Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 145

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч М.Я ,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьбазар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгч Г.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ш од холбогдох эрүүгийн 1915002120121 дугаартай, 163/2019/0143/Э индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын ... багш ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Г.Ш .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ш  нь 2019 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шенө Булган аймгийн Булган сумын нутагт иргэн М.Я г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш ын өгсөн: Тухайн хэрэг гарах өдөр Я  О  гэх найзтайгаа колонк дээр байсан. Манай нөхөр рүү “очиж авна” гээд ярьж байсан.  Би журмын хашааг давхар эргэдэг ажил хийдэг. Тэгээд очсон юм. Манай нөхөр тэнд согтуу Я тай ярьж байсан. Би нөхрийгөө “чи одоо энд согтуу байж болохгүй гэртээ харь” гэтэл “Я  одоо ирж авна” гэсэн. Я гийн найз О  яриад “намайг ирж учраа ол” гэсэн. Намайг очтол О , Я  хоёр колонкод пиво уугаад сууж байсан. Би явж очоод Я тай муудалцаад бид хоёр үсдэлцсэн.  Я г 2-3 удаа цохисон нь үнэн. О  Я даа хандаж “пивоо далд хий” гэж хэлсэн. Эргүүлээр ирсэн цагдаа пиво уугаад байгаа юм уу гэхэд “үгүй“ гэж хэлсэн, О ыг ажилгүй болгочихьё гэж бодоогүй. Я  бид 2 хамт гарсан. Цагдааг явахгүй байсан болохоор хоёулаа хөдөлчихөөд ирье гэсэн. Хоёрдугаар сараас хойш манай нөхөртэй явалдсан, миний сэтгэл зүйд их сөргөөр нөлөөлсөн. Би маш их хямарсан байсан. 2006 онд гэр бүлээ батлуулсан, 2002 оноос хойш хамт амьдарсан. Энэ амьдралаа нураахыг хүсээгүй. Тухайн үед би түргэдсэн байна. Гадаа зогсож байгаад хөдлөхдөө “ээжид нь хэлье” гээд засмалаар явахад Я  цонхоор цээжээ гаргасан байсан. Машины арын суудал дээр Я  сууж явсан ба дунд толинд хартал машины цонхоор цээжээ гаргачихсан байсан. Тэгээд машины цонхоор үсэрсэн. “Яагаад ингэж байгаа юм” гэж хэлтэл босоод зугтаасан. Я гийн араас нь очоод машиндаа суулгаад цусыг нь угаалгасан. Эмнэлэг орох уу гэсэн “үгүй” гэхээр нь ээж дээр нь буулгасан. Эцэст нь миний амьдралаар тоглочихоод намайг шүүгдэгч болгоод явж байдаг. Манай ажил дээр өргөдөл өгөөд үр дүнгийн урамшууллыг 100%-иар хассан. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан. Миний нэр төр, ажлын байранд маш сөргөөр нөлөөлж байна. Манай нөхөртэй байхдаа болж байгаа явдлаа мэдрүүлэх гэж надруу залгаж сонсгодог байсан. Тэгээд уулзаж хэлэхэд миний хэлж байгааг тоохгүй дооглодог байсан. Ажил дээр нь очиж удирдлагад нь хэлэхэд хуулийн байгууллагад ханд гэсэн. Манай нөхөр 2 удаа эрүүл мэндийн шалтгаанаас болоод хагалгаанд орсон. Энэ хүнийг цохисон нь миний буруу. Шүүхээс гарсан хохирлыг би төлнө. Захирал дээр байнга дарамталж ордог гэсэн.  Би ажлын байран дээрээ асуудал гаргаагүй, хуулийн байгууллагад шалгуулж байгаа гэдгээ хэлсэн. Хүүхэд нь манай ангийн сурагч. Өнөөдөр манай 3 хүүхэд байнгын гэр бүлийн хүчирхийлэл дунд байна. Энэ хүнээс болоод манайд ийм асуудал үүсээд байна. Энэ хүн миний амьдралд ороод миний нөхөртэй явснаас болоод нэр хүнд болон сэтгэл санаанд маш хүнд байна. Өөр дээрээ ирэхээр л хүн ойлгодог юм байна. Сэтгэл зүй болон гэр оронд маш ихээр нөлөөлдөг гэдгийг мэдлээ. Энэ хүнийг үсдэж цохисон нь үнэн. Харин чирээгүй. Хохиролд 500 000 төгрөг өгье дансаа өгчих гэхэд өгөөгүй учраас өгөх гэж байсан мөнгөө нөхрийн эмчилгээнд хэрэглэсэн. Нөхөр хагалгаанд орсон болохоор өнөөдрийн байдлаар хохирлыг төлөөгүй байгаа. Хаана л мөнгө зээлдэг газар байна тэр бүгдээс би зээл авсан байгаа учраас эдийн засгийн хувьд бололцоо муу байгаа. Шүүхээс гарсан зардлыг төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Я гийн өгсөн:  2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ш  надруу залгаад “чи хаана байна” гэсэн. Би гэртээ амарч байсан. Бүр залгаад болохгүй болохоор нь найз О  руу ярьсан. Тэгсэн ажил дээр хүрээд ир гэсэн. Тэгсэн Ш  нь над руу залгаад “намайг ирж ав” гэж дарамтлаад байхаар нь би “эхнэрээ дууд” гэсэн. Эхнэр нөхөр 2 над руу залгаад байсан. Найзыгаа яриад өг гэж гуйсан. Ш  над руу залгаад “хаана байна” гэхээр нь найзынхаа ажил дээр байна гэтэл “надтай уулзахгүй бол ээжид чинь хэлнэ” гэсэн. Ээж маань тэр үед эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгэхээр нь колонк дээр байна гэж хэлэхэд маш хурдан ирсэн. Ш  надад чи намайг залгахаар утсаа авах ёстой гэж хэлээд намайг үсдэж гаргаад өшиглөж зодсон. Энэ хүн согтуу байсан. Намайг ална гээд байсан. Би О ы колонк руу ороход цагдаа ирсэн. Ширээн дээр задлаагүй пиво байсан. Задлаад Ш од хийж өгсөн. Би эрүүл байсан. Тэгээд намайг машиндаа суулгаад хаалгаа түгжсэн. Тэгээд засмал руу өгсөөд “гэртээ авч очоод чамайг ална” гээд давхиад байсан. Гэрлүүгээ салдаг замаар салалгүй “хүүхдүүд дээр чинь очиж шившгийг чинь дэлгэнэ” гээд ээжийн гэр лүү эргэсэн. Огцом тоормос гишгээд зогссон. Айсан байсан болохоор дотор муухай оргиод цонхоор биеэ гаргасан. Тэгсэн гэнэт араас түлхсэн. Нэг мэдсэн би газар унасан байсан ба Ш  машинаас бууж ирсэн. Би айгаад босоод зугтсан. Зугтаж байгаад унахад “бос” гээд босгосон. Машинд суу, суухгүй бол ална гэсэн. Би урд талын суудалд суусан. Намайг уучлаарай, би бичиг хийж өгснөөсөө хойш нөхөртэй чинь дахиж уулзаагүй гэж хэлсэн. Гол дээр авч очоод намайг “би өөрөө машинаас үсэрсэн” гэж хэл, эсвэл “гүйж яваад унасан” гэж хэл гэж тулгасан. Тэгж хэлэхгүй бол эмнэлэгт болон гэрт чинь хүргэж өгөхгүй гэсэн. Тэгээд би унасан гэж хэлнэ эмнэлэг дээр хүргээд өг гэхэд эмнэлэг дээр хүргэж өгөхгүй гээд ээжийн гэрт хүргэж өгсөн. Гэртээ ороход дүү Б  болон хүүхдүүд байсан ба тэр хэд надаас айсан ба дүү цагдаа дуудсан байсан. Дүү цагдаад мэдэгдээд цагдаагийн машинаар түргэн дээр очиж 12 оёдол тавиулсан. Би өөрөө машинаас унасан гэж цагдаад хэлсэн. Маргааш нь би цагдаа дээр очиж мэдүүлгээ өөрчилсөн. Ш гийн хувьд эхнэрээсээ салсан, 3 хүүхдээ бодоод гэртээ байгаа. Эхнэр байнгын ажил дээр ирж дарамталдаг гэсэн. Би Ш г гэртээ байлгаж байгаагүй. Би хадмындаа байдаг. Нөхөр маань өнгөрөөд жил гаран болж байгаа. Салсан гэсэн болохоор нь хэд хэдэн удаа уулзсан. Би буруугаа хүлээж уучлалт гуйсан. Уулзаагүй байхад ажил дээр очиж зодож нүдэж, манай нөхөртэй уулзаж унтсан гэж бичлэг хийсэн. Би Ш г гэртээ амьдруулж байгаагүй. Энэ хүнээс болоод би нэг сар цалингүй байсан, гоо заслын хагалгаанд орох зардал, сэтгэл санааны хохирол гээд нийт 20 000 000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 1915002120121 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэрч Ц.О ы өгсөн: "...2019 оны 05 дугаар сарын 13-ны 01 цагийн үед "Ж" ШТС дээр ажиллаж байхад манай найз Я  ирсэн. Тэгээд бид хоёр юм яриад гадаа байж байхад Ш  ирсэн. Тэгээд Я  руу дайраад “чи яахаараа манай нөхрийг авч явдаг юм авах гэж байгаа бол тэр чигээр нь аваад яваач” гэх мэтээр хэрэлдсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг гадаа үлдээгээд өрөө рүү орсон. Тэгээд өрөөндөө ороод ажлаа хийж байхад гадаа тэр хоёр хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд удалгүй би гараад хартал Ш  Я г үсэдчихсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би салгаад өрөөнд оруулаад цай өгч байтал эргүүлийн цагдаа нар ирсэн. Тэгээд тэр цагдаа нар   надтай   юм   ярьж   байхад   Ш    Я г   дагуулаад   гараад   явсан. ...Я гийн гар нь шалбарчихсан байсан. ..." гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

“...Г.Ш  М.Я г үснээс нь зулгаагаад аваад гарсан. Ганц нэг цохисон байж магадгүй. ...Намайг гарч ирэхэд Г.Ш , М.Я г үсэдчихсэн доороо хийгээд суучихсан дээрээс нь гараараа цохиод, нүүр лүү нь алгадаж бариад байж байхаар нь би салгаж оруулж ирсэн, ...орж ирэхэд нь харахад Я гийн баруун болов уу хацар нь нэлээд улайчихсан, үс нь зулгаагдчихсан болохоор арзайчихсан, хувцас нь шороо болчихсон байсан ба аль билээ чихнийх нь ээмэг уначихсан чихний омгоос жаахан цус гарчихсан харагдаж байсан.  ..." гэх мэдүүлэг /хх-55-57 тал/,

Гэрч М.Б ын өгсөн: "2019 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 01 цаг, 43 минутад гэртээ унтаж байсан, утас дуугарахаар нь авахад дүү охин М.Б  залгасан. Тэгээд уйлаад агаа, эгээ хүнд зодуулсан байна гэж хэлэхээр нь босоод эхнэрийн   хамт   ээжийнд   очиход   төрсөн   эгч М.Я гийн биед баруун нүдний хөмсөгний орчимд язарсан шархнаас маш их цус алдаж байсан.  Мөн энгэр цээжин дээр нь хүн маажсан гэмээр 2-3 тооны хумсны улайсан мөр байсан. Тэгэхээр нь “юу болсон юм” гэсэн өөрөө юм хэлэхгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...Тэгээд өчигдөр эгчтэй уулзаж ярилцаж байхад манай эгчийг "Ж" ШТС дээр  оччихсон байхад Ш  утсаар залгаад байхаар нь байгаа газраа зааж өгсөн чинь хүрээд ирсэн гэсэн. Тэгээд орж ирээд “чи яахаараа утсаа авдаггүй юм, залгахаар утсаа заавал авах ёстой” гэж сүрдүүлээд тэгээд л үсдэж аваад зодсон юм шиг байгаа юм. Тэгээд хамт байсан найз нь салгаж авсан гэсэн. ...Ш  “хоёулаа машинд суугаад ийш тийш явахгүйгээр юм яръя” гэж хэлж дагуулж машиндаа суулгаад гэнэт машинаа асаагаад хөдөлчихсөн гэсэн. Тэгээд л ...”нэг бол чи үхнэ, нэг бол би үхнэ” гээд хойшоо рашаан байдаг Хадан хошууны гарам руу очсон гэсэн. Тэгээд эгч машиных нь цонхыг онгойлгоод толгойгоо жаахан гаргасан л араас нь түлхчихсэн гэсэн. Тэгээд эгч газар унаад ухаан алдчихсан байж байгаад босоод зугтаасан чинь араас нь гүйцэж ирээд “яасан их зугтаадаг юм, цусаа гол дээр угаа” гээд гол руу дагуулаад явсан гэсэн. Эгч гол дээр очоод цусаа угааж чадахгүй байсан чинь “угаа, арилга” гэж байггаад тэгээд ээжийн гадаа буулгачихаад явсан гэсэн. Ингэж явахдаа “чамайг цагдаад хэлэх юм бол би чамайг амьдралгүй болгоно шүү” гэж хэлсэн байна лээ. Ш  гэж хүн би эхнэрээсээ салсан, манай эгчтэй хамт амьдарна гэж хэлээд л уулзаж барьдаг юм шиг байна лээ. Тэгээд Ш  гэж Ш гийн эхнэр нь мэдээд л ийм юм болоод байгаа юм билээ" гэх мэдүүлэг /хх-н 44 тал/,

Гэрч Н.А гийн өгсөн: "2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэх томилгооны дагуу дэд ахлагч  Д.Д гийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 23 цагийн үед Цагдаагийн газрын жижүүрээс "Ж" ШТС дээр  Ш г эхнэртэйгээ  хэрүүл  маргаан  хийгээд  байна"  гэсэн  дуудлага ирүүлсэн тул бид хоёр ...яваад ортол ШТС-ын түгээгч эмэгтэй, Ш гийн эхнэр Ш , Ш тай явалдаад байгаа гэх Я  гэх эмэгтэй 3 байсан. ... Ш г цагдаа дуудсан чинь гараад зугтаачихсан гэж эхнэр Ш  нь хэлсэн. ...Та хоёр энэ клонк дээр хэрүүл маргаан хийгээд байж болохгүй, гарч явцгаа гэхэд Я , Ш  хоёр гараад явсан. Тэгээд араас нь дагаж гараад машин тэргэндээ суугаад явахыг нь хартал ШТС-ын түгээгчийн байрны ар талд буюу өндөр далангийн дор Ш , Я  нарын машин байсан. Тэгээд хамт явсан дэд ахлагч Д.Д г Ш г хайгаад ир гээд явуулчихсан юм. Тэгсэн Г.Ш , Я  тэр 2 машиныхаа хажуу талд нь хоорондоо ярилцаад зогсоод байсан ба намайг гарч ирснээс хойш 2-3 минут хиртэй ярилцсан байх. Тэгсэнээ Ш ын машин руу хоёулаа орж суусан ба Ш  жолоон дээрээ суугаад, Я  нь жолоочийн талын арын суудал дээр орж суусан. Тэгээд л машин асаад хөдлөөд Шунхлайн баруун талаар засмал зам руу нийлээд Шунхлай ШТС-ын 3 замын уулзвараас хойшоогоо  эргээд өгсөөд явчихсан.  Тэгэхээр  нь дэд ахлагч Д.Д г утсаар дуудаад “нөгөө хоёр эмэгтэй салж явсангүй, нэг машиндаа суугаад явчихлаа” гээд ирэнгүүт нь явсан чигт нь яваад “Зоон даваа”-ны постны тэр лүү явчихсан байх гээд чигээрээ яваад  олоогүй. ...Цагдаагийн  жижүүрээс  над  руу залгаад “нөгөө эмэгтэй чинь гэртээ харьчихсан, хүнд зодуулаад нүүр ам нь аймаар болчихсон байна гээд дүү нь гэх хүн дуудлага өглөө яваад оч” гэж хэлэхээр нь хаягаар нь гэрт нь очсон. Тэгсэн Я гийн дүү гэх залуу эхнэрийн хамт, гурвуулаа байсан ба Я гийн баруун байсан байхаа шанаа нь язарчихсан, цус  гарчихсан   байсан  учраас  эмнэлэгт  хүлээн   авах  дээр   хүргэж  өгсөн. ...Гэрээс нь гараад эмнэлэг рүү хүргэж өгөх замдаа би Я гаас "Чи хаана явж байгаад гэмтчихсэн юм бэ” гэж асуухад Я  “хүүхэд дээр маань аваачиж шившиг болгоно” гээд байхаар нь ирж яваад машин явж байхад нь хаалга онгойлгоод өөрөө үсэрчихсэн " гэж ярьсан...дэд ахлагч  Д.Д , Я гийн дүү гэх дуудлага өгсөн залуу бид 4 явж байсан, бүгд сонссон” гэх мэдүүлэг /хх-н 47-48 тал/,

Гэрч Д.Д гийн өгсөн: "2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр оройн .эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ...23 цагийн үед Цагдаагийн газрын жижүүрээс "Ж" ШТС дээр  Ш г эхнэртэйгээ  хэрүүл  маргаан  хийгээд  байна"  гэсэн  дуудлага ирүүлсэн тул бид хоёр ...яваад ортол ШТС-ын түгээгч эмэгтэй, Ш гийн эхнэр Ш , Ш тай явалдаад байгаа гэх Я  гэх эмэгтэй 3 байсан.  ... Ш г хайгаад явж байхад ахлах ахлагч  Н.А  утсаар  залгаад  “гялс хүрээд  ир”  гэхээр  нь очиход “нөгөөхийг чинь машинтай дээшээ аваад явчихлаа” гээд араас нь явсан. Тэгээд хайгаад олоогүй,  Г.Ш ын утас руу нь залгаж, гэрээр нь очиход байхгүй байсан учир хорооллоор хайгаад, утас руу нь залгаад яваад байсан. Тэгж яваад "Ж" ШТС дээр  ирж Я гийн дугаарыг найз эмэгтэйгээс нь авч залгахад холбогдохгүй байсан. Тэгээд явж байхад цагдаагийн жижүүрээс над руу залгаад “нөгөө эмэгтэй чинь гэртээ харьчихсан байна, хүнд зодуулаад нүүр ам нь аймаар болчихсон байна гээд дүү нь гэх хүн дуудлага өглөө яваад оч” гэж хэлэхээр нь хаягаар нь гэрт нь очсон. …Я гийн баруун байсан байхаа шанаа нь язарчихсан, цус гарчихсан байсан учраас эмнэлэгт хүлээн авах дээр хүргэж өгсөн. Тэгэхэд манай машинд Я г суулгаад явсан ... яагаад гэмтсэн тухай асуухад “манай хүүхэд, ээж нарт хэлж шившиг болгоно” гээд байхаар нь ичсэндээ үсэрчихсэн " гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-50-51 тал/,

Гэрч Б.З ын өгсөн: "Манайх Булган сумын 6 дугаар багийн Д хэсгийн 17-6 тоотод байдаг ба шөнө унтаж амрахаар хэвтэж байсан манай арын "Ж" ШТС-ын ойролцоо хүмүүс орилж хашгираад хэрүүл маргаан хийгээд байсан учир цагдаад дуудлага өгсөн. ...Хоёр эмэгтэй хүн маргалдаад чанга чанга ярьж хашгираад байсан. ..." гэх мэдүүлэг /хх-н 52-53 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 129 дугаартай:

1. Магадлуулагч М.Я гийн биед тархи доргилт, баруун дээд зовхи чамархайд оёдол бүхий шарх, хамрын таславчийн  муруйлт,  зүүн доод зовхи,  шанаа,  баруун  мөр, өвдөг,  зүүн  бугуй, хэвлий,  гуянд цус хуралт, баруун дух,  хацар,  зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи   гэмтэл   нь  мохоо  зүйлийн  үйлчлэлээр  үүсгэгдсэн   гэмтэл байна. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 62-63 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 129 дугаартай /нэмэлт/:

1. 2019-05-30-ны өдрийн   МР1-Н   шинжилгээнд   М.Я гийн   биед   хамрын   таславч зүүн тийш муруйсан, баруун нүдний гадна хажуу хэсэг, духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи хамрын таславчийн муруйлт гэмтэл нь шүүх эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэг, баруун нүдний гадна хажуу, духны баруун хэсэгт арьсан доорхи зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна.

2. 2019-05-22-ны өдрийн гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтэд тусгагдсан магадлуулагч М.Я гийн биед учирсан тархи доргилт, баруун дээд зовхи чамархайд оёдол бүхий шарх, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн доод зовхи, шанаа, баруун мөр, өвдөг, зүүн бугуй, хэвлий, гуянд цус хуралт, баруун дух, хацар, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон тус бүр нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой ба нарийвчлан тоог тогтоох боломжгүй байна.

4. М.Я гийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-н 66-68 тал/,

Шинжээчийн өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 129 дугаартай дүгнэлтийг гаргахдаа магадлуулагч М.Я  нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байсан тул өөрийн биеэр болон өвчний түүх, Медипас эмнэлгийн толгойн КТГ-ийн шинжилгээ зэргийг үзэж танилцсаны үндсэн дээр гаргасан. Магадлуулагч М.Я гийн биед учирсан тархи доргилт, баруун дээд зовхи чамархайд оёдол бүхий шарх, хамрын таславчийн  муруйлт,  зүүн доод зовхи,  шанаа,  баруун  мөр, өвдөг,  зүүн  бугуй, хэвлий,  гуянд цус хуралт, баруун дух,  хацар,  зүүн сарвуунд зулгаралт гэмтэл нь цохих, цохигдох үед үүсгэгдэх, ... хэрэг учрал болсон цаг хугацаанд үүгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байсан гэх мэдүүлэг /хх-74 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх-1-4 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8 тал/, хэргийн газарт болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13 тал/, хохирогчийн иргэний нэхэмжлэлийн баримтууд /хх-20-25 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх- 79-105 тал/, хохирогчийн өвчний түүх /хх 112-128/, хэргийн материал танилцуулсан баримт /хх 108-109 тал/ болон талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ш  нь “өөрийн нөхөр Ш тай хувийн харилцаа тогтоож,  явалдлаа” гэх шалтгаанаар М.Я тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шенө "Ж" ШТС дээр ирж уулзах болон өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хөдөө авч явах явцдаа түүнийг үсдэж цохиж зодох, машинаас түлхэх зэргээр түүний бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

        Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон камерийн бичлэгт үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч М.Я , гэрч Ц.О , М.Б , Н.А , Д.Д , Б.З  нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн үндсэн болон нэмэлтээр гаргасан 129 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Г.Ш ын гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, хохирогч М.Я г машинаас шүүгдэгч Г.Ш  түлхсэн үү, эсхүл хохирогч өөрөө үсэрсэн үү, хохирогчийн биед учирсан гэмтлээс яг аль гэмтэл нь шүүгдэгчийн буруутай үйлдлээс учирсан гэдгийг ялгамжтай, эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт гэрч нар нь өөр өөр цаг хугацаанд болсон үйл баримтын талаар мэдүүлдэг, харин гэрч Н.А , Д.Д  нар нь хохирогчийг эмнэлэгт хүргэх замдаа Я г яагаад гэмтсэн тухай асуухад “манай хүүхэд, ээж нарт хэлж шившиг болгоно” гээд байхаар нь ичсэндээ үсэрчихсэн " гэж хэлсэн гэдгийг,  гэрч М.Б  эгч Я , Ш  намайг “хоёулаа машинд суугаад ийш тийш явахгүйгээр юм яръя” гэж хэлж дагуулж машиндаа суулгаад гэнэт машинаа асаагаад хөдөлчихсөн, тэгээд л ...”нэг бол чи үхнэ, нэг бол би үхнэ” гээд хойшоо рашаан байдаг Хадан хошууны гарам руу очсон. Тэгээд машиных нь цонхыг онгойлгоод толгойгоо жаахан гаргасан л араас нь түлхчихсэн” гэж хэлсэн гэдгийг гэрчээр мэдүүлэг өгөхдөө тус тус мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гэрч нар хохирогчийн тухайн үед ярьсан зүйлийг дамжмал байдлаар мэдүүлж байгааг хохирогч, гэрч нар зөрүүтэй мэдүүлэг өгч байна гэж үзэх боломжгүй юм.

