үйл баримтад хэргийн оролцогч нар маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь гэрээт ажлаа 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэж дуусган, “туршилтын хүчдэлд” залгасан, нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сард Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Н.Б-д захиалга өгснөөр төсөвчин Н.Б нь уг ажлын төсвийг 2017 онд мөрдөгдөж байгаа норм дүрэм, жишиг үнэнд тулгуурлан дахин зохиож, төсөвт өртөг 11,484,054,900 төгрөг гэж тооцсоныг Эрчим хүчний хөгжлийн төв 2017 оны 170/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Улмаар “Э” ХХК нь “эдийн засгийн хямрал, валютын ханш огцом өссөнтэй холбоотойгоор бараа материалын үнийн зөрүү их гарч 2013 онд батлагдсан төсөвт өртгөөр уг ажлыг дуусгах боломжгүй тул магадлалын ерөнхий дүгнэлтээр гарсан төсвийн дагуу төсөвт өртгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэлт гаргасныг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн в/300 тоот албан бичгээр дээрх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хүргүүлсэн байх бөгөөд Сангийн яамнаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, улмаар Улсын Их Хурлаас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын ХVI “Эрчим хүчний сайд” хэсгийн 1.1-т “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кв-ын дэд станцын өргөтгөл /Сүхбаатар/ 2014-2019 он 11,484,1/төсөвт өртөг/, 3,504.8 /санхүүжих дүн/ сая төгрөг гэж хуульд тусгагдсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Н.Б нь ямар үндэслэлээр 2017 онд мөрдөгдөж байсан норм дүрэм, жишиг, үнэд тулгуурлан дахин төсөвт өртөгийг 11,484,054,900 төгрөг гэж тооцож гаргасан талаарх нотлох баримтыг тодруулж, цуглуулаагүй нь буруу байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н төсөвчин Н.Б-г гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй, харин Н.Б-гийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэж бичсэн түүний тайлбарыг хавтаст хэрэгт хавсаргасан байгааг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна. Учир нь тайлбарт “...төсвийг 2014 оны үнэнд тулгуурлаагүй, 2017 онд мөрдөж байгаа норм, дүрэм, жишиг үнэнд тулгуурлан хийсэн бөгөөд төсөвт өртгийн дүн 11,484,054.9 мянган төгрөг болсон...” гэсэн байгаа учраас түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, 2016 онд ашиглалтанд авсан барилгад 2017 онд мөрдөж байгаа үнийг баримтлах болсныг тодруулах нь зүйтэй.
Мөн Эрчим хүчний хөгжлийн төв 2017 оны 170/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргах болсон шалтгаан, үндэслэл зэргийг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай байжээ.
Учир нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “хуулинд манай компанид олгохоор хуульчлан баталсан төлбөрийг өгөхөөс татгалзаад байгаа албан тушаалтан нарын үйлдлийг хууль ёсны үйлдэл гэж дүгнэн энэхүү үйлдэл нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байна гэж дүгнэсэн нь буруу” гэх үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй, энэ талаар холбогдох ажиллагааг явуулах шаардлагатай байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-д тус тус заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН