| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/09625/И |
| Дугаар | 210/МА2026/00129 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2026/00129
*******, *******нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/15429 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч "*******" ХХК, *******нарт холбогдох
Гэм хорын хохиролд нийт 9,524,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч "*******" ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч "*******" ХХК-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч "*******" ХХК, *******нарт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 9,524,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "хариуцагч нарын өмчлөл, эзэмшлийн орон сууцнаас ус алдсаны улмаас нэхэмжлэгч нарын орон сууцанд хохирол учирсан тул хохирлыг гаргуулна" гэж тодорхойлсон.
Хариуцагч "*******" ХХК нь "орон сууцыг хөлсөлж буй *******ус алдсаны хохирлыг хариуцна" гэж, хариуцагч *******нь "орон сууцны шугам сүлжээг өмчлөгч "*******" ХХК хариуцах үүрэгтэй" гэж тус тус тайлбарласан.
3.Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1.Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******гудамж, ******* дүгээр байрны 11 дүгээр давхрын ******* тоот орон сууцыг нэхэмжлэгч *******, 1106 тоот орон сууцыг нэхэмжлэгч *******, 13 дугаар давхрын 1305 тоот орон сууцыг хариуцагч "*******" ХХК тус тус өмчилдөг, хариуцагч *******нь хариуцагч "*******" ХХК-тай байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр уг орон сууцыг эзэмшдэг байна.
3.2.ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27/03 тоот Техникийн комиссын дүгнэлтэд 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 84 дүгээр байрны 1305 тоот айлын сантехникийн шугамаас ус алдсан дуудлагаар очиж, гал тогооны халуун усны уян холбоо задарч ус алдаж байсныг аваарын хаалтаар хаасан, 1305 тоот айлаас доош 1205, 1105, 1005 тоот айлууд руу давхар дамжин ус алдсан, 1105 тоот айлын том, жижиг өрөө, коридорын хана таазаар ус алдаж, эмульс, замаска, ханын цаас норж, шарлан ховхорч, том өрөөний паркетан шал хөвсийсөн болохыг тодорхойлжээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байгууллагыг шинжээчээр томилсон байх ба шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот дүгнэлтэд 1305 тоотын гал тогооны халуун усны уян холбооноос ус алдахад "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн дулаан хангамжийн шугам тоноглолын төлөвлөгөөт ажлын дараах халуун усны хангалт нөлөөлөөгүй, төлөвлөгөөт засвар дууссаны дараа халуун усны насосыг ажиллагаанд залгасан нь халуун усны уян холбоо цоороход нөлөөлөөгүй болохыг тогтоосон байна.
3.3."*******" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний тайланд 1105 тоот орон сууцны тааз, хана хусаж цэвэрлэх, зүлгүүр хийх, замаска татах, таазанд эмульс хийх, хананд обой наах, паркетан шал хуулж шахах ажлын хөлсөнд 2,405,500 төгрөг, паркетан шал, обой, цавуу, замаска, эмульс, туслах материалын зардалд 3,946,190 төгрөг, багаж, тоног төхөөрөмж, тээврийн зардалд 100,000 төгрөг, нийт 6,451,690 төгрөг; 1106 тоот орон сууцны тааз, хана хусаж цэвэрлэх, зүлгүүр хийх, замаска татах, таазанд эмульс хийх, хананд обой наах, паркетан шал хуулж шахах ажлын хөлсөнд 1,243,500 төгрөг, паркетан шал, обой, цавуу, замаска, эмульс, туслах материалын зардалд 1,067,360 төгрөг, багаж, тоног төхөөрөмж, тээврийн зардалд 100,000 төгрөг, нийт 2,410,860 төгрөг тус тус зарцуулагдах талаар тооцоо гаргажээ.
Тус үнэлгээний байгууллага нь хохирлыг тогтоохдоо тухайн орон сууцанд үзлэг хийсэн байх ба 1105 тоотын хувьд том өрөөний обой хуурч, унтлагын өрөөний таазны эмульс замаска хуурч, ханын обой ховхорч, коридорын таазны эмульс замаска хуурч, паркетан шал норж хөөсөн, 1106 тоотын хувьд унтлагын өрөөний ханын обой ховхорч, коридорын таазны эмульс замаска хуурч, паркетан шал норж хөөсөн болохыг тус тус тодорхойлсон нь Техникийн комиссын дүгнэлттэй нийцсэн байна.
4.Анхан шатны шүүх орон сууцны гал тогооны халуун усны уян холбоо нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй талаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасанд нийцүүлэн зөв дүгнэсэн.
Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т зааснаар сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглахдаа хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй, түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч "*******" ХХК-ийг орон сууцны өмчлөгчийн хувиар хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүйгээс ус алдсан гэж шүүх зөв дүгнэсэн.
5.Хэргийн баримтууд, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нарын орон сууцанд хохирол учирсан нь хариуцагч "*******" ХХК-ийн дээрх хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой, түүнчлэн хохирол учрахаас өмнөх байдалд сэргээх буюу засвар хийхэд шаардлагатай зардлын хэмжээ 1105 тоот сууцын хувьд 6,451,690 төгрөг төгрөг, 1106 тоот сууцын хувьд 2,410,860 төгрөг болох нь тогтоогдсон ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "*******" ХХК-аас 6,451,690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, 2,410,860 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хариуцагч "*******" ХХК, *******нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлсэн эсэх асуудал нь нэхэмжлэгч *******, *******нарын гаргасан энэ нэхэмжлэлийн хүрээнд дүгнэх асуудалд хамаарахгүй учир 1305 тоотод оршин суугч *******гийн эзгүй байх хугацаанд ус алдсан, *******хайхрамжгүй үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх үүрэгтэй гэх хариуцагч "*******" ХХК-ийн татгалзал, энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Орон сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг сууц өмчлөгч өөрийн хөрөнгөөр арилгах үүргийг хүлээхээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д заасан ба уг зохицуулалтыг шүүх зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иймээс анхан шатны шүүх хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр хуульд заасан ба хариуцагч "*******" ХХК гэм буруугүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй.
6.Нэхэмжлэгч нар нь хохирлын үнэлгээ хийлгэсний зардал 662,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан ба анхан шатны шүүх төлбөрийн баримт авагдаагүй гэх үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэмэлт дүгнэлт өгөх шаардлагагүй боловч тус шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт тусгалгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасанд нийцэхгүй тул залруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч "*******" ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/15429 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад олгож гэсний дараа нэхэмжлэлээс үлдэх 662,000 төгрөгт холбогдох хэсэг болон гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч "*******" ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч "*******" ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 167,343 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Д.ЗОЛЗАЯА