Харин хохирогч М.Я гийн хэргийн 31-36 дугаар талд гэрчээр өгсөн мэдүүлэг, хэргийн 28-30 дугаар талд хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч эрх, үүрэгтэйгээ танилцаж  шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд зөрүүтэй мэдүүлэг өгсөн шалтгааныхаа талаар “...намайг машиндаа суулгаад хаалгаа түгжсэн. Тэгээд засмал руу өгсөөд “гэртээ авч очоод чамайг ална” гээд давхиад байсан. Гэрлүүгээ салдаг замаар салалгүй “хүүхдүүд дээр чинь очиж шившгийг чинь дэлгэнэ” гээд ээжийн гэр лүү эргэсэн. ...Огцом тоормос гишгээд зогссон. Би айсан байсан болохоор дотор муухай оргиод цонхоор биеэ гаргасан. Тэгсэн гэнэт араас түлхсэн. ...гол дээр авч очоод намайг “би өөрөө машинаас үсэрсэн” гэж хэл, эсвэл “гүйж яваад унасан” гэж хэл гэж тулгасан. Тэгж хэлэхгүй бол эмнэлэгт болон гэрт чинь хүргэж өгөхгүй гэсэн. Тэгээд би “унасан гэж хэлнэ эмнэлэг дээр хүргээд өг” гэхэд эмнэлэг дээр хүргэж өгөхгүй гээд ээжийн гэрт хүргэж өгсөн, ...маргааш нь би цагдаад өгсөн мэдүүлгээ өөрчилсөн” гэж мэдүүлжээ.

        Хохирогч М.Я гийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун дээд зовхи чамархайд оёдол бүхий шарх, хамрын таславчийн  муруйлт,  зүүн доод зовхи,  шанаа,  баруун  мөр, өвдөг,  зүүн  бугуй, хэвлий,  гуянд цус хуралт, баруун дух,  хацар,  зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл нь шүүгдэгч Г.Ш ын хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

       Иймд шүүгдэгч Г.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ш од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсаныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Я  хэргийн 20-25 дугаар талд авагдсан нотлох баримтаар 1046100 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар 78100 төгрөг, нийт 1124200 төгрөг, цаашид гоо заслын хагалгаанд орох зардал, сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад эмчилгээний зардалд /20000₮, 8100₮, 50000₮, 150000₮, 264000₮, 40000₮, 27000₮, 48530₮, 4500₮, 3800₮, 6950₮, 27300₮, 312420₮/ нийт 962600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж,  харин давхардуулан нэхэмжилсэн болон нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр /150000₮, 11700₮/ 161700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Харин хохирогч нь гоо заслын хагалгааны зардал болон сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн  20 000 000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ш  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч М овогт Г.Ш ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч Г.Ш  нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ш од сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Ш оос 962600 /есөн зуун жаран хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Я д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  161700 /нэг зуун жаран нэгэн мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  гоо заслын хагалгааны зардал болон сэтгэл санааны хохирол  20 000 000 /хорин сая/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ш  нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй бөгөөд 54 дугаартай камерийн бичлэг бүхий CD нэг ширхэгийг хэрэгт хавсаргасан байгааг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ш  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД