Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1097

 

 

 

 

 

 

 

 

 

     2016 оны 10 сарын 06 өдөр

 Дугаар 184/ШШ2016/01097

                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.О-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: С.Н-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 400,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н-тэй 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хийсэн гэрээний дагуу түүнийг шүүхэд төлөөлж, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 793 тоот магадлал гарч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлж, шийдвэр магадлалыг өөрт нь өгсөн. Гэвч С.Н нь өнөөдрийг хүртэл миний дансанд мөнгө шилжүүлээгүй байна. Иймд С.Н-ээс ажил гүйцэтгэсний төлбөр болох 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 793 тоот магадлалаар нэхэмжлэл шийдвэрлүүлэхээр О.О-тай харилцан тохиролцож 300,000 төгрөг өгөхөөр болсон юм. Шүүхийн шийдвэр 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гарч миний бие О.О-ийн 5009430880 тоот дансанд 2015 оны 5 дугаар сард 150,000 төгрөг хийсэн Түүнээс хойш 2015 онд 1 удаа утсаар ярьж шүүхийн шийдвэр аваад ШШГА-д уулзъя шийдвэрээ өгөөд таны мөнгийг өгье гэхэд хүүхэд харж байна, хуралтай байна гэж хэлээд ахиж надтай холбоо бариагүй. Би өгөхгүй гэж нэг ч удаа ярьж байгаагүй. Өгөхөд ч бэлэн байна. 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр О.О-тай ШШГА дээр уулзаад шүүхийн шийдвэрээ өгч харилцан тохиролцож болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч С.Н-т холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 400,000 төгрөг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч С.Н-тэй 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.  Уг гэрээг нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч  нь түүний агуулгаас үзэхэд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинжүүдийг агуулжээ.

 Уг гэрээгээр “Э” ХХК-иас төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Н-ийн төлөөлөн нэхэмжлэгчээр оролцохоор харилцан тохиролцож, ажлын хөлсөнд 300,000 төгрөгийг төлөх, төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлбэл 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон  байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...би хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн..., одоо материал ШШГА-нд ажиллагаа хийгдэж байгаа учир ажлын хөлсөө авна...” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд”...150,000 төгрөгийг төлсөн,...НШГА дээр уулзаад шийдвэрээ өгөөд харилцан тохиролцож болж байна ... би мөнгийг өгөхгүй гээгүй, өгөхөд бэлэн байна...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараас үзэхэд  хариуцагч  С.Н нь нэхэмжлэгч О.О-д 150,000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч түүнийг нэхэмжлэгч үгүйсгэж “...өмнөх гэрээний дагуу өгсөн төлбөр...энэ нэхэмжлэлд хамааралгүй ...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч энэ гэрээний дагуу төлбөр төлсөн болохоо баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгч уг төлбөрийг шаардах эрхтэй байна. 

 

            Нэхэмжлэгч ажлын хөлс 300,000 төгрөгийг 2015 оны 3-р сард багтаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй учир алданги 0,5 хувиар тооцон 100,000 төгрөг, нийт 400,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

   Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч С.Н-т шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагч нь шүүхэд шүүх хуралдаанд өөрийгөө оролцуулалгүйгээр хийхийг хүлээн зөвшөөрч хүсэлт ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн  хариуцагч С.Н-ийг оролцуулалгүйгээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн саналыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч С.Н-ээс 400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О-д олгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-ээс 12,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН