Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1126

 

 

 

 

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2016/01126

Улаанбаатар хот

 

                   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

           

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, Юнион бюлдинг ХХК-ийн байрны 16 давхарт 1601 тоотод оршин байх “Ихгифт Финанс ББСБ” ХХК/РД-5831164/-ийн,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14 дүгээр байр, 167 тоотод оршин суух Жинст овогт Дамдинсүрэнгийн Энхтулга/РД-ЧС82062511/-д холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 6.432.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тэрбиш, өмгөөлөгч С.Отгонжаргал/ШТЭҮ-0837/, /ШТЭҮ-2072/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Эрдэнэцэцэг нар оролцов. Хариуцагч Д.Энхтулга болон өмгөөлөгч Б.Дагвадорж нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тэрбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай "Ихгифт Финанс ББСБ" ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Энхтулгатай 028 дугаартай Барьцаат зээлийн гэрээг 90 хоногийн хугацаатайгаар байгуулан 3.000.000 төгрөгийг зээлдүүлсэн болно. Барьцаат зээлийн гэрээгээр АER102005829 арлын дугаартай, 800787 тоот автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн Toyota Еstimа маркын автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйл болгон барьцаалуулсан. Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ямар нэг алхам огтоос хийгээгүй байгаа болно. Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ үндсэн төлбөрт 00 төгрөг, үндсэн хүүнд 800.000 төгрөг төлөөд байгаа боловч үлдэгдэл төлбөр болох 3.000.000 төгрөг түүнд ноогдох  хүү болох 3.048.000 төгрөг, нэмэгдүүлсэн  хүү болох 3.838.800 төгрөг төлөхгүй  манай байгууллагыг өнөөдрийг хүртэл хохироож байна. Иймд Д.Энхтулгаас   барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.886.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Д.Энхтулгатай 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 028 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Үүнээс хойш хариуцагчийн зээл төлөх хугацаа хэтэрч 2 жил болж байна. Хүүгийн төлбөрт 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 186.000 төгрөг. Мөн 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 180.000 төгрөг. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 186.000 төгрөг. Нийт 3 удаагийн төлөлт болох 552.000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэтэл нэг ч төгрөг төлөөгүй юм. Гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу үндсэн төлбөр болон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Үндсэн зээл 3.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 3.660.000 төгрөг, үүнээс 800.000 төгрөгийн буцаан төлөлт хийгдээд үлдэгдэл 2.860.000 төгрөгийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцоод 572.000 төгрөг, нийт 6.432.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 2003 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Тоёото маркийн машиныг барьцаалсан. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авто машины үнэлгээг 5.000.000 төгрөгөөр тохирсон. Эзэмшигч нь Д.Энхтулга нь хэвээрээ байгаа. Энэ хугацаанд машиныг унаж элэгдэлд оруулсан. Иймд барьцааны зүйлээс төлбөрийг гаргуулж өгнө үү, үлдэгдэл төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулж авах талаар шүүхийн шийдвэртээ тусгаж өгнө үү. Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлийг удирдлага болгон зээлийн гэрээг хийсэн. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага юм. Зээлийн гэрээ хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэж байна. Нийт 20 сарын хүүг 31, 30, 29 хоногоор бодсон. 31 хоног нь 11 сараар бодож 186,000 төгрөгийг тус тус төлөх ёстой байсан. 30 хоног нь 8 сараар бодож 180.000 төгрөгийг тус тус төлөх ёстой байсан. 2015 оны 02 дугаар сарыг 29 хоногоор тооцож 174.000 төгрөгөөр бодсон. Ингээд үндсэн зээл 3.000.000 төгрөг, үндсэн хүү 2.860.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 572.000 төгрөг, нийт 6.432.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн барьцаанд тавьсан машин нь одоогоор нэхэмжлэлийн шаардлагад хүрэхгүй байх. Гэвч машины эзэмшилтэй холбогдох баримыг ирүүлээгүй боловч барьцааны зүйл болох авто машин нь манай ББСБ-ийн нэр дээр шилжсэн гэдэгт хариуцагч маргадаггүй. Ийм учраас үлдэгдэл төлбөрийг шийдвэр гүйцэтгэлээр албадан төлүүлэхээр шүүхийн шийдвэртээ тусгаж өгнө үү. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 20 удаагийн төлөлт хийх ёстой байсан боловч 2 удаагийн төлөлтийг хийсэн. Нийт 6.432.000 төгрөгийг хариуцагч Д.Энхтулгаас гаргуулж өгнө үү гэв

Хариуцагч Д.Энхтулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Энхтулга нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Ихгифт Финанс" ББСБ-аас 3.000.000 төгрөгийн зээлийг 6%-ийн хүүтэйгээр, 72-51 УНД серийн дугаартай Тоёота Эстима маркын өөрийн автомашиныг унаж явахаар барьцаалан зээл авсан. Зээлийн хугацаанд 800.000 мянган төгрөгийг хүүнд төлсөн бөгөөд гэрээний хугацаанд зээлийн хүүг цаг хугацаанд нь төлж чадаагүй. 2015 оны 05 дугаар сард "Ихгифт Финанс” ББСБ-ын удирдлагатай уулзаж 2015 оны 07 дугаар сард төлж дуусгана гэж тохирсон боловч тухайн үед боломж олдоогүйн улмаас төлбөрийг төлж барагдуулж чадаагүй. Ингээд автомашинаа зээлийн барьцаанд хураалгаад зээлийг хаахаар болсон боловч 2015 оны 10 дугаар сард машины эд анги /кроп/ эвдрээд солих гэсэн боловч шинээр авахад 1.500.000 төгрөг шаардлагатай болоод тухайн үедээ засуулж чадаагүй. 2016 оны 08 сард машинаа засуулаад "Ихгифт Финанс" ББСБ-тай холбогдох гэтэл шүүхэд шилжүүлсэн байсан. Би "Их гифт Финанс" ББСБ-аас нэхэмжилж байгаа 9.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нийт зээлийн 21 сарын хүү болох 3.780.000 төгрөгөөс 4 сарын хүү 800.000 мянган төгрөгийг төлөөд үлдсэн хүү 2.980.000 төгрөгийг төлнө. Нэмэгдүүлж тооцсон хүү болох 3.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Нийт тус ББСБ-д төлөх ёстой 5.980.000 мянган төгрөгийг сарын 300.000 төгрөгөөр тооцон 20 сарын хугацаанд төлж барагдуулах, эсвэл 5.980.000 мянган төгрөгийн төлбөрт 72-51УНД серийн дугаартай Тоёота Эстима маркын өөрийн автомашиныг хураалгах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч байх “Ихгифт Финанс ББСБ” ХХК нь хариуцагч Д.Энхтулгад холбогдуулан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт 9.886.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 6.657.600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч, шүүх хуралдааны үед 6.432.000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа дахин багасгасан болно.

Нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК болон хариуцагч Д.Энхтулга нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ГЗ-028 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр “Ихгифт Финанс ББСБ” ХХК иргэн Д.Энхтулгын өмчлөлийн 800787 тоот автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний болон АER102005829 арлын дугаартай, 72-51УНБ улсын дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн Toyota Еstimа маркын автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байна.

“Ихгифт Финанс ББСБ” ХХК нь барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3.000.000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 2.860.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 572.000 төгрөг нийт 6.432.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээрх автомашинаас хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.

Зохигчдын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байх ба уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Энхтулга нь зээлдэж авсан мөнгөн хөрөнгийг, хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хүлээгээгүй, үндсэн зээлийн болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон хоног, аргачлалаа нотлож чадаагүй, үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг ямар хугацаанаас тооцсон болон санхүүгийн тооцоолол, аргачлалыг шүүхэд ирүүлээгүй болно. Шүүх хуралдаанд гаргасан тайлбараар уг зээлийн гэрээний үүрэгт 6.432.000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “Ихгифт Финанс ББСБ” ХХК нь нийт зээлийн 20 сарын хүү болох 31 хоногтой 11 сараар тооцож 186,000 төгрөг, 30 хоногтой нь 8 сараар тооцож 180.000 төгрөг, 29 хоногтой 1 сараар тооцож 174.000 төгрөг зэргийг сараар тооцон нийт 3.660.000/(186.000*11)+(180.000*8)+ (174.000*1)=3.660.000/ төгрөгийг зээлийн үндсэн хүүнд шаардсан боловч хэзээнээс эхлэн хэдий хүртэл тооцож байгаа болохоо нотолж чаддаггүй. Мөн зээлийн гэрээний үүрэгт 800.000 төгрөг төлөгдсөн гэж байгаа хэдий ч хэзээ хэрхэн төлөгдсөн, энэ төлөлт үндсэн зээли болон зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнээс хэрхэн яаж хасагдаж байгаагаа нотлоогүй.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн 7 дугаар хуудасны арын хуудсанд авагдсан Зээл төлөх хуваарийг үндэслэн үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон аргачлалд үндэслэн үндсэн зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд шүүх Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт хариуцагч Д.Энхтулгаас үндсэн зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг, 90 хоногийн хүү 540.000 төгрөг (1 сарын хүү 180.000//3.000.000*6/:100=180.000/-ийг 3 сараар үржүүлэхэд 540.000/180.000*3=540.000)-ийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 108.000//540.000*20/:100=108.000/ төгрөгийн хамт, нийт 2.848.000 төгрөгийг тооцон гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.  

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлээ хугацаанд төлөөгүй бол гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгч Д.Энхтулга банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр хүлээсэн хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ихгифт Финанс ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоосон тусгай зөвшөөрлийг шүүхэд ирүүлсэн байх тул нэмэгдүүсэн хүү шаардах эрхтэй байна гэж үзлээ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан бол үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан тул нэхэмжлэгч нь 108.000//540.000*20/:100=108.000/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт төлөгдөх үүргийг барьцааны зүйлээс хангуулах шаардлага гаргасныг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар 28-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулахаар зээлдэгчээс эд хөрөнгө барьцаалж болохоор заасан байна.

Хариуцагч Д.Энхтулга нь зээлийн гэрээний үүргийн зохих хэмжээгээр хүлээн зөвшөөрдөггүй хэдий ч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, татгалзлаа нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт 800.000 төгрөг төлөгдсөн гэж хүлээн зөвшөөрч тайлбарладаг. Уг төлөлтийг үндсэн зээл, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хасаж тооцсон гэх тул зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Энхтулгаас 2.848.000/6.432.000-3.584.000=2.848.000/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК-д олгох нь зүйд нийцнэ.

Иймд нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК-ийн хариуцагч Д.Энхтулгад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6.432.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2.848.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.584.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

            Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173.126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Энхтулгаас 60.518 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг удирдлага болгон хариуцагч Д.Энхтулгаас зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ зээлийн гэрээний үүрэгт 6.432.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2.848.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулж, нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.584.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173.126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Энхтулгаас 60.518 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ихгифт Финанс ББСБ” ХХК -д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б. БАЯРМАА