Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/294

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Г.Д,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Охолбогдох эрүүгийн 1938005710327 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Н.О нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Днүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Н.О нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Днүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938005710327 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр байхаа /бүтэн сайн өдөр байсан байхаа/ өдрийн 12 цагийн орчимд хамаатны ах Пүрэвбатын гэрт очсон. Тэдний гэрт очиход Пүрэвбат ах, манай найз Лхагвасүрэн нар байсан. Пүрэвбатын гэрт  Пүрэвбат ах Лхагвасүрэн бид гурав 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан . Архи уугаад дуусахад Пүрэвбат ах хүнд мөнгө авч өгөх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд Пүрэвбат ах Лхагвасүрэн бид гурав Мөрөн сумын 9 дүгээр багт байрлах Сондор дэлгүүр дээр очсон. Сондор дэлгүүрийн гадаа очоод зогсоход Пүрэвбат ах мөнгө аваад ирье гээд машинаасаа ганцаараа буугаад явсан. Удалгүй Пүрэвбат ах хүнд зодуулчихсан нүд нь хөхөрчихсөн, хамарнаас нь цус гарсан байдалтай ирсэн. Тэгэхэд би машинаас буугаад яасан юу болов гээд Пүрэвбат ахтай ярилцаад байж байхад Г.Д гэх залуу, дүү Хоовоотойгоо ирсэн. Тухайн үед Г.Д Пүрэвбат ахтай маргалдаад байхаар нь би уурандаа нүүрлүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Дмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бямбалай намайг хоёулаа ийшээ гараад уулзчихая гэж байхад хажуунаас Н.О гарч ирээд амруу маань хоёр удаа хүчтэй цохисон. Тэгэхэд миний урд талын хоёр шүд хугарч унасан. Би гомдолтой байна. Унасан шүдээ янзлуулж бүрэн бүтэн болгуулж авмаар байна...Одоо шүд хийлгэх, цаашид гарах эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Гэрч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Жоомого гэгчийн дүү нь гэх биерхүүдүү залуу дагуулж хашааны тийшээ авч яваад хөх биеийн тамирын хувцастай залуу Г.Доо ахын шанаа, уруул орчим руу нь гараараа цохиж байсан. Тэгэхэд Г.Доо ах газарт унаад босож ирэхдээ амнаас нь цус гарчихсан, шүд болохоо байчихлаа гээд босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 08 ны өдрийн 401 дугаартай:

       1. Г.Дбиед эрүү ясны цууралт, эрүү, цээжинд зулгаралт, эрүү, хоолой доод уруул, буйланд цус хуралт, дээд баруун 1, 2-р уг хэсгээрээ хугарсан бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

      3.  Г.Дбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

      5. Цаашид хөдөлмөрийн чадвар 10%-иар тогтонги алдагдана гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-41-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938005710327 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Днүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Г.Д/хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Л.Должинжавын /хх-ийн 9-р хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 08 ны өдрийн 401 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Н.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.О нь хохирогч Г.Дэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал 3.010.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулахаар нэхэмжилж байх ба хэрэгт авагдсан баримтаар 10.000 төгрөгний хохирол нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс 10.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогчийн үлдэх эмчилгээний зардал 3.000.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Оаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг

 хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Н.О анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл нь 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1938005710327 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т ааснаар шүүгдэгч Н.Оаас 10.000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дид олгосугай.

      5. Эрүүгийн 1938005710327 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Г.Д нь эмчилгээний зардал 3.000.000 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Оаас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР