Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2026/00075

 

 

БНСУ-ын иргэн *******-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07736 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Батлан даалтын гэрээний үүрэгт 2,294,649,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

БНСУ-ын иргэн *******аас 2019 оны 06 дугаар сард БНСУ-ын иргэн *******г 400,000 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлэх санал тавьж, уг зээлийн үндсэн мөнгө, хүү зэргийг *******г төлөөгүй тохиолдолд ******* төлнө гэж баталгаа гаргаж итгүүлсэн. Ингээд дээрх байдлаар харилцан тохиролцож, мөнгийг *******ы дансаар авна гэсний дагуу шилжүүлж, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Мөнгө зээлсэн баримт үйлдсэн.

Гэтэл *******г зээлийн үндсэн мөнгө, хүүг огт төлөөгүй. ******* нь БНСУ-ын Сувон хотын шүүхийн Пёнтэк дэх салбар шүүхийн иргэний хэргийн 1 дүгээр хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэж 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр бичгэн хэлбэрээр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон.

Дээрх шийдвэрээр *******аас *******гтэй зээлийн гэрээ байгуулсантай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн боловч *******г зээл, хүүг төлөөгүй тохиолдолд ******* төлөх баталгаа гаргасан асуудлыг шийдвэрлээгүй байгаа. 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар *******г үндсэн мөнгө 400,000 ам.доллар, хүү 240,000 ам.доллар (нэг сарын 5 хувь 20,000 ам.доллар 12 сарын 240,000 ам.доллар) төлөөгүй тул үүнийг ******* өөрийн гаргасан баталгааны хүрээнд хариуцах үүрэгтэй.

Тус өдрийн ам.долларын төгрөгтэй харилцах албан ёсны ханш нь 3,585.39 төгрөг байх тул нийт 640 ам.доллар буюу 2,294,649,600 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би уг мөнгийг аваагүй, захиран зарцуулсан зүйл байхгүй. БНСУ-ын хоёр иргэн гэрээ байгуулаад мөнгө зээлсэн асуудал байгаа. *******г Монголд данс байхгүй гээд миний дансаар шилжүүлж авсан нь үнэн. БНСУ-ын Сувон хотын шүүхээс *******г 400,000 ам.долларыг 600,000 ам.доллар болгоод төлөх шийдвэр гарчихсан байгаа. Нэгэнт төлөх шийдвэр гарсан учраас би төлнө гэж *******г хэлж байсан.

Өөрийн дансаар мөнгө гаргуулахад уг мөнгийг өөрөө авахгүй, шилжүүлээд өгнө гэдэг дээр л баталгаа гаргуулсан. Түүнээс хүний авсан мөнгийг би төлнө гэж хариуцсан зүйл байхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн *******-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан нийт 2,294,649,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,789,148 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ, Иргэний хуулийн 458-465 дугаар зүйлийг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хууль зүйн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсдэг ба үүрэг гүйцэтгэгч үүргийг хугацаанд нь, зохих журмын дагуу гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч үүргийг гүйцэтгэхээр баталгаа гаргаж болно. Энэ харилцааг батлан даалтын гэрээний харилцаа гэж нэрлэдэг ба үүрэг гүйцэтгэгч үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ", 460 дугаар зүйлийн 460.2-т "Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй" гэж хуульчилсан буюу үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байхад батлан даагчаас шаардах эрх үүсдэг. Тиймээс хууль тогтоогч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй... гээд үүний араас эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж хуульчилсан. Тодруулбал үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болоогүй боловч үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ гүйцэтгэх чадамжгүй болсон нь илтэд тодорхой болсон бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даагчаас шаардах боломжтой байх агуулгаар хуульчилсан.

Талууд 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээг байгуулахдаа ч *******аас зээлсэн мөнгийг *******г хугацаанд нь төлөөгүй бол ******* батлан даахаар тохиролцсон. Талуудын уг тохиролцоонд дурдсан агуулга нь Иргэний хуульд хуульчилсан батлан даалтын агуулгатай ижил байна.

*******г нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг (үндсэн мөнгө, хүү)-ийг хугацаанд нь (2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг гэхэд) гүйцэтгээгүй болох нь БНСУ-ын Сувон дүүргийн Пёнтэк салбар иргэний хэргийн 1 дүгээр хэлтэс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр, БНСУ-ын Сувон хотын шүүхийн шийдвэр (2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн)-ээр нотлогдож тогтоогдож байгаа.

Гэтэл анхан шатны шүүх нь батлан даалтын агуулгыг хууль тогтоогчийн хуульчилсан агуулгаас өөрөөр тайлбарлаж, үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, шүүхээр гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн ч төлөхгүй байхад, дахин төлбөр төлөх боломжгүй гэдэг нь нотлогдох ёстой гэх агуулгаар тайлбарлаж, батлан даалтын үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөө талаас үндсэн үүрэг гүйцэтгэгч нь бараг нас барсан эсхүл нэг төгрөг ч үгүй гэж нотлогдсон цагт батлан даагч үүргээ гүйцэтгэх мэтээр тайлбарлаж хэрэглэж байгаа нь талуудын тохиролцоо, хууль тогтоогчийн Иргэний хуульд хуульчилсан агуулгаас ч зөрүүтэй байгаа юм.

Талууд 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээг бичгээр хийхээс өмнө тохиролцохдоо л *******аас зээлсэн мөнгийг *******г хугацаанд нь төлөөгүй нөхцөлд ******* төлөх нөхцлөөр тохиролцож, энэ нөхцлөөр ч талууд бичгээр гэрээг хийсэн. Гэтэл шүүх талуудын тохиролцоог бодит нөхцөл байдлаас өөрөөр тайлбарлаж хэрэглэснийг зөвшөөрөхгүй байна.

4.2.Нөгөө талаас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд БНСУ-ын шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгдсөн тохиолдолд Монгол Улсын шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулах төлбөрөөс ч мөн хасч тооцох, Монгол Улсын шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн төлбөр төлөгдсөн тохиолдолд БНСУ-ын шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгээс ч хасч тооцох зэрэг харилцан уялдаа холбоо бүхий гэх агуулгыг шүүхийн шийдвэрт тусгаж шийдвэрлэх нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шударга ёс, хууль ёсонд нийцэхээр байна.

4.3.Хариуцагч нь хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан дээр *******г нь БНСУ-ын шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлөх боломжтой... түүний нэр дээр эд хөрөнгө байгаа битүүмжлэх ажиллагаа хийгдэж байгаа..." гэж тайлбарладаг.

Анхан шатны шүүх БНСУ-ын иргэн *******г гэрээний үүргийг гүйцэтгэх боломжтой мэтээр таамаглаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцэхгүй. Хариуцагч *******ы нотлогдоогүй тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартай нь холбогдуулан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид нэмэлт нотлох баримт, нэмэлт тайлбар гаргах боломжоор хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн.

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 400,000 ам.долларыг шилжүүлэх талаар тохиролцож байх үед, 400,000 ам.долларыг шилжүүлж, гэрээг бичгээр хийх үед БНСУ-ын иргэн *******г, ******* нар нь гэрээнд заасны дагуу мөнгийг буцааж төлнө гэж итгүүлж авсан. Улмаар *******г төлөхгүй бол ******* нь төлнө гэж итгүүлж гэрээнд батлан дааж "... дээрх агуулгатай холбогдох үүргийг гүйцэтгэхээр хамтран баталгаа гаргаж ..." үүрэг хүлээсэн. Тиймээс ******* нь *******г гэрээний үүргээ гүйцэтгэж байгаа эсэх талаар хяналт тавьж, тодруулж, *******г гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгэх үүрэгтэй.

Гэтэл өнөөдөр бодит нөхцөл байдал дээр *******г, ******* нар нь *******аас зээл авахдаа хоорондоо харилцан тохиролцож ирж авсан атлаа өнөөдөр БНСУ-ын иргэн *******г төлөх боломжтой, төлөх чадвартай гэх мэтээр тайлбарлаж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

Нөгөө талаас дээр дурдсанчлан *******г нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийг өнөөдөр ч төлөөгүй байгаа нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа бөгөөд уг баримтуудыг хариуцагч ******* нь ижил төрлийн нотолгооны хэрэгслээр няцаагаагүй.

Мөн БНСУ-ын иргэн *******г болон Монгол Улсын иргэн ******* нарын хооронд үүссэн нөхцөл байдал, мөнгөний шилжилт хөдөлгөөнийг харахад уг хэргийн хувьд тэд БНСУ-ын иргэн *******аас мөнгө авахаар харилцан тохиролцсон, уг гэрээний үүргийг хэрхэн биелүүлэх талаар ч тохиролцож, *******тай холбогдох гэрээг байгуулсан. Бодит байдал дээр тэд хуулийн дагуу хоорондоо эвсэн нэгдсэн байдалтай солонгос болон монгол хэл дээрх баримт бичгээ нотариатаар батлуулж өөр хоорондоо дамжуулан авч өгч буй байдал нь уг хоёр хүн *******аас мөнгө авах атлаа буцаан төлөхгүй байхын тулд урьдчилан тохиролцож, хамтран үйлдсэн байж болзошгүй байна. *******г нэрээ И Су Сан болгон өөрчилсөн шалтгаанаа Монгол Улсад *******г нэр муугаар танигдсан тул бизнесийн зорилгоор шинэ нэр авсан хэмээн прокурорт мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэрээ солих үйлдэл нь Монголд өөр нэрийг ашиглан бусдаас мөнгө авах боломж хайсан, урьдчилсан тактик байсан байж болзошгүй.

4.4.2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгө зээлсэн баримт гэх баримт нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д "Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна" гэж заасны дагуу холимог гэрээний төрөлд хамаардаг.

Тодруулбал *******аас *******гд 400,000 ам.доллар зээлдүүлэхтэй холбоотой зээлийн гэрээний харилцаа, *******г зээлийн гэрээний үндсэн мөнгө, хүү зэргийг хугацаанд нь, зохих журмын дагуу гүйцэтгээгүй бол батлан даагч үүргээ гүйцэтгэхтэй холбоотой батлан даалтын гэрээний харилцаа гэсэн хоёр гэрээний үүргийн шинжтэй байна.

БНСУ-ын Сувон дүүргийн Пёнтэк салбар иргэний хэргийн 1 дүгээр хэлтэс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр, БНСУ-ын Сувон хотын шүүхийн шийдвэр (2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн)-ээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлэсэн ба батлан даалттай холбоотой хэсгийг шийдвэрлээгүй.

Тиймээс *******ы 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Тухайн мөнгийг БНСУ-ын иргэн *******г зээлсэн. Үүнтэй холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр БНСУ-ын шүүхээс мөнгийг төлүүлэх шийдвэрийг гарсан. Энэ талаар нэхэмжлэгч тал анхан шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл нэхэмжлэгч нь тухайн этгээд төлж чадахгүй гэх агуулгаар мөнгийг хариуцагч *******аас давхар нэхэмжилсэн. БНСУ-ын иргэн *******г мөнгийг төлж чадахгүй байгаа болохыг хэрхэн нотолж байгаа нь тодорхойгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* нь хариуцагч *******д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 2,294,649,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгө зээлсэн баримт-д зээлдүүлэгч *******, зээлдэгч *******г, үндсэн зээл 400,000 ам.доллар, хүү сар бүр 5 хувь, хүүг сар бүрийн () өдөр төлөх, зээл буцааж төлөх хугацаа зээл хүлээн авсан өдрөөс 1 жил байх, хүүгийн төлбөрийг хоёроос дээш удаа хугацаа хожимдуулсан тохиолдолд буцааж төлөх хугацаа тогтоосноос үл хамааран үндсэн зээлийг бүхэлд нь хэзээ ч нэхэмжилж болох, мөн хамтран баталгаа гаргагч ******* нь дээрх агуулгатай холбогдох үүргийг гүйцэтгэхээр хамтран баталгаа гаргах талаар тусгагджээ.

Хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг тайлбарлах талаар Иргэний хуулийн 41 дүгээр зүйл, 198 дугаар зүйлд тус тус зохицуулсан бөгөөд үгийн шууд утгыг анхаарах журамтай.

Дээрх Мөнгө зээлсэн баримт-д тусгагдсан *******ы үүрэг нь зээлдэгч *******гийн үүргийг хамтран гүйцэтгэхийг зээлдүүлэгч *******д баталсан агуулгатай байх ба уг харилцаа нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээнд хамаарч байна.

Хариуцагч нь өөрийн дансаар мөнгө гаргуулахад уг мөнгийг өөрөө авахгүй, шилжүүлээд өгнө гэдэг дээр л баталгаа гаргуулсан гэж маргасан байх боловч ийм агуулга илэрхийлэгдээгүй учир уг тайлбар үндэслэлгүй болно.

Иймээс талуудын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй.

4.******* нь зээл 400,000 ам.долларыг *******гт шилжүүлсэн, мөн ******* нь *******гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсаныг БНСУ-ын Сувон дүүргийн шүүхийн Пёнтэк салбар Иргэний хэргийн 1 дүгээр хэлтсийн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн бичгээр гаргасан шийдвэрээр 470,000,000 воныг 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс бүрэн төлөх хүртэл жилийн 20 хувийн хүү тооцож төлүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гарсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Эдгээр үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

 

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт заасныг үндэслэж тайлбарласан.

Батлан даагч ******* нь зээлдүүлэгч *******ын өмнө зээлдэгч *******гийн үүргийг хамтран гүйцэтгэхийг баталсан нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцах агуулгатай байна. Өөрөөр хэлбэл *******г, ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлтэй.

Хэргийн баримтаар зээлдэгч *******г зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгч ******* нь уг гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг зээлдэгч *******гд холбогдуулан гаргаснаар дээр дурдсан шүүхийн шийдвэр гарсан болох нь тогтоогдсон ба энэ тохиолдолд нэхэмжлэгч *******ыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр хамтран үүрэг гүйцэтгэгч *******гээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан гэж дүгнэнэ.

 

6.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 2,294,649,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээсэн гэж алдаатай дүгнэснийг дээрх байдлаар залруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд Хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартай нь холбогдуулан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид нэмэлт нотлох баримт, нэмэлт тайлбар гаргах боломжоор хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж дурдсан.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн *******г төлбөрөө төлсөн үү, Тантай уулзахдаа юу гэж ярьсан бэ гэсэн асуултад хариуцагч нь *******гийн хөрөнгийг битүүмжилсэн тухай өөрөөс нь сонссон, *******г надаас хөрөнгөө буцааж шилжүүлж авахдаа *******тэр хоёр нийлж газар худалдаж авсан байдаг. Тэр газар нь битүүмжлэгдсэн гэж байсан. Тэрийг *******өөрөө мэдэж байгаа гэж байсан гэж хариулсан, уг тайлбартай холбоотойгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******аар дамжуулан хөрөнгө битүүмжилсэн, газар хураах тухай баримтыг гаргуулж авъя гэсэн хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан ба хариуцагчийн дээрх тайлбараар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрсэн, уг нөхцөл байдал маргааны үйл баримтад нөлөөлсөн гэх үндэслэлгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Тодруулбал нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* нь БНСУ-д албадан гүйцэтгэгдэх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч этгээд учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх боломжтой.

Иймээс шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 11,789,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР 

 

Д.ЗОЛЗАЯА