| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03123/И |
| Дугаар | 210/МА2026/00124 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2026/00124
*******ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09104 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 46,351,400.3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, хариуцагч *******ийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Зээлдэгч *******, ******* нар нь *******ХК-тай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр MN200034109201878359 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, сарын 1.9 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 13330, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 90в байр, 83 тоот хаягт байрлалтай, 33.8 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг барьцаалсан.
*******ХК нь зээлийн гэрээний дагуу *******ийн дансанд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч *******, ******* нар зээлд 7,325,934.39 төгрөг, үндсэн хүүнд 10,937,735.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 52,881.05 төгрөг, нийт 18,316,550.88 төгрөгийг төлсөн.
Банкны зүгээс зээлээ төлж барагдуулах тухай утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулж байсан боловч зээл, зээлийн хүүг гэрээний дагуу төлөх үүргээ зээлдэгч нар биелүүлээгүй. Зээлийн хугацаа 145 хоног хэтэрч байна.
Иймд нэхэмжлэл гаргах 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээл 42,674,065.61 төгрөг, үндсэн зээлийн хүү 3,659,282.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,052.25 төгрөг, нийт 46,351,400.3 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч *******гийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нар шүүхэд тайлбар гаргаагүй болно.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 46,351,400.30 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч *******гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 13330, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 90в байр, 83 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаартай, нэг өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,907 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 389,707 төгрөг, хариуцагч *******гаас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зорчсөн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжоор огт хангаагүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй юм. Учир нь "******* банк" ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагт хэлэлцсэн бөгөөд тус өдөр 10 цагт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай байсан.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ талаарх хүсэлтийг холбогдох баримтын хамт хүргүүлсэн хэдий ч шүүх хүндэтгэн үзэх шалтгаан биш гэх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд дээр дурдсан шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зарласан бөгөөд цагийн хувьд 10 цагт байсан, гэвч "******* банк" ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зарласан учир цагийн хувьд ялгаатай байгаа 11 цагийн шүүх хуралдаанд оролцох ёстой гэх бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хариуцагч нарын төлөөлөгчийн эзгүзйд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх зэрэг мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй юм.
4.2.Үүнээс гадна "******* банк" ХК нь тооцооллын хувьд алдаатай байдлаар нэхэмжлэл гаргасныг шүүх үнэн зөв мэтээр үндэслэлгүй, хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд бус дүгнэлтийг хийсэн байна. Мөн хариуцагч нараас хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэртээ ч энэ талаар тодорхой бус дүгнэлтийг хийсэн байна. Хариуцагчийн тайлбар, түүний төлж барагдуулсан мөнгөний баримтууд хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон боловч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.
2.Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,351,400.3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар шүүхэд тайлбар гаргаагүй байна.
3.*******ХК болон *******, ******* нар нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч *******ХК нь 50,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч *******ийн дансанд шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, мемориалын баримт, зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдсон.
Мөн хариуцагч нар зээлд 7,325,934.39 төгрөг, зээлийн хүүнд 10,937,735.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 52,881.05 төгрөг, нийт 18,316,550.88 төгрөг төлсөн талаар нэхэмжлэлд тусгасан байх ба анхан шатны шүүх зээлийн дансны хуулгад үндэслэн уг тооцооллыг үндэслэлтэй талаар зөв дүгнэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй тул хариуцагчийн төлж барагдуулсан мөнгөний баримтууд хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5.Нэхэмжлэлд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 42,674,065.61 төгрөг, зээлийн хүү 3,659,282.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,052.25 төгрөг, нийт 46,351,400.3 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
5.1.Зээлийн гэрээний 2.1.4-д зээлийн хүү сарын 1.9, жилийн 22.8 хувь байх, 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байх, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
5.2.Зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээл болон хүүний төлбөрт сард 1,558,718.14 төгрөг төлөх үүрэг хариуцагч нар хүлээсэн боловч зээлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш, хүүг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш тус тус төлөөгүй байна.
Хэрэгт авагдсан Зээлдэгчтэй холбоо барьсан мэдээллийн хүснэгт баримт, нэхэмжлэгч байгууллагын ажилтан *******ээс хариуцагч *******тэй утсаар харилцсан зурвасуудад шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хугацаанд удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдсон, уг үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.
5.3.Зээлийн гэрээ нь 50 сарын хугацаатай буюу 2027 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулагдсан ба нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Тодруулбал, дээр дурдсанаар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэхийг хариуцагч нарт урьдчилан сануулсан боловч гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 42,674,065.61 төгрөг, зээлийн хүү 3,659,282.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,052.25 төгрөг, нийт 46,351,400.3 төгрөг төлөхийг шаардах эрхтэй.
Зээлийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөл, шаардах эрхийн талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүйг дээрх байдлаар нэмж дүгнэж, хэтэрсэн хугацааны хариуцлагын талаарх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан алдааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Түүнчлэн зээлийн гэрээгээр зээлдэгчийн хүлээх үүрэгт зээлээс гадна хүү төлөх үүрэг хамаарахаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тодорхойлсныг анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан боловч мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийг давхар баримталсан нь оновчгүй байх тул мөн залруулна.
Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 46,351,400.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
5.4.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.2-т зээлдэгчийн хүлээх үүргийг тодорхойлсон ба гэрээний 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр заасан тул зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Иймээс үүрэг гүйцэтгүүлэгч *******ХК тэдгээрт холбогдуулан шаардлага гаргасан нь мөн хуулийн 242.3 дахь хэсэгт заасанд нийцсэн.
Дээрх зохицуулалтаар хоёр хариуцагчийн хэн нь ч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүлээлгэн өгч болох тул хариуцагч нараас хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.
6.Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 13330, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *******байр, ******* тоот хаягт байрлах, 33.8 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг барьцаалуулахаар тохиролцжээ.
Тус барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг албадан худалдахыг шаардах эрхтэй.
7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, 07 дугаар сарын 01, 24-ний өдөр, 09 дүгээр сарын 23-ны өдөр тус тус товлосон шүүх хуралдаан зохигчийн хүсэлтээр хойшлогджээ.
Тус хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо мэдсэн байх ба түүний хүсэлтэд дурдагдсан Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдаан нь тус шүүх хуралдаантай давхцаагүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тов мэдэгдэхэд үүнээс өмнө өөр шүүх хуралдаан товлогдсон байгаа талаар мэдэгдэх боломжтой байжээ.
Иймээс хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн, мэтгэлцэх боломж олгоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
8.Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/09104 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 459,907 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА