| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0976/З |
| Дугаар | 001/ХТ2026/0113 |
| Огноо | 2026-11-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2026/0113
Н.А-ын нэхэмжлэлтэй,
нийслэлийн Засаг дарга, Б дүүргийн Засаг даргад
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0084 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2026/0310 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 001/ШХТ2026/0390 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Н.А-, хариуцагч Б дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т- нарыг оролцуулан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Н.А-оос Б дүүргийн Засаг даргад холбогдуулан “Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, тус захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 10 сая төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/***, Б дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/*** дугаар захирамжуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.
1.2.Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад “нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа “Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/***, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/*** дугаар захирамжуудын өөрт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 10 сая төгрөгийг гаргуулах”-аар тодруулсан байна.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Б дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан таван багц ажлын 704 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид нэхэмжлэгч Н.А-ын эзэмшлийн Б дүүргийн 1** дугаар хороо, ** дугаар цэцэрлэгийн ард байрлах *** тоот гарааш багтсан байна.
2.2.Нэхэмжлэгч Н.А- дээрх захирамж болон Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр Б дүүргийн 1** дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн ард байрлах Н.А-ын эзэмшлийн 4 тоот гарааш нь Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн дагуу баригдсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрчээ.
2.3.Харин уг шийдвэрээр Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, Б дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн Н.А-д холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.4.Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 749 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч уг шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.
2.5.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсны дотор нэхэмжлэгчийн дээрх гарааш мөн багтсан байх бөгөөд Н.А- болон нэр бүхий 23 иргэн уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 541 дүгээр шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч Н.А- нарт холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.7.Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар “Газрын зөрчил арилгах тухай” захирамжаар Б дүүргийн 1** дугаар хороо, ** дугаар цэцэрлэгийн хажууд байрлалтай 110 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрын зөрчлийг арилган газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
2.8.Улмаар Б дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/*** дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 748 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрын зөрчил арилгах, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба уг захирамжуудын хавсралтаар баталсан жагсаалтад нэхэмжлэгч Н.А-ын эзэмшлийн дээрх гарааш мөн багтсан байна.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...уг захирамжид дурдагдсан гараашийг дур мэдэн хууль зөрчиж барьж ашиглаагүй гэдгийг шүүх урьд тогтоосон... эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр баригдсан барилга байгууламжийг мөн л намайг дураараа барилга байгууламж барьсан гэдэг үндэслэлээр буруутгаж дахин захиргааны акт гаргасан нь хууль, зарчим, шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байна. Энэхүү хууль бус захирамжийн улмаас миний бие өөрийн эзэмшиж байсан барилга байгууламж /гарааш/-ийн нөхөн олговрыг шаардан авах, шаардах боломжийг нэгэнт үгүй хийжээ. Уг захирамжийн дагуу гараашийг ор мөргүй буулгаж тохижилт хийгджээ. Урьд уг асуудлыг шүүх тодорхой шийдвэрлэн нэгэнт тогтоосон байхад шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосонд туйлын гомдолтой байна” гэжээ.
4.Хариуцагч нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Дээрх захирамжийг газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан болно. Нэхэмжлэгчийн гарааш нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан байх тул хууль ёсны дагуу эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.
5.Мөн хариуцагч Б дүүргийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Н.А- нь 2022 онд маргаан бүхий гараашийг чөлөөлөх асуудлаар Б дүүргийн Засаг даргын 2022 оны A/60 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0435 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч тус гомдлоосоо татгалзаж, дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0084 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2026/0310 дугаар магадлалаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
8.Нэхэмжлэгч Н.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 001/ШХТ2026/0390 дүгээр тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9.Нэхэмжлэгч Н.А- магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргажээ. Үүнд:
9.1.Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах” гэсний хүрээнд өөрийн эзэмшлийн гараашийг хууль бусаар албадан нураасан захиргааны үйл ажиллагаанд холбогдуулан шүүхэд гомдол нэхэмжлэл гаргасан. Миний эзэмшиж байсан уг гараашийг албадан буулгахаар урьд нийслэлийн Засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж гаргасан ба нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 541 дүгээр шийдвэрээр дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Үндэслэл нь “Н.А- нарын гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нөхөн төлбөр өгөх байдлаар маргаан бүхий актыг гаргах бодит нөхцөл байдалд нийцүүлэх шаардлагатай...” гэсэн. Харин нийслэлийн Засаг даргаас 6 сарын хугацаанд дахин шийдвэр гаргаагүй. ...Өөрөөр хэлбэл Н.А-ын эзэмшлийн гараашийг албадан буулгахаар гаргасан захиргааны шийдвэр хууль бус байсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож, уг үйл баримтыг шүүх тогтоосон. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох шаардлагатай агуулгатай дүгнэлт хийн ахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
9.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргахад юуны түрүүнд захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоох шаардлагатай. Тиймээс Н.А-ын 10 сая төгрөгийн хохирол гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалттай уялдаж байгаа болно.
9.3.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
10.Хариуцагч нийслэлийн Засаг дарга, Б дүүргийн Засаг дарга нараас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
11.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
12.Давж заалдах шатны шүүх маргаан бүхий актууд хэрэгжиж дууссан тул актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь тодорхойгүй, актуудыг хүчингүй болгуулах шаардлага хохирол гаргуулах шаардлагатай хэрхэн уялдаж байгааг тодруулаагүй, хохирлын талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна.
13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхээр, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлүүдийг тус тус зохицуулжээ.
14.Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тохиолдол бүрд хэргийг буцаах бус, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой эсэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой эсэхийг харгалзан үзэх учиртай.
15.Нэхэмжлэгч Н.А-с өөрийнх нь эзэмшиж байсан тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөх үндэслэл болсон гэж үзэн Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/***, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/*** дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, тоосгон гараашийг худалдан авсан үнэ болох 10,0 сая төгрөгийг хууль бус захирамжийн улмаас учирсан хохиролд тооцон гаргуулахаар Б дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан, тухайн шаардлагаа дэмжиж, хянан шийдвэрлүүлэхээ анхан шатны шүүх хуралдааны үед илэрхийлсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс тодорхой харагдаж байна.
16.Маргаан бүхий актууд хэрэгжээд дууссан эсэх, уг актууд хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх эсэх, нэхэмжлэгчийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох шаардлага, хохиролд 10,0 сая төгрөг гаргуулах шаардлагатай уялдаж байгаа эсэх, учирсан гэх хохирол захиргааны хууль бус үйл ажиллагаатай шалтгаант холбоотой эсэх зэрэг асуудалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжтой байтал тухайн үндэслэлүүдийг заан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл болгосон нь буруу болжээ.
17.Үүнээс гадна Н.А- гарааш худалдан авсан гэх 10,0 сая төгрөгийн төлбөрийг төлсөн эсэхэд хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд давж заалдах шатны шатны шүүх дүгнэлт өгөх боломжтой байна.
18.Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2026/0310 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.БАТБААТАР