Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2016/01098

 

 

 

 

 

 

 

 

 

     2016 оны 10 сарын 06 өдөр

      Дугаар 184/ШШ2016/01098

                  Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Голомт банк” /Голомт банкны төв байр, Сүхбаатарын талбай, Улаанбаатар 15160-д байрлах/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, **** хаягт оршин суух, /РД:****/ Ачавгад овогт Батбилэгийн Сугар,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** оршин суух, \РД:****огт Доржийн Батцэнгэл нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 83,020,021.38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, хариуцагч Б.Сугар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.  

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Сугар, Д.Батцэнгэл нар нь 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Голомт” банктай ЗГ1305012919 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 84,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ЗБ1305012919 дугаарт ипотекийн гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-249 тоот 40 м.кв, улсын бүртгэлийн Ү-2201000876 дугаар бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 306 хоног хэтрүүлж, зээлийн гэрээний үлдэгдэл 77,698,571.97 төгрөг, зээлийн хүү 5,296,362.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,086.54 төгрөгийг төлөөгүй тул, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д заасны дагуу банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн гэдгийг 2 ба түүнээс дээш сараар хэтрүүлсэн байхыг ойлгож байгаа. Энэ талаар тусгайлан орон сууцны зээл олгон журмаар зохицуулсан зүйл байхгүй учир манайх баримтаар гаргаж өгөх боломжгүй байгаа.

Иймд зээлдэгч Б.Сугар, Д.Батцэнгэл нараас 83,020,021.38 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө нь гэрээний үүргийн төлбөрт хүрэлцэхгүй бол зээлдэгчийн бусад хөрөнгөөс хангуулах тухай шийдвэрт зааж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Сугар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банктай зээлийн гэрээ байгуулсан. Би эрхэлж байсан бизнесийн ашигаараа зээлийн хүүгээ төлөөд явж байсан.  Гэтэл ажил маань түр зогсож ашиг орлогогүй болж зээлээ төлөх боломжгүй болсон. Ингээд банкнаас хугацаа хүсэхэд бидэнд хугацаа олгох боломжгүй гэж мэдэгдсэн. Бидний төлсөн мөнгө үндсэн зээлээс ерөөсөө хасагдаагүй байгаа. Залуу гэр бүлд боломж олгож өгнө үү. Зээлээ төлөөд явах боломжит хугацаа олгож өгнө үү. Ямар ч байсан төлбөрөө төлнө. Миний ажил одоо орон нутгийн сонгуулиар эхлэх байх гэж бодож байгаа. Би хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. Зээлээ төлж чадахгүй байдлаас болж гэр бүлээрээ орох оронгүй болох гээд байна. Хугацаа өгөөч ямар ч байсан банкны нэхэмжилж буй мөнгийг төлж барагдуулна. График гаргаад төлнө гэв.

 

Хариуцагч Д.Батцэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 83,020,021 төгрөгийг бүтнээр нь төлүүлэх гээд байгааг зөвшөөрөхгүй байна. 365 хоног хэтрээгүй байхад найдваргүй зээлд оруулж болохгүй байх гэж бодож байна. Үндсэн мөнгөө төлнө, хүү болон хүүгээс хүү бодсон байгааг зөвшөөрөхгүй. Манай нөхөр бүх зүйлийг мэдэж байгаа, надад мэдэх зүйл алга байна. 4 хүүхэдтэйгээ орох оронгүй, гудамжинд гарахад хүрээд байгаа тул хугацаа өгөөч гэж хүсч байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн хэлэлцээд 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” нь хариуцагч Б.Сугар, Д.Батцэнгэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83,020,021.38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 84,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан байна.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн ба гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, хугацаандаа төлбөрөө төлөхгүй байгаа тул зээлийн гэрээнээс татгалзаж, үндсэн зээлийн төлбөрт 77,698,571.97 төгрөг, зээлийн хүү 5,296,362.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,086.54 төгрөг, нийт 83,020,021.38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлдэгч зээлийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалсан...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Б.Сугар, Д.Батцэнгэл нар нь “..төлөгдөөгүй хугацааны хүү, алдангийг төлнө, банктай эвлэрэн цаашид үргэлжлүүлэн төлөх боломж олгож өгнө үү...” гэсэн тайлбар гаргасан нь гэрээ цуцалсныг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргаж байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах эрхтэй.

 

Голомт банк нь Б.Сугар, Д.Батцэнгэл нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг 306 хоног хэтрүүлж үндсэн зээл энэ хугацаанд нийт 7,227,072 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлийг заасан боловч гэрээ цуцлах, хуульд заасан үндэслэл байх боломжгүй гэж үзлээ.

 

Хариуцагч нар орон сууц худалдан авах зорилгор зээл авч, зориулалтын дагуу ашиглажээ. Тэрээр хариуцагч нар гэрээний хугацаанд нийт 144,541,605.65 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэх зээл, хүүгийн төлбөр 7,227,072  төгрөгийг нийт үүрэгтэй харьцуулахад 4,99 хувь болж байна. Энэ тохиолдолд гэрээний үүргийг ялимгүй зөрсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-д заасантай нийцэхгүй байна.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээний 2.5-д “зээлдэгч хавсралт №1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж, 4.4-т Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудах талаар зохицуулсан байх ба уг заалтын 4.1.1-д “зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагу төлөөгүй” бол гэж зааснаас үзэхэд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэд хоногоор хэтрүүлбэл гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нь тодорхойгүй, нэхэмжлэгч өөрийн 2 сар ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй, хуваарийг удаа дараа зөрсөн бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлана гэсэн тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.Сугар, Д.Батцэнгэл нараас зээлийн төлбөрт 83,020,021.38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн Голомт банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хариуцагч Д.Батцэнгэлд шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Сугар нар хэргийг хариуцагч Д.Батцэнгэлийг оролцуулалгүйгээр, түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар Б.С, Д.Бл нараас зээлийн төлбөрт  83,020,021.38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ****”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.НЯМСҮРЭН