| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0157/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 152
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б д холбогдох 163/2019/0157/Э индекстэй, эрүүгийн 1915003510176 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1959 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ... оршин суух, 2000 онд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2, 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Х.Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ж.Ц ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б гийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн 1915003510176 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ж.Ц ийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр Х.Б бид хоёр айлд очиж цай уухаар явсан бөгөөд очсоны дараа манай нөхөр архи уугаад согтчихсон. Тэрээр машинаа жолоодож явна гээд байхаар нь машиных нь түлхүүрийг авч байгаад гадагшаа шидчихсэн. Нөхөр Х.Б түлхүүрээ харанхуйд хайгаад олохгүй болохоор уурлаад намайг үсдэж байгаад гулдраар чирээд байсан. ...Бид хоёр цаашид хэрүүл маргаангүй амьдарна гээд эвлэрч хамт амьдарч байгаа. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 тал/,
Гэрч Ж.Б гийн өгсөн: “...Би энэ хэргийн талаар сүүлд мэдсэн. Ж.Ц нь нөхөр Х.Б гийн хамт айлд очиж, архи уугаад гэртээ хариад Х.Б нь өөрийнхөө машиныг жолоодож явна гэхэд нь эхнэр Ж.Ц нь согтуу байж ямар учраас машин жолоодох гээд байгаа юм гээд түлхүүрийг нь өгөөгүй юм байна лээ. Гэтэл нөхөр нь авах гээд байхаар нь машины түлхүүрийг нь шидчихсэн гэсэн бөгөөд ингээд машины түлхүүр өгсөнгүй гэх шалтгаанаар эхнэрээ зодож үс, гэзэгнээс нь зулгаасан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 21 тал/,
Гэрч Б.Т ы өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ээж утсаар ярьсан бөгөөд надад “аавтай чинь хэрүүл, маргаан хийсэн, зодоод байна” гэхээр нь Орхон аймгийн төвөөс ээж, аавын гэрт очсон бөгөөд намайг очиход ээж байхгүй Орхон аймаг руу явсан байсан. Харин аав согтуу байсан. ...Энэ явдлаас хэд хоногийн дараа Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 тал/,
Шүүгдэгч Х.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрөө 2 хүүхэдтэй ба манай гэр бүлийн хүн өнгөрсөн юм. Тэгээд Ж.Ц гэж хүнтэй нийлж хамтран амьдраад 20-иод жил болж байна. Албан ёсоор гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэд бол байхгүй. 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр бид нарыг айл уриад тэгээд очоод архи дарс ууж нэлээд согтсон. Гэртээ ирээд машин тэргээ асааж явна гэхээр л манай эхнэр явуулахгүй гээд л машины түлхүүрийг нуугаад, би хайгаад олохгүй байхдаа л уурандаа эхнэрээ үснээс нь зулгааж барьж асуудал үүссэн. Энэ бол миний буруу. Би эхнэрийнхээ биед халдаж гэмтэл учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эхнэр бид 2 учраа олоод эвлэрээд хамт амьдарч байгаа. Тийм учраас хэргээ хурдан шийдүүлмээр байна. Миний буруу. Надаас өөр эхнэрийг зодож цохих хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 37 тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 463 дугаартай:
1. Ж.Ц ийн бие цээж, бугалга, дал, шилбэнд цус хуралт, тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд бүгд нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх 28-29/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-9 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-31-32 тал/, хувийн байдлын талаархи баримтууд /хх-38-39 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40 тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-43-49 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-50-51 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн ... гэх газарт гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Ж.Ц ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Ж.Ц ийн өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Б , Б.Т нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 463 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Х.Б гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Х.Б гийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа төдийгүй энэ гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, ...” хамаарна.
Иймд шүүгдэгч Х.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ж.Ц иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Х.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Х.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б д сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД