Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 698

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: Б.Бямбадавга,

Хохирогч Д.А,

Шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /Ү:0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч У овогт Д-ийн Х-т холбогдох эрүүгийн 1905014460000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 2 охин, 2 зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуут 5 гудамж, 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /              / У овогт Д-ийн Х-,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Х нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Х” худалдааны төвийн 3 давхарт байрлах 00 дугаартай лангууны араас иргэн Д.А-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 559.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Х-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Х” худалдааны төвийн 3 давхарт байрлах 00 дугаартай лангууны араас иргэн Д.Агийн хар савхин куртик алга болсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэж,

 

Хохирогч Д.А “...Шүүгдэгчтэй цагдаагийн хэлтэс дээр уулзахад ярьсан яриа одоо шүүх хуралд хэлж байгаа хоёр зөрүүтэй байна. Тухайн үед шүүгдэгч надад хэлэхдээ куртикийг чинь гүүрэн дээр Хүрлээ гэдэг хүнд 20.000 төгрөгөөр зарчихаад явсан. Бор өнгийн түрийвч бол байсан дотор нь байсан мөнгийг чинь бол аваагүй гэж хэлсэн...” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжлэн судалсан:

 

Хохирогч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо Х худалдааны төвийн 3 давхарт малгайны хэсэгт ажлаа хийгээд зогсож байхдаа орой 18 цагийн орчим нойлын өрөө рүү орох хэрэгтэй болоод хажуу талын лангууны хүмүүсд манай лангууг харж бай, би ойрхон явчихаад ирье гэж хэлээд явсан. Нойл орчихоод буцаад лангуун дээрээ иртэл миний лангуун ард ил тавьсан байсан хар өнгийн савхин куртик алга байсан. Савхин куртикний халаасанд байсан бор өнгийн 3 нугалардаг түрийвч дотор бэлэн 280.000 төгрөг, бусад банкны картууд байсан. Мөн савхин куртикний зүүн халаасанд бурхан багшийн бичмэл судар зэрэг байсан. Би Хы камерын хяналтын төв рүү ороход 35-40 орчим насны эмэгтэй, 40 орчим насны махлаг шар царайтай, цэнхэр куртиктай, халимаг үстэй, ногоон өнгийн ноосон цамцтай хар өнгийн өмд, хар гуталтай эрэгтэй байсан. 2017 онд Нарантуул зах дээрээс 320.000 төгрөгөөр савхин куртикээ худалдаж авч байсан. Түрийвчээ 2018 онд хувь хүнээс 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Надад үргэлж бэлэн мөнгө байдаг. Одоо гэхэд л миний халаасанд 500.000 орчим төгрөг байна. Би өөрөө байнгын бэлэн мөнгөтэй харьцдаг, лангуу түрээслэж малгай зардаг, тухайн өдөр надад байсан мөнгө нь миний өмнөх өдрийн орлого байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дахь тал/,

 

Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Х захын орчмоор архи уусан тэгээд нилээн согтсон үедээ Х захын худалдааны төвийн 3 давхарт 21 дугаартай лангууны орчим явж байтал тэр лангуу эзэнгүй хоосон харагдахаар нь дотроос нь юм үзтэл нэг эрэгтэй хүний богинохон савхин куртик байхаар нь нууцаар, хүн харж байгаад дотор нь орж аваад гарсан, тэгээд курткыг нь барьж явж байгаад бүр гадагшаа гараад халаасыг нь үзтэл дотор нь түрийвч байсан тэгээд өөр эд зүйл байхаар нь мөнгийг аваад үлдсэн юмыг нь куртиктай нь хаясан, тухайн үед бэлэн мөнгө 250 мянга нилээн гаран төгрөг байсан. Тэр мөнгийг нь би авсан бусад эд зүйлийг нь хаясан, би согтуу байсан болохоор тэр мөнгөөрөө архи уусан байхаа нэг харсан надад яг 28000 төгрөг үлдсэн байсан Миний хувьд хийсэн хэргээ бүрэн хүлээж байна, би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй, Иймээс хэргийг хялбаршуулан түргэн шуурхай шийдэж өгнө үү, би дахин гэмт хэрэгт холбогдохгүй, би хийсэн хэргээ сайн дураар хүлээж байна....” /хх-ийн 33 тал/ гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн БГ2-19-581 дугаартай “...Алтангэрэл судар 70.000, виза 20,000, иргэний үнэмлэх 18.300, жолооны үнэмлэх 12.500, савхин түрийвч 27.000 төгрөг, ...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 147.800 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21 тал/,

 

“Дамно” ХХК-ийн “...Савхин куртик ...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 132.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 37 тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...зүүн урагшаа харсан суурьтай эвхэгддэг толины урд талд 00 секундээс 10 секундын хооронд ногоон өнгийн цамцтай, цэнхэр өнгийн хагас ханцуйтай куртиктай, богино үстэй 35-40 насны орчим эмэгтэй, ганцаараа гартаа хар уут барьсан, лангууны урд зогсож байгаад 15 секундэнд лангуу руу ороод 19 секундэнд тор барьсан баруун гар нь дээрээ хар өнгийн материалтай эд зүйл тохоод гарч байгаа бичлэг хуулагдсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 27 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Х” худалдааны төвийн 3 давхарт байрлах 21 дугаартай лангууны араас хохирогч Д.Агийн хар савхин куртик, тус куртикний халаасанд байсан Алтангэрэл судар, виза, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, савхин түрийвч бүхий эд зүйлсийг нууцаар хууль бусаар авсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Ц-ын: “...Миний ээж болох Х- нь 1975 оны 8 дугаар сарын 24-ний өдөр УБ хотод төрсөн, тэгээд ээж аав хоёр маань 1996 онд гэр бүлж болж амьдараад 3 хүүхэдтэй болсон. Би доороо нэг эрэгтэй, нэг охин дүүтэй тэр хоёр маань хоёулаа 10 жилийн сургуульд сурдаг, ээж маань их эелдэг зөөлөн аядуу, тайван цочмог уур байхгүй, ер нь бол ээж маань тогооч мэргэжилтэй, мэргэжилээрээ энд тэнд ажиллаж байсан, эцэг маань 2015 оны 04 сарын 19-ний өдөр зүрхний өвчинөөр гэнэт нас бараад тэрнээс хойш ээж маань гутарч гуниад хааяа архи уудаг болсон гэхдээ гэмт хэрэгт холбогдож байгаагүй, заримдаа нэг уухаараа 2-3 хоног уугаад байдаг тал бий, өөрөөр бол муу муухай зан байхгүй, ээж минь бидний л төлөө гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/, Д.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 тал/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 52 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 43 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

         Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Х-ын дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Д.Х-ын бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.А-гийн эзэмшлийн 279.800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс болох савхин куртик, түрийвч, виза зарт, иргэний болон жолооны үнэмлэх, алтангэрэл гэх судар, мөн бэлэн 280.000 төгрөг, нийт 559.800 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлангуудаар нотлогдсон байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол хохирогчид учирсан гэж үзнэ. 

       

Иймд шүүгдэгч Д.Х-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-д учирсан 559.800 /таван зуун тавин есөн мянга найман зуу/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлж барагдуулаагүй байх тул хохирол, хор уршигт тооцож шүүгдэгч Д.Хаас гаргуулж хохирогч Д.А-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Х нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Х-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Д.Х-т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг флаш диск нь болсон үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Х-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч У овогт Д-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Х-т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хаас 559.800 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-д олгосугай.

 

5. Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргахаар тогтсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА